Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 164

 

                   Зохигчид эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

Хариуцагч: 

Хариуцагч: 

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “2016 оны 9 сарын 2-ны өдөр ******* миний биеийг Г.*******, Б.*******, Б.******* нар хамтран бүүрлэн зодсон. Ингэж зодохдоо дээд нэг үүдэн шүдийг унагааж, толгойн орой хэсэгт зөөлөн эдийн гэмтэл авч, нуруу бөөрөнд доргилт авсан. Тухайн үедээ цагдаа дээр очиж тохиролцоё гэж яриад мииий хувьд эхний ээлжинд шүдээ бэхлүүлэх, оншилгоо зураг авхуулах, бариа засал хийлгэх 500,000 төгрөгийг өгчих үлдсэн 500,000 төгрөгийг 10 сарын 07- ны өдөр өгчих хэрэв энэ эргүүлж бэхэлгээ хийлгэж суулгасан шүд эдгэхгүй бол буйланд суулгадаг сүүлийн үеийн авагддаггүй ган шүд хийлгэнэ гэж бичиг хийлгээд гарын үсэг зуруулж авсан. Гэтэл үлдэгдэл төлбөрөө ч өгөхгүй хохино гэж хэлээд холбогдохгүй алга болсон бөгөөд тэгээд ч миний бие толгой, нуруу болон үүдэн шүд ноцтой гэмтэл авсан бөгөөд одоогоор үүдэн шүд бэхэлгээтэй хэрнээ хаашаа бол хаашаа хөдөлдөг, хүйтэн халуунд янгинж өвддөг орой шөнө унтуулахгүй янгинаж өвддөг, толгой хэсэг зөөлөн эдийн бяцралт, доргилтоос болж нүдний хараа муудах, өвдөх, хөлс гарах шинж тэмдэг илрэхээс гадна нуруугаар хөшиж чилдэг удаан сууж чадахгүй болсон зэрэг хүнд гэмтэлүүд авсан иймээс шүд хийлгэх болон эмчилгээний төлбөр болон 6 сая төгрөгийг Г.******* /90 хувь буюу 5,400,000 төгрөг/, Б.Лхавгадорж /5 хувь буюу 300,000 төгрөг/, Б.******* /5 хувь буюу 300,000 төгрөг/ нараас гаргуулж өгнө үү.“ гэжээ.

 

Нэхэмжлэгч П.*******, хариуцагч Г.******* нар 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч П.******* нэхэмжилж буй 6,000,000 төгрөгийн 3,500,000 төгрөгөөс татгалзаж 2,500,000 төгрөг гаргуулахаар болж хариуцагч Г.******* 2,500,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч 2017 оны 05 сарын 10-ны өдрийн дотор П.*******т бүрэн төлж талууд хоорондын тооцоогүй болсон байхаар харилцан тохиролцов. Мөн тус хэргийн хариуцагч Б.*******, Б.******* нараас гаргуулах 600,000 төгрөгийн шаардлагаасаа нэхэмжлэгч П.******* нь дээрх тооцоо хийгдсэнээр татгалзаж Б.*******, Б.******* нарт ямар нэг төлбөр хариуцуулахгүй байхаар талууд харилцан тохиролцов. Талууд хэн нэгний нөлөөнд авталгүй өөрийн хүсэл зоригоор уг гэрээг байгуулав.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.*******, хариуцагч Г.******* нар харилцан тохиролцож 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь 6,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг буюу 3,500,000 төгрөгөөс татгалзаж 2,500,000 төгрөгийг гаргуулахаар болж, хариуцагч Г.******* 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор 2,500,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч талууд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэхэд хоорондын тооцоогүй болсон байх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь тэдний шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч П.*******ийн 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж талуудын харилцан тохиролцож эвлэрсэн 2,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөгийн тал хувь буюу 27,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тал хувь буюу 27,475 төгрөгийг хариуцагч Г.*******оос гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгох үндэстэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч П.******* нэхэмжлэлийн шаардлагын 3,500,000 төгрөгөөс татгалзаж 2,500,000 төгрөгийг гаргуулахаар болж, хариуцагч Г.******* 2,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор 2,500,000 төгрөгийг төлж талууд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэхэд хоорондын тооцоогүй болохоор харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 27,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, 27,475 төгрөгийг хариуцагч Г.*******оос тус тус гаргуулан нэхэмжлэгч П.*******т буцаан олгосугай.

3.Энэхүү захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   А.ЭНХТӨР