Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 375

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Д.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Дэлгэрмаа, 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-,

шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Б.Баясгалан,

нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулж,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-ийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Б-т холбогдох 201724000420 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.Б., 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хх, эхнэр, хүүхдийн хамт хх дүүргийн хх дугаар хороо, хх дугаар хороолол, хх дугаар байрны хх тоотод оршин суух бүртгэлтэй боловч хх дүүргийн хх дугаар хороо, хх дугаар хэсэг, хх тоотод оршин суух,

Улаанбаатар хотын шүүхийн 1984 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 318 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн Б, 169 дүгээр зүйлийн Б, 88 дугаар зүйлийн Б-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,  

 

Д.Б- нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн даваа “МТ” Шатахуун түгээх станцын зүүн замд “Nissan sunny” загварын 71-34 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож явахдаа

1. Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь заалт “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”,

Мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 3.1 дэх заалт “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм...-ээс бага болсон”, 3.5 дахь заалт “Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Энхбаярыг мөргөж, Н.Энхбаярын амь нас хохирсон,

2. Мөн шүүгдэгч Д.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 дугаар зүйл “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;

в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; гэсэн заалтуудыг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн Прокурорын газраас: Д.Б-т холбогдох үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигин овогт Дамдингийн Батбаатарыг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт,

Мөн Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Д.Б-ыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,

мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Б-т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг уг ялын найман цагийг хорих ялын нэг хоногт тооцон нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Б-т оногдуулсан 2 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан 2 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар хэрэгт хураагдан ирсэн Д.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 636922 дугаартай үнэмлэх баримтыг, гүйцэтгэх бичиг баримтын хамт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Д.Б- нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд тооцон хохирогчийн төлөөлөгч Ц.О-т 7,750,000 төгрөг нөхөн төлснийг тэмдэглэж, Д.Б-аас сэтгэл санааны хохиролд тооцон 7,500,000 төгрөг гаргуулж, Ц.О-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн автомашины баруун талын дохионы гэрэл нэг ширхэг, урд бамбайн нэмэлт гэрлийн суурины таг нэг ширхэг, тунгалаг өнгийн хуванцар найман ширхэг эд зүйлсийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт Д.Б- нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Д.Б-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас согтуугаар хүний амь нас хохироосон гэмт хэрэгт жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг ял бага оногдуулсан гэж үзэж байна. Учир нь талийгаач мөргөөд машинаасаа буугаад татаад үзэхэд “ёо ёо” гэж дуугарч байсан. Тэр үед би ерөөсөө зугтаая гэж бодоод хаяад зугтаасан. Мөн мэдүүлэг дээр буугаад татахад доош хараад хэвтсэн эрэгтэй хүн байсан тэр хүн согтуу, амьсгаатай байх шиг байсан би гайгүй байх гэж бодоод хүн хар байхгүй болохоор нь хаяад явсан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Ослын дараа талийгаач маань амьд байсан байна. Яаралтай тусламж үзүүлсэн бол өдийд амьд байх ч байсан юм билүү гэж бодогдох юм. Учир нь цамцаа дэвсээд мөргөсөн газраас зайтай дээш хараад хэвтэж байсан гэж анх харсан гэрч Ө.Саруулын мэдүүлэгт байдаг. Батбаатарыг хаяад явахад доошоо хараад хэвтэж байсан. Би гар хүрээгүй гэж хэлсэн. Тэгэхээр талийгаач минь өөрөө арай хийж замаас гарч хэвтсэн байх гэж бодож байна. Явуулын хүн таарсан бол тусламж үзүүлж, цагдаа, эмнэлэг дуудах байсан. Аюултай нөхцөлд хүн бэртээж, мөргөчихөөд санаатайгаар зугтаасан Батбаатарт гомдолтой байна. Иймд талийгаач мөргүүлсэн газраас явж замын хажуугийн судагт цамцаа дэвсээд дээш хараад хэвтсэн болон яаж очсоныг тодруулаагүй. Мөрдөн байцаалтын ажил дутуу хийгдсэн гэж үзэж байна. Хэргийг дахин шийдвэрлэж өгнө үү...” гэв. 

 

Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Б.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч Д.Б-т оногдуулсан ял шийтгэл нь тохирсон гэж үзэж байна. Гэм буруугийн талаар маргаагүй, анхнаасаа хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Прокурор Д.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлах нь зүйтэй гэж үзэж байна. Ял хүндрүүлэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан”, /энэ нь хүний амь нас хохирсон/ 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт “согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн” гэж тус тус заасан. Энэ заалтуудыг журамлан ял оногдуулах боломжтой байсан. Улсын яллагчийн зүгээс 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар ялын саналыг тавьсан. Анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамласан нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах нь зүйтэй байсан. Шийтгэх тогтоолын зарим хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Д.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус заажээ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн санкц нь торгох ял, хорих ял гэсэн ялын төрөлтэй, хорих ялын хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хорих ялын доод хэмжээ нь 2 жил болж багасчээ.

 

Анхан шатны шүүх Д.Б-ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хорих ялыг сонгон хэрэглэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан ял оногдуулсан хууль зүйн үндэслэл ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан хууль буцаан хэрэглэх зарчмыг үндэслэн Д.Б-т оногдуулах ямар төрлийн ял яаж хөнгөрсөн, эсхүл эрх зүйн байдал нь хэрхэн дээрдэж байгаа талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

 

Анхан шатны шүүх “...шүүгдэгчид эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл...”-ийнхээ талаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих” гэсэн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “...шүүхийн шийдвэр нь энэ хуулийн ...36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй...” гэж үзэх  үндэслэл болж байх тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Б-т холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилтэй холбогдуулан хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцааж байгаа тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүх энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлээгүй болохыг дурдаж байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Б-т холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Д.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                   Д.ОЧМАНДАХ