Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 516

 

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийж, БГДИТХААД-ын  Нийслэл  дэх Төрийн аудиторын газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/33-НТАГ-2018/387/СТА-ТШЗ дугаар “Төлбөр барагдуулах тухай” акт, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/36-НТАГ-2018/387/СТА-ТШЗ дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 567 дугаар Аудитын гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй, Н  д Т а газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Д.О, А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч БГДИТХААД дарга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Н  д Т а газар нь БГДИТХ-ын 2017 оны санхүүгийн тайланд аудит хийн тайлант хугацаанд дараах зөрчил илэрсэн гэж үзэн Нийслэл дэх Төрийн аудиторын газрын аудитор М.Л-ийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/33 НТАГ-2018/387/СТА-ТШЗ төлбөр барагдуулах тухай актад “Суудлын авто машин хэрэглэх албан тушаалтны жагсаалтад багтаагүй дэд дарга нар автомашин хэрэглэн шатахууны зардалд 2.636.000 төгрөг зарцуулсан зөрчилтэй гэж акт тогтоож Нийслэлийн төрийн сан дахь НТАГ-ын  хүү торгууль 10020000908 тоот дансанд төвлөрүүлэх, 

2. Нийслэл дэх Төрийн аудиторын газрын аудитор М.Л-гийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/36-НТАГ-2018/387/СТА-ТШЗ зөрчил арилгуулах тухай тухай албан шаардлагад дараах зөрчил дутагдал илэрсэн гэж дүгнэн арилгуулахаар шаардлага гаргасан. 

 2.1. Ой баяр ёслол, спортын уралдаан тэмцээний зардалд 10,563.3 мянган төгрөг, хурлын үйл ажиллагаа сурталчлахад 21,722.0 мянган төгрөг зарцуулсан,

2.2. “Ж п” ХХК, “Ж к” ХХК, “И б т” ХХК, “М ү ц х” ХХК-уудтай ажил үйлчилгээ бараа худалдан авахдаа тендер шалгаруулалт явуулаагүй, шууд гэрээ байгуулан 128,232.2 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн,

2.3. Тайлант жилд өмнөх оноос 12 хүнээр орон тоо нэмснээр /намын бүлгийн ажилтан-6, нийтлэг үйлчилгээний албаны дарга-1, нийтлэг үйлчилгээний албаны дэд дарга-1, зохион байгуулагч-2, дэд дарга-2/ үндсэн цалин 83,143.3 мянган төгрөгөөр нэмэгдсэн зөрчил илэрсэн гэж дүгнэн дээрх зөрчлийг арилгах шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй нь дараах хууль зүйн үндэслэлээр уг актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. 

Д-ийн  ИТХ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.” гэж заажээ. 

Хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд БГДИТХД-ын 2016 оны А/129 дүгээр захирамжаар “Дуудлагын автомашин ашиглах журам”-ыг баталж, дуудлагын автомашиныг ажлын албанд ашиглаж байна. 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Хурлын Тэргүүлэгчид ажлын албатай байх бөгөөд түүний орон тоо, цалингийн санг Төсвийн тухай хуулийн 10.1.2-т заасан тухайн жилийн төсвийн хязгаарт багтаан Тэргүүлэгчид өөрөө тогтооно.”, 23 дугаар зүйлийн 23.14-т “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална.” гэж заасны дагуу БГДИТХ-ын 2016 оны 1/06 дугаар тогтоолоор батлагдсан “БГДИТХ-ны дэг”-ийн 2.3-т “ДИТХ нь дарга, дэд дарга нар, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргатай байна.”, 2.4-д “дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга нарыг Тэргүүлэгчдийн Хуралдаанаар хэлэлцэж батална” гэж зааснаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор ажлын албаны бүтэц орон тоог тус тус баталсан нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Баянгол дүүргийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг хүлээн авах арга хэмжээ зохион байгуулж заал, хөгжим тоног төхөөрөмжийн түрээсийн зардал гаргасан нь баяр ёслолын арга хэмжээнд зардал гаргасан гэх үндэслэлгүй байна. 

“Ж п” ХХК, “Ж к” ХХК, “И б т” ХХК, “М ү ц х” ХХК-уудтай ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан худалдан авалт хийхдээ тухай бүр Д-ийн ИТХД-ын захирамж гарч худалдан авалт хийсэн бөгөөд худалдан авалт бүр нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон босго үнэ 10.000.000 сая төгрөгийн үнийн дүнг давсан худалдан авалт хийгдээгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

Хариуцагч Нийслэл дэх Төрийн аудиторын газрын дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: 

1. Нэхэмжлэлийн “Хязгаарлалттай санал дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай шаардлагын тухайд: Аудитын Олон Улсын стандарт (АОУС) 320 “Аудитыг төлөвлөх ба гүйцэтгэх үеийн материаллаг байдал”-ын 5-д “Аудитор аудитыг төлөвлөх гүйцэтгэхдээ хоёуланд нь мөн тогтоогдсон алдаатай тайлагналуудын санхүүгийн тайлангуудад үзүүлэх нөлөөг үнэлэхдээ, мөн аудитын тайланд дүгнэлтээ бичихдээ материаллаг байдлын ойлголтыг ашиглана.”, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 203 тоот тушаалаар батлагдсан Санхүүгийн тайлангийн аудитын журмын Аудитыг төлөвлөх үе шатны ажлуудын 2.5.8-д “... материаллаг байдлын суурийг 0.2-2 хүртэл хувиар тогтоож, зохих баримт үйлдэж менежер, тэргүүлэх аудиторуудаар хянуулж батлуулна” гэж заасны дагуу төлөвлөлтийн үе шатанд материаллаг байдлын төвшинг өмнөх оны нийт зардал 1,073.5 сая төгрөгийн 1 хувь буюу 10.7 сая төгрөг байхаар тооцон төлөвлөгөө, хөтөлбөрийг тэргүүлэх аудитораар батлуулж, аудитыг гүйцэтгэсэн. 

Цалингийн зардлыг ажилтны тоотой харьцуулна ... гэсний дагуу төсвийн гүйцэтгэлийн тайлангийн өмнөх оны тайлант онтой харьцуулан шинжилгээ хийхэд тухайн байгууллагын нийт зардал өмнөх оноос 341.5 сая төгрөгөөр нэмэгдэж, орон тоо 38 хүнээр, цалингийн зардал 238.7 сая төгрөгөөр тус тус нэмэгдсэн тул нэмэлт горим сорил хэрэгжүүлэх шаардлага үүссэнээс гүйцэтгэлийн шатанд материаллаг байдлын төвшинг тайлант оны нийт зардал 1,520.6 сая төгрөгийн 2 хувь буюу 30.4 сая төгрөгөөр тооцсон. 

Тус байгууллагын 2017 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 255.254.4 мянган төгрөгийн алдаа, зөрчил илэрч үүнээс 2.1 хувь буюу 5,577.0 мянган төгрөгийн алдааг санхүүгийн тайланд залруулга хийлгэж, 0,9 хувь буюу 2,636.0 мянган төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 95.9 хувь буюу 243,661.0 мянган төгрөгийн зөрчлийг арилгах албан шаардлага өгч 1.1 хувь буюу 3,182.4 мянган төгрөгийн зөрчлийг дахин гаргахгүй байх зөвлөмж өгсөн. 

Тухайлбал, хурлын үйл ажиллагаа сурталчлах, уралдаан тэмцээн зохион байгуулахад 32.3 сая төгрөг, ажил үйлчилгээ, бараа худалдан авахдаа харьцуулалтын арга хэрэглээгүй 128.2 сая төгрөг, суудлын автомашин хэрэглэх албан тушаалтны жагсаалтад багтаагүй албан тушаалтнууд автомашин хэрэглэн шатахууны зардалд 2.6 сая төгрөг, тайлант жилд өмнөх оноос 12 хүнээр орон тоо нэмэгдүүлснээр үндсэн цалин 83.1 сая төгрөгөөр нэмэгдсэн зэрэг хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол шийдвэр, санхүүгийн тайлангийн батламж мэдэгдэл зөрчсөн байна. 

Санхүүгийн тайлангаар аудитаар илэрсэн залруулагдаагүй дээрх алдаа, зөрчил нь бидний тооцсон материаллаг байдлын төвшингээс үнэ цэнийн хувьд 246.2 сая төгрөг буюу 809.9 хувиар илүү агуулгын хувьд төсвийн хөрөнгийг үрэлгэн зарцуулсан, холбогдох хууль, тогтоол, заавар, журмыг хэрэгжүүлээгүй нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 203 тоот тушаалаар батлагдсан санхүүгийн тайлангийн үнэн зөв байдал гэсэн батламж мэдэгдлийг хангахгүй байна. 

2. Дэд дарга нарын автомашинд хэрэглэсэн шатахууны зардал болох 2,626.0 мянган төгрөгийн актыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, Засгийн газрын 2015 оны “Суудлын автомашины ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай 184 дүгээр тогтоолын хавсралт “Албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт”, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/480-д зааснаар онцгой шаардлагатай ажлын хэрэгцээнд дуудлагын автомашин ашиглах байтал дэд дарга нар Соната-7 загварын УБР ..-.. улсын дугаартай автомашиныг тогтмол өдөр тутам хэрэглэж байсан нь баримтаар нотлогдсон. Уг суудлын автомашины жолоочийн цалингийн зардалд гэхэд л жилд 7,549.0 мянган төгрөгийг зарцуулсан байна. 

Тухайн хурал нь төсвөөс санхүүжилт авдаг байгууллагын хувьд Төсвийн тухай хуулийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар зарцуулах үүргээ биелүүлээгүй тул тогтоосон актыг хүчингүй болгох үндэслэлгүй юм. 

3. Ой, баяр ёслол, спортын уралдаан тэмцээний зардалд 10,563.5 мянга, хурлын үйл ажиллагаа сурталчлахад 21,722.0 мянган төгрөгийг зарцуулсан албан шаардлагыг хүчингүй болгох шаардлагын тухайд: 

ИТХ , Х х, Төлөөлөгчид, Ажлын албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах үйл ажиллагаанд “А т м” ТББ-д 9,422.0 мянган төгрөг, “Г м” ХХК-д 8,070.0 мянган төгрөг, нийт 17,490.0 мянган төгрөгийг шилжүүлсэн нутгийн удирдлагын байгууллагын 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд сурталчилгааны самбар хийлгүүлэхээр “А с т” ХХК-д 4,232.0 мянган төгрөг, нийт 21,722.0 мянган төгрөг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулах хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулахтай холбоотой зардлуудыг түүвэрлэн шалгахад тайзны техник хэрэгслийн түрээсэнд “П  т” ХХК-д 7,133.5 мянган төгрөг, заалны түрээсийн зардал 2,750.0 мянган төгрөгийг “У п” ХХК-д тус тус шилжүүлсэн, “Өвлийн өнгө-2017” өдөрлөгийн арга хэмжээний хүрээнд гарсан зардлуудаас түүвэрлэн шалгахад тэмцээн зохион байгуулснаас гадна ажилчдын хоолонд 680.0 мянган төгрөг, нийт 10,563.5 мянган төгрөгийг тус тус үрэлгэн зарцуулсан байна. 

Засгийн газрын 2002 оны “Төсвийн үр ашиггүй зардлыг бууруулах зарим арга хэмжээний тухай 200 дугаар тогтоолын 2, 5 дугаар заалтуудыг хэрэгжүүлээгүй тул цаашид давтан гаргахгүй байх албан шаардлага хүргүүлсэн учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 

4. “Ж п” ХХК, “Ж к” ХХК, “И б т” ХХК, “М ү ц хэвлэл” ХХК-уудтай ажил үйлчилгээ, бараа худалдан авахдаа тендер шалгаруулалт явуулаагүй, 128,232.2 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн ба албан шаардлагыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо тухайн бараа, ажил, үйлчилгээний нийт төсөвт өртгийг үндэслэл болгоно.” гэж заасан байдаг. Баянгол дүүргийн Засаг даргын баталсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны орон нутгийн төсвийн зарлагын хуваарьт бараа үйлчилгээний бусад зардалд 200 сая төгрөг батлагдсан. 

Гэтэл “Ж п” ХХК-иас 45,244.7 төгрөг, “Ж к” ХХК-иас 25,942.5 мянган төгрөг, “И б т” ХХК-иас 10,450.0 мянган төгрөг, “М ү ц х” ХХК-иас 46,595.0 мянган төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авалтыг тус тус хийсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д “Энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно”, 33 дугаар зүйлийн 33.2.1-д “техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хангаж байгаа 3 болон түүнээс дээш этгээдэд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэх”, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны Босго үнэ шинэчлэн батлах тухай 68 дугаар тогтоолын хавсралт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д “... бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох” гэх заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй болно. 

5. Тайлант жилд өмнөх оноос 12 хүнээр орон тоо нэмснээр /намын бүлгийн ажилтан-6, нийтлэг үйлчилгээний албаны дарга-1, нийтлэг үйлчилгээний дэд дарга-1, зохион байгуулагч-2, дэд дарга-2/ үндсэн цалинг 83,143.3 мянган төгрөгөөр нэмэгдсэн албан шаардлагыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: 

ДИТХ-ын орон тоо өмнөх оноос 38 хүнээр нэмэгдсэнтэй холбоотой цалингийн зардалд 238,665.4 төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэл 16,206.9 төгрөг, нийт 254,872.0 мянган төгрөг буюу  74.6 хувиар нэмэгдсэн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, Монгол Улсын Засгийн газрын 2014оны 147 дугаар тогтоолын 3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх заалтуудыг тус тус хэрэгжүүлээгүй байна. Улс эх орон хямралтай байгаа энэ үед төсвийн хөрөнгийг хэмнэх, удирдлагын чиг үүргийг давхцуулахгүй байх тал дээр анхаарч ажиллах албан шаардлага өгсөн. 

ДИТХ нь төсөвт байгууллага бөгөөд Хурлын дарга нь Монгол Улсын төсвийн тухай хуульд зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч юм. Иймд төсвийн талаар Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан аливаа хууль, тогтоомж, тогтоол, шийдвэрийг хэлбэрэлтгүй сахин мөрдөж байх үүрэгтэй. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх БГДИТХААД-ын  Н  д Т а газарт холбогдуулан гаргасан “Нийслэл дэх Төрийн аудиторын газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/33-НТАГ-2018/387/СТА-ТШЗ дугаар “Төлбөр барагдуулах тухай” акт, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/36-НТАГ-2018/387/СТА-ТШЗ дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 567 дугаар “Аудитын гэрчилгээг” тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шүүх хуралдаанаар шийдвэрээ гаргалаа.

Нийслэлийн аудиторын газрын  /хуучин нэрээр/ даргын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/27 дугаар тушаалаар нийслэл, дүүргийн төсвийн байгууллагуудын 2017 оны санхүүгийн тайланд аудит хийж, дүгнэлт гаргах жагсаалт, хуваарь баталсны дагуу Н дэх ТАГ-аас БГДИТХ-ын 2017 оны санхүүгийн тайланд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 02 дугаар сарын 23-ны өдрүүдэд санхүүгийн аудит хийсэн байна. 

Энэхүү аудитын үр дүнгээр 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/33 НТАГ-2018/387/СТА-ТШЗ дугаар “Төлбөр барагдуулах тухай” акт, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/36 НТАГ-2018/387/СТА-ТШЗ дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 567 дугаар “Аудитын гэрчилгээг” тус тус үйлджээ. Дээрх актуудаар дараах дүгнэлтүүдийг хийсэн байна. Үүнд: 

- 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/33 НТАГ-2018/387/СТА-ТШЗ дугаар “Төлбөр барагдуулах тухай” актаар суудлын автомашин хэрэглэх албан тушаалтны жагсаалтад багтаагүй дэд дарга нар автомашин хэрэглэн шатахууны зардалд 2,636.0 мянган төгрөг зарцуулсан Засгийн газрын 2015 оны “Суудлын автомашины ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 184 дүгээр  тогтоолын 1 дүгээр хавсралт “Албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт”, Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Суудлын автомашин хэрэглэх эрхийн тухай” А/480 дугаар захирамжийг тус тус зөрчсөн гэж үзэн шатахууны зардалд зарцуулсан 2,363.0 төгрөгийг барагдуулах.

- 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/36 НТАГ-2018/387/СТА-ТШЗ дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагаар ой, баяр ёслол, спортын уралдаан тэмцээний зардалд 10,563.5 мянган төгрөг, хурлын үйл ажиллагаа сурталчлахад 21,722.0 мянган төгрөг зарцуулсан, “Ж п” ХХК, “Ж к ” ХХК, “И б т” ХХК, “М ү ц х” ХХК-уудтай ажил үйлчилгээ, бараа худалдан авахдаа тендер шалгаруулалт явуулаагүй, шууд гэрээ  байгуулан 128,232.2 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн, тайлант жилд өмнөх оноос 12 хүнээр орон тоо нэмснээр үндсэн цалин 83,143.3 мянган төгрөгөөр нэмэгдсэн болохыг тогтоож Төсвийн тухай хуулийн холбогдох заалт, Засгийн газрын тогтоол шийдвэрийг мөрдөж, ой, баяр ёслол, спортын уралдаан тэмцээн, хурлын үйл ажиллагаа сурталчлахгүй байх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг мөрдөн ажиллах, орон тоо нэмэхгүй байж, төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулахыг үүрэг болгожээ.

-  2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 567 дугаар “Аудитын гэрчилгээ”-ээр аудитаар илэрсэн ой, баяр ёслол, спортын уралдаан тэмцээн, сурталчилгаа, албан тушаалтны автомашин, шатахуун зэрэг зориулалтын бус зардалд нийт 34,921.5 мянган төгрөг зарцуулсан, тендер шалгаруулалтгүй 155,232.2 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн, тайлант жилд өмнөх оноос 12 хүнээр орон тоо нэмж, үндсэн цалинг 83,143.3 мянган төгрөгөөр  нэмэгдүүлсэн зэрэг нийт 273,297.0 мянган төгрөгийн алдаа, зөрчил нь иж бүрэн байх, үнэлгээ, хэмжилт, үнэн зөв байдлыг хангахгүй гэж үзэн хязгаарлалттай санал дүгнэлт гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу Нийслэл дэх Төрийн аудиторын газрын  2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 567 дугаартай “Аудитын гэрчилгээ” болон мөн өдрийн 01/36 НТАГ-2018/387/СТА-ТШЗ дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагын “тайлант жилд өмнөх оноос 12 хүнээр орон тоо нэмснээр үндсэн цалин 83,143.3 мянган төгрөгөөр нэмэгдсэн” хэсгийг тус тус хүчингүй болгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Тайлант жилд өмнөх оноос 12 хүнээр орон тоо нэмснээр үндсэн цалин 83,143.3 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэх маргааны тухайд:

БГДИТХ нь аудит хийгдсэн 2017 оны тайлант жилд намын бүлгийн ажилтан 6, нийтлэг үйлчилгээний албаны дарга 1, нийтлэг үйлчилгээний дэд дарга 1, зохион байгуулагч 2, дэд дарга 2 буюу 12 хүнээр орон тоо нэмж үндсэн цалин 83,143.3 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн  байна.

Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “Хурлын Тэргүүлэгчид ажлын албатай байх бөгөөд түүний орон тоо, цалингийн санг Төсвийн тухай хуулийн 10.1.2-т заасан тухайн жилийн төсвийн хязгаарт багтаан Тэргүүлэгчид өөрөө тогтооно” гэж заасны дагуу БГДИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 41 дүгээр  тогтоолоор Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны орон тоо, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталжээ. 

Харин Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Засгийн газар төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 10.1.2-т “Улсын Их Хурлаас баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд багтаан төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр жилийн төсвийн хязгаар батлах” гэж заасны дагуу БГДИТХАА-ны 2017 оны төсөв дэх ажлын албаны ажилчдын үндсэн цалингийн зарлагын ангилалаар 493,244,000.00 төгрөгийн төсөв батлагдсан бөгөөд 2017 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 493,244,000.00 төгрөг буюу хэтрэлгүй  гарсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нутгийн өөрөө удирдах байгууллагаас бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадварын хүрээнд Засгийн газраас баталж өгсөн төсвийн хэмжээнд орон тоо баталж, үндсэн цалингийн зардлыг хэтрүүлэлгүй тайлагнасан байх тул Нийслэлийн Төрийн аудиторын газрын  2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 567 дугаартай “Аудитын гэрчилгээ” болон мөн өдрийн 01/36 НТАГ-2018/387/СТА-ТШЗ дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагын “тайлант жилд өмнөх оноос 12 хүнээр орон тоо нэмснээр үндсэн цалин 83,143.3 мянган төгрөгөөр нэмэгдсэн” хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй.

Хоёр. Ой, баяр ёслол, спортын уралдаан тэмцээн, хурлын үйл ажиллагаа сурталчлахад гаргасан зардлын тухайд:

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар төсвийн шууд захирагч буюу БГДИТХААД нь дүүргийн ИТХ-ын үйл ажиллагааг сурталчлах үйл ажиллагаанд “А т м” ТББ-д 9,420.0 мянган төгрөг, “Г м” ХХК-д 8,070.0  мянган төгрөг, нутгийн удирдлагын байгууллагын 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд сурталчилгааны самбарын зардалд “А с т” ХХК-д 4,232.0 мянган төгрөг, Баянгол дүүргийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор шагнагдсан хүндэтгэлийн арга хэмжээний техник хэрэгслийн түрээсийн зардалд “П т” ХХК-д 7,133.5 мянган төгрөг, заалны түрээсний зардалд “У п” ХХК-д 2,750.0 мянган төгрөг  тус тус шилжүүлсэн болох тогтоогдож байна. Мөн “Өвлийн өнгө-2017” өдөрлөгийн арга хэмжээний хоолны зардалд 680.0 мянган төгрөг зарцуулжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн          200 дугаар “Төсвийн үр ашиггүй зардлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” тогтоолын 2-т “Орон нутгийн чанартай наадам, урлагийн тоглолт, спортын төрөл бүрийн тэмцээн зохион байгуулах, уул, овоо тахих ёслол болон салбарын ойг тэмдэглэхтэй холбогдсон зардлыг төсөв, бизнес төлөвлөгөөндөө тусгахгүй, тусгасан ч өөрийн орлогоо давуулсан нэрийдлээр төсөв хэтрүүлэн төрийн өмчийн байгууллагын болон төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхийг хориглосугай”, 5-д “Яам, Засгийн газрын агентлаг, төсөвт байгууллагууд төв, орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан төсвийн хөрөнгөөр олон нийтэд зайлшгүй мэдээлэх албан ёсны шийдвэр болон хууль тогтоомж хэрэгжүүлэхтэй холбогдсон мэдээллээс бусад өөрийн байгууллага, хамт олныг сурталчлах, танилцуулга явуулах, телевизийн шоу уралдаан, тэмцээн зохион байгуулахыг хориглосугай” гэжээ.

Гэтэл БГДИТХ нь дээрх шийдвэрийг зөрчиж ой, баяр ёслол, спортын уралдаан тэмцээн, хурлын үйл ажиллагаа сурталчлахад зохих зардал гаргасан нь тогтоогдож байх тул Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” зарчим зөрчигдсөн гэж үндэслэлтэй тул дээрх зөрчилтэй холбогдуулан Нийслэл дэх Төрийн аудитын газраас гаргасан 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/36 НТАГ-2018/387/СТА-ТШЗ дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 567 дугаар “Аудитын гэрчилгээ”-ээр хязгаарлалттай санал дүгнэлт өгснийг буруутгах боломжгүй.

Гурав. Ажил үйлчилгээ, бараа худалдан авахдаа тендер шалгаруулалт явуулалгүй, шууд худалдан авалт хийсэн гэх зөрчлийн тухайд:

БГДИТХАА нь тайлант 2017 онд “Ж п” ХХК-иас 45,244.7 мянган төгрөг, “Ж к” ХХК-иас 25,942.5 мянган төгрөг, “И б т” ХХК-иас 10,450.0 мянган төгрөг, “М ү ц х” ХХК-иас 46,595.0 мянган төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засгийн газар нь барааны, ажлын, үйлчилгээний гэсэн ангилал тус бүрээр дараахь босго үнийг тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаар “Босго үнэ шинэчлэн батлах тухай” харьцуулалтын аргаар худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг бараанд 50 сая төгрөг, ажил үйлчилгээнд 80 сая төгрөгөөр, шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг бараа, ажил үйлчилгээнд 10 сая төгрөгөөр тус тус тогтоосон байна. 

Гэтэл БГДИТХАА нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д “Энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж дээрх аж ахуйн нэгжүүдтэй удаа дараагийн шууд худалдан авалтаар бараа, ажил үйлчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Зүй нь, нэхэмжлэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагуудыг хангаж байгаа 3 болон түүнээс дээш этгээдэд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэж харьцуулалтын аргаар худалдан авалт хийх ёстой юм.

Иймээс дээрх зөрчилтэй холбогдуулан гаргасан аудитын дүгнэлт, албан шаардлага үндэслэл бүхий байна.

Дөрөв.Суудлын автомашинд хэрэглэсэн шатахууны зардлын тухайд:

Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэл дэх Төрийн аудитын газрын  2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/33 НТАГ-2018/387/СТА-ТШЗ дугаар “Төлбөр барагдуулах тухай” актаар суудлын автомашин хэрэглэх албан тушаалтны жагсаалтад багтаагүй дэд дарга нар автомашин хэрэглэн шатахууны зардалд 2,636.0 мянган төгрөг зарцуулсан зардлыг барагдуулахаар шийдвэрлэж, энэ талаар 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 567 дугаар аудитын хязгаарлалттай санал дүгнэлт бүхий гэрчилгээнд тусгасан байна.

Нэхэмжлэгч нь БГДИТХД-ын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 219 дүгээр  захирамжаар батлагдсан “Дуудлагын автомашин ашиглах журам батлах тухай” дагуу албан хэрэгцээнд ашиглаж байгаа гэж мэтгэлцсэн. 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох дэд дарга нарын суудлын автомашин ашигласан бүртгэлээр БГДИТХ-ын гурван дэд дарга нар өдөр бүр У.. ..-.. улсын дугаартай албаны автомашиныг ээлжлэн хэрэглэдэг болох нь тогтоогдож байх тул уг автомашиныг Хурлын дэд дарга нар дуудлагаар биш харин албан хэрэгцээндээ унадаг гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 184 дүгээр “Суудлын автомашины ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол болон Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын А/480 дугаар “Суудлын автомашин хэрэглэх эрхийн тухай” захирамжаар батлагдсан албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалтад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга нар байхгүй болно.

Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн” гэж заасан хэдий ч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь төсвийн байгууллагын хувьд төсвийн хөрөнгийг Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн зарцуулах  шаардлагатай тул Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.1.3-т “санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх”, 5.1.5-д “хариуцлагатай байх” зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.5, 33 дугаар зүйлийн  33.2.1, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.5, 6 дугаар зүйлийн 6.4.1, 10 дугаар зүйлийн 10.1.2, Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан БГДИТХААД-ын Н  д Т а газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 567 дугаар “Аудитын гэрчилгээ” болон 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/36 НТАГ-2018/387/СТА-ТШЗ дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагаас “тайлант жилд 12 хүнээр орон нэмсэн, үндсэн цалин 83,143,300 төгрөгөөр нэмэгдсэн” хэсгийг хүчингүй болгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ТӨМӨРБАТ