Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2022/0692

 

 

Х.У-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жнар

Нэхэмжлэгч Х.У

Хариуцагч: Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Норовлин сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эргүүлэн томилуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 127/2022/0006/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.У нь Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргад холбогдуулан “Норовлин сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эргүүлэн томилуулах”-аар маргасан байна.

2. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр шийдвэрээр:

2.1. “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5, 29 дүгээр зүйлийн 29.1-т заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Х.Уийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай Х.Ут сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгожшийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “А.М миний бие Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.24-ний өдрийн 09 дугаартай шийдвэрийг хүлээн аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

3.2. Хэнтий аймгийн Норовлин сумын засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 тоот захирамжаар Х.Уийг "Төсвийн ерөнхийлөн захирагчаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, байгууллагын алба хаагч нарыг дарамталсан, хавчин гадуурхдаг, илүү цагаар ажиллуулдаг, илүү цагийн мөнгө олгодоггүй. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн баримталж ажиллаагүй, ажиллах хугацаанд нь насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг 4 удаа гарсан" гэсэн үндэслэлээр Норовлин сумын Ерөнхий боловсролын захирлын албан тушаалаас чөлөөлж, түүх нийгмийн ухааны багшийн ажилд томилон ажилуулсан.

3.3. Төсвийн ерөнхийлөн захирагчаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь хавтаст хэрэгт хавсаргагдсан Хэнтий аймаг дахь төрийн аудитын газрын актуудаар, байгууллагын алба хаагч нарыг дарамталсан, хавчин гадуурхдаг, илүү цагаар ажиллуулдаг, илүү цагийн мөнгө олгодоггүй нь ажилчдын хурал дээрх нууц асуулга буюу нэргүй захидлаар, ажиллах хугацаанд нь насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн хүчирхийлэлийн гэмт хэрэг 4 удаа гарсан нь хавтаст хэрэгт авагдсан Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 144 дугаартай албан бичгээр тус тус нотлогдоно.

3.4. Харин Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг баримталж ажиллаагүй гэдэг үндэслэл нь "Хувь болон "спил аксон" 6435000 төгрөг байсан бөгөөд энэ өрийг жилийн эцсийн мэдээнд тусгаагүй нуун дарагдуулсан, Засаг даргын тамгын газрын бохир соруулсан хөлс гэх нэрээр 1600000 төгрөг шилжлүүлж, 1240000 төгрөгийг нягтлан бодогчийн хувийн дансаар буцаан авсан, 2021 оны жилийн эцсээр байгууллагыг өргүй гаргасан мэтээр өрөө нуун дарагдуулж, төсвийн еренхийлөн захирагчийг хууран мэхэлсэн.

3.5. Аймгийн засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/423 дугаартай захирамжийн 1 дүгээр хавсралтаар Хэнтий аймгийн Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн 2 дугаар байрыг актлах худалдах шийдвэр гарсан байх бөгөөд хичээлийн байрны 23.523.113 төгрөгийн үлдэгдэл хөрөнгийг бусдад шилжүүлж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Монгол улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэсгийн мөрдөгч, комиссар Г.Зоригтсайхан, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Б дээр шалгагдаж байгаа талаарх баримтуудаар нотлогдоно гэж үзэж байна.

3.6. Мөн нэхэмжлэгч Х.У нь ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гардаж аваад 2022 оны 01 дүгээр сард Хэнтий аймгийн засаг дарга н.Ч хандаж тухайн асуудлаа урьдчилан шийдвэрлүүлэхээр өгч хариуг авснаас хойш олон сар Засаг даргаас томилогдсон багшийн ажлаа хийж явсан бөгөөд 2022 оны  04 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

3.7. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зуйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

3. Шүүх дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч Х.У нь Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/23 дугаартай захирамжаар Хэнтий аймгийн Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байжээ.

3.2. Гэтэл Норовлин сумын Засаг дарга маргаан бүхий 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай “Х.У-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар “Төсвийн Ерөнхийлөн захирагчаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, байгууллагын албан хаагч нарыг дарамталсан, хавчин гадуурхдаг, илүү цагийн мөнгө олгодоггүй, Төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг барьж ажиллаагүй, ажиллаж байх хугацаанд нь хүүхдийн бэлгийн хүчирхийлэл 4 удаа гарч байсан” гэх үндэслэлүүдээр Х.Уийг Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

3.3. Иймд нэхэмжлэгч Х.У нь Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргад холбогдуулан “Норовлин сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эргүүлэн томилуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

3.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж зааснаар захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах үүднээс ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүрэгтэй.

3.5. Энэ тохиолдолд хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчийг санхүүгийн олон удаагийн ноцтой зөрчлүүд гаргасан хэмээн буруутгаж байх боловч хэрэгт авагдсан Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 09-нийн өдрийн “Төлбөр барагдуулах тухай”, “Зөрчил арилгах тухай” актуудаар 2022 оны 01 дүгээр сард гарсан маргаан бүхий актын үндэслэлийг шалгах боломжгүй байна.

3.6. Учир нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд маргаан бүхий актаас хойш гарсан үйл баримтаар хариуцагчаас шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг бүрэн тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргасан болохыг тогтоох боломжгүй бөгөөд харин анхан шатны шүүх Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны санхүүгийн тайлан зэрэг нотлох баримтыг цулуулах нь нэхэмжлэгч нь санхүүгийн зөрчил гаргасан эсэхийг тодруулах ач холбогдолтой байна. 

3.4. Мөн хариуцагчаас нэхэмжлэгчийг “сургуулийн актлагдсан хөрөнгийг Эко зуслан гэдэг нэртэй байшин барих гэж байгаа компанируу шилжүүлсэн” хэмээн буруутгаж байх боловч түүний зөвшөөрлийг Х.У гаргасан эсэх хэрэв шилжүүлсэн бол Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан шаардлага, зохицуулалтуудыг хангасан эсэхийг тодруулах үүднээс анхан шатны шүүх уг хөрөнгийг шилжүүлсэн үйл баримттай холбоотой нотлох баримтуудыг цуглуусны үндсэн дээр уг тайлбарт дүгнэлт өгөх шаардлагатай.

3.5. Хэдийгээр хэрэгт хариуцагчаас нэхэмжлэгч нь Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн талаарх хяналт шалгалт явуулахад сургуулийн албан хаагчдаас ирүүлсэн санал гомдлыг эх хувиар ирүүлсэн гэх боловч эдгээр санал гомдлыг хэн, хэзээ гаргасан нь тодорхойгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

3.6. Үүнээс гадна Хэнтий аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 144 албан бичигт Норовлин сумын харьяа А.Н, Б.М, Б.О нар 2020 онд үйлчилгээнд хамрагдсан гэх ба бүгд “хойд эцгийн зүгээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн” гэх лавлагаа ирсэн байна. Гэтэл дээрх хүүхэд, гэр бүлийн хүрээнд үүссэн үйл баримтад сургуулийн захирал хэрхэн холбогдож байгаа нь тодорхойгүй байх бөгөөд хариуцагчаас ямар үндэслэлээр буруутгаж байгаа талаарх тайлбар баримтыг мөн тодруулах шаардлагатай байна.

3.7. Ийнхүү анхан шатны шүүх хариуцагчийн маргаан бүхий актын үндэслэл болгож буй албан хаагч нарыг дарамталсан, хавчин гадуурхдаг, илүү цагийн мөнгө олгодоггүй, Төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг барьж ажиллаагүй зэрэг тайлбарыг нотлох үүднээс шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулах замаар хариуцагчийн шийдвэрийн үндэслэл шалтгаан, шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталсан эсэхийг бүрэн тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ийнхүү дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй учир шийдвэрийг хүчингүй болгон анхан шатны шүүхэд буцааж, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА