Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 459

 

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хийж, “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 967 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш шүүхийн шийдвэрийг биелүүлж, “О” ХХК-иас өөрийн өмчлөлийн нийтийн дуудлага худалдаанаас худалдан авсан барилгуудын орчны газраа эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх хүсэлт гаргасан газрыг эзэмшүүлэхийг даалгах” шаардлага бүхий Н З даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Б, түүний өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “О” ХХК-ийн захирал З.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 967 тоот шийдвэрт манай компанийн хууль ёсоор олж авсан үл хөдлөх хөрөнгөө эзэмшиж, ашиглах, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах боломжоор хангуулах эрхтэй хэмээн дүгнэсэн. Дээр дурдсан нөхцлийг хангасан захиргааны шинэ акт гаргах хүртэл манай барилгуудын орчны газар дээр газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/454 тоот болон 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А811тоот захирамжуудын Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэсэг, тус дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 77 тоот захирамжийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст холбогдох хэсэг болон 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А8215 тоот захирамжийн биелэлтийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд “О” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхийг хангасан захиргааны шинэ актыг гаргаагүй тохиолдолд дээр дурдсан захирамжуудыг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн.
Дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаа өнгөрч манай компанийн барилгуудын орчны газар дээр бусдад газар эзэмшүүлсэн дээр дурдсан захирамжууд хүчингүй болсны дараа хууль ёсоор олж авсан үл хөдлөх эд хөрөнгөө ашиглаж, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах эрхээ хангуулахаар Нийслэлийн Засаг дарга, газрын албанд барилгын орчны газраа эзэмшихийг хүссэн өргөдөл гарган биечлэн уулзсан.
Мөн барилгаа хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар тохижуулан засварлаж тэр хавийн гэр хорооллын 160 хүүхдийг зохих зөвшөөрлийн үндсэн дээр цэцэрлэгт хамруулан ажиллаж байгаа талаархи баримт, барилгуудын бохирын цооног, шугам хоолойн зөвшөөрлийг 2003-2004 онуудад авч байсан баримт, барилгын орчинд газар гэх тэгш талбайгүй хогоор дүүрсэн хонхор байсныг өөрийн хүч, зардлаар нөхөн сэргээсэн баримт зэргийг гаргаж өгсөн боловч шийдвэрлэж өгөхгүй одоо мөрдөж буй журмын дагуу газрын дуудлага худалдааны үнэ төлөхийг шаардаж, ийм дүгнэлт гаргасан талаар Нийслэлийн Газрын албанаас 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 03/4870 дугаартай албан бичгээр мэдэгдсэнийг зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч “О” ХХК-ийн захирал З.Б 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 967 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш шүүхийн шийдвэрийг биелүүлж, “О” ХХК-иас өөрийн өмчлөлийн нийтийн дуудлага худалдаанаас худалдан авсан барилгуудын орчны газраа эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх хүсэлт гаргасан газрыг эзэмшүүлэхийг даалгах” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А шүүхэд гаргасан тайлбартаа:
“... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 967 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсны дараагаар “О” ХХК-ийн зүгээс газрын талбайн хэмжээг өөрчлөх тухай 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11 тоот албан бичиг, газрын талбайн хэмжээг өөрчлөн эзэмшүүлэх тухай 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 111 тоот албан бичгийг тус тус ирүүлсэн.
Дээрх хүсэлтүүдийг судлан Нийслэлийн Газрын албаны дэргэдэх “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн бохирын цооног, шугам хоолой холбогдох зөвшөөрөл авсан эсэхийг тодруулах, газар ашиглалтын байдал, хэзээ хашаа барьсан эзргийг тодруулах, зөвшөөрөлгүй илүү хашаалсан хэсэг буюу нэмж эзэмшихээр хүсэлт гаргасан газрыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу шийдвэрлэх талаар хариу хүргүүлсэн болно.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” шийдвэр гаргах бөгөөд ийнхүү шийдвэр гаргуулахын тулд Нийслэлийн Засаг даргаас уг асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй байх ёстой.
Гэтэл н З даргад гаргасан хүсэлтийг судлан үзээд хариу өгсөн, тус компанийн хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй байхгүй байхад нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, орчны газрыг эзэмшүүлэхийг шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагч байгууллагын зүгээс “О” ХХК-ийн эзэмшлийн 2593 м2 газрын асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй огт байхгүй. Нийслэлийн Засаг даргын зүгээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож өөр газрыг эзэмшүүлэхээр захирамж гарган шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Хоёр дахь нэхэмжлэлийг шаардлагын хувьд эс үйлдэхүй огт байхгүй. Бид хууль, журмын дагуу “О” ХХК-д газар эзэмшүүлж, хуульд зааснаар маргаан бүхий газрын дуудлага худалдааны анхны үнийг төлсөн тохиолдолд газрыг эзэмшүүлэх боломжтой. Нэхэмжлэгч компанид хуульд зааснаар 956 м2-аас илүү газрыг дуудлага худалдаа зохион байгуулж үнийг нь төлсөн тохиолдолд эзэмшүүлнэ гэсэн хариуг өгсөн. 
Нийслэлийн Засаг даргын хувьд хуульд нийцүүлэн үйл ажиллагаа явуулсан. Маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхгүй гэсэн шийдвэр гаргаагүй, харин газрын дуудлага худалдааны анхны үнийг төлсөн тохиолдолд олгоно гэсэн шийдвэр гаргасан байдаг” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр “О” ХХК-ийн Н З даргад холбогдуулан гаргасан  “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 967 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шүүхийн шийдвэрийг биелүүлж, “О” ХХК-иас өөрийн өмчлөлийн нийтийн дуудлага худалдаанаас худалдан авсан барилгуудын орчны газраа эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх хүсэлт гаргасан газрыг эзэмшүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
- Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 2002 оны 12 дугаар  сарын 11-ний өдрийн тогтоолоор маргаан бүхий газарт байрлах 150 хүний эмнэлгийн дуусаагүй барилгын “А” блокын дуудлага худалдааны ялагч болсон “О” ХХК-ийн захирал З.Б уг барилгын өмчлөх эрхийг олгосон байна.  Мөн “О” ХХК-ийн захирал З.Б нь 150 хүний эмнэлгийн дуусаагүй барилгын “Б” корпусыг “З б” ХХК-иас 2008 онд худалдан авч, өөрийн нэр дээр уг дуусаагүй барилгын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
-Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/979 дүгээр захирамжаар “О” ХХК нь дээрх үл хөдлөх хөрөнгийн суурийн хэмжээ болох 986 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн 303828 дугаар гэрчилгээг олгосон байна.
- Хуулийн хүчин төгөлдөр болсон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 967 дугаар шийдвэрээр “О” ХХК-ийн Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан дараах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийн хянан шийдвэрлэсэн байна. Үүнд: “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/811 дугаар, 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/454 дугаар захирамжуудын Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэсэг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 77 дугаар, 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/215 дугаар захирамжуудын Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст холбогдох хэсэг, “О” ХХК-ийн захирал З.Батбаатарын барилгын орчны газраа буюу гаднах талбайг эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хууль зүйн дагуу шийдвэрлэхийг Н З даргад даалгах, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосон 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №20/2016 дугаар Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгох” зэрэг.
Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаас “О” ХХК-ийн хууль ёсоор олж авсан газар, үл хөдлөх хөрөнгөө зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхийг хангасан захиргааны шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2015 оны  05 дугаар сарын 25-ны өдрийн А/454 дүгээр захирамжийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/811 дугаар захирамжийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэсэг болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 77 дугаар захирамжийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст холбогдох хэсгийг, мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/215 дугаар захирамжийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байна. Харин үлдсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 967 дугаар шийдвэрийн дагуу тогтоосон хугацаанд хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь шинэ акт гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/454 дугаар захирамжийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/811 дүгээр захирамжийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэсэг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 77 дугаар захирамжийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст холбогдох хэсгийг, мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/215 дугаар захирамжууд нь хүчингүй болсон тул “О” ХХК-ийн хашаалсан маргаан бүхий газар нь хэн нэгэн гуравдагч этгээдийн эзэмшил газартай давхцаагүй бөгөөд эзэмшилд байхгүй байна.
- “О” ХХК нь маргаан бүхий газарт өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үйл ажиллагааг хэвийн явуулах шаардлагатай дэд бүтцийг зохих эрх бүхий байгууллагуудын зөвшөөрөлтэйгээр барьж, суурилуулсан байна. Тухайлбал, 2003 оны “У Ц Т С” ХК-ийн техникийн нөхцөл, Ус сувгийн удирдах газраас 2004 онд олгосон 175/04 дүгээр техникийн нөхцөлүүдийн дагуу маргаан бүхий газарт “О” ХХК нь 0.4 кв-ын цахилгаан хангамжийн кабель шугам тавьж, цэвэр бохир усны шугам холболтын газар доорх ажлыг хийж гүйцэтгэсэн байна.  
 Хоёр. Шүүх “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.
Нэхэмжлэгч “О” ХХК нь өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийн орчны газар болох 1607,1 м.кв газрыг нэмж эзэмших хүсэлтийг зохих баримтуудын хамт Нийслэлийн газрын албанд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаар,  2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр, мөн оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 111 дүгээр албан бичгүүдээр гаргаж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх хүсэлтүүдэд Нийслэлийн газрын албанаас 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 03/4870 дугаар албан бичгээр “...зөвшөөрөлгүйгээр хашаалсан газрын асуудлыг Монгол Улсын Газрын тухай хуулийн 33.1.2-т заасны дагуу шийдвэрлэх дүгнэлт гарсан болно”, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 02-09/2960 дугаар албан бичгээр “...талбайн хэмжээ нэмэгдүүлэхээр хүсэлт гаргасан газарт Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 25-ний өдрийн 15 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг төлөх болно” гэж тус тус хариу өгсөн байна.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 136 дугаар тушаал, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын /хуучин нэрээр/ 2010 оны 206 дугаар тушаал, 2015 оны 175 дугаар тушаал, 2015 оны 234 дүгээр тушаал, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 15 дугаар тушаалаар  батлагдсан журам, аргачлалын дагуу шинээр газар эзэмших хүсэлттэй аж ахуйн нэгж нь газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг төлөх үүрэгтэй байна.
Иймээс “О” ХХК нь өөрийн өмчлөлд буй үл хөдлөх хөрөнгийн орчны газар болох  1607,1 м.кв газрыг нэмж эзэмших эрхтэй хэдий боловч Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасан төлбөр төлөх үүрэгтэй бөгөөд хуулийн энэхүү үүргийг үгүйсгэх үндэслэл байхгүй болно.
Түүнчлэн “О” ХХК-ийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд “маргаан бүхий газрын орчны газрыг цэвэрлэж, хонхор налуу газрыг шороо асган тэгшилж, индүүдэж сэргээсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж мэтгэлцсэн. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно” гэх хуулийн зохицуулалт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтгүй орхигдсон газрын эвдрэл, элэгдлийг “нөхөн сэргээх” төсөл, төлөвлөгөө боловсруулан аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, Засаг даргатай урьдчилан тохиролцож, гэрээ хийсний үндсэн дээр хөрсний үржил шимийг сайжруулсан, газрын гадаргууг засаж тэгшилсэн, хордолт, бохирдлыг цэвэрлэсэн зэргийг ойлгоно. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд Засаг даргын зөвшөөрөл, шийдвэргүйгээр маргаан бүхий газрын гадаргууг тэгшилж шороо асгасан нөхцөл байдал нь уг газрыг шууд эзэмших эрх үүсгэх үндэслэл биш юм.
Харин маргаан бүхий газарт “О” ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс цэвэр бохир усны шугам, цахилгаан хангамжийн кабель шугам байрлаж байгаатай холбогдуулан хэн нэгэн гуравдагч этгээдэд уг газрыг эзэмшүүлэх, ашиглуулах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.


          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:


1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “О” ХХК-ийн Н З даргад холбогдуулан гаргасан “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 967 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шүүхийн шийдвэрийг биелүүлж, “О” ХХК-иас өөрийн өмчлөлийн нийтийн дуудлага худалдаанаас худалдан авсан барилгуудын орчны газраа эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх хүсэлт гаргасан газрыг эзэмшүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
         

 


 
 
                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ТӨМӨРБАТ