Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 00350

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Капитал банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гантулга: Капитал банкны Хөвсгөл салбарын зээлийн эдийн засагч ажилтай Мөрөн сумын 7 баг 25 дугаар байр 17 тоотод оршин суух “Барга” овогт Чийдэнгийн Гантулга /ИК-82123111/,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл албанд ээлжийн дарга ажилтай, Мөрөн сумын 5 дугаар багийн 32-04 тоотод оршин суух “Гөрөөчин” овогт Түмэнгийн Мөнх-Очир, /РЮ78012475/, Бэлэгдэмбэрэлийн Түмэн-Аюуш /РЭ-780709045/ нарт холбогдох,

Хариуцагчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх 1145 дугаарын эрхийн үнэмлэхтэй “Боржигон” овогт Бямбадоржийн  Амаржаргал /РХ-80111005/,

Үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 14.172.619.48 /арван дөрвөн сая нэг зуун далан хоёр мянга зургаан зуун арван есөн мянга дөчин найм мөнгө/ гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гантулга, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т.Мөнх-Очир, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: зээлдэгч Б.Түмэн-Аюуш, Т.Мөнх-Очир нар нь 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тус банкнаас ХӨ/46 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 16.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 1,9 хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Хөвсгөл аймаг, Мөрөн сумын 5 дугаар баг 32 дугаар гудамж 04 тоот хаягт орших 56 мкв талбайтай хувийн сууц 750м2 талбайтай эзэмших эрхтэй газрын хамт барьцаалсан. Зээлдэгч Б.Түмэн-Аюуш, Т.Мөнх-Очир нар нь өнөөдрийн хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрөөс 4.641.029.62 төгрөг, зээлийн хүүнээс 5.514.696.38 төгрөг нийт 10.155.726 төгрөг төлсөн.

2016 оны 7 дугаар сараас хойш төлөлт хийгээгүйн улмаас зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикаа зөрчин, зээлээ төлөөгүй байна.зээлдэгч Б.Түмэн-Аюуш, Т.Мөнх-Очир нар нь 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тус банктай байгуулсан ХӨ/46 тоот зээлийн гэрээний дагуу төлөгдөх зээлийн өрийн үлдэгдэл дараах байдалтай байна.

Үндсэн зээл 11.358.970.38 төгрөг, зээлийн хүү 2.555.933.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 257.715.94 төгрөг нийт 14.172.619.48 төгрөг. Иймд Б.Түмэн-Аюуш, Т.Мөнх-Очир нараас зээлийн үлдэгдэл төлбөр болох 14.172.619.48 төгрөгийг гаргуулж Капитал банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гантулга шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай Капитал банкны Хөвсгөл салбар нь зээлдэгч Түмэн-Аюуш, Мөнх-Очир нартай 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ХӨ/46 тоот зээлийн гэрээ байгуулан 16.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай 1.9 хувийн хүүтэй зээл олгосон. Зээлдэгч нар зээл авснаас хойш 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлээд зээлийн төлөлтөө  төлөлгүй зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байсан тул манай зүгээс зээлдэгч нартай уулзаж зээлээ төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдсэн. Ингээд 2016 оны 7 дугаар сараас хойш зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 11.358.970 төгрөг, зээлийн хүү 2.555.933 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 257.715 төгрөг болж байгаа юм.

Иймд манай банкнаас зээлийн гэрээгээ шүүхэд өгсөн өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр цуцалж зээлдэгч Түмэн-Аюуш, Мөнх-Очир нараас зээлийн төлбөрт нийт 14.172.619 төгрөгийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Очирын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Мөнх-Очир нь эхнэр Түмэн-Аюуштай гэр бүл болж хамтран амьдраад 20 жил болж байна. Манай гэр бүлийн хүн олон банктай харилцаж бизнесийн зээл авдаг байсан. Тэр авсан зээл болгонд нь би батлан даалтанд авдаг байсан. 2015 онд хүүхэд төрж манай эхнэрийн бизнесийн үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон ба манай хүн 2016 оны 6 дугаар сард солонгос руу 3 сар ажил хийхээр явсан ба түүнээс хойш зээлээ төлж чадалгүй байдалд хүрсэн. Одоо эхнэр маань Улаанбаатар хотод хоёр хүүхдийн хамт амьдарч байгаа ба гэр бүлээ албан ёсоор цуцлуулаагүй тул би өмнөөс нь шүүх хуралдаанд оролцож байгаа болно. Бид хоёр Капитал банкнаас зээл авснаас хойш нийт 10.155.726 төгрөгийг төлсөн ба үүнээс хойш зээлийн гэрээнд заасан хугацааны дотор зээлээ төлж чадахгүй болсон юм. Нэгэнт авсан зээлийг төлөх үүрэгтэй гэхдээ одоо зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй байна. Учир нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн байхад банк яагаад өдий хүргэсэн юм.

Иймд 2016.07.01-ний байдлаар гарсан үндсэн зээл, хүүг төлөх бодолтой байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 11.358.970 төгрөг болох үндсэн зээлийг төлж барагдуулна гэсэн хариуцагчийн тайлбарыг дэмжиж оролцож байна. 2016 оны 7 дугаар сарын 01-ны өдөр банкнаас зээл, зээлийн хүүгээ төлөхгүй бол зээлийн гэрээнээс татгалзаж үндсэн өр төлбөрийг барагдуулах арга хэмжээ авна гэж мэдэгдсэнийг миний үйлчлүүлэгч хүлээн авч танилцсан байдаг юм. Тиймээс 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээ дуусгавар болсон гэж үзээд энэ өдрөөс хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээхгүй гэж үзэж байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл дахь салбар нь хариуцагч Б.Түмэн-Аюуш, Т.Мөнх-Очир нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 14.172.619 /арван дөрвөн сая нэг зуун далан хоёр мянга зургаан зуун арван есөн/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зээлдэгч буюу хариуцагч Т.Мөнх-Очир нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргаж байна.

Капитал банкны Хөвсгөл салбар нь зээлдэгч Б.Түмэн-Аюуш, Т.Мөнх-Очир нарт 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 16.000.000 төгрөгийг, жилийн 22.8 хувийн хүүтэй, 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ¹ХӨ/46 тоот зээлийн гэрээний байгуулан зээл олгосон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байх ба зээлдэгч нар нь зээлийн гэрээний талаар маргаангүй, хүчин төгөлдөр гэрээ байна.

Харин зээлдэгч Б.Түмэн-Аюуш, Т.Мөнх-Очир нар нь зээлийн гэрээний 4.2.1, 4.2.5-д заасныг зөрчсөн тул банк зээлийн гэрээний 8.3-д зааснаар зээлийн гэрээний хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцалж шүүхэд хандсан байна.

Зээлдэгч буюу хариуцагч Т.Мөнх-Очир нь “…нэгэнт авсан зээлийг төлөх үүрэгтэй гэхдээ одоо зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй байна. Учир нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн байхад банк яагаад өдий хүргэсэн юм….” гэх тайлбар өгч байх боловч зээлийн гэрээний 9.1-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхээ болон хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, “зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү”-г төлөхгүй гэдгээ нотолж чадахгүй байна.

Мөн хариуцагчийн өмгөөлөгч нь “....2016 оны 7 дугаар сарын 01-ны өдөр зээлийн гэрээ цуцлагдсан тул түүнээс хойш бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй….” гэх тайлбар шүүх хуралдаанд өгч байх хэдий ч зээлийн гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсан талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй, харин банк зээлдэгч нарыг зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан “зээл хүү төлөх мэдэгдэл, явцын хяналт хийсэн тэмдэглэл, зээлдэгч нарын банканд гаргаж байсан хүсэлт тайлбар”  зэргээр үгүйсгэгдэж байх ба банк зээлийн гэрээний 8.3.1, 8.3.2, 8.3.3, 8.3.11-д заасан нөхцөлүүд үүссэн тул гэрээний 8.3-д заасан үндэслэлээр банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 20-нд цуцалж шүүхэд хандсан байна гэж үзлээ.

Иймд хариуцагч Б.Түмэн-Аюуш, Т.Мөнх-Очир нараас үндсэн зээл 11.358.970 төгрөг, хүү 2.555.933 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 257.715 төгрөг, нийт 14.172.619 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл салбарт олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Капитал банкны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 228.813 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Түмэн-Аюуш, Т.Мөнх-Очир нараас  228.813 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл салбарт олгох.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Түмэн-Аюуш, Т.Мөнх-Очир нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 14.172.619 /арван дөрвөн сая нэг зуун далан хоёр мянга зургаан зуун арван есөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл салбарт олгосугай.

 2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228.813 /хоёр зуун хорин найман мянга найман зуун арван гурван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Түмэн-Аюуш, Т.Мөнх-Очир нараас 228.813 /хоёр зуун хорин найман мянга найман зуун арван гурван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл салбарт олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  шийдвэрийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.ЭРДЭНЭБАТ