Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

Хариуцагч: 

8.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дахин хэлэлцүүлэхээр буцаасныг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагчийн төлөөлөгч Г.*******, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах М.Сугирсүрэн нар оролцов.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.******* нь ******* ХХК-даа 5.000.000 төгрөг зээлүүлээч гэж гуйсаны дагуу бид харилцан тохиролцож 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээг бичгээр баталгаажуулан 5.000.000 /таван сая/ төгрөгийг 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай, хэрэв хугацаа хэтэрвэл хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор болж, 5.000.000 төгрөгийг нь тус компанийн захирал байсан *******т бэлнээр хүлээлгэн өгсөн. Ингэхдээ ******* нь компанийхаа нэрийн өмнөөс зээлийн гэрээг байгуулж, улмаар тус компанийхаа тамгыг дарж баталгаажуулсан . /Одоо тус компанийн ерөнхий захирал нь ******* юм/. Тухайн үед зээлсэн мөнгөөрөө компанидаа тоног төхөөрөмж авахад зарцуулсан байдаг. Ингээд хариуцагч ******* ХХК буюу хариуцагч Г.******* нь харилцан тохиролцсон гэрээ ёсоороо 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн үндсэн төлбөр 5.000.000 төгрөг, түүний хүү 500.000 төгрөг нийт 5.500.000 төгрөгийг төлөх ёстой атал зээлээ хугацаандаа төлөөгүй, харин зээлийн хүү 500.000 төгрөгийг төлөөд үндсэн зээлээ төлж чадахгүй нь, удахгүй төлнө гэж хэлснээс хойш нэг ч төгрөг төлөлгүй их цаг хугацаа өнгөрсөн. Үндсэн зээл, хүүгээ төлөхийг буюу зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараалан шаардсан боловч Г.******* нь удахгүй өгчихнө санаа битгий зов гэсэн үгийг хэлэхээс өөр ямар нэгэн арга хэмжээ авалгүй байсаар бүтэн 1 жил өнгөрсний дараа 2015 оны 10 сарын 05-ны өдөр зээлийн үндсэн төлбөр болох 5.000.000 төгрөгийг төлөөд, хүү болон алданги төлөөгүй байна. Иймд үндсэн зээлийн хүү болох 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 10 дугаар сар хүртэл хүү 5.500.000 төгрөг, алданги 2.500.000 төгрөг буюу нийт 8.000.000 /найман сая/ төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулан иргэн Т.******* намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Т.*******аас 5.000.000 төгрөгийг ******* ХХК-ийн үйл ажиллагаанд хэрэглэхээр сарын 10 хувийн хүүтэйгээр тохиролцож зээлж авсан. Тухайн үед 2 тал хүлээн зөвшөөрөөд 5.000.000 төгрөгийг бэлнээр авч гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу 5.000.000 төгрөгний 1 сарын хүүг нэхэмжлэгч Т.Баярсайрханы дансанд хийсэн байдаг. Тохиролцсон хүү, алдангийг төлөөгүй байгаа учраас эвлэрэх хэлцэл хийгээгүй тул шүүхэд хандсан. Үндсэн зээлийн хүү болох 5.500.000 хүү, хугацаа хэтэрсэн хоногийн алданги 2.500.000 төгрөг, нийт 8.000.000 төгрийг ******* ХХК, М.******* нараас гаргуулан олгож өгнө үү. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг ******* ХХК-ийн төлөөлөгч Г.******* хүлээн зөвшөөрдөггүй. Хуурамч материал бүрдүүлж өгсөн гэдэг. М.******* шүүхэд хариу тайлбар өгсөн. Тайлбартаа М.******* нь нөхөр Г.Мөнх-Эрдэнийн хамт очиж мөнгө зээлж авсан гэдэг. М.******* нь тухайн үед тус компанийн эрх бүхий албан тушаалтан байсан. Тамга тэмдэгийг ашиглах эрх нь түүнд байсан. М.******* нь мөнгө зээлж авснаа хүлээн зөвшөөрдөг. Харин Г.******* мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй. Гэрээнд хүү тохиролцоно гэж зааж, зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Иймд бид хүүг нэхэмжлэх эрх нь байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. Тус хэргийг урьд нь шийдвэрлэхэд хүүг хангаж шийдвэрлээгүй. Алдангийг хангаж шийдвэрлэсэн. Иймд хүү, алдангийг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 500.000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги нь 2.500.000 төгрөг нийлээд 8.000.000 төгрөг болж байгаа юм. Хүүнд нь 500.000 төгрөг өгсөн гээд байдаг. Гэтэл хугацаа хэтрээд бүтэн 1 жил өнгөрсөн. Бид 1 сарын 500.000 төгрөгийг төлснийг хасаад 11 сарын хүү 5.500.000, алданги 2.500.000 нийлээд 8.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.******* миний бие ******* ХХК-г үүсгэн байгуулж захирлаар нь ажилладаг. Нэхэмжлэлд хавсаргаж өгсөн зээлийн гэрээтэй танилцсан. Уг гэрээг байгуулж *******аас хүүтэй зээл авсан тухай би нэхэмжлэлтэй танилцах үед мэдсэн. Урьд өмнө нь энэ талаар мэдээгүй. Урьд нь ******* бид хоёр гэр бүл цуцлуулах тухай маргаан шүүхэд шийдвэрлэгдэж байхад ******* энэ талаар тайлбар мэдүүлэгтээ дурдаж байсан боловч тухайн үед энэ талаар баримт гаргаж өгөхгүй байсан болохоор нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихийн тулд үндэслэлгүй худал зүйл ярьж байна гэж бодоод өнгөрсөн. *******аас хүүтэй зээл авсан. ******* бид хоёр хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлээ цуцлуулахад хүрсэн. Гэвч шүүхээс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хангахаас татгалзсан. Одоо бид тус тусдаа амьдарч байна. ******* нь хэдийгээр манай компанийн гүйцэтгэх захирал гэх боловч тухайн компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй, гэрээ байгуулж байгууллагын нэрийн өмнөөс иргэн хуулийн этгээдээс зээл авах эрхгүй юм. ******* нь өөрт хуулиар олгогдоогүй эрх хэрэгжүүлж, надад мэдэгдэлгүй *******аас зээл авсан байна. Иймд би нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ уг гэрээний дагуу зээлийн гэрээний хүү төлөх шаардлагатай гэж үзвэл гэрээ байгуулж, мөнгийг хүлээн авсан ******* хариуцах ёстой гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулсан гээд байгааг би хараагүй. Энэ баримтыг М.******* нь Т.******* гэж ахтайгаа нийлж хуурамчаар үйлдсэн тул би хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүмүүс нийлж компанийн тамга тэмдгийг ашигласан зүйл байгаа. Миний тамгатай цаасан дээр гэрээг бичсэн үү? эсвэл хамт амьдарч байх хугацаандаа нөхөөд дарсан байж магадгүй. Анх нэхэмжлэл өгөхдөө нугалж хуучруулаад нойлын цаас шиг зүйл хавсаргасан байсан. Анх 5.000.000 төгрөгийг авч байсан нь үнэн. Үүнээс хойш би дахин мөнгө авч байсан удаагүй. Бид хоёрын гарын үсэг зурсан гэх баримтыг энэ хүмүүс сүүлд нь гаргаж өгсөн. Тоног төхөөрөмж авсан гээд байдаг. Надад тоног төхөөрөмж хангалттай байдаг. Энэ хүмүүс нийлж хүнийг ингэж гүтгээд байдаг. Бид 2 гарын үсэг зураад авч байсан 5.000.000 төгрөгийг хүүгүй зээлж аваад, хүү төлөхгүйгээр эргүүлээд өгч байсан. Үүнээс хэд хоногийн дараа гарын үсэг зурж авсан баримт үйлдсэн байсан. Өмнөх мөнгийг нь төлсөн байхад, таньдаг хүмүүс хоорондоо сарын 10 хувийн хүүтэй зээлэх хатуу гэрээг хийхгүй шүү дээ. Энэ хүмүүс санаатайгаар хүнийг гүтгэж байна. Амьдрал дээр бодоход ийм зүйл хийх хүн байхгүй шүү дээ. Бид өөрсдөө 2, 3 зээлтэй байсан. Бид Мэнд констракшины мөнгө орж ирээгүй болохоор цонхийг нь хийж байсан. Тэгээд тэр компаний мөнгөө өгөхөөр нь зээлээ төлж байсан. Эхлээд бид хоёр 5.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, гарын үсгээ зураад аваад эргүүлж өгсөн. Дараа нь дахиад 5.000.000 төгрөг авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид ганцхан удаа л тэр хүнээс мөнгө зээлсэн. Нэхэмжлэлд дурдаад байгаа тамгатай гэрээг би хийгээгүй. Би ийм гэрээ хийж байсан удаагүй. Энэ гэрээнд итгэхгүй байна гэв.

Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төмөрсүх овогтой ******* нь Мөнхтүвшин овогтой ******* миний ээжийн талын ойрын хамаатан бөгөөд хариуцагч Ганхуягийн Мөнх-Эрдэнийн Эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байна хүүтэй ч хамаагуй мөнгө олмоор байна гэсэн шаардлагын дагуу /тухайн уед хамт амьдарч байсан/ өөрийн ээж Р.Нарангэрэлээс гуйж, Т.******* ахтай холбоо барьж, мөнгө зээлэх тухайгаа хэлүүлж Г.*******тэй хамт очиж баримт үйлдэж 5.000.000 /Таван сая/ төгрөгийг бэлнээр авч байсан. Дээрх мөнгийг намайг авсан мэтээр хариуцагч тайлбартаа бичсэн нь үнэнд нийцэхгүй ба ******* ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан. Мөн тус компанийн Капитал банкны 2032012093 данснаас 2014 оны 12 дугаар сарьн 11-ний өдөр Т.*******д хүү төлсөн зарлага гарсан байдаг. М.******* миний бие тус дансанд зарлага хийх эрх байхгүй. Сүүлд тус зээлийг төлөх болоход Г.******* нь компанийн хөрөнгө болох 20.000.000 /Хорин сая/-аас дээш төгрөгийг ээж болох Н.Оюунцэцэгийн дансанд хийж хэрэглэж байсан хэдий ч намайг дарамт шахалтанд оруулж цалингийн нэмэлт зээл авахуулж 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөрийн данснаас Т.*******д материалын үнэ утгатай шилжүүлсэн байдаг. Үүний дараа удалгүй бид тусдаа амьдрах болсон. Г.******* хамт амьдрах хугацаанд миний аав, ээжийн нэр дээр мөн зээл авч компанийхаа үйл ажиллагаанд хэрэглэсэн боловч одоог хүртэл төлөхгүй байгаа юм. Иймд хариуцагч Г.Мөнх-Эрдэнийн тайлбарыг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус хэргийн шүүх хуралд оролцоход татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.******* нь ******* ХХК, М.******* нарт холбогдуулж зээлийн үндсэн хүү 5.500.000 төгрөг, алданги 2.500.000 төгрөг нийт 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хариуцагч ******* ХХК-ний төлөөлөгч Г.******* нь “ ... ******* нь өөрт хуулиар олгогдоогүй эрх хэрэгжүүлж, надад мэдэгдэлгүй *******аас зээл авсан байна. Иймд би нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна...”, хариуцагч М.******* нь “ ... Дээрх мөнгийг намайг авсан мэтээр хариуцагч тайлбартаа бичсэн нь үнэнд нийцэхгүй ба ******* ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан...” гэж нэхэмжлэлиийн шаардлагатай холбоотой татгалзлалын үндэслэлээ тайлбарлан маргаж байна.

Т.******* нь 5.000.000 төгрөгийг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал М.*******т шилжүүлэн өгсөн болох нь 2014 оны 10 дугаар сарын 14-ны өдөр талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээгээр нотлогдож байх тул Т.******* ******* ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “ Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно “ гэжээ.

Дээрхи зээлийн гэрээгээр талууд 5.000.000 төгрөгийг, 1 /нэг/ сарын хугацаатай, 10 /арав/ хувийн хүүтэй, зээлийн гэрээний хугацаа хэтэрвэл хоногт 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцож, улмаар үндсэн зээлийн төлбөр 5.000.000 төгрөгийг ******* ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулсан болох нь дипозит дансны дэлгэрэнгүй хуулга / хх-27/, нэхэмжлэгч талын болон хариуцагч М.******* нарын тайлбараар тогтоогдож байна.

Талууд 2014 оны 10 дугаар сарын 14-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийг хүртэл зээлиийн гэрээний хугацааг тохиролцсон байх гэрээний дагуу нэг сарын хугацааны хүү 500.000 төгрөгийг ******* ХХК нь Т.*******д төлсөн нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдож талууд энэ талаар маргаагүй болно.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “ Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана “ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Т.******* үндсэн зээлийн хүүг 2014 оны 12 дугаар сараас эхлэн 2015 оны 10 дугаар сар хүртэл тооцож нийт 11 сарын зээлийн хүүний төлбөр 5.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь талуудын бичгээр тохиролцоогүй зээлийн хүүг шаардах эрхгүй байна.  

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “ Үүрэг гүйцэтгэгчийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт “ Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна “ гэж зааснаар хамтран хариуцагч нарт тэнцүү хэмжээгээр хариуцлагыг хувиарлах нь зүйтэй байна.

Шүүх ******* ХХК 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үндсэн зээл 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд энэ хүртэлх хугацааны алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт ...гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй ...”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй “ гэж зааснаар алдангийг 0,5 хувиар тооцоход хариуцагч нараас үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 5.000.000 төгрөгийн 50 хувиас хэтэрч байх тул алдангийн хэмжээг хариуцагч ******* ХХК-иас 1.250.000 төгрөг, хариуцагч М.*******ээс 1.250.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөгөөр тооцон гаргуулах үндэслэлтэй байна.

Гэхдээ хариуцагч М.******* нь зээлийг ******* ХХК-ний үйл ажиллагаанд зарцуулсан гэх тайлбарыг, хариуцагчийн төлөөлөгч Г.******* үгүйсгэсэн тайлбараа нотлоогүй хэргийн нөхцөл байдлыг шүүх харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд хариуцагч М.*******ийн төлөх алдангийн дүнг 50 хувь /1.250.000 : 2= 625.000/ байхаар багасгах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ үндэслэлээр ******* ХХК-иас 1.250.000 төгрөг, М.*******ээс 625.000 төгрөгийг тус тус гаргуулан Т.*******д олгов.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр  Б.Болормааг гэрчээр асуусан бөгөөд гэрч нь нэхэмжлэгчийн гэр бүлийн хүн байх тул шүүх гэрчийн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан Капитал банкны Өмнөговь салбарын албан бичиг, Г.Оюунцэцэгийн Голомт банкин дахь дансны хуулбар зэрэг нь бичмэл нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаагүй байх тул шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Хариуцагч М.*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар талуудын хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг 232 дугаар зүйлийн 232.4, 232.8, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас 1.250.000 төгрөг, хариуцагч М.*******ээс 625.000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 5.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.*******ы улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 34.550 төгрөг, хариуцагч М.*******ээс 19.400 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.УГТАХБАЯР