Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/064

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Улсын яллагч Г.Цогтмагнай,

Хохирогч Э.А ,

Шүүгдэгч Д.Ө ,   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Доржготов,

Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Д.Ө т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014004960036 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, тоот регистрийн дугаартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ө нь 2020 оны 11 сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-30-15 тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Э.А ыг “Архи уулаа, хүүхдээ аваад явлаа” гэж хэлсний төлөө “Чи тэгвэл ******* руугаа явах гээд байгаа юм уу” гэж хэлэн үснээс нь зулгааж газар унагаан нүүр болон бие хэсэгт хөлөөрөө өшиглөж биед нь тархи доргилт, баруун нүдний доод зовхи болон дух, зулай, чамархай, дагз, хацар, бугалга, шуу, сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:

Хохирогч Э.А ын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор өгсөн ... 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 17 цагийн үед манай хамтран амьдрагч Д.Ө  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн 6-30-15 тоотод байх өөрийн хүүхдээ аваад явлаа гэж намайг хэлэхэд “Чи тэгвэл ******* руугаа явах гээд байгаа юм уу” гээд миний үснээс зулгаагаад намайг газар унагааж байгаад миний нүүр болон бие хэсэгт хөлөөрөө өшиглөөд зодоод байсан. Би “Намайг алах гээд байна” гээд орилоод байхад хүн тус болоогүй. Ингээд би арай гэж цагдаад дуудлага өгсөн. “Чамайг битүү зодвол хууль үйлчлэхгүй” гээд байсан. Би энэ хүнтэй танилцаад 6 жил, хамт амьдраад 3 жил болж байна. Одоо миний дух, баруун хацар, зүүн шанаа хэсэгт хавдаж бүх бие хөндүүрлэж байна. Маш их гомдолтой байна. Энэ хүнд зохих арга хэмжээг нь авхуулмаар байна. Шинжээч эмчид үзүүлнэ ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 03-04/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Тухайн өдөр 18 цагийн үед байсан байх жижүүрийн шуурхай албанаас “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдээд хамтран амьдрагч нь эхнэрээ зодоод байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу уг тоотод ахлах дэслэгч *******ийн хамт очсон. Очиход хамтран амьдрагч болох нөхөр Д.Ө  нь эхнэр Э.А ын хамт гэрийнхээ гадаа хэрэлдээд байж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад эхнэр Э.А  нь “Намайг зодсон. Үснээс зулгаасан” гээд жоохон туг үс барьсан зогсож байсан. Тэгтэл нөхөр нь “Би зодоогүй. Наадах чинь өөрөө гэртээ байж байгаад орны хажуу руу унасан” гэж хэлж байсан. Тэгээд улмаар нөхөр нь согтуу байсан учир эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэн ирж хүлээлгэн өгсөн. Гэрт нь орж үзсэн. Тэгэхэд ямар ч унаж эвдэрсэн зүйл ажиглагдаагүй ... Үс нь сэгсийсэн үснээс нь зулгаасан гэмээр байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 18 цагийн үеийн алдад жижүүрийн шуурхай албанаас “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдээд хамтран амьдрагч нь эхнэрээ зодоод байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу уг тоотод дэд ахлагч *******ийн хамт хөдөлгөөнт эргүүлийн машинтай очсон. Очиход хамтран амьдрагч болох нөхөр гэх ******* нь эхнэр *******ынхаа хамт гэрийнхээ гадаа хэрэлдээд байж байсан. Болсон зүйлийн талаар асуухад эхнэр болох ******* нь “Намайг зодсон. Үснээс зулгаасан” гээд зогсож байсан. Тэгтэл нөхөр нь “Би зодоогүй. Наадах чинь өөрөө гэртээ байж байгаад орны хажуу руу унасан” гэж хэлээд согтуу байсан. Улмаар нөхөр нь болох Д.Ө  гэгчийг эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэн ирж хүлээлгэн өгч эрүүлжүүлсэн. Гэрт нь орж үзсэн. Тэгэхэд ямар ч унаж эвдэрсэн зүйл ажиглагдаагүй. Эхнэр нь намайг үснээс чирсэн гээд гартаа үс мэт зүйл барьсан байсан. Нүүрэнд нь ил харагдах шарх сорви бол харагдаагүй … гэсэн мэдүүлэг /хх-ийн 52/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр миний бие жижүүр эмчээр гарч байсан. Тэгэхэд 19 цаг 45 минутад Э.А  гэх эмэгтэй 04 настай эрэгтэй хүүхэд хөтөлсөн өөрийнхөө хөлөөр алхаж орж ирсэн. Улмаар үзэхэд өвчний биеийн байдал хүнд, орчны харьцаа сул, асуултад зөв хариулаад, орон зай, цаг хугацааны баримжаатай пулс, цусны даралт бага зэрэг ихэссэн өвдөх зовуурь ихтэй, хэсэг газрын үзлэгт толгойн зүүн тал чамархай хэсэг хавдаж, эмзэглэлтэй болсон. Тэр газрын хавийн хэсэг үс унаж хуйх нь улаан эрээн болсон харагдаж байсан. Нүүр нь бүхэлдээ хавагнаж хөхөрсөн. Мөн баруун нүдний зовхи хавдаж хөхөрсөн. 4 мөчөөр хөхөрч няцарсан. Зөөлөн эдийн гэмтэл ихтэй байсан. Ясны хугарал гэмтэлгүй. Оёдол тавихаар шарх бол байхгүй байсан. Юу болсон талаар тухайн үед Э.А  гэх хүнээс асуусан. Тэгэхэд “Нөхөртөө зодуулсан” гэсэн тэгэхээр нь “Өмнө нь зодож байсан уу” гэж асуутал “Хааяа ганц нэг зоддог” гэж хэлж байсан ямар ч байсан хүүхдийг бол зодоогүй байсан ... гэсэн мэдүүлэг  /хх-ийн 54/,

Шинжээч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтанд өгсөн ... Хязгаарлагдмал гадаргуутай эд зүйлээр цохигдох үед тухайн хүний биеийн цохигдсон хэсэгт л гэмтэл учирна. Э.А ын биед үзлэг хийхэд дээрх дүгнэлтэд тусгагдсан олон тооны болон олон байрлалд учирсан гэмтлүүд тогтоогдсон тул нэг удаагийн тавцан дээрээс ойчих үед энэ олон гэмтлүүд эдгээр байршлуудад нэгэн зэрэг учрах боломжгүй юм .. гэсэн мэдүүлэг /хх-ийн 66/,

Шүүгдэгч Д.Ө ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би Прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Харамсаж гэмшиж байна. Би өмгөөлөгчөөрөө Г.Доржготовыг авсан. Одоо хамт байгаа хэдий ч хуульд заасан эрх, үүргээ эдлэн мэдүүлэг өгөхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 81/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 сарын 16-ны өдрийн №641 тоот шинжээчийн ... Э.А ын биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи болон дух, зулай, чамархай, дагз, хацар, бугалга, шуу, сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Иргэн *******ын биед 2020.11.12-ны өдрөөс өмнө учирсан гэх хуучин гэмтэл тогтоогдсонгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 12-13/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 43-46/,  

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /нөхөн/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 47-49/,

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 36/,

Шүүгдэгч Д.Ө ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 84-85, 87-91, 95-115/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Д.Ө  нь 2020 оны 11 сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-30-15 тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Э.А ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь шүүгдэгч Д.Ө т зодуулаагүй гэрийн хаалгаар гарахдаа оронд дарагдаж ойчсоны улмаас өөрт учирсан хөнгөн хохирол учирсан талаар мэдүүлсэн боловч уг мэдүүлгийг үндэслэлгүй гэдгийг нотлох баримт хэрэгт цугларсан байна гэж үзлээ.

Тухайлбал анх дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч *******, ******* нар нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “******* нь эхнэр *******ынхаа хамт гэрийнхээ гадаа хэрэлдээд байж байсан. Болсон зүйлийн талаар асуухад эхнэр болох ******* нь “Намайг зодсон. Үснээс зулгаасан” гээд зогсож байсан. … Гэрт нь орж үзсэн. Тэгэхэд ямар ч унаж эвдэрсэн зүйл ажиглагдаагүй. Эхнэр нь намайг үснээс чирсэн гээд гартаа үс мэт зүйл барьсан байсан” гэсэн мэдүүлгийг, хохирогч Э.А ын биеийн байдлыг үзэж онош тавьсан эмч ******* гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Э.А ын биед олон тооны зөөлөн эдийн гэмтэл учирсан байсан” талаар мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт гаргасан эмч Б.Баяртогтох нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Э.А ын биед үзлэг хийхэд дээрх дүгнэлтэд тусгагдсан олон тооны болон олон байрлалд учирсан гэмтлүүд тогтоогдсон тул нэг удаагийн тавцан дээрээс ойчих үед энэ олон гэмтлүүд эдгээр байршлуудад нэгэн зэрэг учрах боломжгүй юм” гэсэн мэдүүлгийг тус тус өгсөн байх бөгөөд энэ нь хохирогч Э.А ын гэрийн хаалгаар гарахдаа оронд дарагдаж ойчсоны улмаас өөрт хөнгөн хохирол учирсан гэснийг үгүйсгэж байна.

Мөн шүүгдэгч Д.Ө  хохирогч Э.А  нар нь хамтран амьдрагч нар тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд бүрэн хамаарагдаж байх бөгөөд шүүгдэгч Д.Ө нь хамтран амьдрагч Э.А ыг “Архи уулаа, хүүхдээ аваад явлаа” гэж хэлсний төлөө “Чи тэгвэл ******* руугаа явах гээд байгаа юм уу” гэж хэлэн үснээс нь зулгааж газар унагаан нүүр болон бие хэсэгт хөлөөрөө өшиглөх зэргээр харгис хэрцгий харьцан, догшин авирлаж зодсон үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.Ө т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Ө ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Э.А  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул шүүгдэгч Д.Ө ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч Д.Ө т  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт Д.Ө ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Ө т 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Ө т оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Ө  нь 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Ө т оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.     

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ө т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА