Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сураагийн Отгонтуяа |
Хэргийн индекс | 128/2017/1028/З |
Дугаар | 721 |
Огноо | 2018-11-15 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 721
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Х******* дүүргийн Засаг даргад тус тус холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 515 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах,
2. Х******* дүүргийн Засаг даргын “М” ХХК-ийн менежментийн төлөвлөгөө баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, менежментийн төлөвлөгөөг хянаж батлахыг даалгуулах,
3. Х******* дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 дугаар актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар А.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Н.Н, хариуцагч Х******* дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гэрч Б.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь 2008 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас Улаанбаатар хотын Х******* дүүргийн нутаг дэвсгэрт орших Ц******* хөндий гэх нэртэй газарт 2.5 га талбайг ******* дугаартай тусгай зөвшөөрөл гаргуулан авсан. 2008-2010 оны хооронд нэхэмжлэгч компани нь хайгуулын үйл ажиллагааг хийж гүйцэтгэсэн. 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаан болсон. Уг хуралдаанаар тухайн ордны нөөцийг 461,823 м.куб болгох талаар дүгнэлт гаргасан. Улмаар 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 418 дугаар тушаалаар тухайн ордны нөөцийг баталгаажуулсан. Манай компани нь 2008 оноос 2011 он хүртэл ордны нөөцөө хэлэлцүүлж батлуулаад нөхөн сэргээлтийг 2011 онд хийж гүйцэтгэж, Х******* дүүргийн Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. Тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаа нь 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болох байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан баримт бичгийг бүрдүүлж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг гаргах байсан учир менежментийн төлөвлөгөөг шинэчилж боловсруулаад батлуулах үйл ажиллагааг хийх байсны дагуу 2013 оны сүүлээр менежментийн шинэчилсэн төлөвлөгөөг боловсруулаад Х******* дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлсэн. Манай хүсэлтийн дагуу Х******* дүүргийн Засаг даргаас 2014 орны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05/2272 дугаартай албан тоотоор татгалзсан хариу өгсөн. Үүний агуулга нь манай тусгай зөвшөөрлийн талбайг Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалыг хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан болон Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын Усны сан бүхий газартай танай байгууллагын тусгай зөвшөөрөл давхацсан байна. Иймээс үйл ажиллагаагаа зогсоо гэдэг байдлаар менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүй. Иймээс уг албан бичгийг баримтууддаа хавсаргаж, менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй байгаа тул газрын эрхийг сунгаж өгнө үү гэсэн хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан. Энэ мэтчилэн 2014 оноос 2017 он хүртэл манай компани шат шатны байгууллагад хандаж болох бүх байгууллагад хандсан талаарх баримтууд хэрэгт авагдсан байгаа. Урт нэртэй хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “...“усны сан бүхий газрын хамгаалалтын бүс” гэж Усны тухай хуулийн 31.3-д заасныг хэлнэ” гэж заасан. Уг хамгаалалтын бүсийг Засгийн газар тогтооно гэсэн хуулийн зохицуулалттай. Усны тухай хуульд усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийг 50 метрээр, энгийн хамгаалалтын бүсийг 200 метрээр гэж тогтоосон. Энэ хуулийн зохицуулалтаас давж бүх газар нутгийн хилийн заагийг 500-600 метрээр тогтоосон. Манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг бүхэлдээ давхцалтай гэж тайлбар хийгээд байгаа боловч бид үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Байгаль орчны газраас хэсэгчилсэн давхцалтай гэдэг зүйл ярьсан. Хууль хэрэгжиж явсаар 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 2015 онд А203/177 дугаартай хамтарсан тушаал гаргасан. Энэ нь усны сан бүхий газрын усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэгийг мөрдөх журам баталсан. Үүнийг дагаад Засгийн газрын 2015 оны 89 дүгээр тогтоол гарсан. Эдгээр бүх баримт бичгээр, онцгой 50 метр, энгийн бүс 200 метр гэж тогтоосон. Үүний дагуу манай эзэмшлийн талбайгаас багахан хувь нь энгийн хамгаалалтын бүсэд багтаж, үлдсэн хувь нь хуулийн үйлчлэлд хамаархааргүй байгаа. Энэ талаар хувийн хэрэгт авагдсан байгаа. Үүнээс үүдэн Х******* дүүргийн Засаг даргад 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дахин менежментийн төлөвлөгөөг батлуулъя гэхэд хариу тайлбар өгөөгүй. Дараа нь Байгаль орчны газар болон Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан. Эдгээр газрууд нь бүгд нэг нэгрүүгээ энэ асуудал манайд хамааралгүй гэдэг.
Манай компани нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт зааснаар тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзсэн. Яагаад ингэж үзсэн учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “...энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөөг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасны дагуу дүүрэг болон аймаг, Нийслэлийн Засаг дарга менежментийн төлөвлөгөөг батална” гэсэн байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт “...сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасан байгаа. Иймээс Ашигт малтмалын тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлд заасан зохицуулалтаас харахад дүүргийн Засаг дарга, менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байх хуулийн зохицуулалт байхгүй. Дээрхээс үзвэл 10 хоногийн дотор хянаж, баталж өгөх хуулийн зохицуулалт байхад бидэнд татгалзсан хариу өгсөн.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д “...хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-д заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдол тусгай зөвшөөрлийг цуцална” гэсэн байдаг. Үнэхээр манай эзэмшлийн талбай урт нэртэй хуулийн дагуу давхцалтай байгаад үйл ажиллагаа явуулж болохгүй бол Ашигт малтмал, газрын тосны газар үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй байгууллага. Гэтэл хуульд заасны дагуу 10 хоногийн хугацаанд хянаж батлахдаа чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн бол тусгай дансанд байх хөрөнгөөр байгаль хамгаалах үйл ажиллагаагаа явуулаад дараа нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс мөнгө шилжүүлж авах зохицуулалттай. Монгол улсын Үндсэн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт байх зарчмыг баримтлах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зохицуулалтаар Захиргааны үйл ажилл*******ы зарчмыг тусгасан бөгөөд мөн хуулийн 4.2.1-д “...хуульд үндэслэх” гэсэн үндсэн зарчмыг зөрчиж байна. Мөн хуулийн 4.2.6-д зааснаар “...бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангана” гэж заасан. Гэтэл бидэнд 2 дугаар сард өгсөн албан бичигт ямар ч хууль зүйн үндэслэл болон хуулийн зохицуулалт тусгаагүй хариу байдаг. Менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй явсны улмаас Ашигт малтмал, газрын тосны газраас 515 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дах хэсэгт үндэслэн менежментийн төлөвлөгөөг хавсаргаагүй гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсанаар манай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан хүсэлт дээр эс үйлдэхүй байна гэж үзсэн. Учир нь бид хүсэлт өгсний дагуу маргаан бүхий шийдвэр гарсан. 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мөн л нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргад хандсан байдаг. Гэтэл “...Х******* дүүргийн Засаг даргаас танай гаргасан шийдвэр бүртгэгдээгүй байна. Иймээс шийдвэрлэх боломжгүй” гэдэг хариу ирсэн. Гэтэл хавтаст хэрэгт өгсөн байгаа шууданчийн бүртгэлийн дэвтэр нотлох баримтаар авагдсан байгаа. Үүнд н.Саранцацрал гэдэг хүн гарын үсэг зурж авсан баримт байгаа. Шүүхээс үзлэг хийхэд Н.С гэх хүн нь Х******* дүүргийн Нийгмийн бодлогын хэлтэст ажилладаг хүн байсан. Манай компанийн зүгээс удаа дараа хандсан боловч хүсэлтүүдийг бүртгэж аваагүй нь ойлгомжгүй.
Ашигт малтмал, газрын тосны газрын 515 дугаар шийдвэрийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 26-27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийх хуулийн зохицуулалтыг тусгасан. Сонсох ажиллагааг захиргааны акт батлан гаргахад эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломжоор хангана гэсэн зохицуулалттай. Сонсох ажиллагаа хийх мэдэгдэлд сонсох ажиллагаа явуулах журам, хэзээ явуулах он сар өдөр, байршил, дараалалд тусгах мэдээллийн талаар тусгана. Мөн Захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон этгээдийн хэм хэмжээний актын зүйл заалтыг тусгасан байх ёстой. Энэ талаарх мэдээллийг сонсох ажиллагаагаар дамжуулан нэхэмжлэгчийг хуулийн дагуу хандах арга хэмжээг хангасан эсэх нь тодорхойгүй. Мөн Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр геологич Н.Э гэх хүнд утсаар тайлбарласан гэдэг боловч энэ хүн нь өөр компанид ажилладаг болсон буюу манай компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш хүнд утсаар мэдэгдэл хүргүүлсэн байсан. Үүнийг сонсох ажиллагаа хийсэн гэж үзэхгүй.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль нь 2014 онд батлагдсан. Энэ хуулиас өмнө олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмал газрын тосны газар хариуцдаг байсан. 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэр гарснаас хойш, түгээмэл тархацтай ашигт малтмалыг батлагдахаас өмнө олгогдсон тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Байгаль орчны газар хариуцахаар болсон гэх агуулгатай албан бичиг гарсан байдаг. Үүнд 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан дээрх хуулийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянаж шийдвэрлэсэн тусгай зөвшөөрлийн материалуудыг орон нутагт шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч нь “...манайх хүлээлгэж өгсөн хугацаа нь 2017 оны 09 дүгээр сард буюу шийдвэр гаргаснаас дараа нь хүлээлгэн өгсөн учраас бүрэн эрх нь байсан” гэж тайлбар хийдэг. Иймээс Ашигт малтмал, газрын тосны газрын даргын түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шийдвэрлэх бүрэн эрх нь хэдий үеэс шилжсэнийг тодруулах шаардлагатай. Мөн Иймээс Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаал 7 дугаар сард гарсан байхад яагаад шилжихгүй баримт бичиг хүлээлгэж өгснөөр шилжинэ гэж үзэж байгаа талаар тодруулах шаардлагатай.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байна. Шүүх хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь Улаанбаатар хотын Х******* дүүрэгт байрлах Ц******* хөндий нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн эзэмшсэн. Тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлөө 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн. Өргөдлийн бүртгэлд бүртгэгдэж хуулийн хугацаандаа ирсэн боловч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь хэсэгт заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасны дагуу шинэчлэн батлуулж ирүүлээгүй учраас Кадастрын хэлтсийн даргаас тусгай зөвшөөрлийг нь сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Мөн нэхэмжлэгч нь уг талбай дээрээ өмнө нь 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргасан байгаа. Уг өргөдөл нь урт нэртэй хуулийн дагуу давхцалтай байсан учир 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 203 дугаар шийдвэрээр давхацсан гэж шийдвэрлэсэн. Эдгээр шийдвэрүүд нь хууль ёсны бөгөөд нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа. Мөн нэхэмжлэлд дурдагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар материалууд шилжсэн гэж тайлбар хийж байна. Энэ материалууд нь зөвхөн А тусгай зөвшөөрөл шилжсэн болохоос нэхэмжлэгчийн Х тусгай зөвшөөрөл шилжсэн ойлголт биш. Иймээс баримт хүлээлцсэн актад нэхэмжлэгчийн нэр байхгүй. Мөн 2016 оны 9 дүгээр сард Н.Б захиралтай холбогдож тусгай зөвшөөрлийн өргөдөл шийдвэрлэгдээгүй удсан байгаа учраас ирэх боломжтой эсэхийг асуусан. Гэтэл дараа нь гэрч ирсэн. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр анх тусгай зөвшөөрлийн сунгалтын материалуудыг Кадастрын хэлтэст ирүүлсэн. Үүнээс хойш шийдвэрлэх хугацааг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэж бүтэн 3-н жилийн хугацаанд бүрдэл дутуу материалыг ирүүлнэ үү гэж хүлээсэн. Энэ хооронд байнга нэхэмжлэгчээс тодруулж байсан. Өөрөөр хэлбэл байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж ирнэ үү гэж тус компанийн захирал Н.Б хэлж байсан талаарх баримт авагдсан байгаа. Мөн 2016 оны 06 дугаар сард Нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөг хэсэгтээ ашиглалтын тусгай зөвшөөрлөө гаргахыг зөвлөж сануулсан байдаг. Хамгийн сүүлд геологич Н.Э ирж асуусан учраас түүнд хариу өгсөн. Дараа нь Б.Э удаа дараа асууж сураглаж байсан учраас сүүлд хариуг мэдэгдсэн, ажлаасаа гарсан талаар мэдэх боломжгүй байсан.
Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт түгээмэл тархацтай ашигт малтмал шилжсэн асуудлын хувьд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ямар ашигт малтмал ашиглаж байгааг тодорхой заасан байгаа. Үүнд түгээмэл тархацтай ашигт 5-н төрлийн ашигт малтмалыг заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн. Иймээс нэхэмжлэгчийн материал шилжсэн гэх зүйл байхгүй” гэв.
Хариуцагч Х******* дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 тоот албан бичгийг илт хууль бус актад тооцуулах шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаараа нэхэмжлэгчид манайхаас өгсөн хариу мэтээр ойлгож тайлбар хийж байна. Дээрх асуудлыг шийдвэрлэх хүрээнд дүүргийн Засаг даргаас Ашигт малтмал, газрын тосны газарт албан бичиг явуулсан. Өөрөөр хэлбэл уг 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр албан бичигт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын Туул голын энгийн хамгаалалтын бүсэд байгаа аж ахуйн нэгжүүдийн координатыг тодорхойлж өгнө үү гэсэн байдаг. Энэ албан бичгийнхээ хүрээнд нийт 46 аж ахуйн нэгж байгууллагад Туул голын энгийн хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор маргаан бүхий албан бичгийг хүргүүлсэн. Үүнээс бус зөвхөн нэхэмжлэгчид хүргүүлсэн зүйл биш. Архив ерөнхий газрын даргын 2009 оны 68 дугаар тушаалаар батлагдсан төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар гэж байдаг. Үүнд нэг утга агуулга бүхий албан бичгийг 4-өөс дээш байгууллагад явуулахаар бол албан бүртгэлийн 1 дугаар өгнө гэсний дагуу 46 аж ахуйн нэгж дээр нэг дугаартай албан бичиг хүргүүлсэн.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар захиргааны акт гаргана гэж заасан. Засаг дарга нь Үндсэн хуулийн дагуу төрийн чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэгч субъект учраас үүний хүрээнд Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-д зааснаар бүрэн эрхийг нь баталгаажуулсан. Нэхэмжлэгчээс тайлбар хийснээр урт нэртэй хуульд энгийн хамгаалалтын бүсэд хайгуулын тусгай зөвшөөрлийн нэгж талбарууд орсон байгаа. Хууль бус эс үйлдэхүйг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан байна. 2017 оноос хойш дүүргийн Засаг даргад хандсан гэх асуудал байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д иргэн хуулийн этгээдээс хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалахаар гаргасан өргөдөл гомдол шийдвэрлэх үүргээ тухайн захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй бол дээрх утгаар ойлгодог. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч компани хүсэлт хүргүүлсэн 1 ч албан бичгийг хүргүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК-иас анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “...Ашигт малтмалын, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 515 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлж байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажилл*******ы явцад “Х******* дүүргийн Засаг даргын “М” ХХК-ийн менежментийн төлөвлөгөө баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, менежментийн төлөвлөгөөг хянаж батлахыг даалгуулах, Х******* дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05/12 дугаар актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн болно.
Анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас “М” ХХК-д Улаанбаатар хотын Х******* дүүргийн Ц******* хөндий гэх газарт 26 гектар талбайд 13682Х дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2008 оны 05 дугаар сарын 13-наас 3 жилийн хугацаатайгаар олгосон байх ба 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 510 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэснээр нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дуусахаар байжээ.
1. “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 515 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчээс дээрх шаардлагын үндэслэлээ “...2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан ХV-13682 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй” гэх агуулгаар тайлбарладаг ба, харин хариуцагчийн зүгээс “...байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулж ирүүлэхийг удаа дараа шаардаж байсан ч ирүүлээгүй тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй” гэх агуулгаар нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэн маргаж байна.
Нэхэмжлэгч “М” ХХК-иас 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1043 дугаар албан бичгээр гаргасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмал газрын Кадастрын хэлтэс 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр бүртгэн хүлээж авсан нь “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг хүлээн авсан тухай тодорхойлолт”-оор , нэхэмжлэгчээс өргөдөлдөө байгаль орчны менежментийн шинэчилсэн батлуулсан төлөвлөгөөг хавсаргаж өгөөгүй болох нь “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдөл”-ийн “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримт” гэх хэсэгт тэмдэглэгээ хийгээгүй байгаагаар;
Хариуцагчаас дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг шийдвэрлэхээр нэхэмжлэгч “М” ХХК-иас байгаль орчны менежментийн шинэчлэн батлуулсан төлөвлөгөө, уг төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан талаарх баримтыг удаа дараа шаардаж байсан болох нь 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нээсэн “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийн дотоод хяналтын хуудас”-ын “бусад тэмдэглэл” хэсэгт “Шинэчилсэн БОХТ-г шаардав. I/27, 2015.04.20” гэж тус тус тэмдэглэгдсэн байгаагаар, үүний дараа 2015 оны 12 дугаар сарын 18-нд нэхэмжлэгч “М” ХХК-ны захирал С.Б “байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г шинэчлэн батлуулахад шаардлагатай тусгай зөвшөөрлийн эх хувийг хариуцагч Кадастрын хэлтсээс буцаан авсан нь мөн хяналтын хуудсанд тэмдэглэгдснээр, захирал С.Б /өөрийн гараар бичсэн/ “тусгай зөвшөөрөл 5 хавсралтын хамт эх хувиар нь хүлээн авсан” тухай баримтаар тус тус тогтоогдож байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”-ыг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөлд хавсаргахаар заасан байна.
Хариуцагч захиргааны байгууллага болох Кадастрын хэлтсээс нэхэмжлэгч компаний тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг шийдвэрлэхээр буюу өргөдлийн бүрдүүлбэрийг дээрх хуульд зааснаар хангуулах үүднээс нэхэмжлэгч “М” ХХК-иас “байгаль орчны менежментийн шинэчлэн батлуулсан төлөвлөгөөг” удаа дараа шаардаж байсан нь дээрх байдлаар тогтоогдож байх ба улмаар нэхэмжлэгчид шинэчилсэн төлөвлөгөөг батлуулахад шаардлагатай тусгай зөвшөөрлийн холбогдох баримтуудыг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр буцаан өгч, төлөвлөгөөг шинэчлэн батлуулж ирэх боломжийг олгосон байхад нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойш Кадастрын хэлтсээс тус компаний өргөдлийг шийдвэрлэсэн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 02 жил 07 сарын хугацаанд “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-гөө хуульд зааснаар шинэчлэн батлуулж ирүүлээгүй байна.
Хэдийгээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасан байгаа ч нэхэмжлэгч компанид өргөдлийн бүрдүүлбэрийг хангах хугацаа, боломжийг олгож байсан хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийг буруутгах боломжгүй бөгөөд харин “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулах” боломжит хугацааг хангалттай олгосоор байхад өргөдөлд хавсаргах “байгаль орчны менежментийн шинэчлэн батлуулсан төлөвлөгөөг” 02 жил 07 сарын хугацаанд ирүүлээгүй нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н “...Батчулуун захирал руу ярихаар Н.Э ирдэг, тэр бүрд нь асуудлыг хэлээд гарын үсэг зуруулаад, мэдэгдлийг гардуулаад явуулдаг, Н.Э “М” ХХК-д ажиллахаа больсон гэдгээ хэлдэггүй байсан” гэх тайлбарыг гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...тус компанид хамааралгүй, ажилладаггүй этгээдэд мэдэгдсэн, гардуулсан, сонсох ажиллагаа хийгээгүй” гэж хариуцагчийг буруутган маргасан нь үндэслэлгүй байна.
Учир нь хариуцагчаас өргөдлөө шийдвэрлүүлэх талаар нэхэмжлэгчид сануулж, шаардахад өөрийн компанид ажилладаггүй Б.Э төлөөлөгчөөр нэрлэн зааж явуулж байсан нь, улмаар компанийг төлөөлөх эрх бүхий этгээдийн өөрчлөлтийн талаар өргөдлийг шийдвэрлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй болох нь дараахь байдлаар тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгчээс хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1043 дугаар албан бичгээр гаргасан өргөдлийг тус компанид геологчоор ажиллаж байсан Б.Э нь 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүлээлгэн өгсөн болох нь “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг хүлээн авсан тухай тодорхойлолт”-оор, нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулахтай холбоотой асуудлыг геологич Б.Э хариуцуулан ажиллаж байсан нь, улмаар Б.Э 2015 оны 01 дүгээр сараас тус компанид ажиллахаа больсон байхад мөн дээрх асуудлыг хариуцан шийдвэрлүүлэх талаар даалгаж байсан болох нь Б.Э шүүх хуралдаанд гаргасан “...хайгуулын ажилтай холбоотой үүргийнхээ дагуу бичиг баримтын ажлыг хариуцаж хийж байсан”, “...ажлаас гараад хөдөөгүүр явж байгаад ирэхэд Н.Б захирал утсаар ярьж ах нь лицензээ хөөцөлдөөд яваад байгаа боловч сайн мэдэхгүй байна, тийм болохоор маргааш надтай Х******* дүүрэг болон холбогдох газруудаар хамт яваад өгөөч гэсэн”, “...Н.Б захирал надтай утсаар ярьж миний хөл өвдөөд байгаа учраас чи очоод уулзаад өгөөч гэж гуйсан. Түүнээс биш би тэр үед ажлаасаа гарсан байсан” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Дээрхийг дүгнэвэл “М” ХХК-иас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг шийдвэрлүүлэх асуудлаар Ашигт малтмалын газрын, Кадастрын хэлтэстэй /хуучин нэрээр/ харилцах эрхийг Б.Э олгосон гэж үзэх үндэслэлтэй, өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажилл*******д оролцогч /цаашид “оролцогч” гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажилл*******д татан оролцуулсан этгээдийг ойлгоно” гэж зааснаар хариуцагч байгууллагаас “М” ХХК-ийн “тусгай зөвшөөрлийг сунгах өргөдлийн хураамж төлсөн баримтад гарын үсэг зурж, өргөдлийг хүлээлгэн өгсөн” Б.Э захиргааны шийдвэр гаргах ажилл*******ы оролцогч гэж үзсэнийг буруутгах боломжгүй.
Харин мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Оролцогч захиргааны шийдвэр гаргах ажилл*******д өөрийн төлөөлөгчийг оролцуулж болно”, 17.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол оролцогчийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх бөгөөд итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна”, 17.3-д “Итгэмжлэлээр төлөөлж байгаа этгээдийн бүрэн эрхийг оролцогч тодорхойлно” гэж тус тус зааснаас үзвэл захиргааны байгууллагад өөрийгөө төлөөлөх этгээдийг тодорхойлох нь оролцогч буюу нэхэмжлэгч “М” ХХК-ийн үүрэг байх ба захиргааны шийдвэр гаргах ажилл*******д өөрийгөө төлөөлөх оролцогчийг тодорхойлон, итгэмжлэл гаргаж ирүүлээгүй, улмаар компаний гүйцэтгэх удирдлага 2016 онд өөрчлөгдсөн байхад /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлд “Б овогтой Б-г Гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэв. 2016.01.15” гэж тэмдэглэгдсэн/ захиргааны байгууллагад мэдэгдээгүй буюу хуульд заасан үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д “захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх” эрхээ хэрэгжүүлээгүй нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгч копманиас захиргааны байгууллагын шаардлагад ямар нэг байдлаар тайлбар, хүсэлт гаргаагүй, хуульд зааснаар өөрийгөө төлөөлөх этгээдийг зөв тодорхойлон ирүүлэлгүй өөрийн компанид ажилладаггүй, хамааралгүй этгээдийг төлөөлөгчөөрөө заан явуулж байсан, өргөдлөө шийдвэрлүүлэх талаар ямар нэг үйлдэл, үйл ажиллагаа явуулалгүй 02 жил 07 сарын хугацааг өнгөрөөсөн шууд буруутай үйлдэл тогтоогдож байх тул эдгээрээс үүдэн гарсан “тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн” үр дагаварыг хариуцагчид халдаах боломжгүй, нэгэнт компанийг төлөөлөх эрх бүхий этгээдийн талаар хариуцагчаас мэдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн нь дээрх байдлаар тогтоогдож байхад “...тус компанид хамааралгүй, ажилладаггүй этгээдэд мэдэгдсэн, гардуулсан, сонсох ажиллагаа хийгээгүй” маргасан нь үндэслэлгүй гэж үзлээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 515 дугаар шийдвэрийн улмаас нэхэмжлэгч “М” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.
2. “Х******* дүүргийн Засаг даргын “М” ХХК-ийн менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, менежментийн төлөвлөгөөг хянаж батлахыг даалгуулах” шаардлагын талаар
Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгчээс “Х******* дүүргийн засаг даргаас манай компаний 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус тус гаргасан Байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөөг батлуулах хүсэлтийг шийдвэрлээгүйгээс Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсээс “менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулж ирүүлээгүй” гэж үзэн 2017 оны0 8 дугаар сарын 24-ний өдрийн 515 дугаар шийдвэрээр “тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж” шийдвэрлэсэн гэж маргаж байна.
“М” ХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 08/703 дугаар албан бичигт “М” ХХК-иас 2017 оны 01 дүгээр сар, 2017 оны 02 дугаар сар, 2018 оны 02 дугаар сард “Засаг даргад, Х******* дүүрэг” хаягаар албан бичиг илгээсэн нь нотлогдохгүй байна” гэж дурдсан байгаагаар;
Мөн шүүхээс явуулсан үзлэгээр Х******* дүүргийн Засаг даргын тамгын газрын Төрийн албан хэрэг хөтлөлтийн “e Doc” программын 2018 оны ирсэн бичгийн бүртгэлээс “М” болон “Эм Би Си” нэрээр шүүлт хийж, 2017 оны 12 дугаар сарын 31-нээс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хугацаанд ирсэн бичгийн эх хувийг үзэхэд /дээрх хугацаанд ирсэн бичгүүдээс 4 ирсэн бичгийг тохиолдлын журмаар сонгон авч журмаар “e Doc” программд хэрхэн бүртгэгдэж, шийдвэрлэгддэг талаар программд үзлэг хийн фото зургаар баталгаажуулсан/ “М” ХХК-иас 2018 оны 02 дугаар сард Засаг даргад хандсан хүсэлт, албан бичгийг ирүүлээгүй болох нь тогтоогдож байх ба 2017 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр өгсөн гэх хүсэлтийн талаар гэрч Б.Э нь шүүх хуралдаанд “...Х******* дүүргийн Засаг даргад зөвхөн албан бичиг өгсөн”, “...албан тоот болон хавсралтуудыг бичиг хэрэг өгсөн, 2017 онд 1 хуудас албан бичиг улсын бүртгэлийн гэрчилгээ, лицензийн хуулбар, нөөц батлагдсан хурлын тэмдэглэл, шинэ даргын тушаал зэргийг өгсөн, тухайн үед төлөвлөгөөгөө өгөөгүй” гэж мэдүүлснээс үзэхэд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр албан бичиг, бусад баримтыг бичиг хэргийн ажилтанд үлдээсэн боловч “Байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөө”-г өгөөгүй болох нь нотлогдож байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсныг” ойлгохоор заасан ба нэхэмжлэгч “М” ХХК-иас 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, 2018 оны 02 дугаар сарын 06-нд тус тус Х******* дүүргийн Засаг даргад “Байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөө”-г батлуулахаар хүргүүлээгүй, ийм хүсэлт гаргаагүй болох дээрх байдлаар тогтоогдож байх тул нэгэнт ирүүлээгүй “төлөвлөгөөг” батлах үүргээ биелүүлээгүй буюу шийдвэрлээгүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...М ХХК-ний 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шуудангаар Х******* дүүргийн Засаг даргад хүргүүлсэн өргөдлийг Б.С хүлээн авсан” гэж маргасан нь мөн үндэслэлгүй, учир нь “М” ХК-ийн шуудан хүргэгчийн дэвтрийн хуулбарын д/д 22-т “Хаанаас” гэх баганад “БГД” гэж тэмдэглэгдсэн”, өөрөөр хэлбэл “Алдаржавхлан, ХУД-Засаг дарга” гэж хаяглагдсан шуудан нь “М” компаниас ирээгүй байна.
Тэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн хайгуулын зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байхад цаг хугацааны хувьд 5 сарын дараа өгсөн хүсэлт, төлөвлөгөөг баталж өгөх үүргээ биелүүлээгүй, шийдвэрлээгүй гэж “Х******* дүүргийн Засаг даргыг буруутган маргаж байгаа нь ойлгомжгүй байна.
Дээрхийг дүгнэхэд Х******* дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүй” эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. “Х******* дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 дугаар актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлагын тухайд
Маргаан бүхий захиргааны акт болох 2014 оны 05/72 дугаар албан бичгийг гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 12 дугаар зүйлд иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тухайн актыг хүлээн авсан буюу мэдсэнээс хойш 30 хоногийн дотор байхаар тогтоосон ба хуульд заасан энэ хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үр дагавар үүсгэхийг мөн хуулийн 34 дүгээр зүйлд заасан байх ба өөрөөр хэлбэл 2014 оны 05/72 дугаар актын хувьд нэхэмжлэл гаргах хугацааг 2002 онд батлагдаж 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дээрх хугацаагаар тооцохоор байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “...2014 оны 05/72 дугаар албан бичгийг хүлээн авч 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан өргөдөлдөө хавсаргаж өгсөн” гэж тайлбарлаж байх ба 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс тооцоход 2014 оны 05/72 дугаар албан бичгийн талаар нэхэмжлэл гаргах хугацаа хөөн хэлэлцэх хугацаа нь 2014 оны 05 дугаар сарын 16-нд дуусгавар болсон байна.
Иймээс 2014 оны 05/72 дугаар актын талаар нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж зааснаар нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангаагүй болон ач холбогдолгүй зарим баримтыг үнэлээгүйг, маргаан бүхий актын үндэслэлд хамааралгүй нэхэмжлэгчийн зарим үндэслэлд үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1, Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Х******* дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 515 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”, “Х******* дүүргийн Засаг даргын “М” ХХК-ийн менежментийн төлөвлөгөө баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, менежментийн төлөвлөгөөг хянаж батлахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2 заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн Х******* дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Х******* дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 дугаар актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА