| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2017/01034/И |
| Дугаар | 181/ШШ2017/01040 |
| Огноо | 2017-04-11 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 181/ШШ2017/01040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.Ш
Хариуцагч: С.Д
Сүхбаатар дэвшил Орон нутгийн өмчит аж ахуйн тооцот үйлдвэрийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 1.983.333 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Бадрах, хариуцагчийн төлөөлөгч Т.Иш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Бадрах миний бие 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Сүхбаатар дэвшил Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт ерөнхий нягтлан, захиргааны албаны дарга, Захиргаа санхүү хариуцсан тасгийн менежер, эрх зүйн мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан.
Би ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ чанартай гүйцэтгэж байсан бөгөөд аливаа зөрчил дутагдал, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй.
Гэтэл Сүхбаатар дэвшил Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал Р.Оюун-Эрдэнийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар биднийг “ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангахгүй байгаа” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.
Тус газрын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, хууль зүйн ямарч үндэслэлгүй тушаал болсон бөгөөд намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөнд гомдолтой байна.
Иймд Сүхбаатар дэвшил Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Сүхбаатар Дэвшил орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 42 дугаар тогтоолын дагуу үүсэн байгуулагдсан. Хог хаягдал тээвэрлэлт, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газар болон хороодын байрны нийтлэг үйлчилгээ, Нийслэл дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдсан худаг, халуун усны ашиглалт хамгаалалт зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. С.Бадрахын нэхэмжлэлтэй танилцан үл зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Тус байгууллага нь 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0/2 тоот тушаалаар бүтэц, орон тоог шинээр баталж С.Бадрахыг Захиргааны албаны дарга, Ерөнхий нягтлан бодогчоор томилсон. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б-97 тоот тушаалаар эрх зүйн мэргэжилтнээр томилсон байдаг.
С.Бадрахын нэхэмжлэлтэй танилцан, үл зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Байгууллагын ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангахгүй байна.
Тус газрын 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Эрх зүйн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт”-ын тавигдах шаардлага болох боловсрол, мэргэжил хэсгийн шаардлагыг хангахгүй байгаа учраас Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т “Ажил олгогчийн санаачилсан” 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэсэн заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн болно. Мөн тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг үндэслэн С.Бадрахад нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон.
Иймд манай байгууллага С.Бадрахыг эрх зүйн мэргэжилтнээр ажиллуулах боломжгүй бөгөөд тус байгууллагын Захиргааны үйл ажиллагааг хэвийн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь эрх зүйч мэргэжилгүй байж, эрх зүйн мэргэжилтний ажил үүргийг хийхийг шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч С.Бадрах нь хариуцагч С.Дт холбогдуулан Сүхбаатар дэвшил Орон нутгийн өмчит аж ахуйн тооцот үйлдвэрийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 1.983.333 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь Ё.Бадрахыг мэргэжил ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй, эрх зүйч мэргэжилгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Сүхбаатар дэвшил Орон нутгийн өмчит аж ахуйн тооцот үйлдвэрийн газрын захирлын Б/09 тоот 120 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалын 1 дэх заалтаар “Тус газрын Захиргаа, санхүүгийн тасагт эрх зүйн мэргэжилтэн ажилтай С.Ш ... нь эрхэлж буй ажил тушаалынхаа ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангахгүй байгаа тул 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажил үүргээс нь чөлөөлсүгэй” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1, Хөдөлмөрийн гэрээний 4.7.2, Газрын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.4, 3.6 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч С.Бадрахыг ажлаас нь чөлөөлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргээ биелүүлээгүй ба байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон”, 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ.” гэж тус тус заажээ.
Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй.
Нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заасан эрх зүйч мэргэжилгүй гэдэгт маргаагүй ба хариуцагч С.Д нь байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, мөн ажлаас чөлөөлөх журам зөрчсөн байна.
Иймд Сүхбаатар дэвшил Орон нутгийн өмчит аж ахуйн тооцот үйлдвэрийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Бадрахыг Сүхбаатар дэвшил Орон нутгийн өмчит аж ахуйн тооцот үйлдвэрийн газрын Захиргаа, санхүү хариуцсан тасагт эрх зүйн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацаа буюу 2016 оны 2 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ххугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 1.983.333 төгрөгийг нэхэмжилжээ.
Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … олговор олгох … хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтаны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар түүний сүүлийн 3 сарын дундаж цалин 922.111 төгрөгийг ажилгүй байсан хугацааг ажлын 43 хоногоор тооцоход 1.844.184 төгрөгийн хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 139.149 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч С.Бадрахын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Сүхбаатар дэвшил Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Бадрахыг Сүхбаатар дэвшил Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Захиргаа, санхүү хариуцсан тасагт эрх зүйн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.844.184 төгрөгийг хариуцагч Сүхбаатар дэвшил Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргуулж, нэхэмжлэгч С.Бадрахад олгож, 139.149 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэг С.Бадрахад нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч С.Дт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Сүхбаатар дэвшил Орон нутгийн өмчит аж ахуйн тооцот үйлдвэрийн газраас 44.457 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ шҮҮГЧ С.ЭНХБАЯР