Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 125/2022/0018/З |
Дугаар | 221/МА2022/0690 |
Огноо | 2022-11-02 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2022/0690
Х.С-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э
Нэхэмжлэгч Х.С-
Хариуцагч: Ховд аймгийн Мөст сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Мөст сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг тус тус даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Х.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О
Хариуцагч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул
Хэргийн индекс: 125/2022/0018/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.С нь Ховд аймгийн Мөст сумын Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Мөст сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг тус тус даалгах”-аар маргасан байна.
2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.С-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Х.С-г Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эг дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй.
3.2. Х.С нь Ховд аймгийн Мөст сумын Засаг даргад холбогдуулан "Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Мөст сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг тус тус даалгах"-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3.3. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаартай шийдвэрт: “...Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаанд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.4. Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.
3.5. Нэхэмлэгч Х.С- нь О.Д, О.О, О.Д гэх 3 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд 2018 оны 12 дугаар сард өөрийн охин О.О-оос 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Болор-Эрдэнийн Билгүүннаранг Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/120 дугаартай захирамжаар үрчлэн авч 4 хүүхэдтэй болсон.
3.6. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж үзэж тус сумын санхүүгийн албанд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “...Миний бие нь 4 хүүхэд төрүүлж өсгөсөн тул 50 настай гавъяаны амралтанд гарах гэж байна. Иймд миний асуудлыг шийдвэрлэж өгнө үү." гэсэн хүсэлт гаргасан.
3.7. Сангийн яам Х.С-гийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн 2022 оны төсөвт 27,525,727 төгрөгийг Мөст сумын Засаг даргын тамгын газрын 100161855001 дугаартай дансанд 2022 оны 02 дугаар сард шилжүүлсэн.
3.8. Засаг дарга С.Б нь Х.С-тай 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажлын өрөөндөө биечлэн уулзаж санал асууж ярилцахад Х.С- нь: Би нэг жилийн дараа тэтгэвэрт гарна. Энэ хугацаанд хамтран ажиллая” гэсэн санал гаргасан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Ариунболдтой зөвшилцөж хамтран ажиллахаар тохиролцсон.
3.9. Сумын Засаг дарга С.Б 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Х.С-тай дахин биечлэн уулзаж тэтгэвэр тогтоолгох талаар ямар бодолтой байгааг нь асууж, ажлаас чөлөөлөх захирамж гаргах гэж байгаа саналаа хэлэхэд Х.С-: “Би 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа нэр төртэй хүлээлгэж өгье” гэж тохиролцсон тул сумын Засаг дарга 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр "Х.С-г ажлаас чөлөөлөх тухай" Б/03 дугаартай захирамж гаргасан.
3.10. Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 дугаартай захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.
3.11. Шүүхийн шийдвэрт “Иймд Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын гаргасан 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 дүгээр "Х.С-г ажлаас чөлөөлөх тухай" акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасантай нийцээгүй., Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасныг буруу үндэслэн гаргасан байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгож, Х.С-г Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна." гээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.12. Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 дугаартай захирамж нь захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг зөрчөөгүй, бодит байдалд тохирсон, үндэслэл бүхий гарсан захиргааны акт гэж үзэж байна.
3.13. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн,”-гэж хуульчилсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар нарийвчилсан зохицуулалтаар хуульчилсан.
3.14. Засаг дарга ажилтан нь хэдэн хүүхэдтэй, хүүхдүүд нь хэдэн настайг мэдэх боломжгүй бөгөөд ажилтны хайнга байдлаар гаргасан алдааг Засаг дарга хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
3.15. Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 дугаартай “Х.С-г ажлаас чөлөөлөх тухай” захирамж гарснаас хойш үрчлэн авсан хүүхэд нь 6 насанд хүрээгүй тул хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогоолгож болохгүй нөхцөл байдал бий болсныг мэдэж /Засаг даргын захирамж гарснаас хойш 6 хоног өнгөрсөний дараа/ Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/12 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай Х.С-гийн нэхэмжлэл гаргасан. Х.С-гийн нэхэмжлэлийг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээж авсан.
3.16. Х.С- нь 3 хүүхэд төрүүлж өсгөсөн, охин О.О-оос төрсөн хүү Б Б-г үрчлэн авч 4 хүүхэдтэй болж "Алдарт-Эхийн 2-р одонгийн болзол хангаж, одон авсан. Одонгийн мөнгө болон нийгмийн халамж үйлчилгээг 4 хүүхэдтэй гэдэг үндэслэлээр авч төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчиж байна.
3.17. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаартай шийдвэрийг хянан үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Үүнд:
2.1. Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.С-г албан тушаалаас 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлснийг нэхэмжлэгч Х.С- эс зөвшөөрч “Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Мөст сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг тус тус даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.2. Харин хариуцагчаас нэхэмжлэгч Х.С- нь ““Алдарт эх”-ийн хоёрдугаар одонгоор шагнагдсан, төрүүлсөн болон үрчилсэн нийт 4 хүүхэдтэй, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Мөст сумын Санхүүгийн албанд тэтгэврийн тэтгэмж тогтоолгох тухай өргөдөл гаргасан, Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж нь сумын төсөвт суусан” гэж тус тус тайлбарлан маргажээ.
2.3. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:” 46.2.2-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.” гэж зааснаар 55 нас хүрсэн эмэгтэй төрийн жинхэнэ албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой.
2.4. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж хуульд тусгайлан зохицуулсан.
2.5. Нэхэмжлэгч Х.С 1972 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн бөгөөд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 198 дугаар албан бичгээр Х.С-гийн 1995 оноос 2022 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд ниймгийн даатгалын шимтгэл төлсөн лавлагааг ирүүлсэн ба үүнээс үзвэл нэхэмжлэгч Х.С нь 50 насанд хүрсэн, хуульд заасан 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн гэж үзэхээр байна.
2.6. Мөн нөхөр Ч.О-тай 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болж, О.Д, О.Он, О.Д гэх 3 хүүхэд төрүүлсэн. Хожим 2018 оны 12 дугаар сард өөрийн төрсөн охин О.О-оос нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Б-ийн Б-г үрчлан авч Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/120 дугаар захирамжаар үрчлэлтийг баталгаажуулсан байна.
2.7. Дээрх баримтуудаас үзвэл маргаан бүхий 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 дугаар захирамж гарах үед нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан шаардлагыг хангаагүй буюу үрчлэн авсан хүүхэд болох Б.Б 6 насанд хүрээгүй байжээ.
2.8. Иймд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Х.С нь Ховд аймгийн Мөст сумын Санхүүгийн албанд гаргасан “Тэтгэврийн тэтгэмж тогтоолгох тухай” өргөдөлд “...улсад нийт 29 жил 6 сар ажиллаж миний бие 4 хүүхэд төрүүлж өсгөсөн тул 50 настай гавъяаны амралтад гарах гэж байна. Иймд миний асуудлыг шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлтийн дагуу Х.С-г ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан хариуцагчийн шийдвэрийг зөвтгөх боломжгүй байна.
2.9. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагаас маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан нөхцөл байдлыг бүрэн тодруулах үүргээ заавал хэрэгжүүлэх ёстой атал нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгох хуульд заасан шаардлага хангасан эсэхийг бүрэн тодруулалгүй акт гаргасан нь алдаа болсон бөгөөд хариуцагчаас давж заалдах гомдолдоо “Засаг дарга ажилтан нь хэдэн хүүхэдтэй, хүүхдүүд нь хэдэн настайг мэдэх боломжгүй бөгөөд ажилтаны хайнга байдлаар гаргасан алдааг Засаг дарга хариуцах хууль зүйн үндэслэлгүй” гэх тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
2.10. Хариуцагчаас Х.С-г ажлаас чөлөөлөх үед 4 хүүхэдтэй байсан, өндөр насны тэтгэвэрт гаргах болзлыг хангасан байсан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 101 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн Б.Билгүүннаранг үрчлэн авсан үрчлэлтийг хүчингүйд тооцсон тул захиргааны байгууллагаас хууль бусаар ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасны улмаас нэхэмжлэгч нь ажиллах хөдөлмөрлөх боломжгүй, нөгөө талаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА