| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2021/0269/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/02 |
| Огноо | 2020-12-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | 180/2021/0269/Э |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/02
2020 оны 12 сарын 23 өдөр 2021/ШЦТ/02 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0269/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Г.Мөнхболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан
Шүүгдэгч Д.Бнарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Бэд холбогдох 2039004810308 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.Бнь 2020 оны 09 дүгээр 19-ний өдөр Хэнтий аймаг Дадал сум 4 дүгээр баг ....................... гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох хамтран амьдрагч С.Г-ийн биед халдан зодож улмаар С.Г-ийн эрүүл мэндэд баруун чихний дэлбэнд шарх, баруун шанаа, дээд уруулын дээд хэсэгт зулгаралт, зүүн чамархай, зүүн сарвуу, бугалга, дал, хоёр гуя, зүүн өвдөгний ар дээд хэсэг, зүүн шилбэ, баруун шагайн үений дээд хэсэгт цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч С.Г-ийн өгсөн:...Би Б гэх хүнтэй 2016 оноос хойш ханилан амьдарч байна, дундаасаа хүүхэдгүй. Б 2016 оноос хойш огт архи уухгүй байгаа. Дандаа эрүүл үедээ намайг зоддог. 2020 оны 09 дүгээр сарын 18-ны орой манай дүү болох Г.Марал-Эрдэнэ эгчээ манайд ирж хонооч гэхээр нь хамт хоносон юм. Би нөхөртөө энэ талаар хэлээгүй хоносон юм. Маргааш нь 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө 09 цагийн орчимд манай нөхөр Б ууртай ирээд гэрлүүгээ явья гэж намайг чирч гаргаад ойрхон байх гэрлүүгээ чирч орсон. Манай гэр ойрхон байдаг юм. Намайг гэрт оруулаад хаагуур хэнтэй алцагнаж яваад байгаа янхан бэ чамайг ээжтэй чинь адилхан болгоод өгье гээд миний хөлний шилбэ рүү пад тракторын арааны төмрөөр цохьсон. Мөн хөл рүү өшиглөсөн. Мөн миний нуруу руу мөн адил тэр төмрөөр цохиод байсан. Дараа нь намайг хогний шүүрээр чих рүү цохиод чихийг минь сэтэлсэн. Ингэж зодсоныхоо дараа намайг хөдөө хадлан руу хүчээр авч явсан. Намайг хүнд харуулахгүй гэж хүчээр авч явсан. Ийм асуудал болсон... манай нөхөр Б их хартай хүн. Хардаад л зодсон байх...намайг зодсоноос хойш Б бид хоёр ярилцаад тусдаа амьдрахаар болсон. Б надад өөрөө сайн дураараа 1.500.000 төгрөгийг эмчилгээндээ зарцуул гэж өгөөд уучлал гуйсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б 2 хүүхэдтэйгээ амьдрах болохоор хөнгөн ял шийтгэл оногдуулаасай гэж хүсч байна... би 2020 оны хавар 6 сард хөл нүцгэн тавчиктай явж байгаад гэрийнхээ хаалганы босгыг өшиглөөд зүүн хөлний нэгдүгээр хурууг гэмтээчихсэн юм. Энэ гэмтэл Бэд зодуулахад учирсан гэмтэл биш...гэх мэдүүлэг /хх-ийн 8, 27-28, 30 хуу/
Гэрч А.Жавхланбаярын өгсөн:... Б-ийнх манай хажуу талын хашаанд байдаг юм...Б архи уухгүй болоод олон жил болж байгаа. Бийн эхнэр Энхжаргал гэх хүн байж байгаад салаад явчихсан. Б хоёр хүүхдийн хамт амьдардаг. Сүүлд Б, Г хоёр гэр бүл болсон. Б Г хоёр бол дундаасаа хүүхэдгүй. Б хадлан хадах, байшин барих, мод хийх мал бойлох зэрэг ажил хийдэг, ажилд сайн зүгээр суудаггүй хөдөлмөрч хүн байгаа юм. Хоёр хүүхэддээ анхаарал халамж сайн тавьдаг. Б муухан айлын эхнэрээс дээр хүн байгаа юм...2020 оны намар айлын хадланд Б, Г хоёр яваад Б эхнэртэйгээ маргалдаж эхнэрээ зодсон гэж сонсож байсан... Гийг зүрх муутай байх гэж би боддог их огцом ууртай, тэгээд удахгүй уур нь гарчихсан инээгээд явж байдаг. Г хааяа архи дарс уугаад байх шиг байдаг. Б архи уухаар нь дургуй уурлаад байх шиг байдаг юм...Г хааяа Бийн хоёр хүүхдэд ширүүн хандаад байх шиг байдаг үүнээс болж маргах тохиолдол гардаг байх гэж боддог юм... гэх мэдүүлэг /хх-ийн 34 хуу/
Гэрч Д.Болдсанын өгсөн:...Манай дүү Б нь 1979 онд Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, бид эцэг эхээс 10-уулаа . Б Дадал сумын ерөнхий боловсролын сургуульд сурч байсан. Цэргийн алба хааж байсан. Хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хоёр хүүхдийнх нь эх нь салаад явчихсан. Бийн том хүүхдийг Батсүх гэдэг 6 дугаар ангид сурдаг эрэгтэй, бага хүүхдийг нь Гантуяа гэдэг 3 дугаар ангид сурдаг эмэгтэй. Б эрхэлсэн тодорхой ажил байхгүй, энэ тэнд ажил гарвал хийдэг. Архи уудаг байсан, архи уухаа болиод 5 жил гаран болж байна. Тамхи татдаг. Г гэх хүнтэй хамтран амьдраад 4-5 жил болж байгаа дундаасаа хүүхэдгүй. Б олон янзын ааш зан байхгүй. Г архи уугаад байдаг юм байна лээ. Бийг хөдөө ажил хийгээд яваад гэртээ ирэхэд нь Г архи уучихсан байдаг, Б өөрөө архи уудаггүй болохоор дургүйцэж уурладаг. Г архи уухаараа агсан согтуу тавиад байдаг юм байна лээ. Г бас Бийн 2 хүүхдийг загнаад ширүүн хандаад байдаг уг нь Бийн хоёр хүүхэд нь Гийг ээж гэж дууддаг юм. Хүүхдүүдээс болоод бас маргаан болдог тал байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 36 хуу/
Насанд хүрээгүй гэрч Г.Марал-Эрдэнийн өгсөн:...Би С.Г гэх хүнийг танина. Манай аав Ганзоригийн дүү нь байгаа юм... 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би Дадал сумын төвд гэртээ ганцаараа байсан. Би Туяа гэх эмээтэйгээ амьдардаг байсан тухайн үед Туяа эмээ хөдөө явсан байсан. Орой 23 цаг өнгөрч байхад Г эгч манай гэрт ганцаараа орж ирсэн, тэгээд манайд унтсан. Маргааш өглөө нь би 9 цаг өнгөрч байхад сэрсэн, намайг сэрэхэд Г эгч явчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуу/
Гэрч С.Цэнд-Аюушийн өгсөн:...Би Хэнтий аймгийн Дадал сумын эрүүл мэндийн төвд эмч ажилтай...2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эрүүл мэндийн төвд дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Дадал сумын Агац баг хөдөө хадлан дээр очсон, очиход Г гэх хүн зодуулсан ил шархтай байсан. Биеийн ил хэсгүүдэд хөхөрсөн, няцарсан шархтай байсан, чих нь сэтэрсэн байсан, тэгэхдээ оёдол тавихааргүй байсан, шарх нь хатсан, нэг хоночихсон юм шиг байсан. Гээс яасан талаар асуухад нөхөр нь зодсон гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/
Гэрч С.Ганзоригийн өгсөн:...Манай дүү Г 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр манайд ирж өвс бухалдаж өгчихөөд Дадал сумын төв орохоор явсан. 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ирж туслах байсан боловч ирээгүй. Би тэгэхээр нь араас нь Дадал сумын төвд очсон. Би дүү Гийг олж чадалгүй буцаж гэртээ ирсэн. Гийн гар утаснууд холбогдохгүй байсан. Би гэртээ байж байгаад 16 цагийн орчим дахин Дадал сумын төвд очсон. Миний гар утсанд танихгүй дугаараас захидал ирсэн уншихад эмнэлэг, цагдаа дагуулаад ирээч Г байна гэж хэлсэн. Би тэр дугаар луу буцаж залгахад хаана бэ гэхэд Эрдэнийн буланд хадлан дээр байгаа хүн байна гэсэн Гийн нөхөр Б Эрдэнийн булан гэх газар хадлан дээр байсан, би тэгээд Гийг нөхрийнхөө байгаа газар очсон байна гэж мэдсэн. Эрдэнийн булан гэх газарт очиход хэцүү гол ихтэй байсан тул очиж чадахгүй байгаа тэгээд Бтэй яриад ээжийн бие муу байна Гийг авчирч өг гэж худлаа хэлсэн. Б гар утсаа унтраасан. 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эмнэлэг цагдаад хандсан. Сумын захиргаанаас машин гаргаад эмч, цагдаагийн хамт Эрдэнийн булан гэх газар очихоор явсан боловч Балж голоор гарч чадахгүй зогсож байтал Б мотоциклтой Гийг авчирч өгсөн. Тэгээд эмнэлэг дээр ирж үзүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 623 дугаартай дүгнэлт:
Д.Бийн яллагдагчаар өгсөн:.. Би тогтоолтой уншиж танилцлаа, би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 75 хуу/
Жижиг оврын тракторын араа солих зориулалт бүхий 40 см урттай төмөр, 65 см урттай шүүрний ишийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 23 хуу/
Д.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77 хуу/
Д.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 108-109 хуу/
Хохирогч С.Г-ийн гаргасан “Д.Бэд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 106 хуу/
Яллагдагч Д.Бийн гаргасан “хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 107 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Д.Бэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Бнь 2020 оны 09 дүгээр 19-ний өдөр Хэнтий аймаг Дадал сум 4 дүгээр баг Тэмүүжин 5-4 тоотод байх гэртээ хамтран амьдрагч С.Гийг “архи уулаа, гэртээ хоноогүй” гэх шалтгаанаар гараараа болон жижиг оврын тракторын араа солих зориулалт бүхий төмөр, хогийн шүүр зэргээр цохих, өшиглөх зэргээр зодож баруун чихний дэлбэнд шарх, баруун шанаа, дээд уруулын дээд хэсэгт зулгаралт, зүүн чамархай, зүүн сарвуу, бугалга, дал, хоёр гуя, зүүн өвдөгний ар дээд хэсэг, зүүн шилбэ, баруун шагайн үений дээд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Д.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч С.Г, гэрч С.Цэнд-Аюуш, С.Ганзориг нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шинжээчийн дүгнэлтээр нь хохирогч С.Гийг биед зүүн хөлний нэгдүгээр шивнүүрийн хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон боловч энэ гэмтэл нь Д.Бийн үйлдэлтэй хамааралгүй болох нь хохирогчийн өгсөн “би 2020 оны хавар 6 сард хөл нүцгэн тавчиктай явж байгаад гэрийнхээ хаалганы босгыг өшиглөөд зүүн хөлний нэгдүгээр хурууг гэмтээчихсэн юм. Энэ гэмтэл Бэд зодуулахад учирсан гэмтэл биш” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзлээ. Иймд хохирогчийн биед тогтоогдсон бусад хөнгөн зэргийн гэмтлийг нь Д.Б учруулсан байна гэж дүгнэв.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтанд байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.
Иймд шүүгдэгч Д.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Аймгийн Прокурорын газраас Д.Бийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 107 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 111 хуу/ гарган яллагдагчид 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Д.Б хүлээн зөвшөөрч /хх-ийн 116 хуу/ гарын үсэг зуржээ.
Иймд шүүгдэгч Д.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч С.Г нь “ Д.Бэд гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 106 хуу/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Бнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан жижиг оврын тракторын араа солих зориулалт бүхий төмөр болон улаан өнгөтэй хогийн шүүрийг устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан жижиг оврын тракторын араа солих зориулалт бүхий төмөр болон улаан өнгийн хогийн шүүрийг тус тус устгасугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ