| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0065/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/065 |
| Огноо | 2021-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/065
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Шүүгдэгч М.Б , Н.А ,
Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас М.Б , Н.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000045 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 сарын 11-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, Тэмээчин овогт Магвансүрэнгийн Болд, ВЙ86112316 тоот регистрийн дугаартай,
2. Монгол улсын иргэн, Таванханхар овогт Норовсамбуугийн Аптангэрэл, ВЙ87080417 тоот регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.А нь 2021 оны 02 сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх М.Баяндэлгэрийн гэрт М.Б ын нүүрэн тус газар гараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч М.Б нь 2021 оны 02 сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх М.Баяндэлгэрийн гэрт Н.И нүүрэн тус газар гараа цохин, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Н.А нь 2021 оны 02 сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх М.Баяндэлгэрийн гэрт М.Б ын нүүрэн тус газар гараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч М.Б нь 2021 оны 02 сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх М.Баяндэлгэрийн гэрт Н.И нүүрэн тус газар гараа цохин, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ...
Шүүгдэгч М.Б ын хохирогчоор өгсөн ... 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн үед албан ажлаар багш Энхмаагийн хамт явж байгаад Идэрхангай гэж айлд орсон ... Баяндэлгэр гэж айлд очиж бууз хийхээр болоод тэр айлд очиж буузаа хийж эхлэх гэж байхад иргэн Идэрхангай нь намайг хэл амаар доромжилж заамдаж хүзүүнд байсан гинж тасалж, боож авахаар нь би зөрүүлээд хоёр удаа алгадсан тэгсэн чинь Идэрхангайн хамраас нь цус гарсан. Тэгээд Идэрхангай хэл амаар доромжилж дүүгээ дагуулж ирж чамайг алнаа гэж хэлээд гараад явсан ... удалгүй Идэрхангай нь өөрөө орж ирээд шууд намайг заамдаж аваад мөргөх гээд байсан би мөргүүлээгүй тэгээд тухайн гэрээс Идэрхангайтай заамдалцаад гарсан чинь үүдний амбаарт дүү болох Алтангэрэл нь зогсож байгаад намайг шууд цохиж авсан миний хамрын цус гарсан би тонгойгоод суусан хөлөөрөө өшиглөж авсан Алтангэрэл тэгээд Идэрхангай миний цээжин хэсэгт өшиглөж авсан би тэгээд өөрийнхөө биеийг хамгаалж суусан тэгсэн чинь тэнд байсан Баяндэлгэр, Алтанцэцэг, Энхмаа, Энхцэцэг нар нь салгасан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-10/,
Хохирогч Н.И ... 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн үед Баяндэлгэр гэж айлд очиж бууз хийлцсэн юмаа тэгээд Болд гэж хүнтэй маргалдаж хэрүүл маргаан үүсгээд би Болд гэх хүнтэй харилцан заамдалцаж аваад би зодуулаад байхаар нь тухайн гэрээс зугтааж гарсан тэгээд дүү Алтангэрэл рүү утсаар ярьсан тэгээд манай дүү ирсэн ... 3үүн талын нүд болон шанаа хэсэгт цохисон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/,
Гэрч М.Баяндэлгэрийн ... 2021 оны 02 дугаар сарын 04-ний орой 20 цагийн үед манайд Идэрхангай түүний эхнэр болох Алтанцэцэг, Болд, Энхмаа нар манайд ирж бууз хийж эхлээд байж байхад Болд, Идэрхангай нар хоорондоо маргалдаад байсан тэгээд барилцаж аваад гарч ороод байсан. Идэрхангайн хамраас цус гаргаад нүдийг нь хөхрүүлсэн байсан тэгээд дахиад зодоон хийх гээд байхаар нь салгасан ... Болдын нүүрэнд нь шарх сорви байгаагүй харин хоолой хэсэгт нь улайсан байдалтай байсан харин Аптангэрэл зодолдсоны дараа нүд болон шанаа хэсэгт хөхөрсөн байдалтай харагдаж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/,
Гэрч Д.Энхмаагийн ... 2021 оны 02 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед Баяндэлгэр гэж айлд очиж бууз хийх гээд Болд багш, Алтанцэцэг, Идэрхангай бид дөрөв очсон.Тэгээд тэр айлд ороод буузаа хийгээд байж байхад Болд, Идэрхангай нар нь тоглоод байгаа нь ч мэдэгдэхгүй нэгнээ заамдаж барилцаж аваад байсан. Тэгээд Идэрхангай гэж хүний хамар болон толгой хэсгээс нь цус гарсан байсан мөн зүүн нүд нь улайсан байсан харин Болд гэж хүн нь ягааж үгүй ил харагдах шарх сорви байхгүй харин гинж нь тасарсан байсан ... гэрт буузаа хийж байсан хүмүүс араас нь гарсан чинь Алтангэрэл, Идэрхангай, Болд нар хоорондоо зодоон хийгээд байж байсан бид нар салгасан чинь Болд гэж хүний хамраас цус гарсан мөн нэг нүд нь хөхөрсөн байсан бид нар салгаад Болд гэж хүнийг гэрт оруулаад хамраас нь гарсан цусыг угаалгасан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/,
Гэрч В.Энхцэцэгийн ... Болд гэж хүн орж ирсэн чинь зүүн нүд нь хөхөрч зүүн шанаа хэсэгт улайсан байдалтай мөн хамраас нь цус гарсан байсан тэгээд бид нар хамраас гарсан цусыг нь угаалгаж бууз хийж эхэлсэн. Харин Идэрхангай, Алтанцэцэг, Алтангэрэл явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/,
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 сарын 10-ны өдрийн 97 тоот шинжээчийн ... Н.И биед зүүн нүдний алим, зовхи, цээж, нуруунд зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн нүдний алим, зовхи, цээж, нуруунд зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаао сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 49-50/,
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 сарын 10-ны өдрийн 96 тоот шинжээчийн ... М.Б ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн нүдний алим, зовхи, хамар, хацар, чамархай, хүзүү, доод, эрүү, цээжинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 57-58/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч М.Б , Н.А нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр М.Б , Н.А нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.
Иймд шүүгдэгч М.Б , Н.А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.А , М.Б нар нь хоорондоо, шүүгдэгч М.Б нь хохирогч Н.Идэрхангайтай тус тус харилцан тохиролцон эвлэрч эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 178-181 дүгээр хуудсанд хавсаргасан байх тул шүүгдэгч Н.А , М.Б нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, шүүгдэгч М.Б , хохирогч Н.Идэрхангай нарт учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Н.А , М.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.
Шүүгдэгч Н.А , М.Б нар нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн шүүгдэгч Н.А , М.Б нарын гар утаснуудыг тэдгээрт буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гинжийг шүүгдэгч М.Б од буцаан олгож, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.А , М.Б нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт Н.А, овогт М.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.А , М.Б нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.А , М.Б нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.А , М.Б нарт мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Н.А , М.Б нарын эзэмшлийн гар утаснуудыг шүүгдэгч нарт буцаан олгож, эд хөрөнгө биүтүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гинжийг шүүгдэгч М.Б од буцаан олгож, шүүгдэгч Н.А , М.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.А , М.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА