Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/166

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч М.Оюунбат /томилолтоор/,

Шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц.Сд холбогдох эрүүгийн 2006 03232 2834 дугаартай хэргийг шүүх 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 0 дугаар цэцэрлэгт жижүүр ажилтай, Сүхбаатар дүүргийн 0-р хороо Чингэлтэйн 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

        Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар 180.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх000000, Х овогт Ц-ийн С.

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч Ц.С нь 2020 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х-д байрлах ТҮЦ-нд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Атэй гэртээ ирэхгүй байгаа гэх шалтгааны улмаас маргалдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн улмаар аягатай халуун ус нүүр рүү нь цацаж хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С мэдүүлэхдээ: “...Энэ хэрэг болох болсон шалтгаан бол манай эхнэр гэртээ ирэхгүй 1 сар гаран болсон. Тэгээд орой нь “очоод авна” гэхээр “би орлого хийнэ” гээд гэртээ ирэхгүй байсан. Манайх 3 хүүхэдтэй юм. Тэгээд бага хүүхэд маань сахарын өвчтэй болоод эмнэлэгт сэхээнд ороод эмнэлэгт хэвтэж байхад хүртэл ирээгүй. Тэгээд эмнэлгээс гараад хүүхэдтэйгээ амралтад явахаар болсон. Тэгээд хүүхэд эхийгээ санаад байх шиг болохоор нь аваад очсон. Тэгээд урдаас хэрүүл хийгээд олон юм яриад байхаар нь ширээн дээр аягатай байсан усыг аваад шидсэн юм. Энэ хүн бол хүүхдээ авна гээд авахгүй байна. Гэр орондоо ирэхгүй байсан болохоор нь ус аваад шидсэн. Надад торгуулийн ялыг төлөх мөнгө байхгүй. Учир нь би гэрээсээ хувцсаа аваад л гарсан.” гэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.А-ийн өгсөн мэдүүлэг /хх-17-18/, Аюулын зэргийн үнэлгээ /хх-13/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 8573 дугаартай дүгнэлт, Ц.С-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Ц.С нь 2020 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х-д байрлах ТҮЦ-нд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Атэй гэртээ ирэхгүй байгаа гэх шалтгааны улмаас маргалдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн улмаар аягатай халуун ус нүүр рүү нь цацаж хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.А-ийн өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 00-р хороо, Офицеруудын ордны автобусны буудлын хойд талын ТҮЦ-нд ажлаа хийгээд байж байтал 11 настай Ж хүү маань орж ирээд “Ээжээ, би ганцаараа явж байна” гэж хэлээд буцаж гараад аавтайгаа орж ирсэн. Тэгээд би Ц.С-ийг орж ирэхээр нь маргалдаад байж байтал намайг баруун гараараа нүүрэн тус газар 3 удаа цохиод баруун хөлөөрөө хөлийн шилбэ хэсэг рүү 3 удаа өшиглөөд зүүн гар мушгиж өвтгөсөн. ...Би ус буцалгаад лангуун дээрээ тавитал буцалсан халуун усыг миний нүүр болон цээж рүү цацаж намайг түлчихээд “Чи муу сохорч үхээрэй” гэж хэлчихээд зугтаад явчихсан.” гэх мэдүүлэг /хх-17-18/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 8573 дугаартай:

  1. “Ч.А-ийн биед нүүр, цээжний 1,2 дугаар зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь халууны хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-29-30/,

          Аюулын зэргийн үнэлгээ /хх-13/,  

          Шүүгдэгч Ц.С-ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-41/ зэрэг болно.

 

          Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий хохирогчийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ц.С-ийн 2020 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х-д байрлах ТҮЦ-нд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Атэй гэртээ ирэхгүй байгаа гэх шалтгааны улмаас маргалдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн улмаар аягатай халуун ус нүүр рүү нь цацаж хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

         Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Ц.С-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн хохирогч Ц.А нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд цаашид эмчилгээний болон гэм хорын зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.С-ийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

         Шүүгдэгч Ц.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х овогт Ц-ийн Сийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Ц.С-ийг 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч Ч.А нь хохирлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

                                                                                                                                                      

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Ц.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС