Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2017/00955

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгчС.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  н.н 

 

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 451 дүгээр шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүххуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай, хариуцагчийн төлөөлөгч Д.Эрдэнэтуяа, С.Самьяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн  2009 оны 451 дугаар шүүхийн шийдвэрээр Ш.н.ноос 32.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Уг шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. 2009 оны шүүхийн шийдвэрт Ш.н.нын өмчлөлийн орон сууцнаас ажиллагаа явуулахыг дурдаагүй байхад шийдвэрт дурдаагүй тус орон сууцыг үнэлж, битүүмжилж хураан авч, шийвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь хууль бус гэж үзэж байгаа тул 451 дүгээр шийдвэрийн дагуу хийгдсэн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2009 оны 07 дугаар сард шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн. Тус материал 359 хуудастай 40 гаруй хуудас нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бусад нь Ш.н.нын шүүхэд гаргасан материал юм. Ш.н.ноос 36.000.000 төгрөг гаргуулж Монгол шуудан банкинд олгохоор шийдвэрлэсэн ба барьцаа хөрөнгөд Ш.н.нын өмчлөлийн 1 өрөө орон сууцыг  барьцаалсан ба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн дагуу төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгөд ажиллагаа явуулсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу төлбөр төлөгчийн хөрөнгө эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад Ш.н.нод арилжааны банкны данс байдаггүй.

Мөн Ш.н.нын нэр дээр барьцаа хөрөнгөөс өөр хөрөнгө бүртгэлтэй гарч ирдэггүй, зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсаны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. Монгол шуудан банкнаас шүүхийн шийдвэрийг биелүүлж, өөрийн шаардах эрхээ эдлэх үүднээс хүсэлт гаргаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. Ш.н.н нь үнэлгээ, санал болгох хурал бүх л ажиллагаанд гомдол санал гаргасан байдаг. Ш.н.н нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй, төлбөр авагчид төлбөр төлөх үүрэгтэй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг уяж гомдол санал гаргаж байгаа нь үндэслэлгүй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

   Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Б.н.н нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 451 дүгээр шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

 Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 451 дүгээр захирамжаар Б.н.ноос 36.714.543 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 144.786 төгрөгийг хамт гаргуулж Монгол шуудан банкинд олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн шийдвэрт дурьдагдсан барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо МУИС-ийн 20 айлын орон сууцны 12 тоот 28м.кв тайлбай бүхий 2 өрөө орон сууцыг 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 135/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2010 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 135/02 тоот тогтоолоор хурааж, тэмдэглэл үйлдсэн ба уг ажиллагаанд нэхэмжлэгч Б.н.н нь биечлэн оролцсон, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

 

            Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 544 дүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 492 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 593 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо МУИС-ийн 20 айлын орон сууцны 12 тоот 28м.кв тайлбай бүхий 2 өрөө орон сууцны албадан дуудлага худалдааны үнэлгээтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй тул уг ажиллагааг шүүх дахин хянахгүй.

 

2010 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолоор 2010 оны 10 дугаар сарынэ 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо МУИС-ийн 20 айлын орон сууцны 12 тоот 28м.кв тайлбай бүхий 2 өрөө орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 5732 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна.

 

2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 6976 дугаар захирамжаар Б.н.н нь шүүхэд нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй тул нэхэмжлэлийг буцаасан.

 

2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 138 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолоор 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн боловч Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 1062 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

 

2011 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 168 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолоор 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн ба “Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай” 168 дугаар тогтоол болон 3/379 дүгээр мэдэгдлийг 2011 оны 5 дугаар сарын 11-ны өдөр төлбөр төлөгч Б.н.нод гардуулсан, мөн Зууны мэдээ сонинд зарыг нийтэлсэн болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасан төлбөрийи шаардлагын хэмжээгээр 2 дахь албадан дуудлага худалдаанд 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр оруулахад худалдан борлогдоогүй.

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1631 дүгээр шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн санал болгох хурлын протоколыг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор Нийслэлийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 851 дүгээр магадлал болон Улсын дээд шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. /Талууд шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг баримтаар гаргаж өгөөгүй боловч, шүүх.мн (shuukh.mn) вэб сайтад нийтлэгдсэн тул нийтэд илэрхий үйл баримт гэж үзэж, баримтаар шаардаж аваагүй болно./

 

Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 665 дугаар магадлалаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1781 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3., Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т заасныг баримтлан “Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, МУИС-ийн 20 дугаар байрны 12 тоот, 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг төлбөр авагчид шилжүүлсэн 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, төлбөр төлөгч Б.н.ныг 2 өрөө орон сууцнаас албадан гаргасан шийдвэр гүйцэтгэгч У.Энхсоёлын үйл ажиллагаа буруутай болохыг тогтоож, уг ажиллагаанаас учирсан хохирол 420 000 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулж нэхэмжлэгч Б.н.нод олгосугай” гэж шийдвэрлэсэн ба Улсын дээд шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 559 дүгээр тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хөрөнгийг илрүүлэх ажиллагааг хийхгүйгээр үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа хийж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарласан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т “Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний өмчлөлийн эд хөрөнгө болох түүний банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна.” гэж заажээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас барьцаа хөрөнгө буюу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, МУИС-ийн 20 дугаар байрны 12 тоот, 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар төлбөр барагдуулах ажиллагаа явуулж байгааг буруутгах үндэслэлгүй юм.

 

Төлбөр төлөгч Б.н.нын өмчлөлийн эд хөрөнгө болох түүний банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаас, хөдлөх хөрөнгө байхгүй болох нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/3029 тоот албан бичиг, Хаан, Хас, Ариг, капитал, Капитрон, Голомт, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Төрийн банк, Кредит банк, Худалдаа, хөгжлийн банк, Сонгино хайрхан дүүргийн газрын алба, Сүхбаатар дүүргийн газрын алба, Баянгол дүүргийн газрын алба, Хан Уул дүүргийн газрын алба, Чингэлтэй дүүргийн газрын алба, Баянзүрх дүүргийн газрын албаны тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 451 дүгээр захирамжаар Б.н.ноос 36.714.543 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 144.786 төгрөгийг хамт гаргуулж Монгол шуудан банкинд олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зүйтэй.

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8146 дугаар зохирамжаар Б.н.нын нэхэмжлэлийг буцаасан, мөн шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2384 дугаар захирамжаар Б.н.нын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа авах бүрэн боломжтой байсан тул өмгөөлөгч авах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан болно.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь шүүхэд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой байсан гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.3-д  заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 451 дүгээр шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.н.нын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР