| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2020/0054/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/60 |
| Огноо | 2021-03-11 |
| Зүйл хэсэг | 268.1., 269.1., 22.5.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа,
Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ,
Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, С.Төмөрбаатар,
Шүүгдэгч Ш.Түвшинбат, түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар,
Шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтэсийн прокурор Д.Үүлэнгээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ы *******, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шагдарын Түвшинбат, Төмөрхуягийн ******* нарт холбогдох 201701000118 дугаартай, 178/2020/0054/Э/ индекстэй хэргийг 2020 оны 02 сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, 1960 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засаг, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, ам бүл 3, эх, эхнэрийн хамт, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан баг, Их монгол 24 айлын орон сууцны 6 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, ******* овогт *******ы *******/РД: *******/
2.Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн ,дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, эхийн хамт, Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг, Баатархайрхан тулгын 2-30 дугаар байрны 16 тоотод оршин суух хаягтай, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан хэргийг Монгол улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосон, Шарнууд овогт Шагдарын Түвшинбат /РД:ПЭ81061711/
3.Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэл бичиг ухаан судлаач мэргэжилтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Ганданпунцагчойлон хийдийн хурлын лам ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Ховд аймгийн Жаргалант сум Буянт баг 16 дугаар гудамж, 27 тоотод оршин суух хаягтай, одоо тус сумын Гэрэлт наран хотхоны 1 дүгээр байрны 13 тоотод оршин суух, Хөвүүдээ овогт Төмөрхуягийн ******* /РД: ПЖ77050411/
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн
товч агуулга: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Д.******* нь Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа хахууль өгөгч Т.*******, Ш.Түвшинбат нарын ашиг сонирхлын үүднээс Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт “Хөх араг” гэх газарт гар аргаар алт олборлогч иргэдийн үйл ажиллагааны улмаас хөндөгдөж сүйтгэгдсэн газрын нөхөн сэргээлтийн эрхийг олгох буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр Ш.Түвшинбатад урьдчилан амлаж, 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн Хаан банкан дахь 5845631199 дугаарын дансаар 1.000.000 төгрөгийн, 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Т.*******гийн хамаатны дүү болох М.*******аар дамжуулан Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Ханбүргэдэй их дэлгүүрийн хоолны газарт 1.500.000 төгрөгийн, Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд Ш.Түвшинбатаас 2017 оны 01 дүгээр сард 4.000.000 төгрөгийн, 2017 оны 03 дугаар сарын 20-ны орчим 2.000.000 төгрөгийн, нийт 8.500.000 төгрөгийн хахууль авсан гэж үзэх үндэслэлтэй байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан,
Шүүгдэгч Ш.Түвшинбат нь Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байхдаа Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт “Хөх араг” гэдэг газарт нөхөн сэргээлтийн эрх авах зорилгоор Т.*******тэй урьдчилан үгсэн тохиролцож, Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.*******т албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр түүний Хаан банкан дахь 5845631199 дугаарын дансаар 1.000.000 төгрөгийн, 2017 оны 02 дугаар сарын 04- ний өдөр Т.*******гийн хамаатны дүү болох М.*******аар дамжуулан Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Ханбүргэдэй их дэлгүүрийн хоолны газарт 1.500.000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг гардан зохион байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.3 дахь хэсгийг журамлаж; Д.*******ийн ажлын өрөө болох Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд 2017 оны 01 дүгээр сард 4.000.000 төгрөгийн, 2017 оны 03 дугаар сарын 20-ны орчим 2.000.000 төгрөгийн хахууль тус тус өгсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан,
Шүүгдэгч Т.******* нь Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт “Хөх араг” гэдэг газарт нөхөн сэргээлтийн эрх авах зорилгоор Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ш.Түвшинбаттай урьдчилан үгсэн тохиролцож, Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.*******т албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр түүний Хаан банкан дахь 5845631199 дугаарын дансаар 1.000.000 төгрөгийн, 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өөрийн хамаатны дүү болох М.Отгонтамираар дамжуулан Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Ханбүргэдэй их дэлгүүрийн хоолны газарт 1.500.000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг гардан үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Гэрч С.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...”... Би Ховд аймгийн Манхан сумын харьяат Төмөрхуяг овогтой ******* гэх хүнийг танина энэ хүн Ховд аймгийн хийдийн лам хүн гэж хэлсэн.Т.******* нь Улаанбаатар хотод ирэхээрээ манай гэрээр байнга ирдэг байсан ... Би 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр дээр дурдсан дансны дугаар луу мөнгө шилжүүлсэн нь үнэн. Тухайн өдөр миний нөхөр М.******* Т.*******д болно гээд манай эхнэрийн гар утас руу дансны дугаараа явуулчихаа гэж хэлсний дагуу Т.*******гийн 96660832 дугаарын гар утаснаас тухайн үед миний хэрэглэж байсан 88038888 гэсэн дугаарын утас руу “5845631199 галсандондог Нааn bаnк” гэсэн мессежийг 22 цаг 44 минутад ирүүлсний дагуу би өөрийн 5011353221 дугаарын Хаан банкны данснаас мобайл банкаар 1.000.000 /нэг сая/ төгрөгийг шилжүүлсэн байгаа. Намайг шилжүүлсний дараа миний нөхөр М.******* Т.******* рүү залгаад мөнгө шилжүүлсэн шүү гэж хэлсэн ... Тухайн үед буюу 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр миний Хаан банкны 5011353221 дугаарын дансанд 1.000.000 төгрөг орж ирсэн эсэх талаар бол мэдээгүй. Мөнгө орсноос хойш 4-5 хоногийн дараа дансаа шалгахад 1 сая төгрөг нэмэгдэж орж ирсэн байсан ба юун мөнгө байдаг билээ гээд үзэж шалгахад 99114802 гэсэн дугаарын утаснаас “буцаав" гэсэн гүйлгээний утгатай 1.000.000 төгрөг дансанд маань орсон байсан ...” гэсэн мэдүүлэг, хх-н 13-14 дугаар хуудас/
Гэрч Д.Галбадрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Түвшинбатын өөрийн гараар бичиж өгсөн өргөдөлд аймгийн засаг дарга *******т 2016 оны 02 сард 1.000.000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сард 4.000.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сард 1.500.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сард 2.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн ба нийт 8.500.000 төгрөг өгсөн нь баримттай, гэрчтэй гэж байсан ...” гэсэн мэдүүлэг, хх-н 52-55 дугаар хуудас/,
Гэрч М.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... "...Миний ээж Мядагмаагийн төрсөн дүү ******* гэж хүн Ховд аймагт буян номын ажил хийж ажиллаж амьдардаг хүн байдаг. 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр /амралтын хагас сайн өдөр/ байсан над руу утсаар залгаад чи нэг хүнд мөнгө аваачаад өгөөдөх гээд 99114802 дугаарын утас өгсөн. Тэгэхдээ оюутан хүүхдэд мөнгө хэрэгтэй байгаа байх ах нь чамд 50,000 төгрөг өгч байгаа шүү. ******* ахын данс руу 1.550.000 төгрөг хийсэн байгаа. Тэрнээс 1.500.000 төгрөгийг утас өгсөн хүнд аваачаад өгөөрэй, 50,000 төгрөгийг өөрөө хэрэглээрэй гэсэн. Тэгээд ******* ах бид 2 удалгүй гэрээс гараад АТМ-аас 1.550.000 /нэг сая таван зуун тавин мянга/ төгрөг аваад надад өгсөн. Би мөнгийг аваад 99114802 дугаарын утас руу залгаад ******* ах танд мөнгө аваачаад өгөөрэй гэж хэлэхэд 25 дугаар эмийн сангийн ойролцоо ирээд залгаарай гэсэн. Би 25 дугаар эмийн сангийн орчимд очоод 99114802 дугаарын утас руу залгахад Ханбүргэдэй их дэлгүүрийн гадаа хүрээд ир гэсэн. Тэгээд уг дэлгүүрийн гадаа очоод 99114802 дугаар луу залгаад уулзахад миний өмнө нь ТВ-ээр харж байсан манай аймгийн засаг дарга ******* гэж хүн байсан. Тэгэхэд аан за чи *******гийн явуулсан хүүхэд үү за 2-лаа ийшээ оръё гээд намайг дагуулаад Ханбүргэдэй дэлгүүр лүү орсон. Дэлгүүрт ороод хүнсний дэлгүүрийн хажуу талын хоолны газарт орсон. Тэгээд ширээн дээр суугаад нэг нэг аяга гялгар хуванцар аяганд хийсэн шүүс уугаад сууж байхад нь би ******* ахын өгөөрэй гэсэн 1.500.000 төгрөгийг өгсөн. Тэгэхэд аан за гээд надаас аваад пиджакны энгэрийн халаасандаа хийсэн. Тэгээд би за ахаа би явлаа гээд гарч явсан ...” гэх мэдүүлэг, : /6хх- 65-67 дугаар хуудас/,
Гэрч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд ….“...Миний төрсөн дүү Т.******* гэж хүн Ховд аймгийн Гандан хийдэд лам хийдэг буян номын ажил хийдэг хүн байдаг. 2017 оны 02 дугаар сарын 04-ний амралтын өдөр дүү ******* над руу залгаад ахаа таны Хаан банкны 5007044773 ругаарын данс руу мөнгө хийчихлээ. Та уг мөнгийг *******т аваад өгчихөөрэй Би дүүд хэлсэн байгаа гэсэн. Тэгээд удалгүй миний утсанд 1.550.000 төгрөг орсон ба мессеж ирсэн. Тэгээд *******тай хамт гэрээс гараад АТМ-аас 1.550.000 сая таван зуун тавин мянга/ төгрөг аваад *******т өгөөд гэрлүүгээ орж ирсэн. Тухайн мөнгө нь ямар учиртай болох, хэн гэж хүнд аваачиж өгөх гэж байгаа талаар дүү *******гээс асуугаагүй...” гэсэн мэдүүлэг, /бхх-н 68-69 дугаар хуудас/
Гэрч М.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд “...2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ******* над руу яриад надад 1000000 төгрөг зээлүүлээч гэсэн. Тэгэхээр нь за тэгье гэхэд би чам руу хүний дансны дугаар явуулъя чи тэр дансны дугаар луу 1.000.000 төгрөг хийгээдэх гэж байсан. Тэгээд удаагүй байж байхад *******гийн утаснаас дансны дугаар ирээд би эхнэр Мөнхтуяагийн мобайл банкыг ашиглан *******гийн явуулсан данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Ингэхдээ ******* рүү яриад хэнээс гэж шилжүүлэх юм гэж асуухад миний нэрийг бичээд явуулаарай гэсэн. Тэгэхээр нь *******гээс гээд 1.000.000 төгрөг шилжүүлсэн юм. Тухайн үед ******* хэлэхдээ чамаас зээлсэн 1.000.000 төгрөгийг удахгүй хийнэ гэж хэлсэн юм. Тэгтэл 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нөгөө *******гийн өгсөн дансны эзэн нь 1.000.000 төгрөгийг буцаав гээд манай эхнэрийн данс руу шилжүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-н 77-80 дугаар хуудас/
Д.******* нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гарч, 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр орсон талаарх Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 7-2/4910 дугаартай лавлагаа /1хх-н 234-235/,
Ховд-УБ-Ховд чиглэлд 2017 оны 02 дугаар сарын 02, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хүннү эйр ХХК-ийн нислэгээр зорчсон тухай лавлагаа /1хх-н 237/
Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-н 1-4/, Т:*******ын Хаан банкин дахь 5007044773 дугаарын харилцах дансанд 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “*******” гэсэн гүйлгээний утгаар 1.550.000 төгрөгийн орлого орж, тухайн өдрөө АТМ-аас 1.550.000 төгрөгийн зарлага гаргасан талаарх баримт /2хх-н 150-151/,
5085011950 дугаарын данснаас Д.*******ийн Хаан банкан дахь 5845631199 дугаарын данс руу “Сэргэлэнгээс” гэсэн гүйлгээний утгаар 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөгийн орлого орж, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр уг данс руу 1.000.000 төгрөгийг “буцаав” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн талаарх баримт /2хх-н 167/,
яллагдагч Д.*******ийн Хаан банкан дахь 5845631199 дугаар харилцах дансны гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл /7хх-н 192-193/
Гэрч М.*******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /Зхх-н 223-229/ “...Гэрч М.******* 99114802 дугаарын утас руу залган “Ханбүргэдэй” их дэлгүүрийн зүүн урд булангийн орчимд аймгийн засаг дарга Д.*******той уулзсан гэв. Засаг дарга *******ийн хамт “Food hall” гэсэн хаалгаар орж чигээрээ явахад хоолны газар байсан. Уг хоолны газар орж ширээн дээр сууж, хуванцар савтай жүүс уусан. Тэгэхдээ 1.500.000 төгрөгийг өгсөн гэж зааж өгөв”
Интернет фэйсбүүк цахим хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл /Зхх-н 230- 234/, Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн 3 дугаар хуралдаан дээр иргэн Д.Галбадрах аймгийн засаг дарга Д.*******ийн хээл хахууль авсан гэх асуудлын талаар ярьсан 3 минут 35 секунтын дүрс бичлэг бүхий СД-г,
-Ш.Түвшинбат, Д.Галбадрах нарын хоорондоо ярьсан яриа бүхий 967 кв, 198 кв хэмжээтэй СД-1ш,
-яллагдагч Ш.Түвшинбатаас гаргаж өгсөн 3 бичлэг бүхий СД-г тус тус эд мөрийн баримтаар хураан авч, хадгалах тухай тогтоол /Зхх-н 235, 237, 242/, үзлэг хийсэн тэмдэглэлүүд /Зхх-н 238-241, 244-249/, .
-Утасны биллд үзлэг хийсэн тэмдэглэл, мессежний болон ярианы жагсаалт бүхий баримтууд /4хх-н 1-166/
Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 82 дугаартай “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих жухам батлах тухай тогтоол /7хх-154х-/
Яллагдагч Т.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тэгээд хэсэг хугацааны дараа Түвшинбатаас нөхөн сэргээлтийн ажил юу болж байгааг асуухад удахгүй бүтэх гэж байгаа гэсэн. 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Түвшинбат над руу яриад би ******* даргын өрөөнд байна чам руу дансны дугаар явуулна. Тэр дугаар луу 1.000.000 төгрөг хийх хэрэгтэй байна. Чамд мөнгө байна уу гэж асуусан. Тэгэхээр өөрийн танил хуурай дүү ******* руу утсаар залгаад надад 1.000.000 төгрөг зээлээч гэж гуйсан. Тэгэхэд тэг тэг харин яаж авах юм гэсэн. Тэгэхээр нь би чам руу мессежээр дансны дугаар явуулъя. Чи тэр данс руу хийчихээрэй гэсэн. Тэр даруйд Түвшинбатын утаснаас ******* даргын Хаан банкны дансны дугаар мессежээр ирсэн. Тэгэхээр нь би *******ын 88028888 дугаарын утас руу ******* даргын дансыг мессежээр явуулсан. Тэгтэл ******* 1.000.000 төгрөгийг хэнээс гэж хийх юм бэ гэхээр нь ******* гээд миний нэрээр хийчих гэсэн. Тэгээд ******* миний нэрээр ******* даргын данс руу мөнгө хийсэн гэж хэлсэн ... Үүний дараа 2017 оны 01 дүгээр сар гараад Түвшинбатаас Дөргөний нөхөн сэргээлтийн ажил юу болж байна гэхэд болж байна бүтэх гэж байна гээд яваад байсан. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын эхээр Түвшинбат над руу залгаад 1.500.000 төгрөгийн хэрэг байна. Хот руу явуулах шаардлагатай байна гэсэн. Тухайн үед надад 1.500.000 төгрөг байсан учир би өөрийн эхнэрийн төрсөн дүү Магсаржавын картанд АТМ-аар 1.500.000 төгрөгийг хийгээд, дансанд орсон 1.500.000 төгрөгийг өөрийн төрсөн ах Т.*******ын данс руу 1.550.000 төгрөгийг шилжүүлсэн. Т.*******ын ахын гэрт амьдардаг оюутан дүү болох төрсөн эгч Мядагмаагийн хүү ******* луу залгаад ах нь ******* ахын данс руу 1.550.000 төгрөг хийсэн байна. Миний дүү оюутан юм чинь 50.000 төгрөгийг өөртөө хэрэглээрэй. 1.500.000 төгрөгийг ******* даргад аваачаад өгөөдөх гээд утасны дугаарыг нь 99114802 гэж хэлж өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа ******* луу залгаад нөгөө мөнгөө аваачиж өгсөн үү гэж асуухад аваачаад өгсөн манай аймгийн засаг дарга ******* байна гэж хэлсэн ... Засаг дарга Д.*******ийг зохион байгуулалттайгаар гүтгэсэн асуудал байхгүй. Галбадрах бид 2 Түвшинбаттай уулзаад чиний өнөө маргаашгүй бүтнэ гээд байгаа асуудал бүтэхгүй маш их удлаа. Бид нараас хүмүүс мөнгө төгрөгөө нэхээд суулгахгүй байна гэсэн асуудал ярьсан. Тэгэхэд Түвшинбат би энэ мөнгөнөөс аймгийн засаг даргад ийм ийм мөнгийг ингэж өгсөн гэж хэлэхээр нь за тэгвэл бичээд өг гэж хэлээд цаасан дээр бичүүлээд үүнийг нь Галбадрах Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр уншсан юм. 2017 оны 07 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байсан хэргийн талаар Улаанбаатар хотод ирчихээд буцаж Ховдод очиход ******* дарга надаас авсан 1.500.000 төгрөгийг манай гэрт ирээд бэлнээр өгсөн. Мөн өмнө *******аар данс руу нь шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг буцаагаад данс руу нь хийсэн байсан. ******* дарга саяхан аймгийн Засаг даргын ажлаа өгсөн. Үүний өмнө 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр манай гэрт ганцаараа орж ирээд би одоо ажлаа өгөөд гадагшаа ажлаар явах шаардлагатай болсон байгаа. Чи надад бичиг хийж өгөөч гэсэн асуудал ярьсан. Тэгэхээр нь хүн чанар зулгаагаад энэ бичгийг хийж өгсөн юм..." гэсэн мэдүүлэг, /7 дугаар хх-н 108-116 дугаар хуудас/,
Яллагдагч Ш.Түвшинбатын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар "... Би Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын захиргаа удирдлагын хэлтсийн даргаар 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр томилогдсон. Томилогдон ажиллаж байх хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 25-ны үед лам *******, түүний найз Галбадрах нар ирж надтай уулзаад Дөргөн сумын нутаг “Хөх араг” гэдэг газрын нөхөн сэргээлт хийе гэсэн саналыг тавьсан. Ингэхдээ аймгийн Засаг даргаас зөвшөөрөл авах хэрэгтэй байна. Чи хөөцөлдөөд өгөөч гэж санал надад тавьсан ... Тэгээд 10 дугаар сарын сүүлээр би аймгийн Засаг дарга Д.*******той өрөөнд нь уулзаад Дөргөн сумын “Хөх араг” гэдэг газрын нөхөн сэргээлтийг би найзуудын хамт хамтран хийх гэсэн юм. Бид зардал мөнгөө өөрсдөө 100 хувь гаргана. Мөн сум орон нутагт нь бүтээн байгуулалтын ажил хийж өгнө гэж хэлсэн. Тэгэхэд засаг дарга Д.******* “Алт-2” хөтөлбөр буюу бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг дэмжих хөтөлбөр хэрэгжих гэж байгаа. Чиний наад асуудал нь болно гэсэн хариуг амаар өгсөн ... Тэгж байтал нэг өдөр аймгийн засаг дарга ******* над руу яриад би хот руу явах болсон. Мөнгө төгрөгний хэрэг гараад чамд 1.000.000 төгрөг байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би хүн рүү яриад зохицуулъя гэж хэлэхэд ******* дарга чи хамаагүй хүн рүү ярив аа гэсэн. Тэгэхээр нь зүгээрээ, зүгээр гэж хэлээд ******* лам руу яриад мөнгө байна уу гэж асуухад байна гэсэн. Тэгээд ******* даргатай яриад дансны дугаарыг нь мессежээр аваад ******* рүү мөн мессежээр явуулсан. Тэгээд ******* өөрийн нэрээр ******* даргын данс руу 1.000.000 төгрөг хийсэн гэж хэлсэн. Энэ мөнгө шилжүүлсэн өдөр нь 2016-оны 12 дугаар сарын 29-ний өдөр байсан. 2017 оны 01 дүгээр сард засаг дарга ******* над руу яриад 13-ны өдөр сумдын Засаг дарга нар ирж надтай үр дүнгийн гэрээ байгуулна. Тэгэхээр би нөхөн сэргээлтийн гэрээг байгуулна. Надад 4.000.000 төгрөгийн хэрэг байна гэсэн. Тэгэхээр нь би *******гээс өмнө авсан 23.000.000 төгрөгөөс 20.000.000 төгрөгийн дэвсгэртээр 2 боодол буюу 4.000.000 төгрөгийг Засаг даргын өрөөнд нь оруулж ******* даргад бэлнээр нь өгсөн ... 2017 оны 02 дугаар сарын эхээр ******* дарга над руу яриад би гадагшаа Швед улс руу ажлаар явах болсон. Мөнгө төгрөгний хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь танд хэдэн төгрөг хэрэгтэй байна гэж намайг асуухад ******* дарга 1.500.000 төгрөг байхад болно гэж хэлсэн. Тэгэхээр *******тэй ярихад мөнгийг нь өгье гэсэн. Тэгээд ******* Улаанбаатар хотод байдаг ******* гэдэг дүү рүүгээ дансаар 1.500.000 төгрөг шилжүүлээд ******* дүү нь засаг дарга *******т Ханбүргэдэй дэлгүүрийн тэнд бэлнээр аваачиж өгсөн гэж байсан. ******* надад хэлэхдээ Ховдоос Улаанбаатар хот руу 1.500.000 төгрөг дүү рүүгээ шилжүүлсэн. Дүү нь Засаг дарга *******т аваачиж өгсөн гэж хэлсэн. 2017 оны 03 дугаар сарын 20-дын үеэр ******* над руу утсаар яриад би одоо Улаанбаатар хот руу Алт-2 хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих хурал семинарт явах гэж байна гэсэн. Ингэж ярихдаа надад мөнгө төгрөг хэрэгтэй байна гэж хэлээгүй. *******гээс авсан 23.000.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг засаг дарга *******т өрөөнд нь оруулж өгсөн. Ингээд нийт 8.500.000 төгрөгийг *******т өгсөн бөгөөд би өөрөө 6.000.000 төгрөгийг, Т.*******тэй хамтран 2.500.000 төгрөгийг өгсөн гэж ойлгож болно...******* дарга ******* бид хоёроос хахуульд авсан 8.500.000 төгрөгөөс 7.000.000 төгрөгийг нь надад өгсөн. Надад 1 сая төгрөг илүү өгчихөөд байгаа юм. *******гийн хүний данснаас шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг буцаагаад тэр данс руу нь шилжүүлсэн гэж ******* дарга хэлж байсан. *******гийн дүүгээр дамжуулан авсан 1.500.000 төгрөгөө буцаагаад *******д өгсөн гэсэн...” гэсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг үнэлсэн болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.******* түүний өмгөөлөгчдөөс 5 хуудас баримт, 1ш-СД-г нотлох баримтаар гаргаж өгсөн ба шүүгдэгч Ш.ТҮвшинбатын гараар бичсэн 5 хуудас бичвэрийг Д.******* түүний өмгөөлөгч Б.Мянган нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчид гаргаж өгч байсан нь /7 дугаар хавтас хэргийн 150-153х/ хэрэгт авагдсан байгаа “зээлсэн мөнгөө буцааж авч байгаа” гэх байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, мөн шүүгдэгч Ш.Түвшинбат, Д.******* нарын ярианы бичлэгийг шүүх хуралдаанд шинжлэн судалсан боловч хэрэгт хамааралгүй гэж шүүх үзсэн тул нотлох баримтын хэмжээнд тус тус тооцоогүй /ЭХХШТХ-ийн 16.11-2.2/ болно.
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Галсандондог, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн хувьд маргаж, цагаатгах байр сууринаас оролцож санал дүгнэлтээ гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Ш.Түвшинбат, Т.******* нар нь гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болно. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан’" гэж оролцогч хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдох буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ.
2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасан “Хээл хахууль авах” гэмт хэргийн субъектийг “Албан тушаалтан” гэж өргөн хүрээтэй тодорхойлсон бөгөөд Монгол Улсын 2006 онд нэгдэн орсон Нэгдсэн Үндэстний байгууллагын “Авлигын эсрэг конвенц”-д зааснаар “оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад ажилладаг албан тушаалаас үл хамааран төрийн албан хаагч буюу нийтийн албан тушаалтан” гэж үзэж авлигын хэргийн субъектэд хамааруулсан.
2015 оны Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Хахууль өгөх” гэмт хэргийн субъектийг “Нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасны дагуу “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”-г хамааруулан ойлгоно гэж хуульчилсан байна.
Хээл хахууль өгөх, авах гэмт хэрэг нь хахууль өгөгч тал хууль бус зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд ажил хэргээ бүтээх гэсэн, хахууль авагч тал өөртөө ашиг олох гэсэн хоёр талын сонирхлын үүднээс хууль бус үйлдлээ хийснээр бодит хор уршиг учирсан эсэхээс үл хамааран бүрдэл төгсдөг онцлогтой.
Хахууль өгөх, авах гэмт хэргийн хор уршиг нь төрийн үйлчилгээ хүн, хуулийн этгээдэд тэгш, шударга, хууль ёсны дагуу хүрч байх, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга үйлчилгээ авах боломжийг алдагдуулж, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг гажуудуулж байдагт оршдог.
Шүүгдэгч Д.*******ийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Монгол Улсын Ерөнхий сайдын 24 дугаартай захирамжаар Ховд аймгийн засаг даргаар /6хх-221х/, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Гадаад харилцааны сайдын Б/33 дугаартай тушаалаар Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөхөөр /8хх-21х/ тус тус томилсон баримтуудаар,
Шүүгдэгч Ш.Түвшинбат нь 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын Б-73 тушаалаар Үенч-Бодонч голын сав газрын захиргааны даргын албан тушаалд, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын Б/28 дугаартай тушаалаар Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилогдож 2017 оны12 дугаар сарын 23-ний өдрийн Б/03 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөж байсан /10хх-129,130х/ тул дээрх хоёр шүүгдэгчдийг нийтийн албан тушаалтан гэж үзнэ.
Харин шүүгдэгч Т.******* нь Ховд аймгийн “ХОВД СУВРАГА” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын Ганданпунцагчойлин хийдийн зурхайч ламаар 11 жилдээ ажиллаж байгаа нь үйлдвэрийн газрын даргын тодорхойлолтоор тогтоогдож байгаа ба түүнийг нийтийн албан тушаалтан гэж үзэхгүй болно.
Шүүгдэгч Д.******* нь Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа хахууль өгөгч Т.*******, Ш.Түвшинбат нарын ашиг сонирхлын үүднээс Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт “Хөх араг” гэх газарт гар аргаар алт олборлогч иргэдийн үйл ажиллагааны улмаас хөндөгдөж сүйтгэгдсэн газрын нөхөн сэргээлтийн эрхийг олгох буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр Ш.Түвшинбатад урьдчилан амлаж, 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн Хаан банкан дахь 5845631199 дугаарын дансаар 1.000.000 төгрөгийн, 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Т.*******гийн хамаатны дүү болох М.*******аар 1.500.000 төгрөгийн, Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд Ш.Түвшинбатаас 2017 оны 01 дүгээр сард 4.000.000 төгрөгийн, 2017 оны 03 дугаар сарын 20-ны орчим 2.000.000 төгрөгийн нийт 8.500.000 төгрөгийн хахууль авсан
Шүүгдэгч Ш.Түвшинбат нь Ховд аймгийн Үенч-Бодонч голын сав газрын захиргааны дарга, Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байхдаа Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт “Хөх араг” гэдэг газарт нөхөн сэргээлтийн эрх авах зорилгоор Т.*******тэй урьдчилан үгсэн тохиролцож, Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.*******т албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр түүний Хаан банкан дахь 5845631199 дугаарын дансаар 1.000.000 төгрөгийн, 2017 оны 02 дугаар сарын 04- ний өдөр Т.*******гийн хамаатны дүү болох М.*******аар дамжуулан 1.500.000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг гардан зохион байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг журамлаж; Д.*******ийн ажлын өрөө болох Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд 2017 оны 01 дүгээр сард 4.000.000 төгрөгийн, 2017 оны 03 дугаар сарын 20-ны орчим 2.000.000 төгрөгийн хахууль тус тус өгсөн
Шүүгдэгч Т.******* нь Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт “Хөх араг” гэдэг газарт нөхөн сэргээлтийн эрх авах зорилгоор Ховд аймгийн Үенч-Бодонч голын сав газрын захиргааны дарга, Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ш.Түвшинбаттай урьдчилан үгсэн тохиролцож, Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.*******т албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр түүний Хаан банкан дахь 5845631199 дугаарын дансаар 1.000.000 төгрөгийн, 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өөрийн хамаатны дүү болох М.*******аар дамжуулан 1.500.000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.*******ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д заасан “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж хээл хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Ш.Түвшинбатыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3-д заасныг журамлан тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д заасан албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн
Шүүгдэгч Т.*******г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх,албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуул өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
2.Хохирол хор уршийг талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх ойлголт юм.
Шүүгдэгч Д.*******ийн бусдаас авсан 8.5 сая төгрөгөөс 1 сая төгрөгийг буцааж шилжүүлсэн тул түүнээс Шүүхийн тамгын газрын барьцаа хадгалах тусгай дансанд байршуулсан 7.5 сая төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Ш.Түвшинбат,Т.******* нар 8.5 сая төгрөгийн хахуул өгсөн нь өөрөө гэмт хэрэг тул дээрх 2 шүүгдэгч нараас гаргуулах хохирол,төлбөргүй гэж үзнэ.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ш.Түвшинбат нь 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Ховд аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 25 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэргийг хэрэгсэхгүй болсон нь /6хх-213-217х/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.*******, Т.******* нарын “ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас” /6хх-209,218х/ тус тус хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч: Шүүгдэгч Д.*******, Ш.Түвшинбат, Т.******* нарыг гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч нарын мөрдөн байцаартын шатанд өгсөн мэдүүлэг,хэрэгт ач холбогдол бүхий гэрч нараас авсан мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, бичиг баримтанд үзлэг хийж хуулбарлан авсан баримтууд зэрэг бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.******* нь удаа дараа Ш.Түвшинбат, Т.******* нараас хахууль авсан үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагааг 2 жилийн хугацаагаар хасч 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ш.Түвшинбат 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгчидээс 7.5 сая төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, шүүгдэгч Т.*******д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 1.5 сая төгрөгийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гаргуулж улсын төсөвт шилжүүлэх. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-ийг хэргийг хадгалах хугацаагаар хадгалж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих арга хэмжээ авах дүгнэлт
Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч С.Төмөрбаатар, Д.Тунгалаг нараас: Шүүгдэгч Д.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан торгуулийн ял, шүүхээс гаргуулах 7.5 сая төгрөгийг төлсөн тул түүнд хуульд заасан хорихоос өөр төрлийн ял оногдуулахад татгалзах зүйлгүй гэх дүгнэлт
Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Д.Хуягбаатараас: Шүүгдэгч Ш.Түвшинбат нь мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн энэ талаар маргаагүй тул 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж торгуулийн ял оногдуулж уг ялыг 3 жилийн хугацаанд төлүүлэхэд татгалзах зүйлгүй гэх дүгнэлт.
Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Эрдэнэчимэгээс: Шүүгдэгч Т.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа.Энэ гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хувийн байдлыг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлт тайлбарыг тус тус гаргав.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцүүлэн, шударга ёс, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хамтран оролцсон оролцоо зэргийг дүгнэж шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгчдийн гэм буруугийн хэмжээнд тохируулан торгох ялыг оногдуулж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Т.*******г 2002 оны Эрүүгийн хуулиийн 269 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан ”... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэсний дагуу шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хууль болох 2015 оны Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1-д болгон өөрчлөх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12240000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ш.Түвшинбатад оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12240000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүрийг гурван жилийн хугацаанд,
Шүүгдэгч Т.*******д оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******, Ш.Түвшинбат, Т.******* нарт тайлбарлах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3-д зааснаар шүүгдэгч Д.*******ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Шүүхийн тамгын газрын барьцаа хадгалах дансанд байгаа 7500000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.*******ийн тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.*******гийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тус тус тоолохоор тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар ирсэн “ярианы бичлэг 2018.08.21-нд 6 мин 27 сек” гэх цагаан өнгийн СД-1ш, “******* Ховд” гэх бичвэртэй цэнхэр өнгийн СД-1ш,”2” гэх бичвэртэй цагаан өнгийн СД-1ш, “1” гэх бичвэртэй цагаан өнгийн СД-1ш, “Bacbook Air” гэх бичвэртэй цагаан өнгийн СД-1ш, “Д.*******-н өрөөнд” гэх бичвэртэй цэнхэр өнгийн СД-1ш, “Түвшинбат Галбадрах” гэх бичвэртэй цэнхэр өнгийн СД-1ш нийт 7ш СД-ийг хэрэгт хадгалах хугацаагаар хадгалахыгшүүгчийн туслах С.Цэрэннадмидад даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Шүүгдэгч Д.*******, Ш.Түвшинбат, Т.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүйг тус тус дурдаж шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1дүгээр зүйл,36,1, 36,2 дугаар зүйлийн 1.2.4 дэх хэсэг, 36.6-36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгоод
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д заасан Албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр өөрөө болон бусдаар дамжуулан хээл хахууль авах,
Шүүгдэгч Шарнууд овогт Шагдарын Түвшинбатыг 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дугаар зүйлийн 269.1-д заасан Албан тушаалтанд өөрөө болон бусдаар дамжуулан хээл хахууль өгөх,
Шүүгдэгч Хөвүүд овогт Төмөрхуягийн *******г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх,албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуул өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.*******ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12240000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялаар
Шүүгдэгч Ш.Түвшинбатыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3-д заасныг журамлан тусгай ангийн 269 дугаар зүйлийн 269.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12240000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялаар
Шүүгдэгч Т.*******г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12240000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Ш.Түвшинбатад оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12240000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван жилийн хугацаанд,
шүүгдэгч Т.*******д оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******, Ш.Түвшинбат, Т.******* нарт тайлбарласугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3-д зааснаар шүүгдэгч Д.*******ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Шүүхийн тамгын газрын барьцаа хадгалах дансанд байршуулсан 7500000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.*******ийн тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.*******гийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.
7.Шүүгдэгч Д.*******, Ш.Түвшинбат, Т.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүйг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар ирсэн “ярианы бичлэг 2018.08.21-нд 6 мин 27 сек” гэх цагаан өнгийн СД-1ш, “******* Ховд” гэх бичвэртэй цэнхэр өнгийн СД-1ш,”2” гэх бичвэртэй цагаан өнгийн СД-1ш, “1” гэх бичвэртэй цагаан өнгийн СД-1ш, “Bacbook Air” гэх бичвэртэй цагаан өнгийн СД-1ш, “Д.*******-н өрөөнд” гэх бичвэртэй цэнхэр өнгийн СД-1ш, “Түвшинбат Галбадрах” гэх бичвэртэй цэнхэр өнгийн СД-1ш нийт 7ш СД-ийг хэрэгт хадгалах хугацаагаар хадгалахыг шүүгчийн туслах С.Цэрэннадмидад даалгасугай.
9.Шүүхийн шйидвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******, Ш.Түвшинбат, Т.******* нарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавиж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.*******т авсан /таван сая төгрөгийн/ барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ, Ш.Түвшинбат, Т.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС