Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/052

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Улсын яллагч Г.Цогтмагнай,

Шүүгдэгч Ж.Д ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр,   

Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ж.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000027 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.      

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* овогт *******н *******, ******* тоот регистрийн дугаартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Д нь 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2 дугаар багт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр Б.А ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь баруун шанаа, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тус өдөр дуүдлагаар очсон хууль сахиулагч болох Баянхонгор аймгийн Баацагаан сумын хэсгийн төлөөлөгч Ц.Б , хэсгийн цагдаа Э.Б  нарыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хэсгийн цагдаа Э.Б ын биед халдаж “хамарт зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулан хүч хэрэглэсэн, мөн хэсгийн цагдаа Э.Б  болон хэсгийн төлөөлөгч Ц.Б  нарыг “та 2 шиг писдануудад хамаа байхгүй, төрийн хувцас өмссөн пизданууд минь ална шүү, зайндаа гараад зодолдоё” гэж хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Ж.Д  нь 2021 оны 01 сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2 дугаар багт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр Б.А ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь баруун шанаа, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тус өдөр дуүдлагаар очсон хууль сахиулагч болох Баянхонгор аймгийн Баацагаан сумын хэсгийн төлөөлөгч Ц.Б , хэсгийн цагдаа Э.Б  нарыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хэсгийн цагдаа Э.Б ын биед халдаж “хамарт зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулан хүч хэрэглэсэн, мөн хэсгийн цагдаа Э.Б  болон хэсгийн төлөөлөгч Ц.Б  нарыг “та 2 шиг писдануудад хамаа байхгүй, төрийн хувцас өмссөн пизданууд минь ална шүү, зайндаа гараад зодолдоё” гэж хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн болох нь ...

Хохирогч Э.Б ын ... 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баацагаан сумын Цагдаагийн хэсэгт байж байхад иргэн ******* шөнийн 01 цагийн орчимд биечлэн ирээд “Манай дүү А ыг нөхөр нь болох Д зодоод агсан тавиад байна” гэх дуудлагыг өгсөн. Тус дуудлагын дагуу хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ц.Б  дуудлага өгсөн иргэн ******* бид 3 явсан. Д  гэгчийн гэр нь сумын төвөөс 40 орчим километрийн зайтай газарт байдаг юм байна лээ. Дуудлагын дагуу очиход Д  гэгч нь унтаж байсан. Харин эхнэр, хүүхдүүд нь нөгөө талын орон дээр сууж байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч А  гэгчээс юу болсон талаар тодруулахад “Нүүр лүү алгадсан. Агсраад дайраад зодоод байна. Энэ одоо босож ирээд дахин агсарна. Аваад яваарай” гэсэн ба тухайн үед А  гэх хүний нэг талын хацар нь хөхөрсөн байсан. Тэгээд Д  гэгчийг сэрээгээд “Юу болсон бэ” гэж асуухад “Яасан пизданууд минь би зүгээр байна. Намайг авч явахаар ирсэн үү. Амжихгүй шүү” гээд босоод ирсэн. Тэгснээ бид нартай цуг очсон ******* гэх хүн рүү “Цагдаа нарыг чи дагуулж ирээ юу” гээд шууд дайрсан. Тэгэхээр нь би “Та боль ингэж болохгүй” гээд ор луу нь суулгасан чинь хэсгийн төлөөлөгч бид хоёр луу хандаад “Та хоёрыг мэдэхгүй юм байна. Хоёр бацаан минь” гээд орилоод байсан. Ингээд байж байхад А ын ээж нь нэг хүний хамт ирсэн ба тэр хоёрыг ирсэн чинь ээж нь гэх хүн рүү мөн дайраад “Ална шүү” гээд ширээг өшиглөж авахаар нь хэсгийн төлөөлөгч бид хоёр Д  гэх хүнийг тайвшруулах гээд гадагшаа дагуулж гарсан чинь намайг шууд заамдаж авсан. Тэгэхээр нь заамдсан хоёр гарын салгаад “Та тайвшир” гээд хэсэг бариад зогсож байсан чинь гайгүй болсон ба эргээд гэр лүүгээ буцаж орсон. Гэрлүүгээ орсноо эргээд агсраад “Энэ хоёртой үзчихье” гээд өмссөн байсан хувцсаа тайлаад шууд гэрээс гарч явсан. Тэгэхээр нь араас нь гарсан чинь шороо самардаад бид хоёр луу цацаад зугтаасан. Тэгэхээр нь араас нь гүйгээд барьж авах гэсэн чинь зайгаа мэдрээд хэсгийн төлөөлөгч бид хоёрыг цохих гээд хоёр гараа саваад байсан. Тэгээд арай гэж барьж авсан чинь миний хувцаснаас барьж аваад тавихгүй зууралдаад байсан. Зугтаж байхдаа эргэж харснаа “Та хоёртой үзчихье. Нэг нэгээрээ хүрээд ирээ” гээд байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч бид хоёр Д ыг барьж аваад хэсэг зогсоогоод тайвшруулсан чинь гайгүй болсон. Тэгээд “Энэ хүний хувцсыг нь аваад ир” гэсэн чинь нэг эмэгтэй хүн хувцсыг нь өмсгөөд машинд суулгаад хөдөлсөн юм. Д  гэгчийг гадаа бариад зогсож байхад “Та хоёр намайг тавих юм бол өнөө шөнө би хүн алах байх” гээд байсан. Мөн эхнэр лүүгээ болон гэрт нь ирсэн ээжрүү нь дайраад байхаар нь түүнийг саатуулах шаардлагатай байна гэж бодоод авч явах гээд удаа дараа шаардлага тавьсан боловч эсэргүүцээд хэл амаар доромжлоод байхаар нь хэсгийн төлөөлөгч бид хоёр 2 талаас нь бариад машинд суулгасан юм. Тэгээд дөнгөж хөдлөх гэж байхад Д  “Картаа гэрт үлдээсэн байна” гэсэн. Тэгсэн машин бариад явж байсан ******* “Би аваад ирье” гээд буугаад явсан. Тэгсэн шууд миний нүүр лүү 1 удаа гараараа цохиод толгойгоороо мөргөсөн. Тэгэхээр нь би хоёр гарыг нь барьж авах гээд байж байхад урд сууж байсан хэсгийн төлөөлөгч машинаас буугаад гүйж ирээд машины хаалгыг онгойлгоод Д ыг надаас холдуулаад нөгөө талаас нь суугаад тэгээд бид хоёр “2 талаас нь барьж байгаад цагдаагийн хэсэг дээр авчирсан. Замдаа явж байхад буух гээд ноцолдоод хэл амаар янз бүрээр доромжилсон. “Хоёр банди минь ална шүү. Үзэх үү. Надад хууль үйлчлэхгүй шүү” гэх мэтээр доромжилсон. Тэгээд цагдаагийн хэсэгт авчраад цаг гаран саатуулж байгаад сумын төвд байх найз нь гэх ******* гэгчид хүлээлгэж өгсөн. Хамар халцарсан толгойн ар хэсэг бага зэрэг хавдсан. Пикейжний баруун гар талын нарийн богино товчтой хэсэг яь тасарсан. Мөн оёдол нь задарсан байгаа. (Тасарсан хэсгийг нь гаргаж өгье миний утсанд оёдол нь задарсан хэсгийнх нь зураг нь байгаа.) Түүний хувьд бид нарыг очингуутаа тэнд байсан эхнэр, ******* нар луу дайраад байсан ба “Та ингэж болохгүй. Таныг шаардлагатай бол саатуулах болно” гэж хэлсэн чинь “Хоёр банди минь ална шүү” гэж дайраад байсан. Эхнэр нь ч мөн “Энэ хүнийг авч яваарай. Тэгэхгүй бол дахин намайг зодно” гэхээр нь “Цуг явах шаардлагатай байна” гэхэд “Чадахгүй. Би хэн нэгнийг ална. Пизданууд минь” гэж хэл амаар доромжилж урдаас зодолдох гээд байсан. Хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Тусгай хэрэгсэл огт хэрэглээгүй. Шаардлага эсэргүүцээд байхаар нь гарын арагшаа болгосон юм … гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25/,

Хохирогч Ц.Б ын ... 2021 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 23 цаг 50 минутад иргэн ******* кобаны гадаа ирээд “Манай төрсөн дүүг Баацагаан сумын 2 дугаар баг “Богинын сайр” гэдэг газар нөхөр нь агсан тавиад зодоод байна” гэх гомдол мэдээлэл ирсэн. Тэгээд би цагдаатайгаа болон дуудлага өгсөн залуутай 50 километрийн зайтай байх дүүгийнд нь очихоор сумаас гараад 1 цаг явж очсон. Тэгээд дуудлага өгсөн залуугийн дүүгийнд ороход агсан тавьсан гэх залуу түүний эхнэр хоёр хүүхдийн хамт байсан. Тэгээд би цагдаатайгаа ороод агсан тавьсан залууд “Та яагаад архи уугаад гэр бүлдээ агсан тавиад байгаа юм бэ” гэхэд “Та 2 шиг пиздануудад хамаа байхгүй. Төрийн хувцас өмссөн пизданууд минь ална шүү” гэж хэл амаар доромжилсон. Тэгээд гэртээ хувцсаа тайлж нүцгэлээд эхнэр болон эхнэрийнхээ төрсөн ахыг хэл амаар доромжилж утас шидсэн. Тэгээд цагдаатайгаа түүнийг гэрээс нь авч гарахад “За одоо ингээд зайндаа гараад зодолдъё пизданууд минь” гэж хэлээд урдаас эсэргүүцэл үзүүлээд байхаар нь барьж аваад машиндаа аваачаад цагдаа *******тай машины ард суулгаад би өөрөө машины урд суучихсан байхад манай цагдааг гэнэт шанаа руу нь цохиж аваад хамар луу нь мөргөсөн. Тэгээд би буугаад салгаж аваад 2 талд нь сууж сум руу ирсэн. Надад учирсан гэмтэл шарх сорви байхгүй. Д  гэгч залуу цагдаа бид хоёрын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/,

Хохирогч Б.А ын ... Д тай 2009 онд анх танилцаад тэрнээс хойш үерхэж байгаад 2012 онд нэг гэрт орсон юм. Одоо бид хоёрын дундаас гарсан 2 хүүхэд байдаг юм. Манайх мал маллаж амьдралаа залгуулдаг айл байгаа юм. Д ын хувьд нэг их архи уугаад байдаггүй. Эрүүл үедээ зүгээр харин уучихаараа тавтиргүй сонин зантай болчихдог юм. 2020 он гарснаас хойш 2 удаа гар хүрсэн. Урьд нь огт тийм асуудал гаргадаггүй байсан. Дээрх 2 удаа зодоход миний биед ямар нэгэн байдлаар гэмтэл учраагүй. Ер нь хөл гар луу цохиж авдаг юм. Шалтгаан нь гэвэл ахуй амьдралын ойр зуурын юманд маргаж муудалцахад л цохиж авдаг. Тэгээд өчигдрийн болсон явдалтай нийлээд 3 дахь удаагаа ийм асуудал үүсгэж байна. Харин хүүхдүүддээ бол огт гар хүрдэггүй. Хамгийн эхний 2 удаагийн болсон явдлын талаар хэн нэгэнд хэлж байгаагүй. 2021 оны 01 дүгээр сарын 01-ний оройн 19 цагийн үед байх нөхөр “Адуунд явчхаад ирье” гээд яваад 23 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Ирэхдээ ганцаараа ирсэн ба архи уусан нэлээн согтуу байсан. Хаашаа явж байгаад ирсэн талаар нь асуухад “Урагшаа айлд байж байгаад ирлээ” гэж хэлсэн. Тэгэхэд би орондоо орсон байсан юм. Тэгсэн намайг “Бос” гээд миний хөнжлийг татаад байхаар нь “Яах гээд байгаа юм бэ” гэсэн чинь “Бос, бос” гээд татсаар байгаад босгосон. Тэгээд босоод хувцсаа өмсөөд гэрийн 2 баганын хажууд зогсож байсан чинь зүүн талын хацар луу 1 удаа алгадсан. Түүнийг алгадахад би хажуу тийшээгээ саваад гэрийн баганыг мөргөөд газарт унасан юм. Тэгсэн “Бос пизда минь. Ахыгаа дууд” гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад утсаа аваад эхэлж ээж рүүгээ ярих гэсэн чинь миний утсыг авчхаад ээж рүү “Балай авгай минь энэ нэг юмаа ирж ав” гэж хэлээд утсаа салгасан. Тэгэхээр нь би ах ******* мессенжерийн видео коллоор залгаад “Д  агсраад сая намайг алгадаж авлаа” гэж хэлсэн чинь Д  миний утсыг булааж аваад ахтай янз бүрийн юм яриад хэрэлдээд байсан. Тэр хэлэхдээ “Хүрч ирээд дүүгээ ав. Чи ганцаараа ир. Чамайг ална” гэж хэлээд утсыг салгасан. Тэгээд би гэрээсээ гараад гэрийнхээ хойно хэсэг зогссон юм. Тэгсэн Д  гэрээс гараад мотоциклоо унаад яваад өгөхөөр нь буцаж гэр лүүгээ орсон. Тэрнээс хойш бараг цагийн дараа байх гэртээ ирсэн. Ирчхээд “Ахыгаа дуудсан уу” гэж хэлчхээд орон дээр дөнгөж хэвтээд байж байхад ******* ах цагдаа нарын хамт ирсэн. Цагдаа нар ирээд надаас “Юу болсон бэ” гэхээр нь “Д ыг агсраад нүүр лүү цохисон” гэдгийг хэлээд байж байхад нөхөр өөрөө босож ирээд 2 цагдаа руу дайрсан. Тэр хоёр цагдаа түүнийг орон дээр дарж авсан. Ингээд байж байхад ээж эд нар ирсэн. Тэгээд ерөөсөө тэнд байсан бүх хүмүүс рүү дайраад байсан. Бид нар луу дайраад байхаар нь цагдаа нар түүнийг авч гарсан. Ингэж гараад удаа ч үгүй 5-10 минут болсон байх эргээд орж ирсэн. Орж ирснээ бас л бид нар луу дайраад “Бүгдийг чинь ална шүү”, “Муу балай авгай минь” гээд ээж рүү орилоод байсан. Тэгсэн 2 цагдаа “Та яагаад байгаа юм бэ? Ингэж болохгүй” гэсэн чинь “Та 2 намайг амжих уу. Бүгдийг чинь ална. Та нар яасан олуулаа ирдэг юм бэ” гээд дээгүүрээ өмссөн дээлээ дээшээ сөхөж тайлчхаад гэрээс гүйгээд гарахаар нь араас нь хоёр цагдаа гарсан. Би өөрөө араас нь гараагүй болохоор гадаа юу болсон эсэхийн мэдэхгүй байна. Ингээд байж байхад Д ын төрсөн дүү нь нөхрийнхөө хамт ирсэн. Тэгээд байж байхад цагдаа нар Д ыг авч явахаар болоод охиноо гадуурх хувцсыг нь гаргаж өгсөн байх. Тэгээд би хүүхдээ аваад ээжийнх рүү явсан. Одоохондоо юм мэдэгдэхгүй байна. Тус өдрийн өглөө босохгүй хэвтээд байхаар нь “Босож малаа тэжээгээч” гэж хэлсэн чинь уурлаад хэрэлдээд байсан. Тэрэндээ юм бодож ирээд агсарсан байх. Цагдаа нарт хандаад “Ална шүү” гэж хэлээд “Та зүгээр бай. Яагаад байгаа юм бэ” гэхэд учир зүггүй дайраад ноцолдоод байсан. Цагдаагийн албан хаагчид та гэр орондоо ингэж агсам тавьж болохгүй гээд хэлсэн боловч тоогоогүй... Эхний удаагийнх болохоор 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байсан. Манай нөхөр согтуу ирээд намайг нэг удаа л хөл рүү өшиглөсөн. Тухайн үед гэр бүлийн ойр зуурын маргаанаас болсон юм. Тухайн үед гэр бүлийн ойр зуурын маргаанаас болсон юм. Тухайн үед өөр цохисон зүйл байхгүй. Дараагийнх болохоор 2020 оны 12 дугаар сарын эхэн үеэр санагдаж байна. Өдрийг нь санахгүй байна. Малаа хариулахаас болж маргалдаад манай нөхөр намайг нэг удаа нүүр лүү алгадаж авсан юм. Өөр зодож, цохисон зүйл байхгүй. Тухайн үед манай нөхөр намайг цохиход ямар нэг гэмтэл учраагүй юм. Намайг цохисон талаар мэдэж байгаа болон харсан хүн байхгүй. Ганц гэрээрээ байдаг. Би нөхрийгөө цохисон талаар ямар нэг хүнд хэлээгүй. Харин саяны тохиолдлыг хэлсэн юм. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36, 38/,

Гэрч *******гийн ... 2021 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 22 цагийн үед сайн санахгүй байна. Хөдөө гэртээ байж байсан чинь охин А ын утаснаас дуудлага ирсэн. Авсан чинь хүргэн Д  байсан ба надад хандаад “Хар авгай минь ирж янхан хүүхнээ ав” гэж хэлээд утсаа салгасан. Тэгэхээр нь эргүүлээд залгаад А аас “Юу болсон бэ” гэсэн чинь “Энэ нэг юм архи уучихаад агсраад зодоод байна. Ирж ав” гэж хэлсэн. Тэгэхээр нь сандраад гэрээсээ хүүхэд *******гийн хамт машинтай гараад А ынд очиход сумын цагдаа нар ирсэн байсан ба Д ыг 2 талаас нь бариад орон дээр суулгасан байсан. Д  болохоор самардаад байгаа юм уу яагаад байгаа нь мэдэгдэхгүй нөгөө хоёр цагдаа руу ч бид нар луу ч дайраад байсан. Тэгснээ намайг харснаа “Муу хар авга минь энэ янхныг аваад зайл” гэж хэлсэн. Тэгсэн сумын хэсгийн төлөөлөгч “Та тайван бай. Яагаад ингээд байгаа юм бэ? Гадаа гараад ярилцъя. Та тайвшир” гэж Д ыг дагуулаад гарсан. Ингэж гараад удаа ч үгүй 5-10 минут болсон байх эргээд орж ирсэн. Орж ирснээ бас л бид нарлуу дайраад “Бүгдийг чинь ална шүү. Муу балай авгай минь” гээд орилоод байсан. Тэгсэн хоёр цагдаа “Та яагаад байгаа юм бэ? Ингэж болохгүй” гэсэн чинь “Та 2 намайг амжих уу. Бүгдийг чинь ална. Та нар яасан олуулаа ирдэг юм бэ?” гээд дээгүүрээ өмссөн дээлээ дээшээ сөхөж тайлчихаад гэрээс гүйгээд гарахаар нь 2 цагдаа араас нь гарсан. Би өөрөө араас нь гараагүй болохоор гадаа юу болсон эсэхийг мэдэхгүй байна. ... Хацар хөхөрсөн байсан. Нэг их согтуу байгаагүй. Би хувьдаа харахад Д д цагдаа нар аль болох ойлгуулах гээд ярьсан боловч тэр өөрөө л агсраад тэд нарыг хэл амаар доромжлоод байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/,

Шүүгдэгч Ж.Д ын ... “2021 оны 01 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн үед Баацагаан сумын 2 дугаар багт найзындаа очсон чинь найз байхгүй байсан гэрт нь ширээн дээр нь 0.5 литртэй архи байхаар нь ганцаараа хийж уучихаад гэртээ ирсэн. Тэгтэл эхнэр “Хаагуур яваад ирэв” гээд байхаар нь уурлаж хэрэлдэж байсан. Тэрнээс хойшхыг санахгүй байна. Нэг мэдсэн Баацагаан сумын төвд Цагдаагийн байранд буюу 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө ирсэн сэрсэн байсан юм. Миний хувьд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч байна. Архи согтууруулах ундаа дахин хэрэглэхгүй. Хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 86/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №6 тоот шинжээчийн .... Б.А ын биед баруун шанаа, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх       эмнэлгийн    гэмтлийн зэрэг        тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 59/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №5 тоот шинжээчийн ... Э.Б ын биед хамарт зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 63/,

Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 17-19/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Хэрэгт авагдсан баримтуудад үндэслэж хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Ж.Д  нь 2021 оны 01 сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2 дугаар багт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр Б.А ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь баруун шанаа, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тус өдөр дуудлагаар очсон хууль сахиулагч болох Баянхонгор аймгийн Баацагаан сумын хэсгийн төлөөлөгч Ц.Б , хэсгийн цагдаа Э.Б  нарыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хэсгийн цагдаа Э.Б ын биед халдаж “хамарт зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулан хүч хэрэглэсэн мөн хэсгийн цагдаа Э.Б  болон хэсгийн төлөөлөгч Ц.Б  нарыг “Та 2 шиг пиздануудад хамаа байхгүй, төрийн хувцас өмссөн пизданууд минь ална шүү, зайндаа гараад зодолдъё” гэж хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, түүний дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус хамаарагдаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

Шүүгдэгч Ж.Д  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Ж.Д д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна. 

Иймд шүүгдэгч Ж.Д ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хохирогч Б.А  нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн, хохирогч Ц.Б , Э.Б  нар нь нэхэмжлэх зүйлгүй тухайгаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ж.Д ыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч нарт учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

 Шүүх шүүгдэгч Ж.Д ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн шүүгдэгч Ж.Д ын эзэмшлийн 2 тооны адууг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч овогт Ж.Д ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох  ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох  ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох  ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Д ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох ялыг 2 жилийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Д д мэдэгдсүгэй.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ж.Д ын эзэмшлийн 2 тооны адууг түүнд буцаан олгож, эд хөрөнгө биүтүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай. 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.Д  нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.     

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА