| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2021/0007/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/16 |
| Огноо | 2021-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/16
2021 оны 01 сарын 12 өдөр 2021/ШЦТ/16 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0007/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Ж.Батбаатар
Шүүгдэгч О.Энарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Э-д холбогдох 2039004860277 дугаартай хэргийг 2020 оны 12 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч О.Э-днь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр ....... гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн эхнэр Д.О-тэйхувийн таарамжгүй харьцааны улмаас зэвсгийн чанартай зүйл болох кетчупны сав шидэж Д.О-ийнтолгойн дагз хэсэгт онож, дагз хэсгийн хуйханд шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Д.О-ийнөгсөн:...Би Хэнтий аймгийн төвд аав Даваажавын гэрт 4 хоноод 2020 оны 10-р сарын 12-ны орой 19 цагийн үеэр Хэнтий аймгийн Мөрөн суманд байрлах гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ороход манай нөхөр Э гэртээ байж байсан. Тэгэхээр нь би Эийг утсаа авахгүй, холбоо барихгүй 2 хоног хаагуур явсан юм гэсэн чинь Э чамд ямар хамаатай юм гэсэн. Тэгээд маргалдаж байгаад намайг манай нөхөр Э ширээн дээр байсан кетчупны саваар шидэхээр нь би арагшаа харсан чинь толгойн ар дагз хэсэгт оносон. Тэгэхээр нь би уйлаад дүү Нямсүрэн рүү чат бичээд Э кетчупны саваар шидчихлээ гээд чат бичсэн чинь над руу фэйсбүүкийн чатаар дүрс бичлэгээр залгасан...Э бид хоёр 2015 онд гэр бүл болоод 5 жил болж байна...Надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй ээ...гэх мэдүүлэг /хх-ийн 06 хуу/
Гэрч Г.Баярболдын өгсөн:...Намайг 2020 оны 10 дугаар сарын 12-ны 20 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р баг Ж35 тоотод байрлах гэртээ байж байсан чинь фэйсбүүк чатаар О нь төрсөн дүү Мөнгөнтүлхүүр лүүгээ залгахаар нь би Мөнгөнтүлхүүрийн утсаар нь дүрсээ хараад Отэй ярьсан чинь О нь өөрийн нөхөр Эод зодуулсан гээд толгойноос нь цус гарсан байдалтай байж байхаар нь би Хэнтий аймгийн цагдаа руу залгаж Мөрөн сумын цагдаагийн дугаарыг аваад цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 666 дугаартай дүгнэлт:
О.Эын яллагдагчаар өгсөн:.. Намайг манай эхнэр хардаад уурлаад байхаар нь тэсэхгүй кетчупны сав аваад шидчихсэн нь миний буруу, би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 32 хуу/
sos chili гэсэн бичигтэй, 19 см өндөртэй, 6 см тойргийн хэмжээтэй хоол амтлагчны савыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11 хуу/
О.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 хуу/
О.Энь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 52-53 хуу/
Хохирогч Д.О-ийнгаргасан “нөхөр О.Эод гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 56 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч О.Эод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч О.Э-днь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 19 цагийн үед Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг Ноёны 500 тоотод байх гэртээ хамтран амьдрагч Д.О-тэй“бусадтай хардлаа” гэх шалтгаанаар маргалдан 19 см өндөртэй, 6 см диаметртэй, лонх хэлбэртэй, хуванцар хоол амтлагчны сав шидэж дагз хэсгийн хуйханд шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч О.Энь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Д.О, гэрч Г.Баярболдын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч О.Э нь хохирогч Д.Оийг зодсоны улмаас хохирогчийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.
Иймд шүүгдэгч О.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Эод ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч П.О нь “гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 56 хуу/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч О.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан SOS CHILLI гэсэн бичигтэй 19 см өндөртэй, 6 см диаметртэй, хуванцар, лонх хэлбэртэй хоол амтлагчны савыг устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч О.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав / сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Энь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан SOS CHILLI гэсэн бичигтэй 19 см өндөртэй, 6 см диаметртэй, хуванцар, лонх хэлбэртэй хоол амтлагчны савыг устгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ