Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Д.Ганчимэг

Хохирогч Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Давааням

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ... Б-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ...гэх газарт оршин суух, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ... дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүнд нь багтааж, эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож, 2 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн, ... овогт ... Б /РД: .../

 

Шүүгдэгч Б нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар баг “Сүмийн нуур” гэх газарт иргэн Б-ын эзэмшлийн Тоёота Хайлюкс маркийн ...ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсны улмаас бусдад 29.500.000 /хорин есөн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хохирол төлөх талаар хохирогчид хэлсэн. Би бөөнд нь мөнгө өгч чадахгүй. Харин ажил хийж цалингаасаа бага багаар хохирлыг өгөх боломжтой. Би Улаанбаатар хот руу очоод ажил хийж байсан юм. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.  

 

Хохирогч Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б нь автомашиныг маань авч яваад осол гаргасан. Тухайн автомашиныг анх худалдаж авахад Б бид хоёр хамт явж худалдаж авсан. Би автомашинаа худалдаж аваад тоног төхөөрөмж, дугуй шинээр нэмж авч хийсэн. Энэ талаар энэ хүн өөрөө мэдэж байгаа. Одоо Бас 29.500.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Тухайн автомашин дотор миний гар утас, бичиг баримтууд байсан. Би автомашин дотор байсан эд зүйлийнхээ мөнгийг шүүгдэгчээс гаргуулахгүй...” гэв.

 

Гэрч С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* эхнэр М хэлэхдээ Б-ыг ...ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуу унаад явчихсан бөгөөд онхолдоод Б-ын машиныг шатаачихсан гэж байсан... би тухайн үед согтуу тасарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/

 

Гэрч Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр Б-ын машиныг унаж ирээд гэрийн гадаа үлдээхдээ түлхүүрийг нь дотор нь зоолттой үлдээсэн гэсэн. Улмаар түлхүүр нь зоолттой болохоор Б унаад явчихсан байх. Б уг нь Б-оос зөвшөөрөл аваад явсан бол асуудалгүй байхсан, харин хэнд ч хэлэхгүйгээр өөрөө дур мэдээд Б-ын машиныг унаад явчихсан. Уг нь бид хэдийн хэн нэгэнд хэлсэн бол юу гэж согтуу хүнийг машин бариулаад явуулхав дээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/

 

Гэрч О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...гэртээ унтаж байсан чинь манай эхнэр М намайг сэрээгээд Б-ын машиныг Б согтуу унаад хөдөлчихлөө гэж хэлсэн. Улмаар Б-ыг сэрээгээд бид хоёр Б-ын араас мотоциклтой явсан. ... очиход битүү утаа гарчихсан ... машин онхолдоод шатчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/

 

Хохирогч Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...бид нар сумын төвөөс баруун зүгт 5-6 орчим км зайд байх О-ын гэрт ирсэн. Тухайн үед О-үү надад хандаж чи жоохон унтаж байгаад оройхон О эхнэр М-г намайг сэрээж “чиний машиныг Б унаад явчихлаа” гэж хэлэхэд нь би араас нь очих гэсэн боловч хол явчихсан байсан. ... би  О-г сэрээж сумын төв рүү О-ийн машиныг аваад явсан туслах малчин Т-с рүү залгаж зогсоох арга хэмжээ авах талаар ярихад өөдөөс Б ямар ч зогсоох арга хэмжээ авч чадахгүй, их хурдтай явж байсан гэж хэлэхээр нь би О-ийн хамтаар мотоциклтой араас нь очиход ... машин уначихсан гал гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар тал/,

 

Шүүгдэгч Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ тухайн автомашиныг онхолдуулж шатаана гэсэн санаа зорилго байгаагүй. Өөрийн амь насаа эрсдэлд оруулан байж тухайн машиныг онхолдуулах шалтгаан байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,

 

            Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 37 дугаар тал/

Эд хөрөнгөтэй эсэх дэлгэргүй лавлагаа /хх-ийн 38 дугаар тал/

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 40 дүгээр тал/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 43 дугаар тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар  /хх-ийн 45-51, 88-90 дүгээр тал/,

Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчийн Худалдах, худалдан авах гэрээ /тээврийн хэрэгслийн/ /хх-ийн 53-54 дүгээр тал/

Техникийн тодорхойлолт /хх-ийн 55 дугаар тал/

Хэрлэн сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 61 дүгээр тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар:

Шүүгдэгч Б нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар баг “Сүмийн нуур” гэх газарт иргэн Б-ын эзэмшлийн Тоёота Хайлюкс маркийн ...ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсны улмаас бусдад 29.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б, гэрч М, О нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн  мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс шүүгдэгч Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, бусдын эд хөрөнгийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б-ыг “автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч Б-д автомашины үнэ болох 29.500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 61 дүгээр тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б нь дээрх хохирлоос 300.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б-ас 29.200.000 төгрөгийн гаргуулж Дорнод аймгийн Гурванзагал сумын ... тоотод оршин суух Б /.../-д олгох нь зүйтэй гэж үзлээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч В.Давааням, шүүгдэгч Б нар нь тухайн автомашины үнэлгээг зөрчлийн хэрэгт 21.000.000 төгрөгөөр үнэлсэн, харин тус эрүүгийн хэрэгт 29.500.000 төгрөгөөр зөрүүтэй үнэлсэн гэж маргаж мэтгэлцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд  буюу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хэрлэн сумын үнэлгээний комисс /хх-ийн 61/ тухайн автомашиныг 29.500.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүгдэгч түүний өмгөөлөгч нар үнэлгээтэй холбоотой санал, хүсэлт гаргаагүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн  хэргийн хүрээнд явуулсан болно.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нарын гаргасан торгох ял оногдуулах санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт ... Б-ыг “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... овогт ... Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б-ын ... тоот иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б-ас гэмт хэргийн улмаас учруулсан автомашины үнэ болох 29.200.000 /хорин есөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн ... тоотод оршин суух Б /.../-д олгосугай. 

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА