Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 09

 

Ө.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишигийн даргалж, шийдвэрлэсэн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 58 дугаартайшийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч Ө.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Л.******* эрхлэгч нь намайг анх 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлсөн бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаар зохигчийн эвлэрлийг батлах тухай шүүгчийн захирамжаар намайг үндсэн ажилтнаар авна, би ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахгүй байхаар эвлэрсэн юм. Ингэж эвлэрсэн боловч намайг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр түр тушаалаар ажилд томилсон. Завхан аймгийн Нөмрөг сумын цэцэрлэгийн эрхлэгч Л.******* нь 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн Б/04 дугаар тушаалыг гаргасан гэх боловч надад албан ёсоор өгөөгүй. Би 2016 оны 8 дугаар сарын 29-нд ажилдаа орохоор очтол жирэмсэн хүн авахгүй гэхээр нь тушаалаа авъя гэсэн боловч түр тушаалаар томилогдсон хүнд ажлаас чөлөөлөх тушаал байхгүй гээд өгөөгүй.  Мөн миний зуны амралтын мөнгийг өгөхгүй болохоор нь нягтлан бодогчоос асуухад 8 хоногийн 227.288 төгрөг өгөхөөр байгаа гэж хэлсэн. 2016 оны 11 дүгээр сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн хүмүүс ирэх үед надад дээрх амралтын мөнгийг өгсөн. 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б/04 тоот тушаалыг надад өгсөн. Би 2014-2016 оны хичээлийн шинэ жилд Сургуулийн өмнөх боловсролын багшаар Архангай аймгийн багшийн сургуульд сурч төгссөн. Би тэр бичиг баримтаа Л.******* эрхлэгчид өгсөн боловч авч хэлэлцээгүй. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан учраас ажилгүй байсан хугацааны цалин 3776829 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж, ажилд томилуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.******* анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хуулинд сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, багшлах эрх авсан багш ажиллана гэж заасан байдаг. Аймгийн боловсролын газраас сургуулийн өмнөх боловсролын мэргэжлийн багшийг хуулийн хүрээнд авч ажиллуул гэсэн үүрэг өгсний дагуу Ө.******* багшийг анх 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн юм. Тэгтэл Ө.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байхаар нь би өмгөөлөгчөөрөө дамжуулан Ө.*******тай  2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулж Ө.*******ыг буцаан боломжийн ажилд авахаар тохирсон юм. Хавар болохоор цэцэрлэг дээр сургуулийн өмнөх бэлтгэл бүлэг гэж хичээллэдэг учраас Ө.*******ын бага ангийн багш мэргэжил дээр тулгуурлан багшаар 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр түр ажилд томилох тухай тушаал гаргаж Ө.*******ыг ажилд авсан юм. Тухайн үед би Ө.*******тай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт зааснаар 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 45 хоногийн хугацаатай улирлын чанартай ажиллуулахаар тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хоёр тал харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан байгаа. Би 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Ө.*******ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргаад өөрт нь утсаар мэдэгдсэн. Ө.******* нь 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдрийн үед ирээд Дэлгэрсайхан багш жирэмсний амралтаа авах гэж байгаа юм байна би энэ хүний оронд ажилд ормоор байна гэж хэлэхээр нь би сургуулийн өмнөх боловсролын багшийн бичиг баримт байна уу? гэхэд Ө.******* байхгүй гэсэн. Тэгэхээр нь би яам болон, боловсролын газар сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжилтэй хүнийг ажиллуул гэсэн чиглэл өгсөн учир чамайг ажиллуулах боломжгүй байна гэж хэлсэн. Мөн Ө.Оюунсувадад чи жирэмсэн юм биш үү хэзээ төрөх юм бэ? гэж асуухад би нэг сар ажиллаад жирэмсний амралтаа авна гэхээр нь чиний авах гээд байгаа анги бага анги, чи сарын дараа төрөх юм чинь өөрөө ядарна тэгээд нэг сарын дараа бага ангийн багшийг солих боломжгүй 2 настай хүүхдүүд чинь ангийн багшдаа дассан байдаг гэж хэлсэн. Харин чи тайван байж байгаад төрчхөөд сургуулиа төгсөөд хүрээд ир гэж хэлсэн. Тэгтэл 2016 оны 11 дүгээр сард шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх хэсэгт хандсан байсан. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг дээр очоод шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзсэн бол Ө.******* нь 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр тушаалаа авахдаа энэ талаар гомдол гаргах боломжтой байсан. Өөрөө зөвшөөрч ажилчихаад дараа нь хандсан байна гэж хэлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны үед Ө.*******ын аав нь ирээд Ө.*******ад ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь сургууль төгсөхөд нь хэрэгтэй болоод байгаа юм шиг байна гаргаад өгөөч гэхээр нь өгсөн. 5 жил багшаар ажилласан дээд боловсролтой хүний хувьд Ө.******* нь 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 45 хоногийн хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ойлгосон. Тэгээд өөрөө зөвшөөрч гарын үсгээ зурсан байгаа. Би Ө.*******ыг түр хугацаатай ажилд авсан болохоор ажиллах хугацаа, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учраас ажлаас чөлөөлсөн. Хэдийгээр дээрээс манай цэцэрлэгийн орон тоог нэмж, цөөрүүлээгүй боловч би дотоод зохион байгуулалтынхаа хүрээнд бэлтгэл бүлэгт хамрагдах хүүхдүүдийг бүгдийг хамруулахын тулд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт заасан ...улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар... гэснийг үндэслэжӨ.*******ыг түр хугацаагаар буюу 45 хоногийн хугацаатай ажиллуулахаар тушаал гаргаж, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ингээд ээлжийн бүлгийн хичээллэх хугацаа, мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид үргэлжлүүлэх боломжгүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан ...орон тоог цөөрүүлсэн гэсэн заалтуудыг удирдлага болгон Ө.******* багшийг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргасан гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын Цэцэрлэгийн эрхлэгч Л.*******т холбогдох ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 3776829 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ө.Оюусувд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие Ө.******* хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын Цэцэрлэгийн эрхлэгч Л.*******т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3.779829 төгрөг гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 58 дугаартай шийдвэрийг 04 дүгээр сарын 04-ний өдөр гардан авч эс зөвшөөрч байна. Учир нь:

1. Ажил олгогчийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/04 дугаартай ажлаас чөлөөлөх тушаалыг хуульзүйн үндэслэлгүй гэж үзэж байна. ....Шүүх нь хариуцагч талын ... Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл, тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь илт буруу байна. Хариуцагч нь дотоод зохион байгуулалтын хүрээнд ажилтны орон тоог хасах, цөөрүүлэх эрх бүхий субьект биш юм. Шүүх нь байнгын ажлын байрыг ... улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, ... хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, ... орон тоог цөөрүүлсэн гэж үнэлсэн нь үндсээрээ буруу болжээ.

2. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 0-3 насны хүүхэдтэй атал шүүх хариуцагч тал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасныг зөрчсөн илэрхий үйлдэл эс үйлдэл байсаар байхад илт дэмжиж хууль зөрчиж байгааг ойлгохгүй байна.

3. Миний бие хуульд заасан үндэслэл журмын дагуу 2014 оны 08 дугаар сарын 25-нд багшлах эрхтэй мэргэжлийн үнэмлэхтэй атал үгүйсгэж намайг ажлаас чөлөөлөхийг зорж байгааг гайхаж байна. Хэрэгт авагдсан баримтаар Аймгийн боловсрол соёлын газрын дарга С.*******ийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1/297 дугаартай миний биед багшлах мэргэжил, үнэмлэхгүй тухай мэдэгдсэн мэдэгдэх хуудас ирүүлжээ. Энэ нь хуурамч бичиг баримт гэхээс аргагүй бөгөөд С.******* нь намайг ажиллаж байхад томилогдоогүй байж байгаад 2016 оны 10 дугаар сард томилогдсон юм. Ажилд томилогдоогүй хүн яагаад албан бичиг явуулдаг байнаа гайхмаар байна.

4. Намайг ажлаас чөлөөлөх тухайгаа хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй, гардуулаагүй байсаар байгаад 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр миний бие өөрөө мэдэж чөлөөлөгдсөн тушаалаа авсан юм. Энэ мэт нөхцөл байдал, илт хууль зөрчсөн ажиллагаа байсаар атал шүүх үнэлээгүй, дан ганц хариуцагчийн талын эрх ашгийг хамгаалсан шийдвэр болсон.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны 58 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.******* давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.******* Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны 58 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байна. Ажил олгогчийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/04 дугаартай ажлаас чөлөөлөх тушаалыг хуульзүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ. ... Би Ө.*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, хугацаагаа 2016.04.18-наас 2016.06.01-ний өдөр хүртэл 45 хоног, гэрээ дуусгавар болох үндэслэлээ хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт заасан нөхцлөөр гэрээ дуусгавар болно гэж харилцан тохиролцсоныг Ө.******* хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлөх тушаалыг 2016.06.02-нд гаргасан. Ө.Оюусувд ажид томилсон тушаалд гомдол саналгүй явсан. Ө.******* 2014 оны 08 дугаар сарын 25-нд багшлах эрхтэй мэргэжлийн үнэмлэхтэй байсан гэжээ.

Нэхэмжлэгч Ө.******* нь 2015 оны 12 дугаар сарын 15-нд мэргэжлийн шаардлага хангахгүй тул ажлаас халах мэдэгдэл өгч байхад ч, 2016 оны 01 дүгээр сарын 15-нд ажлаас чөлөөлөх тушаал гарах хугацаанд ч энэ үнэмлэх байгаагүй ба энэ үнэмлэхийг эрхлэгч би 2016 оны 11 сард сумынхаа засаг даргын өрөөнд дуудагдан орохдоо даргын гар дээрээс анх удаа харсан ба надад өгөөгүй. Багш ******* нь энэ үнэмлэхээ надад өгдөггүй ба ажлаас халагдсанаас хойш гаргаж ирсэн нь ойлгомжгүй байна.

Дээрх бүгдээс дүгнэж үзвэл:

1. Ө.******* нь хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн.

2. Ө.******* тухайн үедээ ажилын байранд тавигдах шаардлага хангаагүй байсан.

3. Бага насны хүүхэдтэй ажиллах мэдлэг чадвар дутмагаас 2 настай хүүхдийн гар түлж хүүхдэд гэмтэл учруулсан тул зайлшгүй энэ мэргэжлийг хууль журмын дагуу суралцаж мэргэжил эзэмших шаардлагатайн том нотолгоо.

4. Анхан шатны шүүх хариуцагч Л.*******ын Ө.*******ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг үндэслэлтэй байна гэж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 58 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж Ө.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч Ө.*******ыг Завхан аймгийн Нөмрөг сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг тус тус баримталжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...намайг 2016 оны 01 дүгээр сард ажлаас чөлөөлсөн бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 4-ны өдрийн шүүгчийн захирамжаар намайг үндсэн ажилтанаар авахаар, би цалин гаргуулахгүй байхаар эвлэрэлийн гэрээ байгуулсан, Гэтэл намайг 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр түр тушаалаар ажилд томилж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн ...гэжээ.

Хариуцагч ... хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул эрхлэгчийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар түүнтэй байгуулсан гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй ... гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэсэн байх ба мөн хуулийн 23.2.3-т ... улиралын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар ...хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохоор зохицуулсан байна.

Хэрэгт авагдсан баримтаар Завхан аймгийн Нөмрөг сумын Хүүхдийн цэцэрлэг нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 4.1.10, 8.4 дэх хэсэгт зааснаар тус сумын цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх зорилгоор 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл тус цэцэрлэгийн ээлжийн бүлгийг нээн ажиллуулж багшаар Ө.*******ыг түр ажиллуулсан болох нь тогтоогджээ.

Иймд Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 4.1.10 дахь хэсэгт заасан цэцэрлэгийн ээлжийн бүлгийн сургалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.5 дахь хэсэгт заасан ажлын өдөр нь ээлжийн давтамжтайгаар үргэлждэг байнгын ажлын байр биш байх тул хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосонд ажил олгогчийн буруутай үйлдэл тогтоогдсонгүй.

Харин ажил олгогч тушаалдаа хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг баримталсан атлаа хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг давхар баримталсан нь буруу байх бөгөөд энэ нь хоорондоо зөрчил бүхий зохицуулалт болсон байгааг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ө.******* нь анх тус цэцэрлэгт ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын шүүгчийн захирамжаар зохигч талууд эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон хариуцагч Л.******* нь...ажилтаныг 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийх, багш ажилчдын 5 жилийн тэтгэмжийг олгох үүрэг хүлээсэн гэж давж заалдах гомдолдоо дурдсан байгаа боловч хэрэгт Ө.******* нь тус цэцэрлэгт өмнө нь ямар ажил эрхэлж байсан болох, ямар үндэслэлээр ажлаас халагдсан болох, уг маргааныг шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар баримт авагдаагүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 58 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ө.*******ын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР