Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/22

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Ц.Батзаяа,

Шүүгдэгч А.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Ж овогт А-ийн Н холбогдох 2016001840010 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.

      

Шүүгдэгч А.Н нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ***** тоотод архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр Н.О-г шилэн аягаар зүүн гарын тохой руу цохиж шарх гэмтэл учруулсан, мөн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын **** тоотод өөрийн гэртээ эхнэр Н.О-г “Д.С-тэй маргалдлаа” гэдгээр шалтаглан толгой, нүүр цээжин тус газар гараараа, гутлаар цохиж, түүний биед баруун дээд, доод зовхи, зүүн шанаа, баруун хөхний дээд хэсэг, зүүн чихний ар хэсэгт цус хуралт гэмтэл учруулсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч А.Н шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Архи уусан үедээ ганц, нэг түлхэж унгаадаг. Тэр болгон зодоод байдаггүй. Өөрөө архи уучихаад ороод ирэхэд урдаас юм хэлээд дайрах үед ганц нэг алгадахаар цагдаад өгөөд байдаг...Аягаар цохисон гэдэг нь худлаа байна. Тэр орой бид хоёр хэрэлдчихээд байж байсан. Манай бага хүүхэд шал дээр ус асгасан байсан. Шал дээр аяга байж байхад эхнэр савж унасан...Миний буруу. Би хоёр хүүхэд эхнэртэй байж амьдралын төлөө явахгүй архи ууж хэрүүл хийж байгаа нь миний буруу. Би өөрийгөө буруутгаж байна...” гэх мэдүүлэг/ХХ35, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 11 цагийн үед А эхнэр С-ийн хамт тарааж байгаа нүүрснээс авах гэсэн боловч олдсонгүй гээд манайд орж ирсэн. Тэгээд би тэр хоёрт цай хийж өгсөн. Уулзалдаагүй удсан байсан болохоор ойр зуурын юм ярилцаад хууч хөөрсөн. Тэгээд манай нөхөр Н, А хоёр архинд яваад 0.5 литрийн шилтэй “Ерөөл” архи 1 ширхэг, “Брат” гэдэг нэртэй пиво 1 ширхгийг авч ирсэн. Тэгээд бид дөрөв авч ирсэн архийг хөзөр тоглонгоо хувааж уусан. Тэгсэн чинь айлын авгай намайг уухгүй байна гээд архи шахаад байсан, би уухгүй гээд бид хоёр жаахан маргалдсан. Тэгсэн чинь манай нөхөр чи айлын авгайтай маргалдлаа гээд баруун нүд рүү цохисон. Тэгээд би цохиулсан уурандаа А эхнэр хоёр луу нь уурласан. Тэгээд тэр хоёр гараад явсан...Манай нөхөр намайг сууж байхад баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон, цээж рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, зүүн чих рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Миний гутал ойрхон байсан гутлыг аваад толгой руу нэг удаа цохисон. Нийт дөрвөн удаа цохисон...архи ууж ирэх болгондоо намайг дарамталж, зоддог байсан. Засарчих байх гээд цагдаагийн байгууллагад ханддаггүй байсан...миний нүд хөхөрсөн байсан эдгэрсэн, цээжний хөхөрсөн хэсэг бас арилсан, чихний хавдар буусан, өөр бэртэж гэмтсэн зүйл байхгүй...А С хоёр гараад явсан. Гараад явсных нь дараа хаалга түгжиж байгаад намайг боож унагаагаад цээж рүү хөлөөрөө дэвсээд, миний гутлыг тайлж аваад толгой руу, чихний ар тал руу хэд хэд цохисон. Тэгээд би урдаас нь ноцолдоод арай хийж хаалгаа нээж гадагшаа гаргаад хаалгаа өөрөө түгжээд утсаа хайгаад цагдаа дуудах гэтэл тооноор орж ирээд хэл амаар доромжлоод миний хоёр талын хөл рүү гараараа хоёр удаа цохисон. Тэгээд хаалга нээгээд миний утсыг аваад гараад хар приус машинд суугаад явсан. Ихэвчлэн гэртээ зоддог. Гартаа таарсан болгоноороо л цохиж зоддог. Сүүлд санаж байгаагаар одоогоос 2 сарын өмнө хүргэн ах нь эгчтэй нь манайд ирээд Н пиво авч ирж өгсөн. Тэрийгээ уугаад Н хүргэн ахтайгаа ууж байгаад хүргэн ах нь эхнэртэйгээ маргалдаад гараад явсан чинь намайг Н шууд аягаар зүүн гарын тохой руу цохисон. Тэрнээс болж би зүүн гартаа 1 оёдол тавиулаад, хавдар нь сайн буухгүй 2 газар зүсүүлээд 14 хоног эмнэлэгт хэвтсэн...Эмч нь зүс таньдаг хүн байсан болохоор манай нөхөр аягаар цохисон гэж хэлэхээс санаа зовоод шилээр зүссэн гээд худлаа хэлсэн” гэх мэдүүлэг/ХХ 28-31, 32-36, 37-39/,

 

Гэрч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Яагаад зодолдсоныг нь сайн мэдэхгүй байна. Архи дарс уугаад тэрнээсээ болоод зодолдсон байх. Намайг орой нь ажлаас ирээд харахад манай охин О-г баруун нүд нь хөхрөөд хавдсан, баруун хөхний дээд талд нь хавдсан, зүүн чихний ар талд нь хөхөрсөн байсан. Өөр гэмтэл анзаарагдаагүй. Тэгээд би уурлаад цагдаад хэл, дандаа чамайг зоддог биз дээ гэж хэлээд цагдаад өргөдөл өгүүлсэн...архи ууж ирэх болгондоо зодож, хэл амаар доромжилдог байсан. Намайг дандаа ажилдаа явсан цагаар эсвэл гадуур явсан хойгуур манай охиныг зоддог. Гэртээ хүрээд ирэхээр манай охин зодуулсан, уйлсан байдалтай байж байдаг. Н архи уухаараа гэртээ агсам тавьж гартаа таарснаараа зоддог гэж манай охин надад хэлж байсан...сүүлд санаж байгаагаар Н архи уусан байсан. Тэгээд манай охинтой маргалдаад, шүүрний иш авч цохих гээд байхаар нь би голоор нь орсон. Тэгсэн чинь миний баруун хөхний дээд талд 1 удаа гараараа цохисон. Тэгээд би цагдаа дуудаад 20 хоног баривчлуулж байсан...” гэх мэдүүлэг /ХХ53-55/,

 

Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Сүүлд эхнэрээсээ сонсоход намайг хүүхэд гаргадаггүй гээд байсан тэрнээс болж маргалдсан л гэж сонссон...тэгсэн чинь Н манай эхнэрийг өмөөрөөд О-ын баруун шанаа, нүд хавьцаа 2 удаа гараараа цохисон. Тэгээд манай эхнэр С босоод салгасан. Тэгээд би эхнэртэйгээ яваад өгсөн...баруун нүд, шанаа хавьцаа 2 удаа гараа атгаад нударган хэсгээрээ цохисон. Өөр хаана нь цохисныг нь хараагүй...” гэх мэдүүлэг /ХХ58-60/,

 

Гэрч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “....Би авгайтай нь хөзөрнөөс болоод хэрэлдсэн намайг хүүхэд гаргадаггүй авгай гэсэн, бузар хүүхэн гээд Н бид хоёрыг хараад байсан. Тэгэхээр нь Н намайг өмөөрөөд эхнэрийнхээ баруун нүд, шанаа хавьцаа 2 удаа гараараа цохисон. Биеийнхэн баруун дээд хэсэгт нь 2 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би босоод голоор нь ороод Н-ыг чи эхнэрээ яагаад цохиж байгаа юм гээд салгасан...баруун нүд шанаа хавьцаа нь гараа атгаад нударгаараа 2 удаа цохисон. Бас биеийнхэн баруун дээд хэсэгт гараа атгаад нударгаараа 2 удаа цохисон. Тэгээд намайг эхнэр нь доромжлоод байхаар нь би нөхрөө дагуулаад гараад явсан...” гэх мэдүүлэг /ХХ61-63/,

 

Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Н.О-той 2015 онд найзалж байсан. “*******” гэдэг хоолны газар хамт ажилладаг байсан. Нөхрийг нь сайн танихгүй ганц нэг удаа харж байсан... 2020 оны 10 сарын эхээр байсан байхаа О нөхөртөө зодуулчихлаа оёдол тавиулсан гээд манайд ирсэн. Гар нь боодолтой байсан болохоор гэмтлийг нь харж чадаагүй. Боолтыг нь солиулах гээд О-той 2 удаа эмнэлэг рүү хамт явж байсан. Саяхан нөхөртөө зодуулсан гээд баруун нүд нь хөхөрсөн байдалтай явж байсан. Бас нэг удаа ярихдаа хөдөө байхдаа Н-д зодуулсан, зодуулаад гадаа модон дунд хонож байсан тухайгаа хэлсэн. Ер нь л архи уух болгондоо зоддог, агсам тавьдаг гэсэн гэх мэдүүлэг...” /ХХ56-57/,

 

Гэрч Т.К-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...О-г зүс танина. 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ халдварлагдсан шарх, арьсан доорх өөхөн ислэгийн тархмал идээт үрэвсэл гэсэн оношийг тогтоосон. Зүүн гарын тохойнд сорвитой ирж хэвтэн эмчлүүлсэн. Манайд ирэхээсээ 2 хоногийн өмнө нэгдсэн эмнэлгийн 103 яаралтай тусламжийн төвд очиж зүүн гарын тохойндоо оёдол тавиулсан байсан. Тэрнээс болж шарх нь үрэвсээд манай эмнэлэгт ирж хэвтэн эмчлүүлсэн. Шарх нь идээлсэн байсан болохоор бүх оёдлыг нь аваад боолт хийгээд 2 өдөр эмчилсэн, ирэхдээ зүүн гарын тохойны идээт үрэвсэл нь зүүн гарын мөр хүртэл нэмж идээлсэн байсан. Тэгэхээр нь нэмж 2 удаа зүслэг хийж байж гайгүй болсон. Тэгээд манай эмнэлэгт 10-аад хоног хэвтээд гарсан надад О гэмтсэн шалтгаанаа хэлэхдээ нөхөртөө зодуулаад шилэн аягаар цохиулаад гартаа гэмтэл авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ75-77/,

 

Шинжээч эмч Т.Алтайбаатарын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 46 тоот “...1 Говь Алтай аймгийн Эрүүл Ирээдүй эмнэлгийн 272 тоот өвчний түүхээс үзэхэд Н.О-ын биед зүүн тохойд шарх, идээт үрэвсэл гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

2. Н.О-ын биед зүүн тохойд шарх, идээт үрэвсэлээс өөр гэмтэл 272 дугаартай өвчний түүхэнд бичигдээгүй байна.

3. Н.О-ын зүүн тохойд учирсан шарх гэмтэл нь идээлж үрэвсэн 2020.10.25-нд Говь Алтай аймгийн Эрүүл Ирээдүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байх ба өвчний түүхэнд 2020.10.20-нд шилэнд зүсүүлсэн гэж бичсэн нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт/ХХ87/,

Шинжээч эмч Т.Алтайбаатарын 2020 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 10 тоот “...1. Н.О-ын биед баруун дээд доод зовхи, зүүн шанаа, баруун хөхний дээд хэсэг, зүүн чихний ар хэсэгт цус хуралт, баруун хөмсөг, дээд зовхи, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл шинэ байна.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Баруун дээд доод зовхи, зүүн шанаа, баруун хөхний дээд хэсэг, зүүн чихний ар хэсэгт цус хуралт гэмтэл нь бүрдлээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун хөмсөг, дээд зовхи, зүүн хацарт учирсан зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /ХХ81-82/, 498/000867 дугаартай 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Говь Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа”/ХХ159/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Н нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ******* тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Н.О-г аягаар зүүн гарын тохойн тус газар нь цохиж шарх буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ******** тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Н.О-г “ Д.С-тэй маргалдлаа” гэдгээр шалтаглан толгой, нүүр цээжин тус газар гараараа, гутлаар цохиж, түүний биед баруун дээд, доод зовхи, зүүн шанаа, баруун хөхний дээд хэсэг, зүүн чихний ар хэсэгт цус хуралт гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа болон тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү нь энэ хуулийн буюу гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд хэмээн тодорхойлжээ. Үүнээс үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл гэж хамтын амьдралтай эсвэл хамтын амьдралтай байсан дээрх хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбодь, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтанд суурилсан харилцааг хамааруулан тодорхойлсон гэж үзэхээр байна. Дээрх харилцааны явцад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд хүндрүүлэн зүйлчилнэ.

Иймээс шүүгдэгчийн үйлдэл нь  өөр өөр цаг хугацаанд 2 удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.О-ын биед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдэх шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч  А.Н-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүгдэгчийн хувийн байдал, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ХХ142/, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 84 дугаартай Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол/ХХ169-170/, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 105 дугаартай, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол/ХХ171-172/, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн шийтгэвэр/ХХ164-166/, Говь Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “эд хөрөнгө, төрсний болон иргэний үнэмлэхний лавлагаанууд/ХХ156-162/, тээврийн хэрэгсэл эзэмшдэггүй гэсэн Авто тээврийн газрын тодорхойлолт/ХХ153/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийг 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн бол...” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор хуульчилжээ. Шүүгдэгч А.Н нь урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдэн торгох ял шийтгүүлсэн болох нь  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ХХ142/,2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 105 дугаартай, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол/ХХ171-172/-оор тогтоогдож байх тул үүнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал гэж тооцон шүүх ял оногдуулахдаа харгалзан үзлээ. Харин шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч А.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол нэхэмжлээгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт А-гийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-г 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг шүүгдэгч А.Н-д сануулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.МӨНХТУЛГА