Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/63

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ...Б-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эмэгтэй, 42 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ...тоотод оршин суух, ял шийтгэл, гавъяа шагналгүй, ... овогт ...Б /РД: .../

 

Шүүгдэгч Б нь 2020 оны 10 дугаар сарын эхээр Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан 120.4 килограмм “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын ...тоотод хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Манай түүхий эд авдаг цэг Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын ...тоотод байдаг. Тухайн цэг дээр байхад портер маркийн машинтай 2 залуу ирж, машин дүүрэн ноос тушаасан. Машины тэвшин доороос 5 шуудай дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс гарч ирсэн. Тэгээд тэр залуу надад энийг худалдаад авчих, авахгүй бол ноосоо зарахгүй гэсэн. Ноос болон ургамлыг нийт 4.000.000 гаруй төгрөгөөр худалдаж авсан. Манай хашаанаас 1 км хүрэхгүй зайтай Ганзориг гэх залуугийн хашаанд дэрэвгэр жиргэрүү ургамлыг хадгалуулсан. 2020 оны 12 дугаар сарын сүүлд цагдаад баригдсан...” гэв.

 

Гэрч Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай хашаанд байдаг пинг Б гэх эмэгтэй түр хэрэглүүлээч гээд байсан юм. ... гэтэл өнөөдөр цагдаа нар ирээд дотроос нь 5 шуудайтай ургамал ч юм уу үндэс ч юм уу зүйл гаргаж ирээд хураагаад аваад явсан. ... миний санаж байгаагаар 2020 оны 10 дугаар сарын эхээр хоёр залуу хашаанд ирээд ноос буулгаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/

 

Иргэний нэхэмжлэгч Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б гэх хүний хууль бусаар хадгалсан 120.4 кг байгалийн ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг 1 килограммыг 50.000 төгрөгөөр тооцож 6.020.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/

 

Шүүгдэгч Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хувиараа ноос, ноолуур худалдан авдаг юм. 2020 оны 10 дугаар сарын эхээр хөдөөнөөс хоёр танихгүй залуу ноос өгнө гээд манай ноос авдаг цэг буюу Ялалтын ...тоот хаяг дээр ирсэн. Улмаар хоёр залуу ноосоо өгөөд бүх төлбөр тооцоогоо бодоод ноосоо буулгах үедээ бид хоёрт жаахан ургамлын үндэс байна тэрийг авчих гээд гуйсан ... үндсийг чинь авахгүй гэж хэлэхэд ноосоо өгөхгүй гээд байхаар нь .. үндсийг нь авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/

 

-Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ж.Сарангийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №12-04-325-23 тоот дүгнэлт /хх-ийн 91 дүгээр тал/ 

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  /хх-ийн 05-09 дүгээр тал/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-18 дугаар тал/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар тал/

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 дугаар тал/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 47 дугаар тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухай хэрэгт хамааралтай, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Нэг: Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар:

Шүүгдэгч Б нь 2020 оны 10 дугаар сарын эхээр Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан 120.4 килограмм “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын ...тоотод хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч О, иргэний нэхэмжлэгч Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагч .......... 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №12-04-325-23 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.      

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамлыг ... худалдан авсан, хадгалсан” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамлыг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүний хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамал болох 120.4 килограмм дэрэвгэр жиргэрүүг худалдан авч, хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч нь тухайн ургамлыг худалдан авч, хадгалахыг хууль бус гэдгийг мэдээгүй гэж байгаа боловч хууль мэдэхгүй нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Шүүгдэгч Б нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй байж зориуд ховор ургамлыг худалдан авч, хадгалсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б-ийг байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авч, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б-ээс эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хууль бусаар худалдан авч, хадгалсан дэрэвгэр жиргэрүү ургамлыг хураан авч 5 ширхэг шуудайтай ургамалд үзлэг хийж шороог ялгахад 120.4 килограмм болсон болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 “Байгаль орчныг хамгаалах тухай хууль” болон ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан “Байгалийн ургамлын тухай” хуульд ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, хадгалсан үйлдлийг тухайн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж ургамлын аймагт шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэх, улмаар тухайн ургамлыг худалдан авсан хүнээс уг ургамлын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлүүлэх агуулга бүхий заалт байхгүй болно.

Шүүгдэгч Б-н хувьд “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг өөрөө түүж бэлтгээгүй өөрөөр хэлбэл шүүгдэгч нь ургамлын аймагт шууд хохирол учруулаагүй учраас дэрэвгэр жиргэрүү ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлэн гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Б-ээс Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар 120.4 килограммДэрэвгэр жиргэрүү” ургамлын үнэ болох 6.020.000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.  

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Б-ийг байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авч, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гарганагэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналыг харгалзан шүүхээс шүүгдэгч Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирэх үедээ хөнгөрч 97.2 килограмм болсон дэрэвгэр жиргэрүү ургамлыг худалдан борлуулж улсын орлого болгохоор тогтоож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг шуудайнд савласан  97.2 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамал нь Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч ... овогт ...Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...Б-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б-т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа, өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б-т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Б-ээс хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авч, хадгалсан дэрэвгэр жиргэрүү ургамлын үнэ болох 6.020.000 /зургаан сая хорин мянга/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирэх үедээ хөнгөрч 97.2 килограмм болсон дэрэвгэр жиргэрүү ургамлыг худалдан борлуулж улсын орлого болгохоор тогтоож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б нь цагдан  хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7. Эд мөрийн баримтаар хураагдсан 97.2 кг дэрэвгэр жиргэрүү ургамал нь Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч  Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээр хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

   

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА