| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/0348/и |
| Дугаар | 00348 |
| Огноо | 2017-03-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 00348
Зохигчийн эвлэрэлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Хөвсгөл аймгийн Төмөрбулаг Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвийн 10-05 тоотод оршин суух “Баавгай” овогт Чулууны Даваасүрэн /РЛ-66040402/-д холбогдох,
Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл, хүүгийн хамт нийт 7.246.390 /долоон сая хоёр зуун дөчин зургаан мянга гурван зуун ер/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг Засаг дарга Т.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Даваасүрэн нь 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр 9.000.000 /есөн сая/ төгрөгийг зээлж аваад 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зээлийг төлж барагдуулах байсан боловч зээлийн үлдэгдэл 6.460.000, хүү 473.100 төгрөг, алданги 313.290 төгрөг нийт 7.246.390 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Даваасүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ч.Даваасүрэн нь сум хөгжүүлэх сангаас 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 9.000.000 төгрөгний зээл авсан нь үнэн юм. Эдийн засгийн бололцоо муу учраас үлдэгдэл 6.460.000 төгрөг, хүү 473.100 төгрөгийг төлнө. Харин алданга 312.290 төгрөгийг төлөхгүй гэрээнд алдага гэж заагаагүй учир гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийсайхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Төмөрбулаг сумын нийгмийн ажилтан Д.Өлзийсайхан миний бие 5 дугаар багийн иргэн Ч.Даваасүрэнг сүү, сүүн бүтээгдэхүүн авсан чиглэлээр авсан зээлийн үлдэгдэл 6.460.000 төгрөг, хүү 473.100 төгрөг нийт 6.933.100 төгрөг төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна хялбаршуулсан журмаар шийдүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг Засаг дарга Т.Эрдэнэбат нь хариуцагч Ч.Даваасүрэнгээс 7.246.390 /долоон сая хоёр зуун дөчин зургаан мянга гурван зуун ер/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Ч.Даваасүрэн нь “....6.933.100 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна....” гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцаж “....нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 6.933.100 төгрөгийн хэмжээнд эвлэрч байна....” гэх тайлбараа шүүхэд тус тус ирүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын 6.933.100 төгрөг гаргуулах талаар харилцан тохиролцож зохигч талуудын эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т “төсвийн байгууллагын нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заасан, нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг дарга нь төсвийн байгууллага байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болно.
Харин Сум хөгжлийн сангийн зээл 6.933.100 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлөгдөх 125.880 төгрөгийн 50 хувь болох 62.940 төгрөгийг хариуцагч Ч.Даваасүрэнгээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийсайхан болон хариуцагч Ч.Даваасүрэн нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 6.933.100 /зургаан сая есөн зуун гучин гурван мянга нэг зуу/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч Ч.Даваасүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжинд 62.940 /жаран хоёр мянга есөн зуун дөч/ төгрөгийг нөхөн гаргуулаж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ