| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0295/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/059 |
| Огноо | 2021-03-09 |
| Зүйл хэсэг | 24.2.4., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/059
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Б.Бат-Оргил,
Шүүгдэгч Ө.Б ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул,
Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ө.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914007090262 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ургийн овогтой ын *******, тоот регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Б 2019 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг Дөхөм гэх газарт хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 1.052.916 /нэг сая тавин хоёр мянга есөн зуун арван зургаан/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:
Хохирогч П.М гийн мөрдөн байцаалтанд өгсөн ...Андын тэмүүлэл ХХК нь Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг Гучингийн сайр гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгаа юм. Уг газар нь тэр Дөхөм гэх газрын ойролцоо байрладаг юм. Андын тэмүүлэл ХХК нь манай тэр газрыг нөхөн сэргээлээ одоо гарч байна, бууж байна гэж мэдэгдээгүй, тийм учраас би хэзээнээс эхлэн хэзээг хүртэл ямар үйл ажиллагаа явуулж байсныг би мэдээгүй. Тухайн Дөхөм гэх газар нь Андын тэмүүлэл ХХК-ний ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй талбай биш, Гучингийн алт ХХК-ний хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай юм..., ...Би Байгаль орчинд учруулсан хохирол болох 1,052,916 төгрөгийг нэхэмжилж байна энэ мөнгийн төлчихвөл надад надад ямар нэгэн санал гомдол байхгүй ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 71-72, 105-109/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Овоо сумын Мандалхайрхан 1 дүгээр багийн нутагт орших Баянтөхөмийн жалгын эхэнд гар аргаар алт олборлогчид болон нинжа нарын гараар эвдэгдсэн жалга байсныг манай компани нь жалгын 2 эрмэг хэсгийн эвдэрсэн газрыг хусаж эргүүлэн шороогоор дүүргэлт хийж техникийн нөхөн сэргээлт хийсэн. Тус газар нь бол манай тусгай зөвшөөрөлтэй талбай биш. Тус Баяндөхөмийн жалгыг техникийн нөхөн сэргээлт хийхэд 2 хоног л ажилласан. Баянтөхөмийн жалга гэх газар нь манай тусгай зөвшөөрөлтэй талбайн баруун хойд цэгээс баруун тийш 800 орчим метр зайтай ба манай тусгай зөвшөөрөлтэй талбай дотор байдаггүй ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 8-9/,
Гэрч*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр би Баян-Овоо сумын нутагт нэвтрүүлэг бэлдэх ажлаар явж байхад Баян-Овоо сумын нутагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаа Андын тэмүүлэл ХХК нь өөрийн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийн талбайгаас шал өөр талбайд газар ухаж үйл ажиллагаа явуулж байсан. Тэгээд би тухайн үед нь өөрөө яг газар дээр нь бичлэг хийж баримтжуулсан юм. Намайг тухайн газарт очиход Андын тэмүүлэл ХХК нь тухайн газрыг ухаад гарсан шороог нь зөөж угаагаад гарсан шороог нь уг ухсан нүхэнд нь эргүүлж авчирч хийж байсан. Энэ бичлэг дээр байгаа газар нь Андын тэмүүлэл ХХК-ний үйл ажиллагаа явуулж байсан газар мөн. Тухайн газарт шар өнгийн эксковатороор газар ухаж, ачааны машин дээр ачиж ачсан шороогоо уурхай дээрээ аваачиж усан буу төхөөрөмжрүүгээ хийж угаагаад буцахдаа усан буу төхөөрөмжөөс гарсан шороог буцахдаа зөөж явж уг ухсан нүхэндээ асгаж байсан. Яг хэзээнээс эхэлж ухсаныг нь би мэдэхгүй, би 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тухайн газар очиход л тийм байдалтай газар ухсан байсан юм. Намайг очиход нэг шар өнгийн эксковатор, 3 ширхэг ачааны автомашин, 1 ширхэг усан буу төхөөрөмж зэрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 68-70/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Манай компани Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Гучингийн сайрын баруун жалга Дөхөм гэх газарт 365,4 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Х\/-012650 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй. Манай эзэмшлийн талбайд Дөхөм гэх газарт гар аргаар ашигт малтмал олборлогч нарын ухаж сүйтгэсэн газар байдаг юм. Тэр газрыг хэзээ тэгж ухсаныг би мэдэхгүй ээ. Тухайн үед Баян-Овоо сумаас уг газрыг нөхөн сэргээлт хийх талаар хүсэлт ирүүлсэн, тэгээд манай компани нь хайгуулын компани болохоор багаж техник байхгүй гээд тухайн газрын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг Андын тэмүүлэл ХХК-д тухайн газрыг нөхөн сэргээлт хийж тусална уу гэх утгатай албан бичиг хүргүүлж байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 73-74/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн ...Би Баян-Овоо сумын газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа Андын тэмүүлэл ХХК-д Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1-р багийн нутагт байх Баяндөхөм гэх газарт байх эвдэгдсэн газрыг хэмжсэн болон хүлээлгэж өгсөн зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 76-77/,
Гэрч *******ы мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2019.06.14-ний өдрийн 09 дугаартай албан бичгийг бичиж Андын тэмүүлэл ХХК-д хүргүүлсэн юм. Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг Дөхөм гэх газрын ойр хавьд нутагладаг малчдаас энд байгаа ухагдсан газарт ишиг хурга унаж үхэх гээд байна энэ газрыг уурхайд хэлээд нөхөн сэргээлт хийлгээд өгөөч гэж хэлсэн юм тэгэхээр нь би ******* захиралтай очиж уулзсан чинь ******* захирал манай компани тэр газрыг нөхөн сэргээгээд өгч болно танайхаас манайд албан бичиг өгөх хэрэгтэй гэхээр нь би энэ албан бичгийг бичиж Андын тэмүүлэл ХХК-д хүргүүлсэн юм. Тэр газар нь 2016, 2017 онд жижиг оврын трактортой иргэд ухчихсан нүх ихтэй газар байсан юм. Би ******* захиралд тухайн газрыг нөхөн сэргээлт хийж өгөөч л гэж хэлсэн юм, нөхөн сэргэлт хийж өгөөч гэж л албан бичиг өгсөн юм, тэрнээс би тэр газрыг ух, шороог нь угаа гэж хэлээгүй. Яг яаж газрыг нөхөн сэргээснийг би мэдэхгүй ээ. Андын тэмүүлэл ХХК-ний инженер нь надтай утсаар яриад нөгөө газрыг чинь нөхөн сэргээчихсэн шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би дараа нь очиж үзсэн чинь тэгшилчихсэн байна лээ, яг албан ёсоор бол надад хүлээлгэж өгөөгүй ээ ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 110-111/,
Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би Андын тэмүүлэл ХХК-д эксковатор тракторын жолоочоор 2019 оны 05 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 04- ний өдрийг хүртэл ажиллаж байсан юм. 2019 оны 09 дүгээр сарын дунд үеэр манай компани буусан бөгөөд уурхай дээр засвар хийж байгаа хэдхэн хүн үлдсэн байсан. Тэгээд уурхайг хариуцаж байсан ******* Төхөм гэх газарт очоод нөхөн сэргээлт хийгээдэх гэхээр нь би эксковатор тракторыг жолоодож очоод нөхөн сэргээсэн. Тэгээд эхний өдөр очиж үзэхэд тэр газар нь нинжа нар ухчихсан тэр нүхэнд нь хурга, ишиг, хонь, ямаа ороод үхчихсэн газар байсан тэгээд эхний өдөр тал өдөр ажиллаж нөхөн сэргээсэн, маргааш нь дахиад нөхөн сэргээгээд би *******д нүхэнд дүргэлт хийх шороо хэрэгтэй байна гэсэн. Тэгээд усан бууны суурин дээрээс 10 орчим машин шороо авчирч нүхэнд хийж дүүргэлт хийж нөхөн сэргээсэн. Би тэр үед Андын тэмүүлэл ХХК-ний эзэмшлийн өөрийн жолоодож ажилладаг эксковатор трактороор очиж нөхөн сэргээлт хийсэн. Тэр үед нөхөн сэргээж байсан 2 дахь өдөр нь тэр нүхэнд машинууд шороо авчирж хийж байхад ******* буцаж байгаа машинаар нэг нэг машин шороо наашаагаа явуулаатах гэхээр нь би тэр нүхэнд шороо авчирж хийгээд буцаж байгаа машинд нь шороо ачиж өгөөд 2 машин шороо ачиж өгч явуулсан. Тэр нүхэнд 10-аад мшин шороог манай уурхайн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас авчирж дүүргэлт хийсэн. Харин тэр нөхөн сэргээж байгаа нүхнээс 24 метр күб орчим шороог ачиж явуулсан. Энэ 2 машинд ачсан гэсэн үг ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 105/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би Андын тэмүүлэл ХХК-д 4 жил жолоочоор ажиллаж байна. 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр уурхай буух гээд засвар үйлчилгээгээ хийгээд байж байсан чинь ******* гэх хүн шороонд гар гэхэрэ нь би өөрийн жолооддог Норд бенз маркийн машинаар Төхөм гэдэг газарт нөхөн сэргээлт хийхээр очсон тэгээд уурхайн хажууд байдаг усан бууны хаягдал шороог өөрийн машин дээрээ ачиж Төхөм гэх газарт аваачиж нөхөн сэргээлт хийж байгаа газарт дпүүргэлт хийсэн. Тэгээд тэндээс буцахдаа нэг удаа машинд шороо ачиж өгөхөөр нь би уг шороог нь ачаад уурхайн усан бууны хажууд буулгасан. Тэр үед 12 күб орчим хэмжээтэй машинаар нэг удаа ачсан, тэгээд уг ачсан шороогоо уурхайн усан буу төхөөрөмжийн ойролцоо буулгасан. Тэр үед тэр усан буу нь ажиллаагүй буулгачихсан байсан юм. Миний буулгасан шороог юунд ашигласанг мэдэхгүй. Тэр үед захирал байгаагүй ээ, тэр үед уурхайг хариуцаж байсан ******* л ирэхдээ шороо ачиж ир гэж хэлсэн юм ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 107/,
Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Манай уурхай 2019 оны 9 сарын дунд үеэр буусан санагдаж байна. ******* үлдээд техникүүдэд засвар үйлчилгээ болон нөхөн сэргээлт хийгээгүй үлдсэн газар нөхөн сэргээлт хийхээр үлдсэн юм. Тэрнээс биш надад шороо угаасан талаар мэдэх зүйл байхгүй, мөн надаас зөвшөөрөл өгсөн зүйл байхгүй юм. Уурхай буусан хойно уурхайг ******* хариуцан үлдсэн юм. Уурхайн хэдэн жолооч, засварчин нарын хамт үлдсэн юм..., ...Би 2008 оноос эхлэн одоог хүртэл Андын тэмүүлэл ХХК-д уурхайн даргаар ажиллаж байгаа. 2019 онд манай уурхай 2019 оны 06 дугаар сарын сүүл үеэс 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан. ******* захирал 2019 онд эмчилгээ хийлгээд уурхай дээрээ бараг ирээгүй ээ. Би бол ажиллаж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 15-дын үеэр манай уурхай буугаад тэгээд би Улаанбаатар хотруу явсан. Уурхай бууснаас хойш техникүүдээ засвар үйлчилгээ хийхээр цөөн хэдэн жолоочийг ******* хариуцаад үлдсэн байсан юм. Манай уурхай Төхөм гэх газарт хэний шийдвэрээр нөхөн сэргээлт хийсэн талаар би мэдэхгүй байна. Тухайн Төхөм гэх газарт нөхөн сэргээлт хийх талаар ажилтан нартаа үүрэг өгсөн зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 111-112/,
Гэрч ы мөрдөн байцаалтанд өгсөн ... Би Андын тэмүүлэл ХХК-д 2016 оноос эхлэн 2019 оныг хүртэл ажилласан. Ажиллахдаа 74-06 УБЛ дугаартай, оранж шар өнгийн ачааны автомашин жолоодож уурхай дээр нь шороо зөөж ажилладаг байсан. 2019 оны 09 дүгээр сард би яг өдрийг нь санахгүй байна тэр үед манай уурхай ажлаасаа буучихсан уурхайн дарга удирдлагууд Улаанбаатар хотруу явчихсан уурай дээр ******* хэдэн жолооч нар л байсан, тэгээд ******* Төхөм гэдэг газарт нөхөн сэргээлт хий гэсэн тэгээд тэр газарт нь нөхөн сэргээлт хийж байсан чинь ******* тэр газраас ирэхдээ нэг нэг машин шороо ачаад ир гэхээр нь эксковатор тракторын ачиж өгсөн шороог усан бууных нь хажууд нь буулгаж өгсөн. Би тэр үед нэг л машин шороо буулгаж өгсөн. Тэр үед нөхөн сэргээлт хийж байгаа Төхөм гэх газарт эксковаторын жолооч , нэг ачааны машины жолооч нь Гэлэгбал бид гурав ажилласан тэгээд тэр үед Гэлэгбал бид хоёр хоёулаа нэг нэг машин шороог зөөж усан бууных нь хажууд асгаж өгсөн. Тэр Төхөм гэх газар нөхөн сэргээлт хийж байх үед уурхайн захирал ******* байхгүй байсан Улаанбаатар хотруу явсан байсан юм. ******* захирал ер нь уурхай дээр ирдэггүй бөгөөд өөрөө бие муутай хүн болохоор Улаанбаатар хотод л байдаг юм. Тэр үед уурхай буугаад ч гэсэн уурхай дээр байгаагүй ээ. Тэр үед уурхайг ******* хариуцаж ажиллуулж байсан юм. Тэр үед миний жолоодож байсан машин нь 12.5 тонны даацтай ачааны автомашин бөгөөд би тэр машинаар нэг удаа барагцаагаар 10 орчим тонн шороог л нэг удаа зөөж өгсөн. Тэр шороог угаасан угаагаагүйг нь би мэдэхгүй ээ ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 116-117/,
Иргэний нэхэмжлэгч Н.*******гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн ... 2016 онд Гучингийн алт ХХК- ний захирал *******аас манай компанид Баяндөхөм гэх газарт байх манай компаний лицензийн талбайд гар аргаар ашигт малтмал олборлогч иргэд эвдэрсэн уг газрыг нөхөн сэргээлт хийх талаар хүсэлт ирүүлсэн. Мөн 2014 оноос эхлэн Баян-Овоо сумын 1-р багийн засаг дарга, Байгаль орчин аялал жуулчлалын газар, нутгийн иргэд зэргээс уг газарт байгаа эдвэрсэн газрыг нөхөн сэргээх хүсэлтүүд ирүүлсэн, үүний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд манай компани тухайн Баянтөхөм гэх газарт байх эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийсэн.*******гаас гаргаж өгсөн гэрэл зураг, бичлэг дээр байгаа газар нь манай нөхөн сэргээлт хийсэн газар мөн. Зураг дээр манай эксковатор трактор, ачааны автомашин 2 байгаа нь харагдаж байна. Машиных нь жолооч нь гэдэг жолооч байгаа, Эксковаторын жолооч нь гэдэг жолооч байгаа. Уг газарт ажилласан эксковатор 1 ширхэг, 2 ширхэг ачааны автомашин, 60м3 хэмжээтэй усан буу зэрэг нь манай компаний эзэмшлийнх юм..., ...манай уурхай 2019 оны 09 дүгээр сарын 15, 16-ны үеэр буучихсан байсан. Ямар ч төрлийн үйл ажиллагаа явуулаагүй. Тодорхой тооны хүмүүс үлдсэн байсан... техник хариуцсан ажилтан болох *******д тодорхой тооны газруудад нөхөн сэргээлт хийгээрэй гэж үүрэг даалгавар өгсөн. .. Төхөм гэх газрыг боломж олдвол нөхөн сэргээгээрэй гэж чиглэл өгөөд явсан... ******* надад ухсан гэж юм яриагүй, олборлосон гэж яриагүй ******* нь уурхайн даргыг орлодог, техник хариуцдаг хүн байгаа юм ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 65-67, 2-р хх-ийн 129-130/,
Шүүгдэгч Ө.Б ы мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 09 дүгээр сард уурхай буух гээд зарим ажилтан нар буугаад явсан байсан бөгөөд хэдэн хүн үлдсэн байсан бөгөөд уурхай дээр нөхөн сэргээлт нь дутуу нөхөн сэргээлт хийх шаардлагатай байсан. Тэгээд Төхөм гэх газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн. Уг Төхөм гэх газарт нөхөн сэргээлт хийж байхдаа 2 машин шороо авч ирж усан бууны хажууд буулгасан. Тэр үед манай эхнэр хүнд өвчтэй, мөнгө төгрөгний хэрэгцээтэй байсан тул захирлын байхгүй хойгуур нь би өөрөө тэр Төхөм гэх газраас 2 машин шороог авчруулж угааж үзсэн. Би техник хариуцсан ажилтнаар ажилладаг бөгөөд тэр үед уурхайг хариуцаж үлдсэн байсан юм. Би тэр үед өөрөө л шороо угааж үзсэн юм, шороог угааж үзвэл алт гарах болов уу гэсэн чинь үнэндээ алт гараагүй ээ. Би тэр үед Андын тэмүүлэл ХХК-ний эзэмшлийн ачааны авто машинаар шороог нь ачуулж авчираад мөн компаний эзэмшлийн усан буугаар угаасан ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 109/,
Нуман-Алтай ХХК-ны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/38 дугаартай “...Шинжилгээгээр хэмжсэн талбай нь 4110 м2 буюу 0,41 га хэмжээтэй байсан бөгөөд шинжилгээгээр хохирол тооцохдоо 20%-иар багасгаж 3288м2 буюу 0,33 га хэмжээгээр тооцлоо. Тухайн үйл ажиллагаа явуулсан талбай нь Гучингийн алт ХХК-ийн эзэмшлийн ХХ/-012650 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Цахир Уул нэртэй, одоо хүчин төгөлдөр байгаа талбайтай бүрэн давхцалтай байна. Тухайн газарт Андын тэмүүлэл ХХК нь үйл ажиллагаа явуулахдаа гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдийн эвдсэн талбайд ажилласан бөгөөд байгаль орчинд учруулсан хохирлын нийт үнэлгээ нь 1.052.916 төгрөг, нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 457.331 төгрөг болж байна ... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 114-115/,
Нуман-Алтай ХХК-ны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1/95 дугаартай “...Шинжилгээгээр хэмжсэн талбай нь 4110 м2 буюу 0,41 га хэмжээтэй байсан бөгөөд үүнээс гар аргаар ашигт малтмал олборлогч иргэд 822м2 буюу 0,08га талбайд үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 263 229 төгрөгийн хохирол учруулсан байна. Гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагаа явуулсан талбайг нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 114 333 төгрөг болж байна. Тухайн газарт Андын тэмүүлэл ХХК нь үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд учруулсан хохирлын нийт үнэлгээ нь 1 052 916 төгрөг болж байна. Андын тэмүүлэл ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан талбайг нөхөн сэргээх ажпын зардал нь 457.331 төгрөг болж байна. Андын тэмүүлэл ХХК нь үйл ажиллагаа явуулахдаа гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдийн шруп нүхнүүдийг хамтад нь ухаж, түрж үйл ажиллагаа явуулсан учраас тус компаний үйл ажиллагаа явуулсан талбайг нийт тэгшилсэн талбайгаар нь буюу 4110м2-аар тооцсон боловч байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээлтийн зардлыг Андын тэмүүлэл ХХК-д хамаарах 3288м2 талбайгаар тооцсон болно. Тиймээс урьд өмнө гаргасан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын дүнд өөрчлөлт орохгүй бөгөөд гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдийн шруп нүхнүүдээс байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээлтийн зардлыг тусад нь тооцож гаргаж байна...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 122-123/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 3-7, 2-р хх-ий 82-87/,
Техникийн нөхөн сэргээлт хийхийн өмнөх зураг / 1-р хх-ийн 21/,
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн засаг даргын 2019.06.14-ний өдрийн 09 тоот албан бичиг /1-р хх-ийн 22/,
Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2017.08.14-ний өдрийн 298 тоот албан бичиг /1-р хх-ийн 23/,
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2019.07.05-ны өдрийн 162 тоот албан бичиг /1-р хх-ийн 24/,
Баянтөхөмийн жалга гэх газрын өмнө нь эвдэгдсэн болон нөхөн сэргээлт хийсэн фото зургууд /1-р хх-ийн 25-29/,
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Баянтөхөмийн нутгийн иргэдийн гарын үсэгтэй хүсэлтүүд /1-р хх-ийн 30-35/,
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 06 сарын 22-ны өдрийн 32 тоот нөхөн сэргээлт хийлгэх тухай тогтоол /1-р хх-ийн 41/,
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн засаг даргын 2014.05.09-ний өдрийн 99 тоот албан бичиг /1-р хх-ийн 42/,
Гучингийн алт ХХК-ны 2016 оны 07 сарын 16-ны өдрийн №07/16 тоот албан бичиг /1-р хх-ийн 43-44/,
Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 7/7774 дугаартай албан тоот, хавсралт /1-р хх-ийн 56-58-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 186/,
Шүүгдэгч Ө.Б ы иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /2-р хх-ийн 143-146, 149-150/
Шүүгдэгч Ө.Б ы гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, хохирол нөхөн төлсөн тухай санхүүгийн баримт /2-р хх-ийн 172-174/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч Ө.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг Дөхөм гэх газарт хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 1.052.916 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч Ө.Б ы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч Ө.Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Ө.Б д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Ө.Б ыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ө.Б ы тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсны улмаас байгаль орчинд 1.052.916 төгрөгийн хохирол учирсан ба нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 457.331 төгрөг болсон талаар Нуман-Алтай ХХК-ны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/38 дугаартай шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан бөгөөд уг дүгнэлтийг шүүх үндэслэлтэй дүгнэлт болсон гэж үнэлэв.
Шүүгдэгч Ө.Б нь байгаль орчинд учирсан 1.052.916 төгрөг, нөхөн сэргээлт хийх ажлын зардал 457.331 төгрөг зэргийг тус тус нөхөн төлж баримтыг хэрэгт хавсаргасан байх тул бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Ө.Б нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Н.*******гийн эзэмшлийн PC 220 маркийн экскэватор трактор, 30 скрүбер усан буу, улсын дугаартай Beiben ND 4100 маркийн ачааны автомашин, улсын дугаартай Beiben ND 4100 маркийн ачааны автомашин зэргийг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглажээ.
“Энх-Нахиа” ХХК-ны 2020 оны 06 сарын 29-ний өдрийн №350 тоот эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлтэнд шүүгдэгч Ө.Б ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Н.*******гийн эзэмшлийн PC 220 маркийн экскэватор тракторыг 9.200.000 төгрөгөөр, 30 скрүбер усан бууг 1.500.000 төгрөгөөр, улсын дугаартай Beiben ND 4100 маркийн ачааны автомашиныг 5.000.000 төгрөгөөр, улсын дугаартай Beiben ND 4100 маркийн ачааны автомашиныг 6.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх тул шүүгдэгч Ө.Б аас нийт 21.700.000 төгрөгийг хураан авч улсын орлого болгох үндэслэлтэй гэж үзнэ.
Шүүгдэгч Ө.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй харин байгаль орчинд учирсан 1.052.916 төгрөг, нөхөн сэргээлт хийх ажлын зардал 457.331 төгрөг зэргийг тус тус нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Ө.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэгт холбогдсон ба хохирлоо нөхөн төлсөн байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ө.Б ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслүүдийн нийт үнэ 21.700.000 төгрөгийг хураан авч улсын орлого болгож шийдвэрлэсэн тул хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн иргэний нэхэмжлэгч Н.*******гийн эзэмшлийн PC 220 маркийн экскэватор трактор, 30 скрүбер усан буу, улсын дугаартай Beiben ND 4100 маркийн ачааны автомашин, улсын дугаартай Beiben ND 4100 маркийн ачааны автомашин зэргийг эзэмшигч иргэний нэхэмжлэгч Н.*******д, шүүгдэгч Ө.Б бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн түүний эзэмшлийн улсын дугаартай ачааны авто машины чиргүүлийг шүүгдэгч Ө.Б д тус тус буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий хатуу диск 1 ширхэгийг хэрэгт хадгалж, №0439181, №0439181 дугаартай 2 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч иргэний нэхэмжлэгч Н.*******д буцаан олгож, шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Ө.Б ыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ө.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ө.Б д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч Ө.Б ы засрал, хүмүүжилд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ө.Б ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан PC 220 маркийн экскэватор тракторын үнэ 9.200.000 төгрөг, 30 скрүбер усан бууны үнэ 1.500.000 төгрөг, улсын дугаартай Beiben ND 4100 маркийн ачааны автомашины үнэ 5.000.000 төгрөгөөр, улсын дугаартай Beiben ND 4100 маркийн ачааны автомашины үнэ 6.000.000 төгрөг нийт 21.700.000 төгрөгийг шүүгдэгч Ө.Б аас хураан авч улсын орлого болгосугай.
6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн PC 220 маркийн экскэватор трактор, 30 скрүбер усан буу, улсын дугаартай Beiben ND 4100 маркийн ачааны автомашин, улсын дугаартай Beiben ND 4100 маркийн ачааны автомашин зэргийг эзэмшигч иргэний нэхэмжлэгч Н.*******д, улсын дугаартай ачааны авто машины чиргүүлийг шүүгдэгч Ө.Б д тус тус буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий хатуу диск 1 ширхэгийг хэрэгт хадгалж №0439181, №0439181 дугаартай 2 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч иргэний нэхэмжлэгч Н.*******д буцаан олгосугай.
8. Шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ө.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА