| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0044/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/051 |
| Огноо | 2021-02-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/051
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч Ч.Б ,
Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ч.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000039 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,******* овогт *******гийн *******,******* тоот регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг 3-06-15 тоотод иргэн Ш.С ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг 3-06-15 тоотод иргэн Ш.С ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ...
Хохирогч Ш.С ын ... 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэрээсээ гараад 15 цагийн орчим *******гийнд очиход *******, дүү Ч.Б нар байсан. ******* яндангаа аваад тавьсан, яндангийн тогтоогуур төмрөө янзлах гээд байж байхаар нь би гэр дээр нь гараад яндангийн тогтоогуур төмрийг 2 хадаасаар хадаж өгчхөөд буугаад гэрт нь ороод хойморт нь суухад Ч.Б архи ууж байгаа бололтой газар 0.33 литртэй Ерөөл архи тавьсан, орон дээрээ хэвтэж байгаад надад архинаасаа жижиг шинжтэй аяганд хийж өгөхөөр би уугаад өгтөл Ч.Б нь гараараа миний толгой руу цохисон. Би тухайн үед ухаан алдсан. Тэгээд сэрэхэд толгойноос цус гарч байхаар нь явъя гэж бодтол ******* гэрээсээ авч гараад гудамжинд цуг явж байхад *******гийн хүү болох ******* машинтай ирээд авч яваад хашааны гадаа буулгаж өгчхөөд яваад өгсөн. Би гэртээ орсон, миний толгойноос гарсан цус тогтохгүй байхаар нь манай охин цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар намайг авч яваад эмнэлэгт авчирч оёо хийлгүүлсэн юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13, 44-45/,
Гэрч *******ы ... Манай аав өнөөдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 14 цагийн үед гэртээ байж байгаад амьчуул явчхаад ирье гэж хэлээд гараад явсан. Тэгээд ирэхгүй байхаар нь утас руу нь залгахад аав нь толгойгоо хагалуулчихлаа гэж хэлэхээр нь гэртээ хүрээд ир гэж хэлэхэд 16 цаг өнгөрч байхад гэртээ бага зэрэг архи уусан ирсэн. Тэгээд харахад толгойн баруун дээд дагзны хэсгээс цус гарсан, цус нь тогтохгүй байхаар нь цэвэрлэж өгтөл тамхи татаж байгаад унахаар нь уналтын эмийг нь өгтөл удалгүй эргээд сэргэсэн юм. Тэгээд цагдаагийн газарт дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирээд аав авч яваад эмнэлэгт үзүүлээд оёо тавиулсан юм. Манай аав танил ******* гэх айлд очно гээд явсан. ******* гэх хүний дүү нь толгойг нь хагалсан гэсэн байх ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/,
Гэрч *******гийн ... ******* гэрт орж ирээд унтах гээд хэвтэж байтал манай дүү Ч.Б *******ыг бос гэж хэлтэл ******* босоод ирэх үед Ч.Б *******ын толгой руу нь гараараа цохих үед би дүүг хойш нь түлхээд орон дээр дарж аваад эргээд *******ыг харах үед толгойноос нь цус гарч байхаар нь гараад байж бай гэж хэлэхэд ******* гараад явахаар нь араас нь гарч толгой руу нь ус хийж өгөөд цусыг нь тогтоогоод гэрт нь хүргэж өгсөн. Манай дүү Ч.Б нь *******ыг аягаар цохиогүй, гараараа цохисон юм. ******* нь согтуу байсан тул тухайн үед болсон зүйлийг андуурч яриад байх шиг байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18, 47-48/,
Шүүгдэгч Ч.Б ... 2021 оны 01 сарын 03-ны өдөр ******* эгчийнд орж ирээд гэрийн хойморт хэвтэхээр нь би бос, яв гээд мөрнөөс нь татаж босгоод толгой руу нь гараараа цохиход орны толгой мөргөсөн. Би хүний биед гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөр байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69/,
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 сарын 07-ны өдрийн 38 тоот шинжээчийн ... Ш.С ын биед тархи доргилт, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Ч.Б д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Ч.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Ш.С шүүгдэгч Ч.Б нар нь эвлэрч эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 66 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Ч.Б гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн гар утсыг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт Ч.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Б д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Б д мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ч.Б эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож, эд хөрөнгө биүтүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА