Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 165

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 

 

Хариуцагч: 

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Хүүхэндүү, хариуцагч Д.Насанжаргал, нарийн бичгийн дарга Н.Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Хүүхэндүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Насанжаргалтай 2007 оноос өнөөдрийг хүртэл хамтран амьдарч байгаа. Бид хамтран амьдарч байхдаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2009 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүү Н.Наранбаяр төрсөн. Хөдөө орон нутагт ажил олдохгүйн улмаас сүүлийн 6 жил тусдаа амьдарсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сараас өнөөг хүртэл гадуур харьцаа тогтоож сэтгэл санааны дарамтанд оруулсан тул хариуцагч Насанжаргалаас хүү Н.Наранбаярт хуулийн 16.1 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.” гэжээ.

Хариуцагч Д.Насанжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.Насанжаргал миний бие Жавзан овогтой Хүүхэндүүгийн гаргасан нэхэмжлэл болон гаргасан гомдлын дагуу Насанжаргал овогтой Наранбаярт тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Хүүхэндүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй.” гэжээ.

 

Хариуцагч Д.Насанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүлээн зөвшөөрч байгаа. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүү Н.Наранбаярын  төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн хүсэлт, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 1630 дугаар захирамжийн хуулбар, хариуцагчийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Хүүхэндүү нь хариуцагч Д.Насанжаргалд холбогдуулж 2009 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Н.Наранбаярт хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Д.Насанжаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

Ж.Хүүхэндүү, Д.Насанжаргал нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй, хамтран амьдарч байсан бөгөөд тэдний дундаас 2009 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүү Н.Наранбаяр төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Ж.Хүүхэндүүгийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч Д.Насанжаргалаас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Н.Наранбаярыг сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно.

 

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээ нь иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгогдож, тухайн байгууллагын тамга, албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан ба уг төрсний гэрчилгээний хуулбар нотариатчаар гэрчлэгдсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор зохигчдын хүү Н.Наранбаяр нь одоо эхийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгаа болохыг нотолсон баримт болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан улсын төсөвт оруулах үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоохдоо нэхэмжлэлийн үнийн дүнгээс тооцох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн үнийг “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд уг тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүн”-гээр тодорхойлно. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Насанжаргалын төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тухайн хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр төлнө. Хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг Үндэсний статистикийн хорооноос тогтоодог бөгөөд тус хорооны 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/9 дүгээр тогтоолоор Өмнөговь аймагт хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг 164,300 төгрөг байхаар тогтоожээ. Үүнээс дүгнэвэл хариуцагч Д.Насанжаргал нь Н.Наранбаярт сар бүр 164,300 төгрөгийн 50 хувь болох 82,150 төгрөгийг тэтгэлэгт төлөхөөр байна. Нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлвол жилд 985,800 төгрөг төлөх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч уг дүнгээс тооцож  28,209 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөр байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлөх бөгөөд хариуцагч Д.Насанжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 28,209 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10-р хороо, Жалиар овгийн Доржийн Насанжаргал /РД:СМ84052331/-аас 2009 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Н.Наранбаярт 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Насанжаргал нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

3.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Насанжаргалаас 28,209 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           А.ЭНХТӨР