Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/01644

 

 Б.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/01271 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1411 дүгээр магадлалтай

Б.Оын нэхэмжлэлтэй

“Д” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 720 872 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, хариуцагчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/59 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Булгантамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүшиг, Б.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Гүйцэтгэх захирлын Б-22 тоот тушаалын дагуу сарын 3 000 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээг хариуцагчийн зүгээс 3 сарын туршилтын хугацаатай байгуулсан. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрээний хугацаа дууссан, цаашид ажиллуулах боломжгүй талаар мэдэгдэн ажлаас халсан. Ажлаас чөлөөлсөн тушаалаа одоог хүртэл албан ёсоор гардуулж өгөөгүй. Байнгын ажлын байранд 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн. Ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо ямар үндэслэлээр, ямар шалгуурыг хангахгүй байгаа эсэх нь тодорхойгүй, ямар ч баримтгүй ажлаас халсан. Хариуцагчийн зүгээс захиргааны санаачлагаар ажлаас халсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль хэсгийг баримталсан нь тодорхойгүй, бичгээр тушаал гардуулаагүй. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 16-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, эмнэлгийн хуудас авч нягтланд өгсөн. Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй, ажилтан ажлаа гүйцэтгэсээр байвал гэрээг сунгагдсанд тооцно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасны дагуу үргэлжлүүлэн ажиллаж байгаа гэж ойлгож байтал ажлаа хүлээлц гэж мэдэгдсэн. Мөн сахилгын шийтгэл ногдуулсан Б/59 дугаар тушаалыг шүүхэд ирэхэд нь мэдсэн. Би ажиллаж байхдаа зөрчил гаргасан, хөдөлмөрийн сахилгын шийтгэл авагдсан эсэхийг өнөөдрийг хүртэл мэдээгүй явсан. Тус тушаалд 2 хоног ажлаа тасалсан гэх боловч эдгээр өдрүүдэд Монгол Ардын намын их хуралд оролцсон. Захирал О.Гэрэлмаа гадаад улс руу явчихсан байсан тул дэд захирал н.Ганбаатараас чөлөө авсан. Үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан тул уг тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Эрсдэлийн газрын дарга байхдаа хагас болон бүтэн жилийн тайлангаа өгье гэхээр хариуцагчийн зүгээс авдаггүй тул эх хувиар нь өгсөн. 2017 оны 6 сард 750 000 000 төгрөгийн хөрөнгөтэй шинээр байгуулагдсан байгууллага нь бүтэн жилийн тайлангаар Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 2 тэрбум 380 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 92 хоногийн хугацаатай байршуулсан нь өөрөө хөрөнгө оруулалт. Мөн тус банкинд 117 000 ам.доллар, Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасанд 6 тэрбум 882 639 895 төгрөг байршуулсан. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 720 872 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, хариуцагчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/59 дугаар тушаалыг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, Б.Ганбаатар нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч компанийн удирдлагын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хурлаар нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг дүгнэн, цаашид тус албан тушаалд ажиллуулах боломжтой эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдэх хуудас бичгээр үйлдэж нэхэмжлэгчид гардуулсан боловч гарын үсэг зураагүй, хүлээн авахаас татгалзсан тул нэхэмжлэгчийн хувийн цахим шуудангаар тус мэдэгдлийг илгээсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээтэй уншиж танилцан, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан зэргээс үзэхэд хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэдгээ нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн, компанийн зүгээс хөдөлмөрийн гэрээг нэг сарын өмнө мэдэгдсэн, хуулийн хугацаанд гүйцэтгэх захирлын тушаал гарсан тул дээрх нэхэмжлэлийн үндэслэлийг няцааж байна. Цаашид нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгахгүй, цуцлах талаар 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр удирдлагын хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэснээс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, өөрийн өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэхгүй байсан нь компанийн хэвийн ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн. 2017 оны 11 дүгээр сарын 20-23-ны өдөр 3 хоногийн цалингүй чөлөөтэй байсан бөгөөд 11 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд ажил тасалсан. Нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 16-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан тул 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/59 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг мэдэх боломжгүй байдал үүссэн. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийг ажил дээрээ ирэхэд хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал болон сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг гардуулж өгөх гэсэн боловч аваагүй. Нэхэмжлэгчийн чөлөө хүссэн өргөдөл, өргөдлийг шийдвэрлэсэн чөлөөний хуудас, 2 өдөр ажил тасалсан үйлдэл зэрэг нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болж байна. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаанд байгуулаагүй гэх боловч гэрээг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, 3 сар ажилласан. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хэм хэмжээг баримталсан. Мөн удирдлагын хорооны хурал дээр ажилд яагаад тохирохгүй болсон шалтгааныг өөрт нь мэдэгдсэн. ...Манай компанийн зүгээс санхүүгийн түрээс лизинг олгодог. Лизинг олгохын тулд мөнгө хэрэгтэй, тухайн гадны байгууллагаас татсан мөнгөөр тоног төхөөрөмж худалдан авч түрээслэх үйл ажиллагаа явуулдаг. Эх үүсвэрийн ажил гэдэг нь гадны байгууллагаас зээл авч мөнгө татах ажлыг хэлдэг, харин байгууллагын дотоодод байгаа хөрөнгийг банкинд байршуулж байгаа нь эх үүсвэр татах ажил биш. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа хөрөнгө нь манай дүрмийн сангаас орлого олох зорилгоор хадгаламж, үнэт цаас байршуулахыг ойлгоно. Энэ ажил нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд тодорхой заасан. Бидэнд эх үүсвэр хэрэгтэй, ашгийн төлөө байгууллага юм. Байршуулсан хөрөнгийн хувьд эрсдэл хөрөнгө оруулалтын газраас шийдвэрлэдэг. Түүнчлэн сануулах сахилгын шийтгэлийг давхардуулж өгсөн гэж байна. 3 хоногийн ажлын чөлөө өгөхөд 2 хоног ажил тасалсан. Энэ процесс дээр сахилгын шийтгэл оногдуулсан. Өөр ямар нэгэн шийтгэх зүйл давхацсан асуудал байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/01271 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Оын хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан “Д” ХХК-ийн эрсдэл, хөрөнгө удирдлагын газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9 720 872 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, хариуцагчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/59 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1411 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/01271 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Оын төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/01271 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1411 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй нь дараах байдлаар тогтоогдоно гэж үзэж байна.

1.   Миний бие хариуцагч байгууллагад 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 3 сарын хугацаатай ажилд томилогдохдоо мөн өдрийн 17/09/17 тоот гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээ “...Хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн дараах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож байгуулав...”-нд тусгаж хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг баримталж 3 хүртэлх сарын хугацаагаар томилсон гэж харагдахаар байна. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагчаас “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай А-25 дугаар тушаалыг нотлох баримтаар гаргах бөгөөд надтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа мөрдөж байсан хөдөлмөрийн дотоод журмыг гаргаж өгөөгүй буюу ийм журам байхгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан туршилтын хугацааг хэрэглэхдээ ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн дотоод журамд 1-3 хүртэлх сараар тогтоосон тохиолдолд хөдөлмөрийн гэрээнд дотоод журамд заасан хугацаанд багтааж ажилтантай Хөдөлмөрийн гэрээгээр туршилтын хугацааг тохиролцдог. Хариуцагчийн зүгээс надтай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан цаг хугацаанд хөдөлмөрийн дотоод ямар журмыг баримталж хугацаатай гэрээ байгуулсан нь тодорхойгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэдийгээр зохигчид харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэх боловч тухайн туршилтын хугацааг хэрэглэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3 “...шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар” тус тус хөдөлмөрийн гэрээг байгуулна гэж заасан бөгөөд хариуцагч өөрийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг шүүхэд ирүүлээгүй /“Д ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай А-25 дугаар тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмыг ирүүлсэн боловч хөдөлмөрийн гэрээ байгуулсан хугацааны журам байхгүй/ тул тухайн албан тушаалд анх ажилтан авахад туршилтын хугацаа заахаар байгууллага дотоод журмаараа тогтоосон гэж үзэх боломжгүй, байнгын шинжтэй ажлын байранд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан нь хуульд нийцээгүй гэж үзэхээр байна.

2.   Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуульд заасан туршилтын хугацааг ажилтантай 3 сар хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино. Зохигч нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ямар ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор хугацаатай байгуулж, үүнийгээ талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгах шаардлагатай.

Зохигч нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэхэмжлэгчийн ямар ур чадвар, ажлын дадлага, туршлагыг шалгах талаар дурдаагүй зэргээс үзвэл туршилтын хугацаа тогтоох зорилго тодорхойгүй байна.

Мөн хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгчийг ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэх, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн УЗ-ийн хуралд орлого талаасаа, Хөгжлийн банк руу явуулсан албан бичиг хангалтгүй гэж захирал О.Гэрэлмаа дүгнэх бөгөөд тухайн албан бичгийн талаар гэрч Х.Отгонбанди шүүхэд мэдүүлэхдээ би тус бичгийн төслийг...хэлтсийн дарга н.Сувд-Эрдэнээс авсан, ...Сувд-Эрдэнэ дарга хангалтгүй гэж хэлсэн гэх бөгөөд Сувд-Эрдэнэ тухайн албан бичгийн талаар дээрх хуралд нэг ч санал, үг хэлээгүй, хөрөнгө оруулалт талаасаа хариуцагч 2017 оны 06 дугаар сард байгуулагдсан 750 сая төгрөгийн хөрөнгөтэй байсан энэ орлого өссөн бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тухайн компанийн эрсдэлийн хорооны 02 дугаар шийдвэрээр үндэсний хөрөнгө оруулалтын банканд 92 хоногийн хугацаатай 2 тэрбум, 380 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй байршуулсан, Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасанд 6 тэрбум 882 сая төгрөгийг 2-3 сарын хугацаатай, бусад гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах ажлыг зохион байгуулалттайгаар хийж байгаа зэргээс үзэхэд гэрээг дуусгавар болгох үндэслэл муутай байна.

Дээрх байдлаас үзэхэд хариуцагч байгууллага хөдөлмөрийн дотоод журамд туршилтын хугацааг хэрэглэх, хэрхэн дүгнэх, гэрээний хугацаа дуусгавар болоход ямар хүчин зүйлийг харгалзах талаар зохицуулаагүй байгаа нь туршилтын хугацаа тогтоосон гэх үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн мэргэжлийн ур чадвар, мэргэжлийн түвшинг төрийн албаны төв байгууллагын шийдвэрийн дагуу тогтоохыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан бөгөөд харин хувийн хэвшлийн хөдөлмөр эрхлэж байгаа ажилтны мэргэжил, ур чадварыг хэрхэн тогтоохыг Хөдөлмөрийн тухай хуулиар байгууллагын хөдөлмөрийн дотоод дүрмээр зохицуулахаар хуульчилсан. Үүнээс үзвэл шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтыг огт хэрэглэхгүй үүнд дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...хөдөлмөрийн гэрээг цаашид үргэлжлүүлэхгүй болсноо мэдэгдсэн бөгөөд гэрээг сунгахгүй болсон үндэслэлийн талаар хэлэлцэх үед нэхэмжлэгч аливаа тайлбар, залруулга хийгээгүй байна” гэж дурдаж ажил олгогчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн. Учир нь тухайн давж заалдах шатны хуралд миний бие яагаад 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралд тайлбар хэлээгүй шалтгаанаа шүүхэд мэдүүлэх бөгөөд тухайн хуралд санал хэлээгүй нь ажлаас чөлөөлөгдөхөө хүлээн зөвшөөрсөн үйлдэл биш ба шүүх тус тайлбарыг үндэслэн ажил олгогчийг буруутгахгүй гэж байгаа нь хууль буруу тайлбарлаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр “...нэхэмжлэгч ...Монгол Ардын намын 28 дугаар их хуралд төлөөлөгчөөр оролцсон гэх тайлбар гаргасан, 23, 24-н өдрүүдэд албан ёсоор чөлөө хүссэн, чөлөө олгосон байдал тогтоогдохгүй, нэхэмжлэгч албан бусаар чөлөө хүсч байсан талаар хэргийн оролцогчид шүүх хуралдаанд тайлбарласан нь” гэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь “Чөлөөтэй байгаа хугацаанд тэтгэмж олгох, эсэх асуудлыг хамтын ба хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар зохицуулна.” хэсэгт чөлөөг дотоод журмаар зохицуулах бөгөөд шүүх хуралд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч /Дэд захирал/ н.Ганбаатар нь тайлбарлахдаа нэхэмжлэгч надад тухайн үед хандаж байсан би дэмжиж ажилласан, чөлөө олгох тал дээр дэмжсэн гэж хэлсэн буюу н.Ганбаатар нь гүйцэтгэх захирлыг эзгүйд гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан этгээдэд хандсан байна. Учир нь гүйцэтгэх захирал О.Гэрэлмаа нь надтай цуг дээр дурдсан хуралд хамт суусан бөгөөд ажил үүргээрээ орлож байгаа албан тушаалтанд хандсан нь албан ёсоор чөлөө олгосон гэж үзэхээр байхад шүүх талуудыг шүүх хуралд чөлөөний асуудлаар хандсан боловч албан ёсоор биш гэж дүгнэж байгаа нь бодит байдлыг дотоод журамтай харьцуулах, дүгнэлт хийж чадахгүй байна. Мөн давж заалдах шатны шүүх сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагад ямар ч дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.О “Д” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9 720 872 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/59 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.О нь “Д” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Б-22 тушаалаар тус компанийн Эрсдэл, хөрөнгө удирдлагын газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, туршилтын 3 хүртэлх сарын хугацаатай томилогдсон, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Удирдлагын хорооны хурлаар гэрээний хугацааг үргэлжлүүлэн сунгахгүй талаар мэдэгдэж, мэдэгдэх хуудас гардуулсан, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б-60 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан, мөн 2 өдөр ажил тасалж, хөдөлмөрийн сахилга зөрчсөн үндэслэлээр 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б-59 тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримт тогтоогджээ.

Ажилтан ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах, харилцан тохиролцсон тохиолдолд хугацаатай байгуулж болох Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчиж, ажил олгогч ажилтантай харилцан тохиролцоогүй атлаа хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд туршилтын хугацааг хэрэглэх, дүгнэх, гэрээний хугацаа дуусгавар болоход ямар хүчин зүйлийг харгалзах талаар зохицуулаагүй тул туршилтын хугацаа тогтоосон гэх үндэслэлгүй. Мөн эрх бүхий этгээдэд хандаж чөлөө хүссэн байхад ажил тасалсан гэж сахилгын шийтгэл ногдуулсан...” гэж тайлбарласан байна.

Ажилтныг ажилд томилсон 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Удирдлагын хорооны хуралдаанаар түүнийг туршилтын 3 сарын хугацаагаар ажиллуулахаар санал оруулж танилцуулсан, улмаар 3 сарын хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэж, гүйцэтгэх захирлын тушаал гарч, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Гүйцэтгэх захирлын “...ажилд түр хугацаатай томилсон...” тушаал, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан талаар ажилтан тухайн үед маргаагүй байна.

Шинээр орсон ажилтантай туршилтын 3 сарын хугацаатай гэрээ байгуулж, ажилд түр хугацаагаар томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 231  дүгээр зүйлийн 231.1., 231.2 дахь заалтыг зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Түүнчлэн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь МАН-ын Их хуралд төлөөлөгчөөр оролцох болсонтой холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд чөлөө хүссэн ба их хурал 20-25-ны хооронд хуралдсан үндэслэлээр 23, 24-ний өдрүүдэд ажилдаа ирээгүй байна. Ажилтан 23, 24-ний өдрийн чөлөөг ажил олгогчоос хүссэн нь баримтаар тогтоогдоогүй тул ажил олгогч үндэслэлгүй ажил тасалсан гэж үзэн сахилгын хариуцлага тооцсон нь  хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, ажилтанд сахилгын хариуцлага  ногдуулсан, мөн ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхихдоо зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ. 

Иймд шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/01271 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1411 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Оын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД