Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 782

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч Л.Өлзийжаргал нар тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э” ХХК,

Хариуцагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам,

Хариуцагч: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар,

Хариуцагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Үнэлгээний хороо,

Гуравдагч этгээд: “П” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хороонд холбогдуулан “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №04 дугаар дүгнэлтийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг, “Багц 2-т шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” гэсэн үндэслэлээр шууд гэрээ байгуулахыг зөвлөмж болгохоор шийдвэрлэсэн” хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох;

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Үнэлгээний хороонд холбогдуулан: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Үнэлгээний хорооны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1 дугаар Үнэлгээний хорооны дүгнэлтийн “П” ХХК-тай шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох;

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулан: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн № 2/12318 дугаар “П” ХХК-тай шууд гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох; Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон “П” ХХК-ийн хооронд 2017 оны 12 сарын 15-ны өдөр байгуулагдсан ТТ-2017/Х.1.3.16-02 дугаартай “Соёл, урлагийн байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх” гэрээ илт хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Т.С, хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И, Б.Б, гуравдагч этгээд “П” ХХК-ийн төлөөлөгч О.Ц, иргэдийн төлөөлөгч Ж.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Ч.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Тендерийн үнэлгээний хороо нь “хамгийн бага” үнийн санал өгсөн “Э” ХХК-ийн тендерээс татгалзахдаа тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 18.2 /б/-д заасан Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын хугацаанд ... гэсэн шаардлагаас 2015 онд ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ, гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй гэдгийг болон төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг үндэслэл болгосон байна.

Тэгвэл тухайн компани 2014 онд ижил төстэй бараа нийлүүлсэн, дунд нь буюу 2015 онд тийм ажил олдоогүй, төгсгөлд нь буюу 2016 онд ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагатай байх нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д заасан Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэдэгтэй нийцэхгүй байх шалтгаан алга байна.

Мөн дунд үеийн нэг жилд олдоогүй нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянах 27.2.1-д заасан бараа, ажил үйлчилгээнд хамрах хүрээ чанар болон гүйцэтгэлд үзүүлэх нөлөө-нд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй байна. Зөвхөн үүнээс шалтгаалан “Э” ХХК-ийн үнийн санал 139,695,000 төгрөг болон “П” ХХК-ийн гэрээний үнэ 179,501,600 төгрөгийн хооронд 39,806,600 төгрөгийн зөрүү гарч байна.

Худалдан авах ажиллагаа нь хуульд зааснаар ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримталдаг. Мөн Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны 212-р тушаалаар батлагдсан журмын 3.1-д Үнэлгээний хорооны үйл ажиллагаанд тендерийн баримт бичгийг боловсруулахдаа өрсөлдөөнийг дэмжсэн байх зарчмыг баримтлахыг заасан байдаг. Өөрөөр хэлбэл, байнга тендер авдаг компанитай шууд гэрээ хийх биш, харин аль болох олон өрсөлдөгчийг нээлттэй тендерт оролцуулж, шалгарах тэгш боломжийг олгож, шударгаар сонгон шалгаруулалт явуулахыг шаардсан байдаг.

Захиалагчийн шаардсан сүүлийн 3 жилийн буюу 2014, 2015, 2016 оны ижил төстэй бараа нийлүүлсэн туршлага гэдэг нь тухай компанийн хэр зэрэг туршлагатай юм бэ гэдгийг харах, харьцуулах үзүүлэлт болохоос заавал 3 жил дараалан тийм үйл ажиллагаа явуулсан байхыг шаардана гэж хуульд заагаагүй байна. Хэрэв энэ үзүүлэлтийг удирдлага болгох юм бол байнга тендер авдаг нэг л компани байнга шалгарах болно. Нөгөө талаасаа энэ үзүүлэлтийг удирдлага болговол маш олон компани тендерт өрсөлдөх боломжгүй болно.

Захиалагч төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д зааснаар тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж, нээлттэй тендерт шалгаруулалт явуулаагүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3 болон 33.4-д заасан нөхцөл үүсээгүй байхад шууд гэрээ байгуулсан.

Шууд гэрээ байгуулахдаа төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчсөн” гэжээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн өмгөөлөгч Л.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК тендерт оролцохдоо 139,695,000 төгрөгийн үнийн саналыг өгсөн. 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр тендерийн нээлт болоход нэхэмжлэгчийн үнийн санал хамгийн бага үнийн санал байсан. Хуульд хамгийн бага үнийн саналтай тендер хамгийн сайн тендер гэж заасан. “П” ХХК-ийн үнийн санал 169,000,000 төгрөг байсан бөгөөд 169,000,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх үнийн саналыг гаргасан. 160,550,000 төгрөгөөс бараг 21,000,000 төгрөгийн зөрүүтэй үнийн саналыг “Э” ХХК гаргасан. Мөн тендерт “Б” ХХК оролцсон бөгөөд үнийн санал мөн нэхэмжлэгч компанийхаас өндөр байсан. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хороо хуралдаад дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтээр “Э” ХХК-ийн тендерийн саналаас татгалзаж байна гэсэн шийдвэрийг гаргасан. Татгалзсан үндэслэлээ “Э” ХХК-ийн туршлага тендерийн баримт бичгийн шаардлага хангахгүй байна гэж тайлбарласан байсан. Захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зөвлөгөөний 18.2.б-д нийлүүлэгчээр ажилласан сүүлийн 3 жилийн буюу 2013, 2014, 2015 онуудын хугацаанд тухайн төсөл арга хэмжээтэй ижил төстэй бараа нийлүүлэх гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажиллаж байсан туршлагыг нотлох гэрээ болон гэрээг дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ гэсэн. 2015 оны баримтыг ирүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерийн саналаас татгалзсан. Энэ үндэслэлийг бид эс зөвшөөрч байгаа. Хууль болон тендерийн баримт бичгийг буруу тайлбарлаж тендерээс хассан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь хэсэгт “сүүлийн 5 жил хүртэл хугацаанд” гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл хугацааг буруу ойлгож тайлбарлаж, хэрэглэсэн. Хуульд нийцүүлж Сангийн сайдын тушаал гардаг. 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 81 дугаартай “Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт”-ын 1 дүгээр хавсралтаар баталсан. Тендерт оролцогчдод өгөх зөвлөгөөний 18.2.б-д “сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил төстэй доод тал нь 1 бараа нийлүүлэх үндсэн гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай” байна гэж заасан. Доод тал нь 1 удаа бараа нийлүүлэх үндсэн гүйцэтгэгчээр ажиллаж байсан туршлагатай байхыг шаардсан.. Хууль болон сангийн сайдын жишиг баримтад нийцүүлж захиалагч шаардлагаа тавьсан. “Э” ХХК 2014, 2016 онуудад бараа нийлүүлж байсан туршлагаа танилцуулсан баримтыг хүргүүлсэн. 2015 онд ажил хийгээгүй. Гэтэл захиалагчийн үнэлгээний хороо жил болгон бараа нийлүүлсэн байх ёстой гэсэн тайлбарыг хэлсэн. Бидний гаргасан гомдолд хуульч биш Сангийн яамны мэргэжилтэн тайлбар өгсөн. Бид жил бүр байх ёсгүй гэж үзэж байна. Хууль болон сангийн сайдын жишиг баримттай зөрүүтэй шаардлага тавиагүй ч ойлгож хэрэглэхдээ буруу ойлгосон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд худалдан авах ажиллагааны зарчмыг зохицуулсан бөгөөд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой байна гэж заасан. Тендер нь өрсөлдөөнийг дэмжсэн байх ёстой бөгөөд гол зорилго нь олон өрсөлдөгчийг оролцуулах. 3 жилийн хугацааны 1 жилд нь 10 ажил хийсэн байж болно. Нэг компани 3 жилд нэг, нэг ажил хийсэн байж болно. 3 жил дараалан туршлага байхгүй байж болно. Жил бүр гэсэн шаардлага тавивал 3 жил дараалан ажил хийсэн компани өрсөлдөгчгүй тендерт ялна. Хуульд сүүлийн 5 жилийн хугацаанд гэж заасан. Үг өгүүлбэрийн хувьд жил бүр гэсэн утга санаа байхгүй. Олон жил бараа нийлүүлсэн байвал туршлагатай байгаа нь харагдана. Ийм учир “Э” ХХК-ийг тендерээс хууль бусаар хассан гэж үзэж байна. Хамгийн сайн, хамгийн бага үнийн санал өгсөн компанийг хассан. 

Үнэлгээний хороо дүгнэлт дээрээ шууд гэрээ байгуулахыг зөвлөсөн. “Э” ХХК хамгийн бага үнийн саналыг, 2 жилийн туршлагаа тайлагнаж материалаа хүргүүлсэн. “Т” ХХК, СУИС, Сүхбаатар аймгийн Залуучуудын театрт хөгжмийн зэмсэг нийлүүлэх ажлуудыг хийж байсан. Тендерийн материалд дээрх компаниудад бараа нийлүүлсэн туршлагатайг нотолсон баримт байгаа. Эхний дүгнэлтийг буруу гаргасан учир 2 дахь зөвлөмж түүнийг дагаад буруу болсон. Нэхэмжлэлийн 3 дахь шаардлагын хувьд 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тендерт оролцогч нарт тендерээс татгалзсан талаар хариу өгсөн. Хуульд заасны дагуу хариуг эс зөвшөөрсөн тул 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Э” ХХК Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам 14 дэх хоногт “Э” ХХК-ийг тендерээс хассан нь зөв байна гэсэн хариуг ирүүлсэн. Ийм хариуг ирүүлсэн тул “Э” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тендер 2 захиалагчтай. 2 захиалагч дотроо нэгэндээ албан бичиг явуулж байсан гэдгийг бид мэдэхгүй. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Үнэлгээний хорооноос “П” ХХК-тай шууд гэрээ байгуулах тэмдэглэл гарсан. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “П” ХХК-тай 179,501,600 төгрөгийн шууд гэрээ эрх олгосон шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн 4 дэх шаардлагыг гаргасан. Анхны санал 160,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгөөр, “Э” ХХК-ийн үнийн саналаас 40,000,000 төгрөгөөр илүү үнийн дүнтэй гэрээ хийсэн. Шүүхэд гомдол гаргасан байхад шууд гэрээ хийсэн. Бид Сангийн яамны хариуг аваад 2017 оны 12 сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Сангийн яамнаас “Б” ХХК-ийг тендерээс хассан нь буруу гэсэн хариу гарсан. Хуульд заасан гомдол гаргах эрхтэй, тодорхой хугацаатайг хариуцагч нар мэдсээр атлаа шууд гэрээ хийх шийдвэрийг гаргасан. Эхний 4 нэхэмжлэлийн шаардлага хууль бус болохоор 5 дахь шаардлага буюу “П” ХХК-тай байгуулсан Соёл урлагийн байгууллагуудад хөгжмийн. зэмсэг нийлүүлэх гэрээ илт хууль бус болж байгаа юм. Ил тод, хэмнэлттэй байх зарчмыг зөрчсөн. “П” ХХК-ийн санал болгосон үнээс 20,000,000 төгрөгөөр илүү үнийн дүнтэй гэрээг байгуулсан. Шударга бус тендер явагдсан.

Хариуцагч Төрийн өмчийн, бодлого зохицуулалтын газар, түүний үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тендерийн баримт бичигт заасны дагуу 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тендерийг нээхэд Багц-2 “Техник хэрэгсэл нийлүүлэх тендер”-т “Р” ХХК, “Н” ХХК, “М” ХХК, “Б” ХХК, “Э” ХХК, “М” ХХК-иуд тендер ирүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Тендерийн үнэлгээний заавар”-ын дагуу тендерийн үнэлгээг хийж шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул дахин нээлттэй тендер зарлах болсон тухай мэдэгдлийг тендерт оролцогч нарт 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэгэн зэрэг хүргүүлж 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дахин нээлттэй тендер зарласан.

Тендерийн баримт бичигт заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тендерийг нээхэд Багц-2: Төхник хэрэгсэл нийлүүлэх тендерт “Р” ХХК, “П” ХХК, “О” ХХК, “Б” ХХК, “Э” ХХК, “П” ХХК-иуд тендер ирүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Тендерийн үнэлгээний заавар”-ын дагуу тендерийн үнэлгээг хийхэд шаардлагад нийцсэн нэг ч тендер дахин ирээгүй тухай мэдэгдлийг тендерт оролцогч нарт нэгэн зэрэг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүргүүлсэн.

Нэхэмжлэгч “Э” ХХК-иас 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А-1/3408 дугаар албан бичгээр 2015 онд ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ дүгнэсэн акт шаардлагад нийцээгүй нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 18.2 (б)-д Нийлүүлэгчээр ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын хугацаанд тухайн төсөл, арга хэмжээтэй ижил төстэй бараа нийлүүлэх гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан туршлагыг нотлох гэрээ болон гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ гэсэн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр “Э” ХХК-ийн ирүүлсэн тендерээс үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар татгалзсан.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд X.1.3.16 Соёл, урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай Багц-2: Техник хэрэгсэл нийлүүлэх тендерт хоёр удаа нээлттэй тендер зарласан боловч шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул гэрээ шууд байгуулах асуудал түүгээрээ шийдвэрлэхийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А-1/3427 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

Тендерт оролцогч “Б” ХХК, “Э” ХХК-иуд Сангийн яаманд гомдол гаргасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 6-1/7024 дүгээр албан бичгээр “Э” ХХК-иас татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, “Б” ХХК-иас татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А-1/3705 дугаар албан бичгээр тендерт оролцогчоос Сангийн яаманд гомдол гаргасны дагуу дахин үнэлгээ хийх болсон тухай албан бичгийг хүргүүлсэн боловч 2018 оны 01 дүгээр сарын 04-ний 2/45 дугаар албан бичгээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “П” ХХК-д үнийн санал хүргүүлж гэрээ байгуулсан, “П” ХХК-иас барааг хүлээн авч санхүүжилтийг 2017 ондоо багтаан олгосон тул дахин үнэлгээ хийх боломжгүй болсон тухай мэдэгдсэнийг “Б” ХХК-д 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А-1/32 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

Уг төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг хоёр удаа нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зарласан боловч шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-д заасны дагуу захиалагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нийлүүлэгчтэй шууд гэрээ байгуулсан.

Тус төсөл, арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороо тендер шалгаруулалтыг худалдан авах ажиллагааны талаарх холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхний 2 нэхэмжлэлийн шаардлагыг манай байгууллагад холбогдуулан гарсан тул тайлбар хэлье. Сүүлийн 3 жилийн хугацааны аль нэг жилд ижил төстэй хөгмжийн зэмсэг нийлүүлсэн байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл сүүлийн 3 жил жил бүр бараа нийлүүлсэн байхыг шаардаж манайхыг тендерээс хассан нь хууль бус юм гэж нэхэмжлэгч маргаж байна. Соёл урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тендер 3 багцтай. Эхний багцад шалгарсан компанийг нэхэмжлэгчийн яриад байгаа шаардлагаар буюу сүүлийн 3 жилийн аль нэг жилд хөгжим, тоног төхөөрөмж нийлүүлсэн байдлаар шалгаруулсан. Тухайн тендерт оролцогч өөр нэг компани гомдол гаргасныг Сангийн яам хянаад “сүүлийн 3 жилийн аль нэг жилд хөгжим, тоног төхөөрөмж нийлүүлсэн байна” гэж шалгаруулсан байгаа нь буруу байна гэсэн хариу өгсөн. Хуульд Сангийн яаманд гаргасан гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд Сангийн яамны шийдвэр эцсийн шийдвэр байна гэж заасан. Сүүлийн 3 жил дараалан жил бүр доод тал нь 1 удаа бараа нийлүүлсэн байхыг шаардсан шийдвэрийг Сангийн яам гаргасан. Тендерийг 2017 онд 2 удаа зарласан. Сангийн яамнаас сүүлийн 3 жил жил бүр ижил төстэй ажил хийсэн компанийг шалгаруул гэсэн хариу өгсөн. 2 дахь удаа тендерийг зарласан ч сүүлийн 3 жил жил бүр хөгжмийн зэмсэг нийлүүлсэн компани байгаагүй. Сангийн яамнаас эцсийн шийдвэр нэгэнт гарсан тул Үнэлгээний хороо энэ шийдвэрийг зөрчиж чадаагүй. Нээлттэй тендер шалгаруулалтыг 2 удаа зарлаад нэг ч компани шалгараагүй бол гэрээ шууд байгуулах нөхцөл байдал үүсдэг. Гэрээ Нэхэмжлэгч асуудлыг сайн мэдэж байгаа Өдрийн сонины 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаарт тендерийн урилга нийтлэгдсэн. Урилгад ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын жилийн тоог сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн байх ёстой гэж заагаад түүнийхээ дагуу шалгаруулалт явуулсан. Сангийн яам Тендерийн баримт бичгийн 18.2.Б-д заасан сүүлийн 3 жил буюу 2014, 2015,,2016 онуудын хугацаанд ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ актыг ирүүлнэ гээд. материалын бүрдэл шаардсан хэсгийг үндэслэн шийдвэрээ гаргасан. Тендерт оролцогч биднийг хууль бус шийдвэр гаргасан гэж байгаа. Сангийн яамны шийдвэрийг Үнэлгээний хороо  зөрчих эрхгүй. Сангийн яамны шийдвэрийг зөрчиж нэхэмжлэгчтэй адил байр суурьтай байж Худалдан авах ажиллагааны хуулийг зөрчвөл шууд эрүүгийн хариуцлага хүлээдэг. Сангийн яамны шийдвэрийг эс зөвшөөрсөн бол ажилчдын  нөхцөл байдал хүнд болно.. Сангийн яамны байцаагчийг шүүхэд гэрчээр асуусан бөгөөд тендерийг шалгаруулахад ямар шаардлага тавьж байсныг шүүхэд тайлбарласан. Сангийн яамны шийдвэрийг дагасны төлөө буруутаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И: Нэхэмжлэгч өрсөлдөөнийг хязгаарласан гээд байгаа. Сүүлийн 3 жил тус бүр гэж заасан. Хэрэв манай зард гомдолтой байсан бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээн худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1дэх хэсэгт зааснаар өрсөлдөөнийг хязгаарласан бол нээлттэй тендер шалгаруулалтыг нээхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах ёстой байсан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өрсөлдөөнийг хязгаарласан байна гэсэн дүгнэлт гарвал маргаан гарахгүй байх байсан. Тендер Шалгаруулалт явагдсаны дараа гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Сангийн яамнаас сүүлийн 3 жил дараалан бараа нийлүүлсэн байх ёстой гэсэн албан бичгээр зөвлөмж ирсэн тул Үнэлгээний хороо дагаж биелүүлэх үүрэгтэй. Манайд холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль бус. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 2 удаа тендер зарлахад шаардлага хангах нэг ч компани байгаагүй тул захиалагч буюу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд шууд гэрээ байгуулах эрхийг буцаан шилжүүлсэн. Ингэснээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны үүрэг дуусгавар болсон” гэв.

Хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Т.С нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Соёл урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай /БСШУСЯ-2017-Х.1.3.16-02/ төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулсан.

Тус газраас худалдан авах ажиллагааг 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус тус 2 удаа нээлттэй зарлан, зохион байгуулсан боловч шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул уг төсөл арга хэмжээний 2, 3 дугаар багцад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-д /энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 130.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах/ гэж заасны дагуу шууд гэрээ байгуулах нөхцөл үүссэн.

Дээрх төсөл арга хэмжээний 2, 3 дугаар багцын худалдан авах ажиллагааг шууд зохион байгуулах нөхцөл үүссэн тухай Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А-1/3427 дугаар албан бичгийг дарга Ц.Н тус яаманд ирүүлсэн. Энэ бичиг манай яамны бичигт хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бүртгэгдэн ирсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам албан бичгийн дагуу худалдан авах ажиллагааг зохих хуулийн дагуу зохион байгуулж дууссан.

Нэхэмжлэлд дурдсан Сангийн яамны албан бичиг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А-1/3705 дугаар (албан бичгээр ...Тус газраас зарласан Х.1.3.16 Соёл урлагийн байгууллагуудад хөгжим тоног төхөөрөмж худалдан авах төсөл арга хэмжээний Багц-2 Техник хэрэгсэл тендер шалгаруулалтад тендерт оролцогчоос Сангийн яаманд гомдол гаргасны дагуу тус яамнаас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 6-1/7024 дугаар албан бичгээр үнэлгээ дахин хийх тухай мэдэгдсэн байна ... гэсэн албан бичиг тус яамны бичиг хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, мөн “Б” ХХК-иас 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн "Тендерийн үнэлгээний тухай №20 дугаар албан бичиг мөн тус яаманд тус тус ирсэн байдаг.

Дээрх 2 албан бичиг худалдан авах ажиллагаа дуусгавар болж, гэрээ байгуулсны дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 26, 27-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ирсэн тул бид хүлээн авах боломжгүй байсан. Энэ талаар төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тухайн үед нь тайлбар хүргүүлсэн.

Тус яамнаас худалдан авах ажиллагааг зохих хуулийн дагуу зохион байгуулж дуусган, санхүүжилтийг 2017 онд багтаан олгосон. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг сайтар судлан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “П” ХХК-ийн захирал О.Ц нэхэмжлэлийн өөрчлөн, ихэсгэсэн шаардлагад өгсөн хариу тайлбартаа: ...Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2/12318 тоот Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг ирсний дагуу Соёл, урлагийн байгууллагуудад тоног төхөөрөмж худалдах авах ТТ-2017/Х.1.3.16-02 дугаартай гэрээг хууль ёсны дагуу байгуулж 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр техникийн үзүүлэлт, шаардлагыг 100 хувь хангасан тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн болно.

“Э” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1, 34.2-т заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана гэж заасны дагуу гэрээ байгуулсан байгаа тул хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Дээрх үндэслэлээр бид “Э” ХХК ба “Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Ж.Х нь шүүх хуралдаанд бичгээр гаргасан дүгнэлтдээ: “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг зөв гэж үзэж байна. Анхны тендерийн баримт бичгийн дагуу “Э” ХХК нь материалаа бүрдүүлж өгчээ. Үүнээс үзэхэд Сангийн яамнаас гаргасан сүүлийн шалгаруулалтын дүгнэлтээс болоод “Э” ХХК нь хохироод байгаа юм байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК нь шүүхэд өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дараах байдлаар өөрчилж, ихэсгэсэн байна. Үүнд:

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хороонд холбогдуулан -Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №04 дугаар дүгнэлтийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг, “Багц 2-т шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” гэсэн үндэслэлээр шууд гэрээ байгуулахыг зөвлөмж болгохоор шийдвэрлэсэн” хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох;

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Үнэлгээний хороонд холбогдуулан- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Үнэлгээний хорооны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1 дугаар Үнэлгээний хорооны дүгнэлтийн “Протек” ХХК-тай шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох;

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулан-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн № 2/12318 дугаар “П” ХХК-тай шууд гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох; Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон “П” ХХК-ийн хооронд 2017 оны 12 сарын 15-ны өдөр байгуулагдсан ТТ-2017/Х.1.3.16-02 дугаартай “Соёл, урлагийн байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх” гэрээ илт хууль бус байсан болохыг тогтоолгох гэжээ.

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг: Маргааны үйл баримтын талаар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/120 дугаар тушаалаар “Х.1.3.16 “Соёл урлагын байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах” төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий “Үнэлгээний хороо”-г  байгуулсан байгуулсан байна.

Дээрх “Үнэлгээний хороо” Тендерийн урилгад заасны дагуу 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цаг 30 минутад тендерийн нээлт хийхэд “ТӨБЗГ-2017/Х.1.3.16 “Соёл, урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай” тендерийн Багц-2-т “Э” ХХК, “Н” ХХК, “М” ХХК, “Б” ХХК, “Р” ХХК, “М” ХХК-иуд үнийн санал, тендерийн материалаа ирүүлсэн  ба Үнэлгээний хороо 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар хуралдаанаараа  “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” гэх үндэслэлээр тендерт материалаа ирүүлсэн дээрх 6 компанийн тендерээс татгалзаж, ингэхдээ нэхэмжлэгч “Э” ХХК-ийн тендерээс “тендерийн баримт бичигт заасан үйлдвэрлэгчийн каталогийг монгол хэлээр баталгаат орчуулгаар орчуулж баталгаажуулаагүй” гэж татгалзан, мөн тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулалгүйгээр дахин нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Үүний дараа 2 дахь тендер шалгаруулалтын нээлтийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цаг 00 минутад хийхэд “О” ХХК, “П” ХХК, “Б” ХХК, “Р” ХХК, “П” ХХК, мөн нэхэмжлэгч “Э” ХХК тус тус үнийн санал, тендерийн баримт бичгээ ирүүлсэн  байх ба “Үнэлгээний хороо” 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр хуралдаанаараа дээрх компаниудын тендерийн баримт бичгийг хянан үзэж, шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй гэж үзэн бүх тендерээс татгалзан, улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-д заасны дагуу шууд гэрээ байгуулахыг захиалагчид зөвлөмж  болгохоор шийдвэрлэжээ. 

Ийнхүү 04 дүгээр дүгнэлтээр нэхэмжлэгч “Э” ХХК-ийн ирүүлсэн тендерт 2015 онд ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ, гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй нь ТОӨЗ-ны 18.2 (б)-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн татгалзсан байх ба нэхэмжлэгчээс тендерийн “Үнэлгээний хорооны энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан байна.

Сангийн яамнаас гомдлыг хүлээн авч хянаад “Э” ХХК-ийн ирүүлсэн тендерт... 2015 онд ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ, гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй тул Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 18.2./б/-д заасан шаардлагыг хангахгүй хэмээн татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэж үзсэн тухай 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 6-1/7024 дугаар албан бичгээр  нэхэмжлэгчид хүргүүлжээ. 

Хоёр: Нэхэмжлэгчээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №04 дүгээр дүгнэлтийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг, “Багц 2-т шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” гэсэн үндэслэлээр шууд гэрээ байгуулахыг зөвлөмж болгохоор шийдвэрлэсэн” хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна”, 5 дугаар зүйлийн 5.1.5-д ”тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг” ойлгоно гэж заасан ба, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д заасан “техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх” чиг үүргийнхээ дагуу Үнэлгээний хороо тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулсан байна.

“Үнэлгээний хороо”-ноос боловсруулж, сонирхогч этгээдэд худалдсан тендерийн баримт бичгийн “ТШӨХ”-ийн  ТОӨЗ 18.2 (б)-д “Нийлүүлэгчээр ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын хугацаанд тухайн төсөл арга хэмжээтэй ижил төстэй бараа нийлүүлэх гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан туршлагыг нотлох гэрээ болон гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ” гэж заасан байжээ.

Нэхэмжлэгчээс дээрх тендерт ирүүлсэн баримт бичигтээ “2015 онд төсөл арга хэмжээтэй ижил төстэй бараа нийлүүлэх гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан туршлагыг нотлох гэрээ болон гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолтыг” ирүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй, харин “...тендерийн баримт бичигт 2014, 2015, 2016 онуудын гэж оруулсан нь өөрөө хууль зөрчиж өрсөлдөөнийг хязгаарласан, 2015 онд ажил олдоогүй нь хамгийн бага үнийн санал өгсөн компанийн тендерээс татгалзах шалтгаан биш, шууд гэрээ байгуулах нөхцөл үүсээгүй байсан, 2014, 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар баримтыг өгсөн нь ТОӨЗ 18.2 (а)-д аль нэг жилд гэснийг хангасан байхад татгалзсан нь үндэслэлгүй” гэх агуулгаар хариуцагч Үнэлгээний хороог буруутган маргасан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт,... ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч нь захиалагч буюу Үнэлгээний хорооноос тендерийн баримт бичигтээ “ТШӨХ”-ийн  ТОӨЗ 18.2 (б)-д “Нийлүүлэгчээр ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын хугацаанд тухайн төсөл арга хэмжээтэй ижил төстэй бараа нийлүүлэх гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан туршлагыг нотлох гэрээ болон гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ” гэж заасан нь өрсөлдөөнийг хязгаарласан буюу баримт бичиг бэлтгэх явцад зөрчил гаргасан гэж үзсэн тохиолдолд энэ талаарх гомдлоо тендер шалгаруулалтын нээлт болохоос өмнө гаргахаар байжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 16 дугаар зүйлийн 16.1.3-д “сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд нийлүүлсэн бараа, үйлчилгээ, тэдгээрийн үнийн дүн, хугацаа болон худалдан авагчдын жагсаалт, шаардлагатай бол бараа, үйлчилгээний гүйцэтгэлийн талаархи өмнөх худалдан авагчдын тодорхойлолт” гэж заасан дагуу Үнэлгээний хорооноос нэхэмжлэгчийн тендерийг хянан үзэхдээ “ТШӨХ”-ийн  ТОӨЗ 18.2 (б)-д заасныг хангаагүй буюу “2015 онд ижил төстэй бараа нийлүүлэх гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан туршлагыг нотлох гэрээ болон гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолтыг ирүүлээгүй” гэж үзэн татгалзсаныг буруутгах үндэслэлгүй. 

Өөрөөр хэлбэл тендерийн баримт бичигт нийлүүлэгчээр ажилласан байх жилийн тоог 2014, 2015, 2016 гэж 3 жилээр тогтоон, тус бүрд нь гэрээ, гэрээ дүгнэсэн акт, тодорхойлолт ирүүлэхийг заасаар байхад 2015 онд хамаарах гэрээ, акт, тодорхойлолт ирүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШӨХ”-ийн  ТОӨЗ 18.2 (а), (г) заалтууд нь борлуулалтын болон ижил төстэй ажлын гэрээний үнийн дүнг тендерт санал болгож буй үнийн дүнтэй харьцуулж, оролцогчийн чадавхийг тодорхойлох агуулгатай ба тендерийн баримт бичгийн “ТШӨХ”-ийн  ТОӨЗ 18.2 (б)-д 2014, 2015, 2016 оны гэрээ, гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолт ирүүлэхээр тодорхой заажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Тендер энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн гэж үзнэ”, 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” зааснаас үзвэл “шаардлагад нийцээгүй” гэж үзэн татгалзсан тохиолдолд “тендерт үнэлгээ” хийхгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг <хамгийн сайн> үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэх зохицуулалтууд нь зөвхөн “шаардлагад нийцсэн” тендерт хамаарахаар байх ба Үнэлгээний хорооноос нэхэмжлэгч, “Протек ХХК болон бусад компанийн тендерүүдийг хянан үзээд мөн адил “шаардлагад нийцээгүй” гэж үзэн татгалзан “үнэлгээ хийгээгүй” байдаг ба нэгэнт тендерт “үнэлгээ хийгээгүй” байхад “манайх “Протек” ХХК-иас бага үнийн саналтай байсан” гэж нэхэмжлэгчээс маргасан нь үндэслэлгүй байна. 

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хорооноос 2 дахь удаагаа тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулахад, “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтээр захиалагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд “шууд гэрээ байгуулахыг захиалагчид зөвлөмж  болгохоор шийдвэрлэсэн нь Тендерийн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Дараахь тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзана”, 30.1.1-д “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй”, 30.4.3.энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах” гэж тус тус заасантай нийцсэн байна. 

Иймээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны “Багц 2-т шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй үндэслэлээр шууд гэрээ байгуулахыг зөвлөмж болгохоор шийдвэрлэсэн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №04 дүгээр  дүгнэлт хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн эдгээр шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гурав: Нэхэмжлэгчээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан тус Үнэлгээний хорооны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1 дүгээр  дүгнэлтийн  “П” ХХК-тай хэлэлцээ хийж, шаардлага хангасан нөхцөлд шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн” хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №04 дүгээр  дүгнэлтээр “шууд гэрээ байгуулах”-ыг захиалагчид зөвлөсөн талаарх 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А-1/3427 дугаар албан бичгийг  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хүргүүлсэн байх ба тус яамны Төрийн нарийн бичгийн даргаас “Соёл, урлагийн байгууллагуудад хөгжим, компьютер, тоног төхөөрөмж худалдан авах ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах” үүрэг бүхий Үнэлгээний хороог 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/217 дугаар тушаалаар  байгуулжээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр №1 хуралдаанаар “П” ХХК-тай гэрээ байгуулахаар шийдвэрлэж, дүгнэлт гаргасан гэж тайлбарлаж байх боловч бодит байдал дээр Үнэлгээний хороо эхний удаад 2017 оны 12 дугаар сарын 15-ны  өдөр хуралдаж, “Соёл, урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай” тендерийн Багц-2-т “П” ХХК-тай хэлэлцээ хийхээр, харин үүний дараа 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №2 дугаар  хуралдаанаараа “П” ХХК-ийг Багц-2-т шалгаруулан, гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн” байна.

Ийнхүү захиалагч болох Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас байгуулагдсан тендерийн Үнэлгээний хороо нь “П” ХХК-тай “Соёл, урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай” тендерийн Багц-2-т шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн нь Тендерийн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Гэрээ шууд байгуулах аргыг зөвхөн дараахь нөхцөлд хэрэглэж болно”, 34.1.1-д “энэ хуулийн 30.4.3, 33.4 -т заасан тохиолдолд”, 30.4.3-д “энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах”, 30.1.1-д “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” гэж тус тус заасантай нийцсэн байна.

Дөрөв: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулан гаргасан “тус яамны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн № 2/12318 дугаартай “П” ХХК-д 179.501.600 төгрөгөөр шууд гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагын талаар

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас байгуулагдсан тендерийн Үнэлгээний хорооноос “П” ХХК-тай “Соёл, урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай” тендерийн Багц-2-т шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн талаар өмнөх хэсэгт дүгнэсэн бөгөөд харин энэхүү дүгнэлтийн дагуу захиалагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “П” ХХК-д 179.501.600 төгрөгөөр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдсэн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн № 2/12318 албан бичиг  нь зохицуулалт агуулаагүй, мэдээллийн шинжтэй баримт бичиг байна. 

Иймээс “№ 2/12318 албан бичиг” нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл ...шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Тав. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон “П” ХХК-ийн хооронд 2017 оны 12 сарын 15-ны өдөр байгуулагдсан ТТ-2017/Х.1.3.16-02 дугаартай “Соёл, урлагын байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх” гэрээ илт хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагын тухайд 

Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлж байгуулж болно”, 52.2-д “Дараах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно”, 52.2.3-д “дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг  бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд” гэж тус тус заасантай дээрх гэрээ нь нийцсэн, өөрөөр хэлбэл “захиргааны гэрээ”-ний материаллаг болоод хэлбэрийн шинжийг агуулсан гэж үзэхээр байна.

Үнэлгээний хорооны “шууд гэрээ байгуулахаар” гаргасан дүгнэлтийн үр дагавараар хийгдсэн “ТТ-2017/Х.1.3.16-02 дугаартай “Соёл, урлагын байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх” гэрээ  нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулин 34 дүгээр зүйлийн 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана” гэж заасанд нийцсэн байна.

Уг гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.1, 30.4.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1, 34.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Электрон техник” ХХК-ийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Үнэлгээний хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд тус тус холбогдуулан гаргасан;

“Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №04 дүгээр дүгнэлтийн “ “Э” ХХК-д холбогдох хэсэг”, “Багц 2-т шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй үндэслэлээр шууд гэрээ байгуулахыг зөвлөмж болгохоор шийдвэрлэв” гэх хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох; 

“Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Үнэлгээний хорооны “Протек” ХХК-тай хэлэлцээ хийж, шаардлага хангасан нөхцөлд шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэв” гэх 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1 дүгээр дүгнэлт хууль бус байсан болохыг тогтоолгох;

“Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон “П” ХХК-ийн хооронд 2017 оны 12 сарын 15-ны өдөр байгуулагдсан ТТ-2017/Х.1.3.16-02 дугаартай “Соёл, урлагын байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх” гэрээ илт хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулан гаргасан “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн № 2/12318 дугаартай “П” ХХК-д 179,501,600 төгрөгөөр шууд гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шаардлагын энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА

ШҮҮГЧИД     Н.ДАМДИНСҮРЭН

    Л.ӨЛЗИЙЖАРГАЛ