Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/23

 

 

 

 

 

 

 

 

2021 оны  01  сарын  20  өдөр                         2021/ШЦТ/23                                     Хэрлэн сум

     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2021/0073

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

Улсын яллагч                                                              Б.Бямбасүрэн

Шүүгдэгч                                                          Б.Цнарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Уугантуяагаар хөтлүүлж, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-тхолбогдох 2039000970067  дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч  Б.Ц нь 2020 оны  02 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнхшувуут” хүнсний  дэлгүүр  буюу  үйл ажиллагаа  явуулах зориулалттай  орон байранд нэвтэрч 99.500 төгрөгийг хүч  хэрэглэхгүйгээр  нууцаар  хууль бусаар  авч  бусдад 99.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч С.М-ын өгсөн:..Би Мөнхшувуут ХХК-ийн захирал  ажилтай. Манай  компани  Хэрлэн сум 3 дугаар баг  Баатруудын гудамж  С-27 тоотод хүнсний  дэлгүүртэй. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өглөө  08 цаг 40 минутын орчим  манай манаач  Батсайхан  утсаар залгаад  хүнсний дэлгүүрт хулгай орсон байна, хойд хаалганы шил  хагарсан байна гэж хэлсэн. Би өөрөө ирээд  хяналтын камерыг шалгахад  2020 оны 02 дугаар сарын 10-ны  шөнийн 00 цаг 46 минутын орчим манай  дэлгүүрийн хаалганы шилийг  нэг эрэгтэй хүн хагалж  дэлгүүрт орж байсан. Дэлгүүрийн дотор  байдаг хяналтын  камерийг  шалгахад дэлгүүрт  2019 оны  12 дугаар  сарын 18-ны өдрөөс  2020 оны 01 дүгээр сарын 15-ны хооронд манаачаар ажиллаж байсан Ц гэх хүн байсан...Дэлгүүрийн касснаас бэлэн мөнгө алдагдсан. Кассанд 100.000 төгрөг  үлдээгээд  2020 оны 02 дугаар сарын  09-ний орой  дэлгүүрээ хаасан. Кассанд  бэлэн  530 төгрөг  үлдсэн байсан. Тэгэхээр касснаас  99.500 төргөр дутсан. Камераар  харахад  Ц  өөр эд  зүйл авч  байгаа болон дэлгүүрийн   дотуур  явж байгаа  нь харагдахгүй байна лээ. Мөн нүдээр  харахад  дэлгүүрээс өөр  дутаж  алга болсон  зүйл байхгүй  байна. Дэлгүүрийн  хаалганы  шил хагарсан байсан...Би алдсан 99.500 төгрөг болон  хаалганы  хагарсан шилийг  нэхэмжилнэ... Дэлгүүрийн хаалганы  шил нь  гадна  талдаа  цэнхэр  өнгөтэй  шил  байсан. Дотор талдаа  тунгалаг  шилтэй байсан. Би хаалганы  шилийг 150.000 төгрөгөөр үнэлнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/

Гэрч Д.Баднагаравын өгсөн:... Би Цийг  танина аа, миний  хүүхэд байгаа юм. Би 4 хүүхэдтэй. Ц Сүхбаатар аймгийн Мөнххаан  суманд 1995 оны  04 дүгээр  сарын 07-ны  өдөр төрсөн. Хэрлэн сум  4 дүгээр  сургуульд сурч  9 дүгээр  анги төгссөн. Дараа нь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн  төвд  суралцаж  гагнуурчин мэргэжилтэй  болсон. Дорнод аймаг  Халх гол  суманд цэргийн  алба хаасан гэр бүл  байхгүй надтай  хамт  амьдардаг юм.  Сүүлийн хэд хоног  гэртээ ирэхгүй байгаа. Ц Бямбадорж  гэх найзынхаараа  байгаад байдаг юм. Миний хүү урьд нь  гэмт хэрэг  зөрчил  холбогдож  байгаагүй. Тамхи  татдаг, архи бол  нэг их  уугаад  байдаггүй. Миний хүү Цт  өөрийн гэсэн эд хөрөнгө  мал  хадгаламж  байхгүй. Сагсан бөмбөг, гар бөмбөг тоглодог. Хавар болохоор  хөдөө явж  ямаа  самнадаг биеийн хүчний ажил сайн хийдэг...гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуу/

 

 Б.Цийн  яллагдагчаар өгсөн:... Би 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр  Бямбадорж гэдэг найзындаа  байж байтал аав над руу  залгаад хотоос  Хэнтий  аймаг орж  явна гэхээр  нь аавыг  аймагт  ирээд над руу  залгаарай гэсэн.  Аав орой  21:00 цагийн үед  ирчихлээ гээд утсаар  залгахаар нь  би уулзья  гэтэл эгчийнх рүүгээ  явж байна дүү чинь  бас  дуудаад байна эмээгийнх руу нь явлаа гэхээр нь  би эмээгийнхээс гарахдаа  залгаад  хэлээрэй гээд 23:00 цаг өнгөрч байхад аавтай  уулзаад  эгчийнх рүү явсан.  Тэгээд эгчийнд  очоод  ааваас мөнгө  гуйтал аав  нь мөнгөгүй  байна гээд  таксины 2000 төгрөг  өгсөн,  утасны  эрх дууслаа  аав өөр  мөнгө байхгүй  юм уу  гэхэд маргааш  ав гэсэн,  би маргааш  хөдөө  явна  гэхэд  өдөр ирээд ав гэсэн. Тэгэхээр нь  эгчийнхээс гарч яваад  Мөнхшувуут дэлгүүр рүү явж  очсон. Тэгээд  хашааных нь гаднаас  хойд  талаас нь чулуу  шидсэн тэгээд  хашааны зүүн талын жижиг  хаалгаар   ороод  дэлгүүрийн  хаалга хагарсан эсэхийг  очиж харсан тэгтэл  шидсэн чулууны маань  хэмжээтэй  хагарсан байсан.  Тэгээд  жижигхэн  хагарсан болохоор  нь буцаж  зүүн  хаалгаараа  гараад  хашааны  хойд талд  очоод  дэлгүүрийн шилэн хаалга руу  чулуу  шидсэн, тэгээд  чулуу  шидсэн  талын  хашааны  дээгүүр  давж очиж  хараад том  хагараагүй болохоор нь  үлдсэн шилийг нь  хөлөөрөө өшиглөж  хагалсан. Тэгээд  нүхээр нь ороод  касс руу нь  очиход  кассны  хажууд  түлхүүр нь  байсан. Түлхүүрээр нь кассыг  онгойлгоод  мөнгө  аваад  орсон  нүхээрээ  эргэж  гараад явсан. Тэгээд найз Бямбадоржийнд очиж  хоносон. Өглөө зүүн захын хойд талын   Хаан банк орж  дэлгүүрээс авсан мөнгөө  бүхэл  болгосон тэгээд аавтай  уулзахаар   явж  байгаад  цагдаад  баригдсан. Би урьд  нь Мөнхшувуут  дэлгүүрт ажилдаг  байсан. 2019 оны  12 дугаар сарын 17-ны  өдөр  ажилд ороод 2020 оны 1-р сарын 14-ний  өдөр  ажлаасаа  гарсан...Надад мөнгө  хэрэгтэй  байсан. Би  өөртөө  хувцас  авч  өмсөх гэж байсан юм...би 99.300 төгрөг  авсан  байсан. Би дараа  тоолж  үзсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 37-38 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 08-12 хуу/

Б.Цээс 20.000 төгрөгийн 1 ширхэг,  10.000 төгрөгийн 1 ширхэг, 5000 төгрөгийн 1 ширхэг, 1000 төгрөгийн 1 ширхэг, 500 төгрөгийн 5 ширхэг, 100 төгрөгийн 8 ширхэг нийт 99.300 төгрөгийг   хураан авч, хохирогч С.М-дхүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14-15 хуу/

Хаалганы шилний үнэлгээг 154.000 /нэг зуун тавин дөрвөн мянга/ төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний  өдрийн 067дугаартай дүгнэлт /хх-ийн 29 хуу/

Б.Цийн  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 хуу/

Б.Цнь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн тамгын газраас  хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардалтай холбоотойгоор 110.000 төгрөг нэхэмжилсэн баримт /хх-ийн 96-99 хуу/

Шүүгдэгчийн  шүүх хуралдааны үед гаргаж өгсөн  хохирогч С.М-ыХаан банкны 5935332369  тоот дансанд Д.Баднагараваас 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 154.000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 106 хуу/

Хохирогч С.М-ы Хаан банкны 5935332369  тоот дансанд Д.Баднагараваас 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 200 төгрөг шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 107 хуу/

Хэнтий аймгийн шүүхийн тамгын газарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 110.000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Д.Баднагараваас тушаасан бэлэн мөнгөний  орлогын баримт /хх-ийн 105 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 52-53 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Цт  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

   Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Цнь 2020 оны  02 дугаар сарын 10-ны шөнийн 00 цагийн 40 минутын үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнхшувуут” хүнсний  дэлгүүрийн шилэн хаалгыг чулуугаар хагалан орж  99.500 /ерэн есөн мянга таван зуу/ төгрөгийг хүч  хэрэглэхгүйгээр,  нууцаар,  хууль бусаар  авч  хохирогч С.М-д 99.500 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.               

 

Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч С.М-ынмэдүүлэг  болон эд мөрийн баримт болох CD  дээрх бичлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэргийн нөхцөл байдал болон учруулсан хохирол, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Цийн  үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх заалтад  зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан  хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд...хэрэг учрал болсон гэх газар нь Хэнтий аймаг Хэрлэн сум 3 дугаар баг, Мөнхшувуут хүнсний дэлгүүрийн байр байв... гэж тусгасан байх ба уг барилгын гадна,  дотор  байдлыг харуулсан гэрэл зураг,  хохирогч, яллагдагч нарын мэдүүлэгээс үзэхэд уг барилгад хүнсний дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдож байх бөгөөд  хүн байнга үйл ажиллагаа явуулах  зориулалттай орон байр гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Цийг  хулгайлах  гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Гэмт хэргийн улмаас хохирогч С.М-дшууд учирсан хохирол нь 99.500 төгрөг байх бөгөөд хагарсан шилэн хаалганы үнэлгээг 154.000 төгрөгөөр тогтоожээ. Мөрдөн байцаалтын үед шүүгдэгчээс 99.300 төгрөгийг хураан авч хохирогчид буцаан өгсөн,  шүүгдэгч нь шүүх хуралдааны үед гэмт хэргийн хохирол болох 200 төгрөг болон хагарсан шилэн хаалганы үнэ болох 154.000 төгрөгийг хохирогчид төлж холбогдох баримтыг гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. Мөн шүүгдэгч нь шүүхээс оргон зайлсны улмаас эрэн сурвалжлахад гарсан зардал болох 110.000 төгрөгийг төлж баримтыг гаргаж өгсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2  дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан  хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах журмыг хэрэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх  нь зүйтэй  гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 26 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу эдлэх ялд оруулан тооцож,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой 110.000 төгрөгийн баримт авагдсан бөгөөд шүүгдэгч нь уг зардалыг төлсөн  болохыг дурдаж, шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 12х13  см хэмжээтэй 2 ширхэг чулууг устгаж, хяналтын камерын бичлэгээс хуулбарлан авсан дүрс бичлэг бүхий CD-г хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатагид овгийн Баднагаравын Цийг  хулгайлах  гэмт хэргийг  хүн байнга үйл ажиллагаа явуулах  зориулалттай  орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу шүүгдэгч Б.Цийг  1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

  1. Шүүгдэгч Б.Цт  оногдуулсан 1 /нэг/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэхээр тогтоосугай.
  2. Шүүгдэгч нь бусдад  төлөх  төлбөргүй, хэрэгт  битүүмжлэгдсэн  эд  зүйлгүй, хэрэг хянан  шийдвэрлэх  ажиллагааны зардал болох 110.000 төгрөгийг шүүгдэгч нь  төлсөн болохыг тус тус  дурдаж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэг эд  мөрийн баримтаар  хураагдсан 2 ширхэг чулууг  устгаж,  дүрс бичлэг  бүхий СD  нэг ширхэгийг хэрэгт хадгалсугай.

 

  1.  Шүүгдэгч Б.Цийн   цагдан хоригдсон 26 / хорин зургаа/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.10  дугаар  зүйлд заасны дагуу эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

   7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цт  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Э.ОДХҮҮ