Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/57

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч Ч.Батзориг,

Хохирогч П.Б,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ийн Бд холбогдох эрүүгийн 2038003950014 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч  Д.Б нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 23-01 тоотод хохирогч П.Бгийн эзэмшлийн “Самсунг А-7” маркийн гар утсыг хүнтэй утсаар яриад өгье гэж хэлэн илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 310.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Д.Б нь 2020 оны 06 дугаар сарын 5-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 23-01 тоотод согтуурсан үедээ хохирогч П.Бгийн эзэмшлийн “Самсунг А-7” маркийн гар утсыг хүнтэй утсаар яриад өгье гэж хэлэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч П.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б намайг утсаа өгөөч би хүнтэй яриад өгье гэж хэлэхээр нь би өөрийнхөө “Самсунг А-7” маркийн гар утсаа өгсөн юм. Тэгээд О.Б миний утсаар нэг хүнтэй яриад дууссаны дараа нөгөө Б нь би нэг устаар ярья гээд миний утсыг аваад ярьсаар байгаад гэрээс гараад явсан. Манайд О.Б үлдэхээр нь би нөгөө нөхөр чинь хаачсан юм бэ гэж хэлэхэд гадуур хайгаад нөгөө Бг олоогүй буцаад ороод ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/

Гэрч О.Бгийн мөрөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэр өдөр би П.Б ахын машины гражний дээвэр барих зорилгоор очсон. Тэгэхдээ Д.Б мужаан мэргэжилтэй учраас Д.Бгаар гражийн дээвэр бариулаад өөр туслах ажилтнаар ажиллах зорилгоор очсон. Тэгээд Б ахын гэрт ороод цай уугаад сууж байхдаа би Б ахын “Самсунг А7” маркийн бор хавтастай гар утсыг гуйж хүнтэй ярьчихаад буцаагаад өгөх гэтэл Д.Б би бас нэг хүнтэй утсаар ярья гэж хэлээд тухайн Б ахын утсыг аваад хүнтэй утсаар яриад ярьсан чигээрээ гэрээс гараад явсан. Тэгээд гадаа хүнтэй яриад байсан сонсогдож байснаа гэнэт Б ахын утсыг аваад алга болчихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/ 

Шүүгдэгч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Би тэр архийг уугаад тасарсан байсан. Тэрнээс хойших үйл явдлыг юу ч санахгүй байна... Би тухайн үед маш олон өдөр архи уусан байсан учраас ямар үйлдэл гаргаснаа санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/

Хөрөнгийн үнэлгээний 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 114/232 дугаартай: П.Бгийн эзэмшлийн “Самсунг А-7” загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 310.000 төгрөг..” гэх дүгнэлт /хх-ийн 56-р хуудас/

Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 06 дугаар сарын 5-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 23-01 тоотод хохирогч П.Бгийн эзэмшлийн “Самсунг А-7” маркийн гар утсыг хүнтэй утсаар яриад өгье гэж хэлээд илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 310.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.Бгийн бусдын эд хөрөнгө болох “Самсунг А-7” маркийн гар утсыг шунахайн сэдлээр өөрийн мэт захиран зарцуулах зорилгоор хууль бусаар авч хохирогчоос тэр даруй зайлсхийсэн үйлдэл нь хохирол хор уршигт хүргэхийг зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дээрэмдэх гэмт хэргийг шинж болох илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах шинжүүдийг бүрэн хангасан төгссөн гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.

              Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би тэр архийг уугаад тасарсан байсан. Тэрнээс хойших үйл явдлыг юу ч санахгүй байна... Би тухайн үед маш олон өдөр архи уусан байсан учраас ямар үйлдэл гаргаснаа санахгүй байна...” гэх ба шүүгдэгч Д.Бгийн согтуурсан үедээ бусдын эд хөрөнгийг илээр хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд зааснаар “согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” бөгөөд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

              Шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

              Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:                                         

              Шүүгдэгч Д.Бгийн гэмт үйлдлээр хохирогч Д.Бд 310.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирол төлсөн тухай хэлцэл, шүүх хуралдаанд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч Д.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

               Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг зан үйлээ засах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Шүүгдэгчийн хувийн байдалд ам бүл 1, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг шүүх харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Д.Бг гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгэл эдэлж байсан /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хх-ийн 43-р тал/ боловч 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Эрүүгийн 2038003950014 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 1 хоног цагдан хоригдсон, болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Д-ийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч О овогт Д-ийн Бг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг зан үйлээ засах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Бд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6.  Эрүүгийн 2038003950014 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 1 / нэг/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.ЭРДЭНЭ-ОЧИР