| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0349/и |
| Дугаар | 00349 |
| Огноо | 2017-03-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 00349
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 1961 онд төрсөн, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 6 дугаар багт оршин суух, “Дархан” овогт Төмөрөөгийн Цэцэндулам /РД61092909/-ын хүсэлттэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 6 дугаар багт оршин суух, “Мянгад” овогт Дэлэгийн Баасанноров /РП-89111817/,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрал, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасанноров оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Цэцэндулам шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Т.Цэцэндулам нь 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын сум дундын эмнэлэгт асрагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1981 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс ажлаас чөлөөлөх тухай тус эмнэлгийн ерөнхий эмчийн 1981 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тоот тушаалаар халагдсан болно. Ингээд Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 19 дүгээр тоот тушаалаар тус сургуульд 1982 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн үйлчлэгчээр ажиллаж байгаад 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 44 дүгээр тоот ээлжийн амралт олгох тухай тушаалаар ээлжийн амралтаа 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл амарсан. Амралтаа аваад шууд ажил солигдон 1983 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн даргын 38 дугаар тушаалаар тэс тэжээлийн бригадын ажилчнаар ажиллаж эхэлсэн. 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс тус нэгдлийн атар тэжээлийн бригадад шилжин ажилласан болно. Үүнийг Бадрал нэгдлийн даргын 1988 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 25 тоот тушаал гэрчилнэ. Бадрал хоршоонд 1992 оны хүртэл ажилласан бөгөөд ажлаас халсан тушаал нь олдохгүй байгаа болно. Гэвч тэр үед ажиллаж байсан хугацааны ажилд орсон гарсан болон холбогдох бичиг баримтан дээр миний нэрийг Төмөрийн Цэцэгээ гэж нэр андууран бичигдсэн байдаг юм. Миний үндсэн бичиг баримтан дээр Төмөрийн Цэцэндулам гэх нэрээр явдаг тул тэтгэвэр тогтоолгоход бичиг баримтын нэрийн зөрүүтэй байдлаас болон зарим жилийн ажилласан байдал тогтоогдохгүй байна. Иймд Дархан овог Төмөрийн Цэцэндулам миний 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын сум дундын эмнэлэгт асрагчаар, тус сумын 10 жилийн сургуульд үйлчлэгчээр, мөн Бадрал нэгдэлд тус тус тасралтгүй ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасанноров шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Цэцэндулам нь миний гэр бүлийн хүн юм мал төллөх болж ам бүл цөөн учраас би өмнөөс нь шүүх хуралдаанд оролцох болсон юм.
Цэцэндулам нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын эмнэлэгт 1979 оноос 1981 оныг хүртэл асрагчаар, тус сумын 10 жилийн сургуульд 1982 оноос 1983 оныг хүртэл үйлчлэгчээр, Бадрал нэгдлийн тэжээлийн аж ахуйд нооромчин нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан юм билээ. Тэтгэвэр орох гэтэл ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн тул шүүхэд хандсан юм.
Иймд Т.Цэцэндуламыг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хүн эмнэлэгт 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 10-ныг хүртэл асрагчаар, тус сумын 10 жилийн сургуулийн гал тогоонд 1982 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 26-ныг хүртэл угаагчаар, Бадрал нэгдлийн тэжээлийн цехэд 1983 оны 9 дүгээр сарын 10-наас 19923 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нооромчноор тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Т.Цэцэндулам нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хүн эмнэлэгт 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 10-ныг хүртэл асрагчаар, тус сумын 10 жилийн сургуулийн гал тогоонд 1982 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 26-ныг хүртэл угаагчаар, Бадрал нэгдлийн тэжээлийн цехэд 1983 оны 9 дүгээр сарын 10-наас 1992 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нооромчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3/246 дугаар цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны түүвэр,
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 1981 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тушаалд “....Т.Цэцэгээгийн ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн өргөдлийг үндэслэн сумын эмчийн зөвшөөрөлтэйгөөр ажлаас нь 1981 оны 07 дугаар сарын 10-ны өдөр чөлөөлсүгэй....” гэх ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1982 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 19 дугаар тушаалд “....1982 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс Т.Цэцэгээг гал тогооны аяга угаагчаар....” гэх ажилд авч ажиллуулах тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 44 дүгээр тушаалд “....1983 оны ээлжийн амралтын хуваариар цэвэрлэгч Т.Цэцэгээ....” гэх ажилчдын ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1983 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 38 дугаар тушаалд “....Т.Цэцэгээ нарыг 1983 оны 8 дугаар сарын 22-ноос тэжээлийн бригадын хүүхдийн цэцэрлэгийн асрагч, тогоочоор....” гэх хүмүүсийг ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Гэрч Б.Халтарын 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: “....Т.Цэцэндулам нь 1982 оноос 1983 он хүртэл Цагаан-Уул сумын 10 жилийн сургуульд угаагч, цэвэрлэгч хийж байсан. 1983 оны 7 дугаар сар хүртэл ажиллаж байсан санагдаж байна....” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Түлхүүрийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өгсөн: “....Т.Цэцэндулам нь 1983 оноос 1992 он хүртэл Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд нооромчин, тогоочоор ажиллаж байсан....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч Т.Цэцэндуламд холбогдох лавлагааг аймгийн архиваас гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10/51 дугаартай тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгч Т.Цэцэндуламын улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Дархан” овогт Төмрөөгийн Цэцэндулам /РП-61092909/-ыг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын сум дундын хүн эмнэлэгт 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 10-ныг хүртэл асрагчаар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн сургуулийн гал тогоонд 1982 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 26-ныг хүртэл аяга угаагчаар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын “Бадрал” нэгдлийн тэжээлийн цехэд 1983 оны 9 дүгээр сарын 10-наас 1992 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нооромчин, тогоочоор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Цэцэндуламын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ