| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2021/0005/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/15 |
| Огноо | 2021-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/15
2021 оны 01 сарын 12 өдөр 2021/ШЦТ/15 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0005/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Г.Мөнхболд
Хохирогч М.П
Шүүгдэгч Н.Бнарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.Б-д холбогдох 2039005140298 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.Б нь 2020 оны 10 сарын 21-ний өдөр Хэнтий аймаг Баян-Адарга сумын Жаргалант багийн нутагт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч М.П гарнаас нь мушгиж унагаан өмсөж байсан күртикээр ороолгож зодсоны улмаас зүүн сарвууны 4 хурууны 1-р үеийн хугарал, нуруунд тав тогтсон зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл үүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч М.П-ийн өгсөн:...Би 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн үед Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 2 дугаар багийн нутаг, сумын төвөөс хойд зүгт 50 гаран км газар байдаг. Онон голын хойд талд байдаг гэртээ нөхөр Нарантуяагийн Б-д зодуулсан. Манайх хадам ээж Нарантуяагийн хамт хоёр гэрээр байдаг юм. Хадам ээж Нарантуяа гэртээ ганцаараа байдаг юм. Тэр өглөө манай нөхөр бид хоёр мотоциклоо асаагаад айл руу явах гэтэл мотоцикл асахгүй байсан. Тэгээд би нөхөртөө тус болох гээд мотоцикл түрэх гэсэн чинь хадам ээж хажуунаас түрэх гэхээр нь та байж бай гэж хэлсэн. Тэгээд би гэнэт дургүй хүрээд мотоцикл түрэхээ байсан. Тэгсэн чинь нөхөр маань ээжтэйгээ мотоциклоо түрж байгаад асаачихаад над руу хүрч ирээд хоёулаа явья гэсэн. Тэгэхээр нь би явахгүй чи ганцаараа яв гэж хэлээд би гэртээ орсон чинь нөхөр гаднаас ороод ирсэн. Тэгээд би зүүн орон дээрээ сууж байтал манай чи ямар тэнэг мангар юм бэ, яасан гэж уурлаад байгаа юм бэ гээд өөрөө гэнэт уурласан. Тэгээд миний зүүн гарнаас бариад гэрээс чирч гаргасан. Тэгээд гэрийн гадаа гаргаад гэрийн урд байдаг хонины хашааны хажууд өөрийн дээгүүрээ өмсөж байсан куртикийг тайлаад миний нүүр толгой руу 2 удаа гуядсан. Тэгээд намайг түлхэж унагаагаад ойчсон хойно 2-3 удаа куртикээр гуядаад байсан. Тэгээд цаашаа эргээд яваад өгсөн....Миний зүүн гарын сарвууг атгаад гэрээс татаж гаргах үед зүүн гарын сарвууны ядам хурууны 2 дугаар үе гэмтсэн. Одоо ядам хурууны үзүүр хумсны арын үед тахийж нийлэхгүй болсон...миний биед ямар нэгэн зовиур байхгүй ээ...Би нөхөр Н.Б-оогомдолгүй ээ, бид эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 9, 37-38 хуу/
Гэрч Д.Баттогтохын өгсөн:...Би Б гэх хүнийг сайн таньдаг. Манай багийн иргэн байгаа юм. Харин П гэх хүнийг бол сайн мэдэхгүй Б эхнэр авсан гэсэн сураг байсан... Б-ийг бол нутгийн дүү гэдгээр нь сайн мэднэ... Баасансүрэн нь дээд боловсролтой биеийн тамирын багш мэргэжилтэй сумын харцага цолтой залуу байгаа юм. Баасансүрэн архи дарс айхтар уугаад байдаггүй хүнтэй их зөв харьцдаг, хүнтэй хэрэлдэж маргалдлаа, асуудал гаргалаа гэж бол сонсогдож байгаагүй. Баасансүрэн нь сургуулиа төгсөж ирээд мал дээр гарсан. Ээжийн хамт амьдардаг залуу байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуу/
Гэрч Н.Нарантуяагийн өгсөн:... Манай хүү Б малдаа явья гээд гарах гэж байхад манай бэр мотоциклтойгоо яв гэсэн юм. Манай хүү малдаа мотоциклтой явах гээд мотоцикл нь асахгүй болохоор нь бэр бид хоёр түрж асаах гэж байхад манай бэр намайг загнасан юм. Тэрнээс болоод манай хүү Б бэр П-Тэй маргалдаж байгаад гадуураа өмсөж явсан хүрэмээ тайлаад бэр П-ийг 2 удаа бие рүү нь ороолгосон. Манай бэр уурлаад хүү Бруу дайраад тэр хоёр ноцолдож байгаад манай хүү Б малдаа явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 704 дугаартай дүгнэлт:
Н.Б-ийн яллагдагчаар өгсөн:.. би мотоцикл асахгүй болохоор нь ээж Нарантуяа, эхнэр П нарыг түрэлцээд асаачихья гэж хэлсэн. Тэгээд мотоциклоо түрээд байж байсан чинь манай ээж Нарантуяаг эхнэр П нь түрж чадахгүй хачин юм байж гээд лайтай юм гээд байхаар нь би манай ээжийг доромжиллоо гээд уурандаа гарыг нь бариад күртикээрээ эхнэр Пийнхээ нуруунд нь 2 удаа ороолгосон дараа нь нүүр хэсэгт нь нэг ороолгочихсон. Эхнэр Пийгээ зодсон үйлдэлдээ маш их харамсаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуу/
Хар өнгийн куртикийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13 хуу/
Н.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 хуу/
Н.Бнь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 56-57 хуу/
Хохирогч М.П-ийн гаргасан “миний биеийн байдал хэвийн тул нөхөр болох Нарантуяа овогтой Б хэргийг хөнгөвчилж өгнө үү” гэсэн нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 60 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Н.Б-дхолбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Бнь 2020 оны 10 сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Жаргалант багийн нутагт хамтран амьдрагч М.П“ээжийг загналаа” гэх шалтгаанаар хурууг нь мушгих, түлхэж унагаах, өмсөж байсан хүрэмээрээ ороолгох зэргээр зодсоны улмаас зүүн сарвууны 4-р хурууны 1-р үений тэнийлгэх шөрмөсний гэмтэл, нуруунд тав тогтсон зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Н.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч М.П, гэрч Н.Нарантуяа нарыг мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Н.Бнь хохирогч М.Пзодсоны улмаас хохирогчийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.
Иймд шүүгдэгч Н.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б-дял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
М.П нь мөрдөн байцаалтын үед болон шүүх хуралдаанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Бнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгөтэй хүрмийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Н.Бнь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав / сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.Бнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгөтэй куртикийг буцаан олгосугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ