| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2021/0180/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/342 |
| Огноо | 2021-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/342
2021 03 15 2021/ШЦТ/342
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Б.Тулга,
Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.О-т холбогдох эрүүгийн 2006 02971 3018 дугаартай хэргийг шүүх 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 47 настай, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 1 дүгээр хороолол 22а байрны 89 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Д.О-.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.О нь 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Нямсүрэнг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр хохирогч Т.Нямсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-29-32, 33-36/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-8/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-21/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 7535 дугаартай дүгнэлт /хх-48-49/, хэргийн оролцогч нарт Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7535 дугаартай дүгнэлтийг танилцуулсан тухай тэмдэглэл /хх-52-53/, хохирлын талаарх баримтууд /хх-56/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-58-62/, Д.О-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-88-92/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-95-96/, шүүгдэгч Д.О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-101/, шинээр хохиролд 1.500.000 төгрөг төлсөн баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.О нь 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Нямсүрэнг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Нямсүрэнгийн өгсөн: “... 2020 оны 6 дугаар 28-ний өдөр таньдаг хүмүүстэйгээ 13 цагийн үед туул гол дээр ирсэн. Тэгээд тэндээ идэж уугаад 7-уулаа хоол ундаа идээд авчирсан архи пивоо хувааж уусан. Тэгээд 22 цагийн үед хамт байсан таньдаг Д.О түүний найз Шижирээ гэгч нар ямар нэгэн шалтгаангүй “чи намайг хүндэлдэггүй” гээд үснээс зулгааж газар унагаад гэдэс гэдэснээс доошоо эмзэг газрууд руу өшиглөсөн. Олон удаа өшиглөсөн. Тухайн үед би ухаан алдсан байсан над руу пиво цацаж сэрээсэн байсан сэрэхэд хувцаснаас үнэртэж байсан тэгээд над руу дайраад байхаар нь би гараараа өөрөөсөө холдуулах гэж түлхсэн. Миний нүүр цээж гар нүд хүзүү гэх мэт газар маажсан бас хэл амаар доромжилсон. Д.О миний араас “чи эр дагаж явах гээ юу, нөгөө дөрвөн залуугийнхаа араас явах гээ юу, чамайг алаад хаячихъя янхан минь, том бөгстэй гичий, хүүхэд төрүүлэх заяагүй новш” гэх мэтээр орилж, харааж зүхэж, хэл амаар доромжилсон. Тэгснээ миний араас гүйж ирээд үснээс дахиад зулгаасан. “Муу гичий чинь миний нүүрийг маажчихлаа” гээд над руу дайрч Д.О миний нүүр, хүзүү, цээж, гарын сарвуу хэсгийг маажиж, намайг түлхэж газар унагаагаад миний нүүрний зүүн талын эрүүн тус газар хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгсэн би ухаан алдчихсан. Нэг ухан ортол Шижирээ нь миний нүүр рүү ус цацаж намайг сэрээж байсан. Миний өөдөөс Д.О дахин дайрч хөл гараа над руу сарвалзуулж байгаад миний цавь, бэлэг эрхтэн рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгсэн нөгөө үл таних залуучууд тэндээс намайг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-26-28, 29-32, 33-36/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 7535 дугаартай дүгнэлтэд:
1. Т.Нямсүрэнгийн биед зүүн нүдний зовхи, зүүн хацар, эрүүнд зулгаралт, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, баруун мөр, шуу, зүүн бугалга, хөх, цээж, баруун гуянд цус хуралт, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт, баруун зулайн хуйх, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд цус хураалт, зүүн гарын сарвуунд зулгаралт, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэг зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-48-49/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.О-ын яллагдагчаар өгсөн: “...Т.Нямсүрэн гэх эмэгтэйг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан болохоор надад уг зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл байхгүй. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-88-92/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-8/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-21/,
Хохирлын талаарх баримтууд /хх-56/,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-58-62/,
Хэргийн оролцогч нарт Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7535 дугаартай дүгнэлтийг танилцуулсан тухай тэмдэглэл /хх-52-53/,
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-95-96/,
Шүүгдэгч Д.О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-101/ зэрэг болно.
Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Шүүгдэгч Д.О-ын 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Нямсүрэнг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч Д.О-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Хохирогч Т.Нямсүрэнгийн зүгээс эмчилгээний зардалд баримтаар 187.500 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Д.О нь 1.500.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Д.О-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.О-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Д.О-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС