| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/0347/и |
| Дугаар | 00347 |
| Огноо | 2017-03-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 00347
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Хөвсгөл аймгийн Төмөрбулаг Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төв 5 дугаар баг 02-02 тоотод оршин суух “Их-Мэргэд” овогт Санжаагийн Баянмөнх /РЛ-72020719/-д холбогдох,
Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл, хүүгийн хамт нийт 4.763.440 /дөрвөн сая долоон зуун жаран гурван мянга дөрвөн зуун дөч/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг Засаг дарга Т.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Баянмөнх нь 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Модон эдлэлийн чиглэлээр 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг зээлж аваад 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зээлийг төлж барагдуулах байсан боловч зээлийн үлдэгдэл 4.500.000, алданги 263.440 төгрөг нийт 4.763.440 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Баянмөнх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 6.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн юм. Одоо нэхэмжлэж байгаа Үндсэн зээл 4.500.000, алданги 263.440 төгрөг нийт 4.763.440 төгрөгийг төлнө. Мөн өөрт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг Засаг дарга Т.Эрдэнэбат нь хариуцагч С.Баянмөнхөөс Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл, хүүгийн хамт нийт 4.763.440 /дөрвөн сая долоон зуун жаран гурван мянга дөрвөн зуун дөч/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С.Баянмөнх нь “....763.440 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна....” гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбар танилцуулсан энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т “төсвийн байгууллагын нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заасан, нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг дарга нь төсвийн байгууллага байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болно.
Харин Сум хөгжлийн сангийн зээл 4.763.440 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлөгдөх 91.165 төгрөгийн 50 хувь болох 45.582 төгрөгийг хариуцагч С.Баянмөнхөөс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага Сум хөгжүүлэх сангийн зээл 4.763.440 /дөрвөн сая долоон зуун жаран гурван мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг хариуцагч С.Баянмөнх төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч С.Баянмөнхөөс улсын тэмдэгтийн хураамжинд 45.582 /дөчин таван мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ