| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2021/0002/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/09 |
| Огноо | 2021-01-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/09
2021 оны 01 сарын 07 өдөр 2021/ШЦТ/09 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Г.Мөнхболд
Хохирогч Б.Б
Хохирогчийн өмгөөлөгч Б.Жавхлан
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан
Шүүгдэгч Н.Мнарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М-т холбогдох 2039004430254 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.М нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 1 дүгээр багийн нутаг Эрдэнэ чандмань гэх газарт бэлчээрт иргэн Б.Б-тэй марган улмаар түүний нүүр болох биенд нь гараараа цохиж иргэн Б.Б-ийн эрүүл мэндэд баруун талын хацар ясны нум хэсгийн зөрүүтэй, баруун нүдний ухархайн болон доод ханын зөрүүтэй, хоншоорын хөндийн урд ханын зөрүүтэй хугарал, баруун нүдний доод зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед: хохирогч Б.Б нь “Н.М-тцохиулж гэмтсэн нь үнэн, нийт 7.450.000 төгрөгийг эмчилгээний зардал болон бусад зардалд тооцож нэхэмжилж байгаа хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна, эмчилгээний зардалд нэг сая төгрөг авсан” гэжээ.
Шүүгдэгч Н.Мнь: “Б-ийг цохиж гэмтээсэн нь үнэн, хохирогч өөрөө ах дүү олуулаа байхдаа дээрэлхүү ханддаг, эмчилгээний зардалд нэг сая төгрөг өгсөн гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Б.Б-ийн өгсөн:... 2020 оны 08 дугаар сарын 31-ний орой 18 цагийн үед манай найз Төмөрбаатар өөрийн ачааны машинтай ирж хоносон байсан юм. Тэгээд бид хоёр адуугаа хашаанаасаа гаргаж явуулчихаад гэртээ ороод найз Төмөрөөг авдаранд эхнэр авчирч байсан Говийн брэндийн архи байна уух уу гэсэн чинь тэгье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 0.5 литрийн архи хувааж ууцгаасан. Тэгээд би мотоциклоо унаад үхрээ татаж тугалаа хаших гээд өвөлжөөний урдуур үхэр дээрээ яваад очтол нэг мотоциклтой хүн явж байхаар нь яваад очтол М ах явж байхаар нь мотоциклоосоо буутал М ах ч бас бууж ирэхээр нь та яагаад үхэр дотуур яваад байгаа юм бэ гэж асуутал чи ер нь юу гээд байгаа юм бэ гээд намайг үгийн зөрүүгүй шууд цохиход нь би ойчоод өгсөн. Намайг ойчоод байж байхад дээрээс дараад 2-3 удаа баруун талын нүд рүү цохиод байхаар нь зүүн гараараа дээлийнх нь захаас тулж байсан. Тэгээд миний нүд болон уруулаас цус гоожоод байхаар доошоо харан өвдөг дээрээ суугаад тонгойгоод байж байтал нуруун тус газар зангидсан гараараа 2 удаа хүчтэй цохьсон. Би ч алуулж мэдэх юм байна М ахаа болъё гэх хэлэхэд намайг зодохоо болиод мотоциклоо унаад баруун тийшээ яваад өгсөн... би 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод очиж гэмтлийн эмнэлэгт үзүүлтэл баруун нүдний доод талын хацарын яс цөмөрсөн байна гэж хэлээд хагалгаа хийх шаардлагатай хэвтэх хэрэгтэй гээд байна гээд 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гэмтлийн эмнэлэгийн эрүү нүүрний тасагт хэвтэж эмчлүүлж байгаад 2020 оны 09 дүгээр сарын 15-нд хагалгаанд орсон... Улаанбаатар хот орж хагалгаанд орсон болохоор эм тариа болон бензин гээд зардал гарсан болохоор М-аас төлүүлмээр байна... би эмчилгээний зардалд 10.000.000 /арван сая/ төгрөг М-аас нэхэмжилнэ. Өнөөдрийн байдлаар миний эмчилгээний зардалд 2.000.000 /хоёр сая/ төгрөг зарцуулагдсан. Би Мт зодуулсанаас болж нүдний ухархайн хагалгаанд орж, нүдний ухархайн ясны хугаралд хадаасаар бэхэлгээ хийлгүүлсэн. Энэ бэхэлгээний хадаасыг 2021 онд хагалгаанд орж авахуулах юм. Тэр үед бас эмчилгээний зардал шаардагдана. Мөн одоо хүйтэнд даарч хөрөх үед хадаастай хэсгээр янгинаж өвдөх болсон. Энэ байдлыг харгалзаж 10 сая төгрөг нэхэмжилж байна... эрүү нүүрний тасагт хэвтэж эмчлүүлсэн. Баруун нүдний ухархайн хагалгаанд орсон. Эрүүний хагалгаанд ороогүй... Намсрайн М надад 3 удаа нийт 500.000 төгрөг миний дансаар шилжүүлж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 8-11 хуу/
Гэрч Л.Нармандахын өгсөн:... Би хадам эгчийнд 18 цагийн үед байх Б-ийг ирэхийг хүлээгээд байж байтал гадаа мотоциклтой хүн ирж зогсохоор нь гараад очтол манай нөхрийн нүүр ам нь бөөн цус болчихсон ирсэн. Тэгээд би юу болчихсон юм бэ хэнд зодуулсан гэж асуутал М ах намайг зодчихлоо гэж хэлсэн...юунаас болж маргалдсан талаар надад яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуу/
Гэрч М.Төмөрбаатарын өгсөн:...Б хэсэг унтаж байгаад би үхэр тугалдаа явлаа гэж хэлээд мотоциклоо унаад явахаар нь би ганцаараа юу хийж байх вэ гэж бодоод Доржбаатар ахынд очоод байж байтал 19 цагийн орчим байх гадаа мотоциклтой хүн ирээд зогссон. Төд удалгүй Бийн нүүр ам нь бөөн цус болчихсон орж ирэхээр юу болсон бэ, хэнд зодуулсан талаар асуухад - ахтай таараад намайг шалтаг шалтгаангүй зодчихлоо гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 568 дугаартай дүгнэлт
Н.М-ын яллагдагчаар өгсөн:...Би 2020 оны 09 дүгээр 01-ний өдөр 16 цагийн үед Хэнтий аймгийн Батноров сум Бэрх тосгоны Хөдөө хэсэг Буурлын баруун булаг гэх газарт малдаа мотоцикл унаад явж байхад саахалт айлын Б малдаа явж байсан. Ингээд намайг Бийн өвөлжөөний баруун талын уулан дээр зогсож байхад Б араас хүрээд ирсэн. Ирээд надтай мэнд ус мэдээгүй, тэгэхээр нь би дүү хүү жоохон халамцуу явна уу даа гэсэн чинь таньд ямар хамаа юу байхав гээд мотоциклоо данхраадаад над руу ирээд намайг заамдаад авахаар нь гэнэт миний уур хүрээд шууд гарыг нь цохиж тавиулаад Б-ийг барьж аваад нүүрэнд нь 2, 3 удаа гараараа цохисон. Тэгээд доошоо суугаад өгөхөөр нь шилэн хүзүү орчим гараараа хоёр цохиод авсан. Тэгээд л би яваад өгсөн. Б намайг цохиж зодоогүй. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Бэд эмчилгээний зардалд 500.000 /таван зуун мянга/ төгрөг өгсөн... Би өөрийн гэм бурууг хүлээж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 44 хуу/
Н.Мын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 45 хуу/
Н.М нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 хуу/
Н.М нь 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 646 толгой мал тоолуулсан тухай Хэнтий аймаг Бэрх хотын захирагчийн тодорхойлолт /хх-ийн 58 хуу/
Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтын үед гаргаж өгсөн эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 70-74 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 75-76
хуу/
Хохирогч Б.Б-ийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн амбулаториор эмчлүүлэгсдиийн картны хуулбар, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Г.Баярцолмон, Ц.Ундрах нар нь Б.Б-ийн малыг хөлсөөр маллаж 1.120.000 төгрөг авсан тухай Г.Баярцолмон, Ц.Ундрах нарын бичсэн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 97-102 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Н.М-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.М нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 18 цагийн үед Хэнтий аймаг Батноров сумын 1 дүгээр багийн нутаг Эрдэнэ чандмань гэх газарт хохирогч Б.Б-тэй“мэндэлсэнгүй” гэх шалтгаанаар маргалдан нүүр болох биенд нь гараараа цохиж баруун талын хацар ясны нум хэсгийн зөрүүтэй, баруун нүдний ухархайн болон доод ханын зөрүүтэй, хоншоорын хөндийн урд ханын зөрүүтэй хугарал, баруун нүдний доод зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Н.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Б.Б, гэрч Л.Нармандах, М.Төмөрбаатар нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдааны үед хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Н.М нь хохирогч Б.Б-ийг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарах болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч нь хохирогчтой маргалдах явцдаа нүүрэнд нь гараараа удаа дараа цохьсон үйлдлийн улмаас гэмтэл учирсан байх тул шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хийгдсэн бөгөөд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Н.Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Аймгийн Прокурорын газраас Н.Мын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Б нь мөрдөн байцаалтын үед шүүгдэгчээс 10.000.000 төгрөг нэхэмжилж байсныгаа өөрчилж, шүүх хуралдааны үед 8.450.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс шүүгдэгчээс авсан 1.000.000 төгрөгөө хасаж 7.450.000 төгрөгийг мэс заслын үед хийгдсэн хадаас авахуулах, малчинд төлсөн хөлс, өвс худалдаж авсан хөлс, сорви арилгах зардал зэрэгт тооцон нэхэмжилсэн бөгөөд малчинд төлсөн хөлснөөс бусад нэхэмжлэл нь нотлох баримтгүй байна.
Хавтаст хэргийн 71-74 хуудсанд байх эмчилгээний зардалтай холбоотой баримтуудаас үзэхэд нийт 894.622 төгрөгийн үнийн дүн бүхий баримт авагдсанаас 74 дүгээр хуудсанд байх 130.000 төгрөгийн баримт нь давхардсан байх тул хасаж тооцоход 764.622 төгрөгийн үнийн дүн бүхий нотлох баримт хавсаргагдсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээний зардалд тооцож 1.000.000 төгрөг авсан гэх тул шүүгдэгчийг баримтаар тогтоогдсон 764.622 төгрөгийн хохирлыг төлсөн байна гэж дүгнэв.
Хохирогч нь 7.450.000 төгрөгийг мэс заслын үед хийгдсэн хадаас авахуулах, малчинд төлсөн хөлс, өвс худалдаж авсан хөлс, сорви арилгах зардал зэрэгт тооцон нэхэмжилснээс мэс заслын үед хийгдсэн хадаас авахуулах, сорви арилгах зардал нь ирээдүйд гарах зардал бөгөөд бодитоор гарсан зардал биш, малчинд төлсөн хөлс, өвс худалдаж авсан хөлс зэргийг гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд хохирогчийн нэхэмжилсэн 7.450.000 төгрөгийн нэхэмжлэл нь шүүх хуралдааны явцад тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.М нь Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнссэн байх ба тэнссэн хугацаанд дээр дурдсан санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах нь зүйтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.М-тЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ял болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцон 66 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт хорих ялын хэмжээг 1 жил 66 хоногоор тогтоож, нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.М-тЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцон 66 /жаран зургаа/ хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт хорих ялын хэмжээг 1 /нэг/ жил 66 /жаран зургаа/ хоногоор тогтоосугай.
5. Шүүгдэгч Н.М-т оногдуулсан 1 жил 66 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч Б.Б-ийн эмчилгээний зардал болон бусад зардалд тооцож нэхэмжилсэн 7.450.000 /долоон сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн нэхэмжлэл нь шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч Н.М-тавсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ