Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 78

 

Ш.Бат-Оршиход холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Х.Батчимэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаар шийтгэх тогтоол,

Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар магадлалтай, 201620000319 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа, Б.Батгэрэл нарын хамтран гаргасан гомдлоор хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Харууд овогт Шинэнжавын Бат-Орших нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ш.Бат-Оршихыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Ш.Бат-Оршиход 3 жил 4 сар 1 хоног хорих ял оногдуулж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Бат-Орших болон өмгөөлөгч Д.Бунжаа, Б.Батгэрэл нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэг, өмгөөлөгч Б.Батгэрэл нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа, Б.Батгэрэл нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Ш.Бат-Орших нь хохирогч Г.Батцэцэгийн биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэх үйлдэл нь хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Хохирогч Г.Батцэцэг мөрдөн байцаалтын шатанд хэргийн бодит байдлын талаар мэдүүлэхгүй байсан шалтгаанаа тодорхой мэдүүлсэн байдаг. Хохирогч анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...галын дээд талд байсан махтай тавагнаас хутга аваад тэр хүүхнийг чинь алаад чамайг ална гэж гадагш гарах үед нөхөр маань босоод тайвшир гээд намайг тэврэх үед ийм зүйл болсон. Тухайн үед хутга орсон гэдгийг мэдээгүй. Үнэхээр манай нөхөр намайг хутгалах санаатай үйлдэл гаргаагүй. Намайг тайвшираач гээд тэврэх үед гарт нь хутга байж байгаад хүчтэй савагдаж цохигдсон байсан. Ийм л хэрэг болсон” гэх мэдүүлгийг өгсөн байх ба дээрх мэдүүлгээс харахад хохирогчийн биед учирсан гэмтэл нь Ш.Бат-Оршихын болгоомжгүй үйлдлийн улмаас учирсан байх боломжтой байна. Хохирогч нь болсон үйл явдлын үнэн бодит байдлыг өөрийн эцэг Г.Галбадрах болон дүү нартаа, мөн мөрдөн байцаагчид хэлсэн гэж мэдүүлсэн байх бөгөөд гэрчүүдээс энэхүү нөхцөл байдлыг тодруулах бүрэн боломжтой байна. Тухайн үед хохирогчийн баруун далны доод хэсэгт гэмтэл учирсан байх  ба хохирогч баруун гартаа хутга авч далайхад Ш.Бат-Орших нь зүүн гараараа хутгыг нь булааж авч тайвшруулж тэвэрсэн гэх мэдүүлгийг өгсөн байдаг.

Ш.Бат-Орших зүүн гартаа хутгатай байгаад хохирогчийн эгц урдаас тэвэрч байгаа тохиолдолд хохирогч Г.Батцэцэгийн баруун талд гэмтэл учрах боломжтой байх бөгөөд үүнээс харахад хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг үндэслэлтэй байна. Гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байгаа тохиолдолд гэм буруутай гэж үзэн тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулах ёстой. Гэтэл Ш.Бат-Оршихын үйлдэлд субьектив талын шинж буюу хохирогчийн биед гэмтэл учруулъя гэсэн шууд санаа зорилго байгаагүй байхад түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, Ш.Бат-Оршиход холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Ш.Бат-Орших нь хохирогч Г.Батцэцэгийн бие махбодид гэмтэл учруулах санаа, сэдэлт байгаагүй болно. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж өгнө үү...” гэв.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд: Шүүгдэгч Ш.Бат-Оршихын хутга бариад санаатай хутгалсан үйдлийг болгоомжгүй үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Энэ гэмт хэрэг эхнэр, нөхөр хоёрын таарамжгүй харьцаанаас үүссэн байдаг. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Ш.Бат-Орших нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутагт байрлах өөрийн гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Г.Батцэцэгтэй маргалдаж, улмаар түүний нуруун тус газар нэг удаа хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс Ш.Бат-Оршихыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа, Б.Батгэрэл нарын “хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үндэслэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөх” тухай гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна. 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа, Б.Батгэрэл нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа, Б.Батгэрэл нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

 

                         ДАРГАЛАГЧ

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                         ШҮҮГЧ                                                                 Ч.ХОСБАЯР