Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 161

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС          

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 

Хариуцагч: 

 

940,947,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

                                                                        

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.*******, хариуцагчийн төлөөлөгч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******-ын иргэн ******* нь “*******” ХХК-ийг төлөөлөн захирал О.*******той 2015 оны 8 дугаар сарын 18 -ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулан 2,520,000 юанийг 1 сарын 4 хувийн хүүтэйгээр 5 сарын хугацаатайгаар 2016 оны 01 сарын 19-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээг нотариатаар баталгаажуулсан ба тус компани нь зээлийн хугацаандаа нэг ч удаа үндсэн юань болон хүүгээ төлөөгүй мөн зээлийн гэрээний хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэл зээлдэгч “*******” ХХК нь зээлийн төлбөрөө төлөөгүй байна. Зээлийн гэрээнд заасны дагуу, үндсэн зээлийн 2,520,000 юань буюу 784,123,200 төгрөг, түүний 5 сарын хүү болох 504,000 юань буюу 156,824,640 төгрөгийн хамт нийт 940,947,840 төгрөг, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.862.689 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-аас гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч О.Түвшиболд нь 2015 оны 08 дугаар сард өөрийн биеэр *******-д очиж 2 сэндвичин ган хийцтэй барилгыг захиалсан, өөрийн биеэр одоо баригдаж байгаа барилгуудынхаа шаардлагатай бараа материалыг авсан, мөн Хятад улсад явсан томилолтын зардлуудаа зээлийнхээ юаниар зохицуулан төлж, үлдэгдэл мөнгийг бэлнээр авсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манайх ******* гэдэг хүнтэй гэрээ байгуулаагүй, “*******” ХХК буюу  захирал О.*******той гэрээ байгуулсан. Ган хийц барилгыг захиалаагүй, гарын үсэг зураагүй гэж хэлээд байх юм. Хавтас хэрэгт нотлох баримт дээр гарын үсэг зурсан нь нотлогдож байгаа, үлдэгдэл 697,641 юань бэлнээр авсан. *******, О.******* нарын хооронд ямар гэрээ хийсэн нь манай талд буюу хэрэгт хамаагүй. Манайх “*******” ХХК-тай гэрээ хийсэн учраас гэрээ хийсэн газартайгаа хариуцлага тооцно, хариуцагчийн гаргаж байгаа тайлбарыг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна.” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлд зааснаар зээлийн гэрээ бичгээр байгуулсан байдаг. О.*******ын хувьд зээлийн гэрээг хүлээж авсан гэдгээ хэлдэг. Зээлийн гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч тал нь зээлийн гэрээний хугацаагаараа мөнгөө шаардах эрхтэй. Тодруулбал үндсэн зээл болох 784,123,200 төгрөг, 5 сарын хүү 156,824,640 төгрөг нийт 940,947,840 төгрөгийг нэхэмжлэх хуулзүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Зээлийн гэрээгээр зээлдэгч ******* нь  “*******” ХХК-д 5 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй 2,520,000 юаныг зээлдүүлсэн. Зээлийн гэрээний 2.2 дахь хэсэгт зээлдүүлэгч зээлдэгчид мөнгийг шилжүүлж өгсөнөөр хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ гэж заасан. Нотлох баримтыг судлахад “*******” ХХК-ийн захирал О.******* Хятад улс руу өөрийн биеэр очиж зээлийн мөнгийг тооцоо нийлж хүлээж авсан гэдэг нь нотлогдож байна. Гэрээнд заасан дагуу нийт 940,947,840 төгрөгийг “*******” ХХК-аас гаргуулах үндэслэлтэй байна.” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч О.******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гийн нэхэмжлэлтэй танилцлаа. *******-ын иргэн Wuen Baoyin-тай манай компани 2,520,000 юань зээлэх гэрээ байгуулсан бөгөөд 2.2 дугаар зүйлд заасны дагуу тус гэрээг хүчин төгөлдөр болохоор тооцсон болно. Гэвч тухайн мөнгө нь манай компанийн дансанд бэлнээр бусад аль ч хэлбэрээр ирээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахгүй болно. ” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх “*******” ХХК-ийг ******* бид хоёр хамтран байгуулж ******* бид 2 хамтарч энэ бизнесийг эхлүүлсэн. ******* гэдэг Хятад улсын иргэнийг би огт танихгүй, урьд ямар нэгэн харилцаа холбооо байгаагүй. ******* таньдаг учраас ямар нэгэн барьцаагүйгээр их хэмжээний мөнгө зээлэхээр тохиролцож байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө тухай үед байгаагүй учраас зарим зүйлүүдийн талаар нэхэмжлэгч тал алдаатай буруу мэдээлэлтэй байгаа юм шиг байна.  Миний хувьд гэрээний дагуу *******-тай Бээжин хотод уулзсан. Надтай хамт манай компаниас барилгын инженер, цахилгааны инженер, засварын инженер, менежер гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Бээжин хотод барилгын захаар явж тодорхой бараа материалаа захиалаад хүлээж авсан. Тооцоо нийлсэн акт дээр 1-15 гэсэн зүйлүүдийг Бээжингээс захиалж хүлээж авсан. 16, 17 дугаар зүйлүүдийг Бээжингээс хүлээж аваагүй. Тодорхой мөнгийг бэлнээр аваад Эрээнээс тодорхой хэмжээний бараа материал авсныг гэрчлэх манай компанийн хүмүүс байгаа. 1,320,000 юаны зөөврийн байшин гэж яриад байгаа зүйлийг би огт мэдэхгүй, би захиалга өгөөгүй, энийг надтай хамтарч ажиллаж байсан ******* Хятадын Бугат гэдэг хотод очиж хятадуудтай уулзаж байшинг захиалж байгаа гэж ярьж байснаас тухайн үед би ямар нэгэн байдлаар захиалга өгөөгүй, хятадуудтай уулзаж байгаагүй, хүлээж аваагүй юм. Урьд нь ******* бид 2 яагаад их хэмжээний мөнгө хүнээс зээлж бизнес хийсэн гэвэл компани ямар нэгэн байдлаар ашиг олсон ч, алдагдалд орсон ч адилхан 50, 50 хувиар хувааж тохирохоор бичгээр үйлдсэн гэрээгээр энэ ажлын эхлүүлсэн юм. Тиймээс ******* “*******” ХХК-ийн 50 хувь хариуцсан хүн мөн үү гэдэг нь эрүүгийн журмаар цагдаад шалгагдаж байгаа учраас нэхэмжлэгчийн мөнгийг хэрвээ төлөх болбол “*******” ХХК дангаараа төлөх үү, ******* хамт төлөх үү гэдэг нь эргэлзээтэй байгаа тул үүний дараа эцэслэн шийдвэрлэх нь бодитой болов уу гэж бодож байна.” гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч WUENBAOY IN /*******/  нь хариуцагч “Сайн Шал” ХХК /захирал О.*******/-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 784,123,200 төгрөг, зээлийн хүү 156,824,640 төгрөг нийт 940,947,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн төлөөлөгч О.******* хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.  

Хавтаст хэрэг дэх зээлийн гэрээ /хх-6-7/-нээс үзэхэд зээлдүүлэгч /нэхэмжлэгч/, зээлдэгч /хариуцагч/ нар *******-ын үндэсний мөнгөн тэмдэгт болох 2,520,000 юаныг 2015 оны 08 дугаар сарын сарын 18-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ. Талууд зээлийн гэрээ байгуулсан тухайд маргадаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар /хх-1/, хариуцагчийн төлөөлөгчийн хариу тайлбар /хх-15/-аар тогтоогдож байна. Гагцхүү хариуцагчийн төлөөлөгч зээлийн гэрээний дагуу мөнгө авсан эсэх талаар “тухайн мөнгө нь манай ... дансанд ... аль ч хэлбэрээр ирээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахгүй болно” /хх-15/, “502,359 юань авсан” /хх-40-41/ гэж зөрүүтэй тайлбар гаргадаг. Хэрэгт авагдсан бараа, материал худалдан авсан жагсаалтын хятад хэл дээрх хувь /хх-22/, ган бүтээц, өнгөт хавтан үйлдвэрлэх гэрээ /хх-30/-ний хятад хэл дээрх хувь дээр гэрээний нэг тал нь “*******” ХХК, түүнийг төлөөлж О.******* гарын үсэг зурсан болох нь тухайн компанийн дардас болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн төлөөлөгч гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрснөөр тогтоогдож байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлсэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч /*******/ нь зээлсэн мөнгө 2,520,000 юаныг зээлдэгч /”******* ХХК”/-ид шилжүүлсэн, зээлдэгч авсан зээлээ буцааж өгөөгүй болох нь дээр дурдсан баримтууд, талуудын тайлбараар нотлогдож байна. Зээлийн гэрээнд “Зээлдэгч нь ... сар бүр 4 хувийн хүү ... төлнө.” гэж дурдсан нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.”, 282.3-д “... хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч /зээлдэгч/ зээлийн хүү тооцох эрхтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу 2,520,000 юань аваагүй, 502,359 юаны бараа, материал авсан гэдгээ нотолж шүүхэд ирүүлсэн “*******” ХХК-ийн хилээр оруулсан бараа, материалын лавлагаа /хх-38-39/ гэх баримтыг бараа, материал худалдан авсан жагсаалтын хятад хэл дээрх хувь болон монгол орчуулгатай /хх-21-22/ харьцуулж үзэхэд барааны нэр, тоо, хэмжээ таарахгүй, зөрүүтэй байгаа нь уг баримт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж дүгнэх үндэслэлгүй байна. Хуульд зааснаар хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагчийн төлөөлөгч зээлийн гэрээний дагуу 2,520,000 юань аваагүй болохоо нотолсон баримт, тайлбар гарган мэтгэлцсэнгүй гэж үзлээ.

Иймд хариуцагч “*******” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 940,947,840 төгрөг гаргуулан нэхэмжлэгч WUENBAOY IN /*******/-д олгож шийдвэрлэлээ. Зээлийн гэрээнд зээлийн хэмжээг 2,520,000 юань, хугацааг  5 сар, хүүг сарын 4 хувь гэж талууд тохиржээ. Нэхэмжлэгч зээлдүүлсэн юаны ханшыг гэрээ байгуулсан өдөр буюу 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Монгол банкнаас зарласан төгрөгийн юаньтай харьцах ханш /хх-5/-аар тооцож нэхэмжилжээ.  2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр *******-ын юань 311.16 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд үндсэн зээл 784,123,200 төгрөг /2,520,000 х 311.16 = 784,123,200/, 5 сарын хүү 156,824,640 /504,000 х 311.16 = 156,824,640/ нийт 940,947,840 төгрөг /784,123,200 +156,824,640 = 940,947,840/ болж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан дараах баримтууд /хх-3-7,10,15,17,21-22,29-39/-ыг нотлох баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо. Хавтаст хэрэг дэх дараах баримт /хх-14,18/ нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлсэн боловч шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч “О.*******ын ... хилээр орсон гарсан ... лавлагааг ... хил хамгаалах байгууллагаас гаргуулах” хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. Учир нь уг хүсэлт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК /Захирал О.*******/-с зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 784,123,200 төгрөг, зээлийн хүү 156,824,640 төгрөг нийт 940,947,840 төгрөг гаргуулан нэхэмжлэгч WUENBAOY IN /*******/-д олгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч WUENBAOY IN /*******/-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,862,869 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК /Захирал О.*******/-с 4,862,869 төгрөг гаргуулан нэхэмжлэгч WUENBAOY IN /*******/-д олгосугай.

            3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.*******ын “О.*******ын Монгол улсын хилээр орсон гарсан огноо бүхий лавлагааг холбогдох хил хамгаалах байгууллагаас гаргуулах” хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.ЭНХТӨР