| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0043/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/050 |
| Огноо | 2021-02-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/050
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Б.Бат-Оргил,
Хохирогч М.Н ,
Шүүгдэгч С.Ц,
Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас С.Ц д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014003310015 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Өндөр ургийн овогт Сангисүрэнгийн Цэрэндагва,ВГ98070411 тоот регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ц нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт байх жуулчны бааз дээр иргэн М.Н ын хамар тус газар толгойгоороо мөргөн биед нь хамар ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч С.Ц нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт байх жуулчны бааз дээр иргэн М.Н ын хамар тус газар толгойгоороо мөргөн биед нь хамар ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ...
Хохирогч М.Н ын ... Би 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Бямбаагийн жуулчны бааз дээр манай хуурай дүүгийн төрсөн өдөр болж намайг дуудаж 22 цагийн орчим очсон. Авч очсон бэлгээ өгч юм ярьж сууж байгаад “Ах нь ажилтай хүнтэй уулзана явлаа” гэж хэлээд гарсан. Гэрээс гарч ирэх үед хажуу талын гэрийн хүмүүс намайг “Ороод ир” гэж урьсан. Зүс таних хүмүүс байсан. Надад архи хийж өгсөн. Тэр үед би “Жолоо барьж яваа” гэж хэлээд уугаагүй. Тэгтэл нэг шивээстэй Цэрэндагва гэх залуу надаас хэрүүл өдөж “Чи оюутны холбооны оюутнуудыг зардаг” гэж хэлээд үгээр дайрах үед би “Чам шиг бацаантай юу ярих юм бэ. Явлаа.” гэхэд намайг барьж авч нэг удаа нүүрэнд мөргөсөн хамраас цус гарсан. Би цагдаад дуудлага өгсөн ийм зүйл болсон. Намайг олон оюутнуудтай томордог. Мөн нам улс төрийн юм яриад байсан. Тийм шалтгааны улмаас мөргөсөн. Тэр залуу архи уучихсан байсан. Миний хамар гэмтсэн хамартаа эмчилгээ хийлгэж авмаар байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/,
Гэрч Т.Намжилдоржийн ... 2020 оны 06 дугаар сарын 30-ны шөнө 23 цагийн орчим дуудлагаар Жуулчны бааз дээр очиход Цэрэндагва болон нэрийг нь мэдэхгүй залуучууд байсан. Би дуудлага өгсөн утас руу залгахад авто зогсоол дээр Насанбат гэж зодуулсан гэх залуу байсан. Юу болсон талаар асуухад “амралтын гэрт намайг зодож мөргөсөн тэр залууг Цэрэндагва гэдэг одоо гэрт байгаа” талаар хэлсэн. Тэгээд гэрт орж Цэрэндагватай уулзаж Цэрэндагвыг гэрээс авч гарч ирэхэд Насанбат байхгүй байхаар нь утас руу залгахад “гэртээ харихаар явж байгаа” талаар хэлсэн. Би Цэрэндагваас яасан талаар асуухад “сонгуулиас болж маргалдаж би хамар руу нь нэг удаа мөргөсөн Тухайн үед Насанбат нь амралтын гэрт байхад өөрөө сонгуулийн талаар хэлж ярьж бид нарыг өдөж би маргалдаж Насанбаттай барилцаж авсан, тэгээд мөргөсөн” гэж надад хэлсэн Жуулчны бааз дээр Насанбаттай уулзахад хамраа салфеткаар бөгөлсөн хүнтэй маргалдаж намайг мөргөсөн” гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/,
Шүүгдэгч С.Ц ын ... Сонгуулийн сурталчилгаанд оролцсон хүүхдүүдийг Насанбат нь дээрэлхэж, доромжилж үг хэлсэн гэсэн. Мөн хөдөө машинаар хөөсөн талаар сонсож байсан. 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор сумын доор байрлах Жуулчны бааз дээр таарсан. Би тухайн үед та сонгуулийн сурталчилгаанд оролцсон хүүхдүүдэд 50.000 төгрөг өгч үг хэлээр доромжилж явуулсан байна гэж хэлсэн гэрт нилээд согтуу хүмүүс байсан. Тэгээд гадаа гарах гээд гэрийн үүд хэсэгт ирэх үед Насанбат мөн адил үүдэнд ирсэн Гэрийн хаалгаар гарах үед би мөргөж түлхэж гарсан. Гадаа Насанбат бид хоёр гарч ирэхэд Насанбатын хамраас цус гарчихсан байсан. Би ус, салфетик авч өгч хамрын цус угааж цэвэрлэж өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-51/,
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 сарын 07-ны өдрийн №371 дугаартай шинжээчийн ... М.Н ын биед хамар ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саркиулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 8-9/,
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн тасгийн тодорхойлолт /хх-ийн 10/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч С.Цд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч С.Ц ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч М.Н нь хамраа эмчлүүлсэн эмчилгээний төлбөр болон цаашид дахин хамартаа эмчилгээ хийлгэх эмчилгээний төлбөрийг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч уг хэрэгт хохиролтой холбоотой санхүүгийн баримт огт авагдаагүй тул хохирогч М.Н ын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч С.Ц ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүх шүүгдэгч С.Ц ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.
Шүүгдэгч С.Ц нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн шүүгдэгч С.Ц ын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож, эд хөрөнгө биүтүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт С.Ц ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Цд 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Ц ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Цд мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч С.Ц ын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож, эд хөрөнгө биүтүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Хохирогч М.Н нь өөрт учирсан эмчилгээний болон бусад зардалын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА