Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2015/0656/З/ |
Дугаар | 339 |
Огноо | 2016-10-26 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 339
“Болд гянт болд” ХХК болон “Хишигт-Арж” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч “Болд гянт болд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэг, тус компанийн өмгөөлөгч Л.Батцэцэг, нэхэмжлэгч “Хишигт-Арж” ХХК-ийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун, хариуцагч Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 341 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 475 дугаар магадлалтай, “Болд гянт болд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох, “Хишигт-Арж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч “Хишигт-Арж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 341 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ““Болд гянт болд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрийн “Болд гянт болд” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, NE-025022 дугаартай өргөдлийн бүртгэлийг сэргээж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дахь “Дугуй” нэртэй 1106,33 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3, 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Хишигт-Арж” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсээс 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “Болд гянт болд” ХХК-ийн гомдлыг хянан үзсэн тухай хяналт шинжилгээний ажлын тайлан, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1/15 тоот албан даалгаврыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “Хишигт-Арж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 475 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 341 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Хишигт-Арж” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1/15 тоот албан даалгаврыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Ашигт малтмалын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсээс 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “Болд гянт болд” ХХК-ийн гомдлыг хянан үзсэн тухай хяналт шинжилгээний ажлын тайланг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгч “Хишигт-Арж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ганбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь ...хуульд үндэслэсэн байна”, 72 дугаар зүйлийн 72.4-т “үндэслэх хэсэгт захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тусгана”, 72.5-д “тогтоох хэсэгт захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж...” гэж заасан байна.
Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 341 дугаар шийдвэр нь дараах үндэслэлээр дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчсөн бөгөөд хуулиар шүүхийн шийдвэр гаргахад тавигдах шаардлагыг хангаагүй байна.
1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь хэргийн бодит байдал хэрхэн тогтоогдсон, энэ тохиолдолд тухайн үүссэн маргааныг хуульд хэрхэн зохицуулсан байгаа талаарх шүүхийн дүгнэлт тусгагдсан байх учиртай юм. Анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 341 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт “Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд санал авах мэдэгдлийг холбогдох аймаг, нийслэлийн Засаг даргад хэдэн удаа хүргүүлэх талаар хуулийн нарийвчилсан зохицуулалт байхгүй, мөн дахин санал авахыг хориглосон зохицуулалт байхгүй тул “Болд гянт болд” ХХК-ийн өргөдөлд санал авах мэдэгдлийг дахин хүргүүлсэнд хариуцагч байгууллагыг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгч “Хишигт-Арж” ХХК-ийн “хууль бус үйлдэл хийж 2 удаа санал авах мэдэгдэл явуулсан гэсэн тайлбарыг мөн зөвтгөх үндэслэлгүй байна”, ”тухайн Засаг даргаас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайнуудын ихэнх хувьд нь эхний удаа “дэмжээгүй” санал өгсөн тул тухайн компаниудын өргөдөлд санал авах мэдэгдлийг дахин явуулсан гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй бөгөөд ардчилсан нийгмийн нэг шалгуур нь олон ургалч үзлийг хөхүүлэн дэмжихэд оршдог, энэ утгаараа ардчилсан нийгэмд “хориглосноос бусдыг зөвшөөрөх” эрх зүйн зохицуулалтын хэв маяг үйлчилдэг тул дахин санал авах мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэнд хариуцагчийг буруутгах боломжгүй” гэжээ.
Шүүхийн шийдвэрийн анализ бол маш чухал зүйл бөгөөд үүгээр шүүгч нар аливаа асуудлыг дур зоргоороо шийдвэрлээгүй хуулийн хүрээнд шийдвэрлэжээ гэдгийг гаргаж ирдгээрээ ач холбогдолтой. Хуульд ихэвчлэн ерөнхий заалтууд орохоос аргагүй байдаг. Нийгмийн харилцаа баян учраас хуульд байгаа ерөнхий заалт, зарчмыг шүүгч нар тухайн амьдралд хэрэглээд маш үндэслэлтэй тайлбарлах замаар эрх зүйн харилцааг зохицуулдаг гэж үздэг.
Энэ бол ямар эрх зүйн бүл байхаас үл хамаардаг нийтлэг зүйл. Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 341 дүгээр шийдвэр нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэж байгааг тусгахдаа шаардлага тус бүрийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх үндэслэл бүхий тайлбар, тухайн харилцааг зохицуулсан ямар захиргааны акт болон хуулийн зүйл заалтыг баримталсан нь тодорхойгүй, харин шүүгчийн зөвхөн өөрийн эрх зүйн нийтлэг зарчим, зохицуулалтын хэв маягийн талаарх хагас дутуу ойлголт дээрээ тулгуурласан болох нь харагдаж байна.
Хувийн эрх зүйд “хориглосноос бусдыг зөвшөөрнө” гэсэн зарчимд тулгуурласан ерөнхийд нь зөвшөөрөх, нийтийн эрх зүйд “зөвшөөрснөөс бусдыг хориглоно” гэсэн зарчимд тулгуурласан ерөнхийд нь хориглох гэсэн зохицуулалтын хэв маяг үйлчилдэг бөгөөд энэ нь нийтийн буюу тэр дундаа захиргааны эрх зүйн хувьд хуулиар эрх олгогдсон төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан хуульд заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлэхдээ дураар авирлах, ингэснээр иргэдийн эрх, эрх ашгийг хохироох, зөрчихөөс сэргийлэх зорилготой байдаг. Харин хувийн эрх зүйн хувьд илүү боломж олгогдож, хуулиар олгогдсон хэмжээ хязгаарыг зөрчөөгүй л бол иргэний эрхээ илүү чөлөөтэй эдлэх гэсэн агуулгатай нь захиргааны шүүгчээр тогтохгүй, эрх зүйн мэдлэг олж авсан ямар ч хүнд ойлгомжтой асуудал.
Гэтэл шүүгч зохицуулалтын уг хэв маяг, зарчмын талаарх буруу ойлголт дээрээ үндэслэн хэрэг маргааныг хянан шийдвэрлэснээс гадна “ардчилалсан нийгмийн нэг шалгуур болсон “олон ургалч үзлийг хөхүүлэн дэмжих” гэсэн шүүгчийн үйл ажиллагаанд хамааралгүй, эрх зүйн ямар харилцааг зохицуулсан “зарчим”-ыг удирдлага болгосон нь ойлгомжгүй, төрийн эрх бүхий албан тушаалтан хуулиар хориглоогүй учраас л тухайн нэг асуудлын талаар хоорондоо зөрчилтэй албан бичиг удаа дараа гаргахыг “олон ургалч үзлийг хөхүүлэн дэмжих” гэсэн үндэслэлээр зөвтгөж байгаа нь ямар ч мэргэжлийн бус, хууль зүйн гэхээсээ илүү учир шалтгааны ямар ч үндэслэлгүй, шүүхийн шийдвэр хуульд үндэслэгдсэн байна гэсэн Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т заасан шаардлагыг хангаагүй байна.
2. Шүүгч нотлох баримтыг үнэлэхдээ нэхэмжлэлд дурдсан Ашигт малтмалын газраас Говь-Алтай аймгийн Засаг даргад удаа дараа хүргүүлсэн албан бичгийн үндэслэлийг дээр дурдсан буруу ойлголт, дутуу мэдлэгийн үндсэн дээр зөвтгөн, улмаар тус байгууллагаас анх удаа санал авахаар явуулсан албан бичгийг үндэслэн маргаан бүхий 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаартай шийдвэр гаргасан гэдгийг үгүйсгэн, харин тус байгууллагаас тухайн асуудлаар хууль бусаар 2 дахь удаагаа явуулсан албан бичгийг үндэслэн маргаан бүхий шийдвэрээ гаргасан гэж үзсэн боловч энэ үндэслэл нь хуулийн ямар зүйл заалтаар зохицуулагдсан, ямар хууль зүйн үндэслэлээр зөвтгөгдөж байгааг тодорхойлоогүй байна.
Өөрөөр хэлбэл нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьсан, хэрэгт авагдсан нотлох баримт болон тухайн маргаж буй асуудлыг хагас дутуу судалж үзсэн байна. Маргаан бүхий 366 дугаартай шийдвэрийг гаргахын тулд тус байгууллагаас 2 удаа санал авах албан бичиг хүргүүлсэн боловч аль ч тохиолдолд дэмжээгүй учраас “Болд гянт болд” ХХК-ийн зүгээс өөрөө бие даан 3 дахь удаагаа санал авах албан бичгийг хүргүүлэн хариу авсан гэдэг нөхцөлийг орхигдуулсан байна. Шүүгчийн “олон ургалч үзлийг дэмжин” олон дахин санал авахаар явуулсан гэсэн албан бичгийн үр дүнд хууль зүйн хувьд ойлгомжгүй үр дагавар бий болсныг дурдах нь зүйтэй.
3. “Хишигт-Арж” ХХК-иас Ашигт малтмалын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсээс 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “Болд гянт болд” ХХК-ийн гомдлыг хянан үзсэн тухай хяналт шинжилгээний ажлын тайлан, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1/15 тоот албан даалгаврыг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4-т “үндэслэх хэсэгт захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тусгана” гэж заасан.
“Хишигт-Арж” ХХК-ийн зүгээс Ашигт малтмалын газраас хяналт шинжилгээ явуулсан болон уг хяналт шинжилгээний ажлын тайлангийн даалгаврыг үндэслэн албан даалгавар гаргасан нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх журмын тухай хуулийн 13.4, 15.3-т заасныг зөрчсөн эсэх талаар маргаагүй, тухайлбал “төрийн байгууллага албан тушаалтан хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийн хянан шийдвэрлэвэл зохих өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрд дүн шинжилгээ хийж, холбогдох газраас магадлах, судалгаа, тодорхойлолт шаардан авах зэрэг үйл ажиллагаа явуулах”, “гомдлыг албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ” гэсэн талаар маргаагүй, харин хяналт шинжилгээний тайланг хууль бусаар өөрчилж, энэхүү хууль бус өөрчилсөн тайлангаа үндэслэн албан даалгавар гаргасан тул Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяагийн 1/15 тоот албан даалгаврыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан болно. Гэтэл шүүгч уг нөхцөл байдлыг тогтоох талаар ямар ч дүгнэлт хийгээгүй.
Түүнчлэн Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяагийн 1/15 тоот албан даалгаврыг биелэгдсэн эсэхээс үл шалтгаалан дараах үндэслэлээр “Хишигт-Арж” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэдгийг шүүх дүгнэлт гаргахдаа орхигдуулж, зөвхөн нэг талыг барьсан тайлбарыг үндэслэн, маргаж буй нөхцөл байдлын талаар дутуу ойлголттойгоор дүгнэлт гаргажээ.
Үүнд, Ашигт малтмалын газраас зарласан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тендерт “Хишигт-Арж” ХХК нь хамгийн түрүүнд өргөдөл гарган ямар нэгэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй тул ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг авах боломжтой болсон. Хуулийн дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргаас зөвшөөрөл авахаар албан бичиг явуулсан боловч гэнэт өмнө нь уг хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших тендерт оролцоод цуцлагдсан компанийн болон Ашигт малтмалын газрын хууль бус үйл ажиллагааны улмаас Говь-Алтай аймгаас удаа дараа зөвшөөрсөн санал авах гэж оролдсоны дүнд үл ойлгогдох нөхцөл байдал бий болж өмнөх тендерт оролцож байсан компанийн талаас гомдол гарган уг ажиллагаа түр зогссон болно.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 475 дугаар магадлал нь доор дурдсан 2 үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
1. Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т “аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заасныг давж заалдах шатны шүүх мэдэгдэл явуулсан хугацаанаас хойш 30 хоногийн дотор буюу 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дотор хариу ирээгүй тохиолдолд тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзэхээр хуульчилсан байна гэж тайлбарлажээ.
Гэтэл хуулийн дээрх хугацааг тодорхойлохдоо мэдэгдлийг Засаг даргад хүргүүлэхээр явуулсан өдрөөр биш харин мэдэгдлийг Засаг дарга хүлээн авснаар 30 хоногийн хугацаа тоологдож эхлэхээр маш тодорхой заасан байна. Ашигт малтмалын тухайн хуулийн 19.3-т “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана”, 19.4-т “аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заасан нь нэг удаа санал авах ёстой болохоос биш 10 удаа ч санал авч болно гэж шүүх үзэж байгаа нь “хориглосноос бусдыг зөвшөөрнө” гэсэн зарчимд тулгуурласан ерөнхийд нь зөвшөөрөх, нийтийн эрх зүйд “зөвшөөрснөөс бусдыг хориглох” гэсэн зарчимд тулгуурлан ерөнхийд нь хориглоно гэсэн зохицуулалтын хэв маягтай харшилдаж байна.
Магадлалын хянавал хэсэгт “дахин санал авах мэдэгдэл явуулах эсэх нь тусгай зөвшөөрөл олгох, эс олгох асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал бөгөөд ийнхүү 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр дахин санал авах тухай мэдэгдэл явуулсан нь 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй” гэж үзсэн нь Кадастрын хэлтсээс 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр олон нийтэд зарлагдсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бүртгэлд тус компани нь оролцож хамгийн түрүүнд бүртгүүлэн ИЕ025519 дугаар авсан нь хууль ёсны бөгөөд Кадастрын хэлтсийн 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 366 тоот шийдвэрт хууль ёсоор бүртгэгдсэнийг Ашигт малтмалын газар болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хүчингүй болгосон нь манай компанийн эрх ашиг, сонирхлыг зөрчсөн байна.
Хэрэгт Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 6/492 тоот албан бичгээр хүргүүлсэн мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг дарга хүлээн авсан он, сар, өдөр тодорхойгүй байхад шүүх хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д заасны дагуу шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нөгөөтэйгүүр давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “Хишигт-Арж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, Үндсэн хуульд заасан шүүх хуралдаанд биечлэн оролцох, өмгөөлөгч авч эрх зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх зэрэг эрхийг маань ноцтой зөрчиж, хэт нэг талыг барьсан буюу “Болд гянт болд” ХХК-ийн хүсэл сонирхолд нийцсэн шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзнэ. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, манай нэхэмжлэлийг хангаж “Болд гянт болд” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийг /хуучнаар/ төлөөлж тус хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Одончимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
1. Магадлалын хянавал хэсэгт “маргаан бүхий Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 366 дугаар шийдвэрийн холбогдох хэсэг хуульд нийцэхгүй байна. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж зааснаас үзвэл мэдэгдэл явуулсан хугацаанаас хойш 30 хоногийн дотор буюу 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дотор хариу ирээгүй тохиолдолд тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзэхээр хуульчилжээ” гэжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заасан.
Өөрөөр хэлбэл Говь-Алтай аймгийн Засаг дарга нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс түүнд хаяглан хүргүүлсэн 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 6/492 дугаартай албан бичгийг хүлээн авснаасаа хойш 30 хоногийн дотор хариу өгөх эрхтэй байхаар хуульчилсан. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс 6/492 дугаартай албан бичгийг ердийн зэрэглэлээр Говь-Алтай аймгийн Засаг даргад шуудангаар хүргүүлсэн. Шуудангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “ердийн зэрэглэлийн илгээмжийг хотын дотор 2 хоног, аймаг, хотуудын хооронд 5 хоног, бусад газарт 12 хоногийн дотор хүргэсэн байна” гэж хуульчилсан. Шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасныг буруу тайлбарлан хууль зүйн үндэслэлгүй магадлал гаргасан.
2. Магадлалын хянавал хэсэгт “дахин санал авах мэдэгдэл явуулах эсэх нь тусгай зөвшөөрөл олгох, эс олгох асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал...” гэжээ. Дээрх дүгнэлтээс үзэхэд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь тухайн талбай байрших аймаг, нийслэлийн Засаг даргад хэдэн ч удаа, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөртөл нь мэдэгдэл явуулж болох, мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үйл явц нь төрийн захиргааны байгууллагын дур зоригийн асуудал мэтээр ойлгогдохоор хууль зүйн үндэслэлгүй тайлбарлажээ.
3. Мөн магадлалын 7, 8 дугаар хуудсанд дурдсан дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрчилтэй болжээ. Шүүх уг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн судлаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийг өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийхэд хүргэсэн байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, “Болд гянт болд” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хянавал:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.
1. Нэхэмжлэгч “Болд гянт болд” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, NE дугаартай өргөдлийн бүртгэлийг сэргээж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дахь “Дугуй” нэртэй газрын 1106.33 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах” шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч “Болд гянт болд” ХХК-ийн гаргасан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг “Дугуй” нэртэй газрын 1106,33 гек талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг төрийн захиргааны байгууллага 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч бүртгэн, хянах ажиллагаа явуулж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу “санал” авахаар Говь-Алтай аймгийн Засаг даргад 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 6/492 дугаартай мэдэгдэл хүргүүлсэн байна.
Говь-Алтай аймгийн Засаг дарга нь 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаартай “санал”-аар татгалзсан байх ба тухайн талбайг “гол, мөрний урсац бүрэлдэх эхтэй давхацсан, сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид зөвшөөрөөгүй” гэж тайлбарлажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, “санал” дахин авахуулах хүсэлтийг “Болд гянт болд” ХХК-иас 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Кадастрын хэлтэст гаргасан, энэ дагуу дахин “санал” авах мэдэгдлийг тус газар нь 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 6/2164 дугаар албан тоотоор Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн, Засаг даргаас 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “санал өгөх боломжгүй” гэж , 5 дугаар сарын 05-ны өдөр “дэмжсэн” тухай 2 өөр байдлаар санал өгсөн, эхний саналд үндэслэн “Болд гянт болд” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болох нь тогтоогдсон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т “харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх” гэж аймаг, нийслэлийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг тодорхойлжээ.
Эндээс үзвэл, аймаг, нийслэлийн Засаг дарга нь нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэргүйгээр төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн мэдэгдэлд бие даан санал өгөх эрхгүйгээс гадна “санал өгөх боломжгүй, танай байгууллага хуулийн дагуу шийдвэрлэхийг хүсье” гэсэн тайлбар бүхий Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 1/612 тоот албан бичгээр явуулсан хариуг “санал” өгсөн, мөн “санал” өгөөгүй гэж дүгнэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, төрийн захиргааны байгууллага нь Говь-Алтай аймгийн Засаг даргаас нэгэнт дахин санал авсан, уг “санал”-ыг хуульд заасан журмын дагуу гаргаагүй байхад үүнд үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Түүнчлэн хариуцагч нь дээрх байдлаар нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан атлаа мөн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор нийтэд дахин зарлан, улмаар өргөдөл хүлээн авснаас үзвэл, Говь-Алтай аймгийн Засаг даргаас “санал” өгөхгүй гэсэн нь тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эс олгох шийдвэр гаргахад нөлөөгүй гэж үзнэ.
Иймд, нэхэмжлэгч “Болд гянт болд” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр нь хууль бус тул Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “дэмжсэн” саналын дагуу тус компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж шийдвэрлэсэн 2 шатны шүүхийн шийдвэр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж,…” гэж заасантай нийцжээ.
2. Нэхэмжлэгч “Хишигт-Арж” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсийн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хяналт шинжилгээний ажлын тайлан, тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1/15 тоот албан даалгаврыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
Кадастрын хэлтсийн даргын “тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах” шийдвэрт Уул уурхайн сайдад гаргасан нэхэмжлэгч “Болд гянт болд” компанийн гомдлыг Ашигт малтмалын газарт шилжүүлсний дагуу тус газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтэс хянан үзээд, “Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгох, хамгийн түрүүнд гаргасан бөгөөд Засаг даргаас “дэмжсэн” санал ирүүлсэн “Болд гянт болд” ХХК-ийн өргөдлийг үргэлжлүүлэн шалгах нь зүйтэй” гэж үзсэн талаар “ажлын тайлан” бичжээ.
Уг тайланг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяагийн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1/15 дугаартай “албан даалгавар” гарч, Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 366 дугаар шийдвэрийн “Болд гянт болд” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, өргөдлийн бүртгэлийг сэргээж, гүйцэтгэлийг 6 дугаар сарын 20-ны дотор танилцуулахыг Кадастрын хэлтэст даалгасан байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх “албан даалгавар”-ын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, уг “албан даалгавар” нь эрх зүйн үр дагавар бий болгоогүй, нэхэмжлэгч “Хишигт-Арж” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй учир хүчингүй болгуулах шаардлагыг нь хэрэгсэхгүй болгожээ.
Харин өргөдөл, гомдлыг шалгасан ажлын хэсгийн “ажлын тайлан” нэрээр гаргасан санал нь заавал биелэгдэх шинжийг агуулаагүй, байгууллагын дотогшоо чиглэсэн баримт бичиг байх тул “захиргааны акт” биш гэж дүгнэн, энэ үндэслэлээр “ажлын тайлан”-г хүчингүй болгуулах тухай “Хишигт-Арж” компанийн уг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасанд нийцсэн байна.
Дээрх байдалд үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Хишигт-Арж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон хариуцагч Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 475 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Хишигт-Арж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон хариуцагч Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч “Хишигт-Арж” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ