Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/075

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Улсын яллагч Б.Бат-Оргил,

Шүүгдэгч Г.Б ,

Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Г.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000660056 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Гочоо ургийн овогтой Галсандагвын Батболд, ВЕ73090611 тоот регистрийн дугаартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 53 дугаар байрны гадна талын автомашины зогсоол дээр Ө.Мягмарсүрэнтэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь баруун дээд 1-р шүдний булгаралт, баруун нүдний дээд зовхины цус хуралт, дээд уруул, хамар, хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Г.Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 53 дугаар байрны гадна талын автомашины зогсоол дээр Ө.Мягмарсүрэнтэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь баруун дээд 1-р шүдний булгаралт, баруун нүдний дээд зовхины цус хуралт, дээд уруул, хамар, хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ...

Хохирогч Ө.Мягмарсүрэнгийн ...2021 оны 02 сарын 01-ний өдөр Баянхонгор сумын 3 дугаар баг 53 дугаар байранд байх гэрээсээ гарч ирэхэд Баатарсүх ажлын 2 хүнтэйгээ гадаа ирсэн байсан. Баатарсүхтэй уулзаж машин дотор 1 шил архи бид дөрөв хувааж уусан. Баатарсүх бид хоёр найз нөхдийн хувиар тоглоом хийхэд хамт байсан настай ах нь над руу дайрч Баатарсүхийг өмөөрсөн. Би тэр ахад “та нас намба даа бай” гэж хэлээд түлхсэн. Тэгтэл тэр ах миний нүүр рүү цохиж үүдэн шүд унагасан. Тэгж байхад манай эхнэр ирсэн. Баатарсүхтэй маргалдаж байна гэж бодсон байх. Би найзтайгаа тоглож байсан юм. Тэрийг тэр ах ойлгоогүй. Тэгээд миний нүүр рүү гараараа хоёр гурав цохисон байх, шүд хугарсан, нүд хөхөрсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/,

Гэрч Б.Бямбасүрэнгийн ... 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 18 цаг орчим гэртээ ороход гэр онгорхой, нөхөр байхгүй байхаар нь утас руу нь залгасан. Гэрийн гадаа байгаа талаар хэлж би гэрээсээ гарч ирэхэд нөгөө хүмүүс орилж байсан машин дотор манай нөхөр Ө.М сууж байсан. Нөхрийн нүүр ам нь хөхөрчихсөн байхаар нь юу болсон талаар асуухад ард сууж байсан настай хүрэн өнгийн пудболк өмссөн ахыг цохисон гэж хэлсэн. Миний нөхрийн нүүр хөхөрч, хамар дээрээ самардуулсан харагдсан. Өөрөө бол шүд хугарсан гэж хэлсэн. Машин дотор Сүхээ гэх найз нь, нөгөө цохидог ах байсан өөр хүн байгаагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Гэрч Ц.Лхагважавын ... 2021 оны 02 сарын 01-нд Баянхонгор сумын 53 дугаар байрны гадаа Баатарсүх найз Мягмарсүрэнг дуудаж Батболд бид дөрөв архи хувааж уусан. Мягмарсүрэн, Батболд хаалга суулгах талаар ярьж нэг нэгэнтэйгээ юм яриад сууж байхад би гадаа гарч эргэж машиндаа явж ороход тэр хоёр зодоон хийж хоёул нэг нэгийгээ барьж авчихсан Баатарсүх салгах гэж оролдоод сууж байсан. Ө.Мягмарсүрэнгийн амнаас жоохон цус гарчихсан Батболд зүгээр харагдаж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Гэрч Л.Баатарсүхийн ... 2021 оны 02 сарын 01-нд Лхагважав, Батболд бид гурав нэг шил архи авч Мягмарсүрэнгийн гадаа хамт ууя гэж хэлээд Баянхонгор сумын 3 дугаар баг 53 дугаар байрны гадаа ирсэн. Тэнд архи ууж байгаад юу болсон талаараа санахгүй байгаа. Маргааш нь Мягмарсүрэн, Батболд ах хоёр зодоон хийсэн талаар Батболд ах надад хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 сарын 04-ний өдрийн №80 тоот шинжээчийн ... Ө.Мягмарсүрэнгийн биед баруун дээд 1-р шүдний булгаралт, баруун нүдний дээд зовхины цус хуралт, дээд уруул, хамар, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... гэсэн дүгнэлт /хх-ийн 32-33/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Шүүгдэгч Г.Б  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Г.Б од хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна. 

Иймд шүүгдэгч Г.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хохирогч Ө.М шүүгдэгч Г.Б  нар нь эвлэрч эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 74-75 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Г.Б ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн шүүгдэгч Г.Б ын гар утсыг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч  овогт Г.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Б од 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Б ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б од мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Б ын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай. 

6. Шүүгдэгч Г.Б  нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.     

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Б од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА