| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2021/0001/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/07 |
| Огноо | 2021-01-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/07
2021 оны 01 сарын 07 өдөр 2021/ШЦТ/07 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Г.Мөнхболд
Шүүгдэгч Л.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Л.Э холбогдох 1839006140250 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Л.Э нь 2018 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах Өгөөмөр мал нядалгааны хашаанд байх үйлдвэрийн барилгад хууль бусаар нэвтрэн иргэн С.А-ын эзэмшлийн Финлүкс маркийн 32 инчийн зурагт, гагнуурын аппарат, төмрийн таслагч, зурагтны тоон хүлээн авагч системийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бусдад нийт 460.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгийн үед шүүгдэгч Л.Энь мэдүүлэг өгөхдөө “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчтойгоо уулзаж, хохирлыг нь төлж барагдуулсан байгаа” гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч С.А-ынөгсөн:.. Би Улаанбаатар хот ХУД-ийн 19-р хороонд эхнэр хүүхдүүдийн хамт оршин суудаг, одоогоор хувиараа хөдөлмөр эрхэлдэг ба зуны цагт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах Ноосны үйлдвэрийг ажиллуулдаг юм. Манай ноосны үйлдвэр нь 2018 оны 09 дүгээр сарын эхээр ажил нь бүрэн зогссон байгаа...2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай үйлдвэрийн манаач над руу холбогдоод үйлдвэрт хулгай орж үйлдвэрийн таны өрөөнд байсан 32 инчийн Finlux нэртэй хар өнгийн ЛСД телевизор, хүлээн авагч тоон систем алдагдаж үйлдвэрийн даргын өрөөний урд талаас харсан өрөөний дотор байсан хүрэн өнгийн жижигхэн төмөр цефны хаалгыг хөшиж онгойлгож эвдсэн талаар мэдэгдэхэд Улаанбаатар хотоос гараад урд шөнө аймгийн төвд ирээд өнөөдөр өглөө үйлдвэр лүү очиж дотор байсан эд зүйлсийг дахин бүртгэж үзэхэд үйлдвэрийн складны өрөөнд байсан жижиг 220 вт-аар ажилладаг цайвар цагаан өнгийн гагнуурын аппарат, мөн жижиг хар өнгийн 2020 вт-аар ажилладаг тасдагч хулгайд алдагдсан байсан. Би аппарат, тасдагч алдагдсаныг нь өөрөө ирээд мэдлээ. Өөр алдагдсан зүйл байхгүй байна. Үйлдвэрийн гал тогооны өрөөний цонхны дээд талын порчик нь байхгүй онгорхой байсан тэрүүгээр орсон юм шиг байна. Мөн үйлдвэрийн зүүн талын хаалга дотор талаасаа онгойсон байхыг бодоход тэр хаалгаар гарсан байж болзошгүй...Би гагнуурын аппаратыг 2018 онд 1.800.000 төгрөгөөр худалдаж авсан. Сейфийг 500.000 төгрөгөөр худалдаж авч байсан сейфийг хулгайд алдаагүй, харин хаалгыг нь эвдээд дахиж ашиглах боломжгүй болгосон байсан. Телевизор, тасдагч, тоон системийн хүлээн авагч нарын үнийг мэдэхгүй байна. Сейф гагнуурын аппаратны зах зээлийн үнэлгээ бага гарсан байна. Би гэхдээ үнэлгээг хүлээн зөвшөөрч байна үнэлгээтэй холбоотой санал гомдол байхгүй...Надад ямар нэг санал, гомдол байхгүй. Телевизор олдсон тул буцааж авах хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 136 хуу/
Иргэний нэхэмжлэгч В.Батбилэгийн өгсөн:...Би 2020 оны 06 дугаар сарын үеэр хэдний өдөр байсныг нь санахгүй байна. Тухайн үед би Этэй таарсан. Тэгэхэд Э шартаж үхлээ өчигдөр зурагтаа зарж архи уугаад гэж байсан. Тэгэхээр нь би ямар зурагт вэ гэсэн чинь Э нимгэн зурагт байгаа юм би 60.000 төгрөгөөр зарсан 40.000 төгрөгийг нь авчихсан одоо 20.000 төгрөг авах дутуу байгаа гэхээр нь би хэний зурагт юм бэ гэсэн чинь Э хэлэхдээ миний эрчмийн байранд үзэж байсан өөрийн минь зурагт минь байгаа юм аа гэхээр нь би тэгвэл манайх зурагтгүй байгаа 60.000 төгрөгөөр надад зарчих гэсэн чинь Э за гэсэн. Тэгээд киномонтажид байдаг айлд очиж нөгөө хүмүүст нь 40.000 төгрөгийг нь өгөөд Эт 20.000 төгрөг өгөөд би зурагтыг нь авсан. Тэгээд Эээс зурагт худалдаж аваад хэд хонож байсан чинь манайд цагдаа нар орж ирээд манай зурагтыг хулгайн зурагт гэдгийг хэлсэн...ард тал нь хагарсан, зүгээр ажиллагаатай зурагт байсан. Finlux гэсэн бичигтэй зурагт байсан... надад нэмэмжлэх зүйл болон санал гомдол байхгүй Э надад 60.000 төгрөгийг минь буцааж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 138 хуу/
Гэрч Ө.Цэндсүрэнгийн өгсөн:... Манай аав, ээж хоёр Өгөөмөр мал нядалгааны газрын зүүн талын ноосны үйлдвэрийн манаач ажилтай. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн өглөө намайг гэртээ унтаж байсан чинь аав, ээж хоёр ноосны үйлдвэрээ тойрч яваад цонх нь онгорхой байхыг харсан юм. Тэгээд дотор нь орж харсан юм байна лээ. Тэгсэн үйлдвэрийн даргын өрөөнд байсан 32 инчийн ЛСД телевизор алдагдсан байна гэж ярьж байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Ноосны үйлдвэр бол 2018 оны 09 дүгээр сараас хойш ажиллахгүй байгаа дотроо болон гадна талдаа хяналтын камертай боловч үйлдвэр ажиллаагүй байгаа болохоор камер нь ажиллахгүй байгаа юм байна лээ. Өчигдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 03 цаг өнгөрч байхад би аавтай хамт үйлдвэрээ тойрч харсан боловч анзаарагдсан зүйл байхгүй байсан...Манайх үйлдвэрийн хашааны баруун урд талд хаалганы баруун урд гэрт байдаг бөгөөд хулгай орж байгаа ямар нэг дуу чимээ сонсогдсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 39 хуу/
Гэрч Д.Цэрэндашийн өгсөн:... 2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 03 цагийн орчим манай нохой хуцаад байхаар нь би охин Цэндсүрэнг дагуулаад гарч яваад үйлдвэрээ тойроод хашаагаа тойроод үзсэн чинь юм ажиглагдаагүй болохоор гэртээ орж ирээд унтаад өглөө нь 09 цагийн орчим үйлдвэрээ онгойлгоод ороод үзсэн чинь хулгай орсон бололтой байсан. Тэгэхээр нь би дотуур нь шалгаад явж үзтэл үйлдвэрийн даргын өрөөний хананд байсан ЛСД зурагт алга болсон байсан, зурагт хананд өлгөөтэй байсан ба зурагтны ар талын хэсэг хагарч ханандаа үлдсэн байсан. Мөн үйлдвэрийн даргын өрөөний өөдөөс харсан өрөөнд байсан жижигхэн хүрэн өнгийн төмөр цеф байсан тэрийг эвдсэн байсан. Тэгэхээр нь яг хулгай орсон байна гэж бодоод гэртээ ороод эхнэр хүүхэддээ хэлээд цагдаагийн байгууллагад хүүхэд дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 41 хуу/
Л.Эийн яллагдагчаар өгсөн:...би 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ааас нүүрс авья гэж гуйсан чинь үгүй гэсэн. Тэгэхээр нь орой нүүрс авах санаатай 5-р баг Өгөөмөр мал нядалгааны газрын зүүн талд байдаг ноосны үйлдвэрийн хашааг зүүн талаас нь даваад орсон. Тэгсэн чинь халуун усных нь цонх онгорхой байхаар нь халуун усны байр луу нь цонхоор нь ороод коридор луу гарсан чинь А-ын өрөө онгорхой байхаар нь би А-ын өрөө рүү ороход баруун хананд нь 32 инчийн Пиндүкс гэсэн зурагт байхаар нь авсан. Тэгээд урд талынх нь өрөө рүү нь ороод сейфийг нь онгойлгох гэж үзээд чадаагүй. Тэгээд зүүн тал руугаа гардаг хаалганы хажуу талын өрөөнд гагнуурын аппарат болон тасдагч байсныг нь аваад тэгээд зүүн хаалгаар нь гараад явсан. Тэгээд би зурагтаа 2 жил өөрөө хэрэглэсэн. Гагнуурын аппаратаа эвдээд төмөр авдаг хүнд өгчихсөн тасдагчийг нь нэг танихгүй хүнд зарсан. Тэгээд зурагтаа 2020 оны 05 сарын 24-ний үед Батбилэг гэх хүнд 60.000 төгрөгөөр зарсан. Тэгээд зурагтаа зараад 2020 оны 05 сарын 30-нд цагдаад баригдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 93 хуу/
Хэргийн газарт үзлэг хийж үзлэгийн явцад үйлдвэрийн даргын өрөөний хананаас хагархай хуванцар хураан авсан тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 11-16 хуу/
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 26-01 тоотод оршин суух Ө.Жаргалын гэрт нэгжлэг хийж “хар өнгөтэй, 32 инчийн, FINLUX нэртэй, удирдлага, суурьгүй, арын хэсгийн хаалт хуванцар нь хагарсан, хагархай хэсэг нь байхгүй, зурагтыг хураан авсан тухай тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 28, 31-32 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 82 дугаартай мөр судлалын шинжилгээний дүгнэлт
Хохирогч С.А-ын алдсан жижиг гагнуурын аппарат, төмөр тасдагч, хүлээн авагч тоон систем, 32 инчийн FINLUX маркийн зурагтны үнэлгээг 460.500 төгрөгөөр, эвдэрсэн төмөр сейфны үнэлгээг 75.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШД 248 дугаартай дүгнэлт /хх-ийн 65 хуу/
Л.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 97 хуу/
Л.Энь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99 хуу/
Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 139-140 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Л.Эт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л.Э нь 2018 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Өгөөмөр мал нядалгааны хашаанд байх ноосны үйлдвэрийн барилгын цонхоор орж FINLUX маркийн 32 инчийн зурагт, гагнуурын аппарат, төмрийн тасдагч, зурагтны тоон хүлээн авагч системийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч С.Ад 460.500 /дөрвөн зуун жаран мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Л.Э нь дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч С.А, гэрч Ө.Цэндсүрэн, Д.Цэрэндаш, иргэний нэхэмжлэгч В.Батбилэг нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэмт хэргийн нөхцөл байдал болон учруулсан хохирол, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Эийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд...тус үйлдвэр нь баруун урд талдаа баруун зүгт харсан бараан саарал өнгийн металл вакум хаалгатай, хаалганы хойд талд 2 вакум цонх, урд талд 1 вакум цонхтой...үйлдвэрийн хаалгаар ороход ертөнцийн зүгээр хойд талын хананд 1 хаалга, урд талын хананд 3 хаалга байв...үйлдвэрийн даргын өрөөнд хүрэн өнгийн ажлын ширээ сандал, буйдан байлаа... гэж тусгасан байх ба уг барилгын гадна, дотор байдлыг харуулсан гэрэл зураг, гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэгээс үзэхэд уг барилгыг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Л.Эийг хулгайлах гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Ад шууд учирсан хохирол нь 460.500 төгрөг байх бөгөөд эвдэрсэн сейфны үнэлгээг 75.000 төгрөгөөр тогтоожээ. Хохирогч С.А нь мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэгтээ “надад ямар нэг санал гомдол байхгүй. Телевизор олдсон тул буцааж авах хүсэлтэй байна” гэсэн, хавтаст хэргийн материалтай танилцах үедээ “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн, иргэний нэхэмжлэгч В.Батбилэг нь “надад нэмэмжлэх зүйл болон санал гомдол байхгүй Э надад 60.000 төгрөгийг минь буцааж өгсөн” гэж мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах журмыг хэрэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан 28.5х19.7 см хэмжээтэй хагархай хуванцар нь хохирогч С.А-ын алдсан FINLUX маркийн 32 инчийн зурагтын хэсэг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул зурагтын хамт хохирогчид буцаан олгож, шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан Finlux маркийн, 32 инчийн, хар өнгөтэй, арын таг хэсгийн хуванцар нь хагархай зурагт, 28.5х19.7 см хэмжээтэй хагархай хуванцарыг хохирогч С.Ад буцаан олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Э-ийг хулгайлах гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу шүүгдэгч Л.Эийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Л.Эт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Л.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 32 инчийн хар өнгийн Finlux маркийн зурагт болон 28.5х19.7 см хэмжээтэй хагархай хуванцарыг хохирогч С.Ад буцаан олгосугай.
5. Шүүгдэгч Л.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ