Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 38

 

Б.Буянцэцэгт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

          Прокурор А.Амгалан /цахимаар/

          Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Б.Буянцэцэгт холбогдох 1729000980015 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Номгон суманд 1988 онд төрсөн, 30 настай, халх, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, дуу хөгжмийн багш мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо баг, Бумбан-Овоогийн 8-2 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, Тайж овгийн Болдын Буянцэцэг /регистрийн дугаар: КЖ88111108/

          Б.Буянцэцэг нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Алтангэрэлээс зөрчилд холбогдсон жолооч Ц.Болдоо, Г.Гансүх, Л.Батсайхан, А.Энхсайхан, Б.Бат-Эрдэнэ, А.Ерөөлт, Б.Батсайхан нарын тээврийн хэрэгслийн бичиг баримтыг 1 хүний 280000 төгрөгөөр авч өгнө гэж хуурч, нийт 1960000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.  

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р прокурорын газраас Б.Буянцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг залилах гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Буянцэцэгийг цагаатгаж, Б.Буянцэцэгт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт иргэний нэхэмжлэл, эд хөрөнгө хурааж болзошгүй байдлыг хангах зорилгоор арга хэмжээ авагдаагүй бөгөөд, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Буянцэцэг бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

          Прокурор эсэргүүцэлдээ: “...Шүүх шийдвэрээрээ шүүгдэгч Б.Буянцэцэгийг “Б.Алтангэрэлтэй ямар нэгэн харилцаа үүсгээгүй” болохыг тогтоосон атлаа харилцаа үүсгэсэн, хэлцэл хийгдсэн мэтээр, өөрөөр хэлбэл “нэг хүний бичиг баримтыг 280000 төгрөгөөр авч өгнө” гэж үгээр хуурч, мөнгө шилжүүлэн авч, өөртөө эдийн ашигтай байдал бий болгосон үйлдлийг ямар ч нотлох баримтаар үгүйсгээгүй, мөн харилцаа үүсгэх байсан мэтээр, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд бус дүгнэлт хийж, шүүгдэгчийг цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

           Хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Ууганцэцэг, шүүгдэгч Б.Буянцэцэг нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг хөдөлбөргүй нотолдог бөгөөд шүүх нь шийдвэртээ хэрэгт хамааралтай цагаатгах ямар нотлох баримт байгааг болон түүний агуулгыг дурдахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

          Шүүгдэгч Б.Буянцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт нэр бүхий жолооч нарын гаргасан зөрчил нь 500000 төгрөгөөр торгох хэмжээний мөнгөн торгуультай зөрчил байсныг лавтай мэдэж байсан талаараа мэдүүлсэн боловч эрх бүхий албан тушаалтантай, өөрөөр хэлбэл сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Алтангэрэлтэй ярьж, торгуулийн хэмжээг 280000 төгрөг болгож бууруулсан мэтээр зохиомол байдлыг бий болгон хуурч, 1960000 төгрөгийг шилжүүлэн авсан, энэ үйлдэлдээ албан тушаалтны нэрийг ашигласнаар энэ гэмт хэрэг бүрдэл төгсөх бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирол, хор уршиг учирсанд тооцогдоно.

          Шүүх цагаатгах тогтоолдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарын талаар дурдсан ба энэхүү заалт нь шүүхэд ч хамааралтай заалт бөгөөд хэрэв шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, нотолбол зохих байдлыг бүрэн шалгуулах ёстойгоос бус энэ нь шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болохгүй юм.

          Иймд анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулж гаргасан тайлбартаа: Б.Буянцэцэгийн бусдаас 1960000 төгрөг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулдагүй байна. Өөрөөр хэлбэл Б.Буянцэцэг нь хохирогч Б.Алтангэрэлийг хуурч залилаагүй, тухайн мөнгийг түүнээс аваагүй бөгөөд зөрчилд холбогдсон гэх 7 жолооч нь өөрсдөө хоорондоо ярьж тохиролцоод Б.Буянцэцэгийн данс руу мөнгө шилжуүлсэн байдаг.

            Тухайн хэрэгт Б.Буянцэцэг нь Б.Алтангэрэлийн нэрийг барьсан, түүний нэрийг ашигласан зүйл огт байхгүй. Бусдын нэрийг барьж бусдыг хуурах, залилах гэдэг бол шүүгдэгч Б.Буянцэцэгийн үйлдлээс тэс өөр ойлголт юм.

            Анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Буянцэцэгийг цагаатгах үндэслэлийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, Б.Буянцэцэгийн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжгүй, хэрэг бүртгэлтийн шатанд буцаах үндэслэлгүй гэж тодорхой тайлбарласан гэж үзэж байна.

           Ийм дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

           Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Б.Буянцэцэг нв бусдыг залилан мэхлэхдээ эрх бүхий албан тушаалтан Б.Алтангэрэлийн нэрийг урвуулан ашиглаж, залилан мэхэлсэн байдлыг яллах дүгнэлтэндээ тодорхой дурдсан. Гэтэл анхан шатны шүүх завших гэмт хэрэг биш төөрөгдөлд оруулах гэсэн дүгнэлтийг хийсэн. Энэ нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хэргийн нөхцөл байдлаас аваад үзэхээр байгаль орчны байцаагч Б.Алтангэрэлтэй ярьсан мэтээр бусдыг хуурсан нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогддог.  Шүүгдэгч мөн өөрөө ч энэ талаараа мэдүүлэг дээрээ хэлсэн байдаг. Би тэр хүнтэй яриагүй, ярих талаар бодож байсан гэж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлсэн байдаг. Шүүгдэгч нь нэг хүний 280000 төгрөг нийт 1960000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан нь тогтоогддог. Шүүх үүн дээр дүгнэлт хийхдээ шийтгэлээс чөлөөлөх, ялаасаа багасгуулах гэж нотлогдоогүй үйл баримтад тулгуурлан дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа бол тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн саналын хүрээнд явагдах ёстой. Шүүх шийтгэлээс чөлөөлөх, шийтгэлийн хэмжээг багасгах талаар яриагүй, хавтаст хэрэгт энэ талаар ямар нэгэн баримт авагдаагүй. Б.Алтангэрэл нь би Б.Буянцэцэг гэдэг хүнийг танихгүй гэсэн мэдүүлэг нь гэм буруутай үйлдлийг нь нотолж байгаагаас бус шүүгдэгчтэй ямар нэгэн харилцаа үүсгээгүй гэдэг нь давхар нотлогдож байна. Мөн хохирлын хэр хэмжээг яллах дүгнэлтэндээ тусгаагүй гэсэн дүгнэлтийг хийсэн. Шүүгдэгчийн хувьд хэдэн төгрөг завшсан нь тодорхой бичигдсэн.

Харин хохирогч Б.Алтангэрэлийн хувьд албан тушаалыг нь урвуулан ашиглаж, нэр хүндийг нь ашигласан үйлдэлд ингэж хохирсон гэж яллах дүгнэлтэд бичих боломжгүй юм. Орон нутгийн хэмжээнд бусдын нэр хүндийг ашиглаад, бусдад ажлыг нь бүтээж өгнө гэсэн хэрэг цөөнгүй гардаг. Яг хэрэг дээрээ яриагүй, ярих ёстой биш, ийм хууль бус үйлдлийг таслан зогсоох ёстой гэж үздэг. Эсэргүүцлээ бүрэн дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалангийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр бичсэн 5/05 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

          Хэргийн бүх ажиллагааг хянахад иргэн Б.Алтангэрэлээс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн тасагт ...тээврийн хэрэгслүүдийн бичиг баримтыг Б.Алтангэрэлээс авч өгнө гэж худал хэлэн машин тус бүр дээр 280000 төгрөг хураан авсан тухай жолооч нар мэдээлэл өгсөн тул хууль бус үйлдлийг шалган тодруулж хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан /хх-9/. Иргэн Б.Алтангэрэл нь өргөдөлдөө өөрт учирсан хохирлын талаар нэхэмжлээгүй, Б.Буянцэцэгт түүний зүгээс сайн дураараа мөнгөө шилжүүлж өгсөн талаар дурдаагүй байхад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа иргэн Б.Алтангэрэлээс гэрчийн мэдүүлэг авахгүйгээр түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д заасан хохирогч гэж буруу тодорхойлон түүнийг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

           Хавтас хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн Ц.Болдоо /хх-29/, Г.Гансүх /хх-31/, Л.Батсайхан /хх-33/, А.Ерөөлт /хх-35/, Б.Батсайхан /хх-37/, А.Энхсайхан /хх-39/ нар нь өөрсдөө сайн дураараа мөнгөө Б.Буянцэцэгт шилжүүлэн өгсөн, тээврийн хэрэгслийн бичиг баримтыг нь авч өгч чадахгүй болсон болохоор нь өгсөн мөнгөө буцаагаад шаардаж авсан гэж мэдүүлсээр байхад мөрдөгч нь хохирогчоор тогтоогдвол зохих дээрх хүмүүсийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авах ажиллагааг хийгээгүй байна.

            Прокурор нь Б.Буянцэцэгийг бусдыг хуурч залилсан гэж яллахдаа хуурагдсан хүмүүсийг хохирогчоор тогтоогоогүй нь ойлгомжгүй байхад шүүх энэ тухай дүгнэлт хийгээгүй байна.

          Хяналтын прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй учир эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй,  мөрдөгч, прокурор нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тул давж заалдах шатны шүүхээс “цагаатгах тогтоолыг” бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалангийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр бичсэн 5/05 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

           3. Б.Буянцэцэгт холбогдох 1729000980015 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА