| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/1623/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/336 |
| Огноо | 2021-03-12 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/336
2021 03 15 2021/ШЦТ/336
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
улсын яллагч К.Чимгээ,
шүүгдэгч Х.Ж, түүний өмгөөлөгч Д.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х.Ж-д холбогдох эрүүгийн 1806 07351 1187 дугаартай хэргийг шүүх 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх хотхон 109 дүгээр байрны 89 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Орхон аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 949 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь зааснаар 5 жил 5 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 204 дугаартай захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 329 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 9 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 127 дугаартай захирамжаар хугацааны өмнө суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ИМ96010611, Х.Ж.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Х.Ж нь 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 19 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны орцонд иргэн Г.Болд-Эрдэнийн фоне 6 эс маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхээр заналхийлж авч 472.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ж мэдүүлэхдээ: “...2018 оны 9 дүгээр сард энэ хэргийг үйлдсэн. Би 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Замын-Үүдийн хил дээр баригдсан. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтэст дээрээс Пүрэв гээд дэслэгч шүүгчийн захирамжаар хорьсон юм. Мөрдөгч намайг хорьсон. Пүрэв байцаагчид Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэст 1 хэрэг, Сүхбаатар 1 хэрэг, Чингэлтэй дүүрэгт 1 дээрмийн хэрэг байгаа талаар би удаа дараа хэлж байсан. Баянзүрх дүүргийн “Хоёрдугаар хэлтэс дээр бас нэг хэрэг байна, чи нэгтгүүлэх юм уу, тусад нь шийдвэрлүүлэх юм уу” гэж надад хэлж байсан. Би бүх хэргээ нэгтгэж шийдвэрлүүлэх талаар удаа дараа хэлж байсан. Анх Саруул байцаагчаас өмнө өөр байцаагч байсан гэсэн. Тэр байцаагч нэг ч удаа ирж байцаалт аваагүй. Тэгээд миний хэрэг прокурорын шатанд шилжсэн байхад би прокурорт хэргээ нэгтгүүлэх талаар удаа дараа хэлсэн. Тэгэхэд надад “Баянзүрх дүүргийн прокурорт хүсэлт бич хүсэлтийн чинь дагуу тоот явуулаад шалгаад өгье” гэж хэлсэн. Тэгэхэд надад 6 дүүргээс Х.Ж-д холбогдох эрүүгийн гэмт хэргийн шинжтэй хэрэг байхгүй байна гэж 3 дугаар сарын 3-ны өдөр хариу ирсэн. Тэгээд би Сүхбаатар дүүргийн шүүхээр ороход прокурор Бат-Эрдэнэд “Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэст дээр байгаа хэргээ ярих юм уу гэж асуухад чамд хариу ирсэн юм чинь ярих шаардлага байхгүй” гэж хэлсэн. Мөн өмгөөлөгч Сүхээ хүртэл тэгж хэлж байсан. Тэгээд би 2 жил 9 сар 19 хоногийн хугацаагаар хорих ял авч байсан...Би шүүх дээр ирсэндээ маш их гэмшиж байна. Миний хэвлий хэсгээр аймар өвддөг. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас насанд хүрээгүй хохирогч Г.Болд-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-18-23/, хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-27-34/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-40-41/, шүүгдэгч Б.Энхболдын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-43/, шинээр гарган өгсөн 34 хуудас шүүгдэгч Х.Ж-гийн хувийн байдлын болон эрүүл мэндийн тухай нотлох баримтуудыг зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Ж нь 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 19 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны орцонд иргэн Г.Болд-Эрдэнийн фоне 6 эс маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхээр заналхийлж авч 472.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Г.Болд-Эрдэнийн өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 5-ны орой 19 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө Аж ахуйн яамны хажуугийн машины зогсоолын орчимд намайг дагуулж замын эсрэг талын хоолны газрын хажуугаар дагуулж яваад 5-н давхар байшингийн хажуу талд очоод баруун халааснаасаа хар өнгийн иштэй дэлгэгддэг хутга гаргаж ирснээ буцаагаад зүүн халаасандаа хийгээд тэр байрны хоёр дахь орцны 3-н давхарт гаргаад “утсаа гаргаад ир, би нөгөө хүүхэдтэйгээ ярина” гэж хэлэхээр нь би өөрийн эзэмшлийн Ай фоне 6 эс загварын гар утсыг гаргаж өгөхөд миний гар утсыг аваад явсан. Намайг орц руу дагуулж ороод жижиг хутга гаргаж ирээд “утсаа өг өгөхгүй бол гуя руу чинь хутга зоочихоод зугтана шүү” гэхээр нь би айгаад хутгаараа далайлгаад байхаар нь бүх кодоо гаргаж өг гээд кодоо тайлж өгсөн.” /хх-17, 18-19/ гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-14/,
Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-27-34/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-35/,
“Дамно” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-40-41/,
Шүүгдэгч Х.Ж-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмонгийн зүгээс гаргасан: “...Шүүгдэгч Х.Ж нь хяналт тогтоосон хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хяналтын хугацаандаа санаатай гэмт хэрэг үйлдсэн бол эдлээгүй үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлахаар хуульчилсан байдаг. Гэтэл шүүгдэгч Х.Ж нь хяналтын хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй байдаг. Шинэчлэн найруулсан 2015 оны хуулиар хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж хяналт тогтоох гэж 2002 оны хуулиас тэнсэх гэх үгийг байхгүй болгож хяналт тогтоосон хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ болгож хуульчилсан. Иймд хугацаанаас өмнө суллаж гаргасан нь ялыг эдэлж дууссан гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Дахин гэмт хэрэг үйлдээгүй ялыг өмнөх хэрэг байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Тухайн үед хууль хяналтын байгууллага нэг шийтгэх тогтоолоор шийтгэсэн бол өнөөдөр эрх чөлөөтэй байх байтал эрх зүйн байдал нь дордоод ял аваад дээр нь суллагдсан хоног нь нэмэгдэхээр ийм нөхцөл байдлууд бий болчхоод байгаа учир хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харж үзээч гэсэн гэж шүүхээс хүсэж байна.” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гаргасны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хэмжээг тогтооно” гэж хуульчилсан байх тул өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Х.Ж нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны орцонд иргэн Г.Болд-Эрдэнийн фоне 6 эс маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхээр заналхийлж авч 472.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Г.Болд-Эрдэнийн өгсөн мэдүүлгүүд, хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан болон хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон бусад гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Х.Ж-гийн 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 19 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны орцонд иргэн Г.Болд-Эрдэнийн фоне 6 эс маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхээр заналхийлж авч 472.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулан тодорхойлж байна.
Дээрэмдэх гэмт хэрэг нь гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Насанд хүрээгүй хохирогч Г.Болд-Эрдэнэ болон түүний хууль ёсны төлөөлөгч С.Баярмаа нь “....хохирлыг холбогдогч талаас бүрэн хүлээн авлаа...санал гомдол байхгүй” гэсэн байх тул шүүгдэгч Х.Ж-г бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Х.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.Ж-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулахаар шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Х.Ж-д оногдуулсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 329 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 9 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө суллагдсан 1 жил 1 сар 24 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан хорих ялыг нэмж нэгтгэж нийт түүний биечлэн эдлэх ял хугацааг тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Ж нь энэ хэрэгтээ 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 27 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар тогтов.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Ж-д бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Х.Ж-д Эрүүгийн хуулийн ерөнхи ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Х.Ж-д оногдуулсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 329 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 9 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө суллагдсан 1 жил 1 сар 24 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэж нийт түүний биечлэн эдлэх ял хугацааг 2 жил 1 сар 24 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Х.Ж-гийн цагдан хоригдсон 27 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Х.Ж-д оногдуулсан 2 жил 1 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Х.Ж-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Х.Ж-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС