Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 00352

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Бямбасүрэн, Б.Мөнхтуяа нарын шүүх бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн нутаг Баруун сайр гэх газарт оршин суух “Их-Мэргэд” овогт Сэрээтэр Тунгалаг /ЛР-58020501/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хөвсгөл аймаг Мөрөн сумын 8 дугаар багт байрлах үсчин гоо сайханы “Гоо даль” салоны захирал ажилтай, Мөрөн сумын 9 дүгээр баг 12-18 тоотод оршин суух “Өвөр тогоруутан” овогт Хүрэлбаатарын Сувд-Эрдэнэ /РС-78040809/-д холбогдох,

Хашаа байшингийн үнэ 14.073.500 /арван дөрвөн сая далан гурван мянга таван зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч С.Тунгалаг, хариуцагч Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манайх Төмөрбулаг сумаас Мөрөн орж ирээд хашаа байшин авах болж телевизороор явж байсан зарыг харан утсаар холбогдож 10-06-09 тоот хашааг үзсэн юм. Тухайн үед Х.Сувд-Эрдэнэ, түүний нөхөр хоёртой уулзаж хашаа байшинг үзсэн ба Сувд-Эрдэнэ, түүний нөхөртэй ярилцаж 25 сая төгрөгөөр авахаар болж  12.500.000 төгрөг бэлнээр өгөөд үлдэгдэл төлбөрөө ноолуур дээр өгөхөөр болсон. Ингээд авсан байшиндаа орж гэрэл цахилгаан тавьж, жорлон хийсэн байтал Цэндхүү гэдэг хүн ирээд наад байшинг чинь би худалдаж авсан юм гэсэн ба ингээд байж байтал ХААН банкнаас хүмүүс ирээд наад байшин чинь манай банкны барьцаанд байгаа юм гээд хөөгөөд байсан тул аргагүйн эрхэнд хашаа байшингаасаа гарч суллаж өгсөн. Сувд-Эрдэнэ нь хөгшин намайг хуурч хүнд зарсан байшингаа өөрийн мэтээр ярьж зарсан байсан тул цагдаад хандахад өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болж хохирлоо иргэний журмаар нэхэх эрхтэй гэсэн тул шүүхэд хандсан болно. Одоо шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Иймд одоо Сувд-Эрдэнээс хашаа байшин худалдаж авахад бэлнээр өгсөн 12.5 сая төгрөг, худалдаж авсан байшиндаа засвар хийхэд зарцуулсан 1.216.000 төгрөг, нийт 13.716.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 Хариуцагч Х.Сувд-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Би Мөрөн сумын 10-06-09 тоотод байрлах хашаа байшингаа зарахаар болж С.Тунгалагаас 11.620.000 төгрөг авсан нь үнэн энэ мөнгийг нь өгнө. Гэхдээ прокурорын тогтоол болон зээлийн гэрээнд заасан 12.500.000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна. Харин тэр засвар хийсэн гэх 1.216.000 төгрөгийг төлөхгүй. Яагаад гэвэл анх Тунгалагт худалдахдаа 28 сая төгрөг гэж байгаад 25 сая төгрөгөөр өгөхөөр болж зарсан ба тухайн үед жорлон цахилгаан байхгүй өөрөө хариуцахаар болсон юм

Иймд би 12.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин засвар хийсэн гэх 1.216.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Тунгалаг нь хариуцагч Х.Сувд-Эрдэнээс хашаа байшин худалдаж авахад зарцуулсан төлбөрт нийт 14.073.500 /арван дөрвөн сая далан гурван мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь 13.716.000 /арван гурван сая долоон зуун арван зургаан мянга/ төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Нэхэмжлэгчид гэм хорын хохирол учруулсан болох нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаартай тогтоол бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүх гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Тунгалаг: “….Х.Сувд-Эрдэнээс хашаа байшин худалдаж авахад бэлнээр өгсөн 12.5 сая төгрөгийг гаргуулна….” гэх тайлбар,

Хариуцагч Х.Сувд-Эрдэнийн: “….би 12.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна….” гэж тайлбарлаж байх ба 12.500.000 төгрөг дээр зохигчид нь маргаангүй байна.

Харин хариуцагч Х.Сувд-Эрдэнэ нь засвар хийсэн гэх 1.216.000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу “засвар хийсэн хөлс гэх 1.216.000 төгрөг” гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь:

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өгсөн “....худалдаж авсан байшиндаа засвар хийхэд зарцуулсан 1.216.000 төгрөгийг гаргуулна....” гэж тайлбар, мэдүүлэг өгч байх хэдий ч Иргэний хуульд “эд хөрөнгөнд учруулсан бодит хохирлыг нөхөн” гаргуулж болохоор хуульд заасан боловч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлага зарим хэсэг болох “засварын хөлс 1.216.000 төгрөг”-ийг гаргуулна гэдгээ нотолж чадахгүй байна.

Шүүх хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд авагдсан тооцооны баримтыг үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжилсэн “засварын хөлс 1.216.000 төгрөг”-ийг гаргуулах боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Х.Сувд-Эрдэнээс 13.716.000 төгрөг гаргуулахаас, нотлох баримтаар нотлогдож байгаа бэлнээр өгсөн гэх 12.500.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 1.216.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж ирүүлсэн доорхи баримтуудыг үнэлээгүй болно. Учир нь: Мөнгөн шилжүүлэг, ХААН банкны мэдэгдэл, шүүгчийн захирамж зэрэг баримт нь энэ хэрэгт хамааралгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 228.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Х.Сувд-Эрдэнээс 12.500.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 214.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Тунгалагт олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Иргэний хуулийн 229 дугаар зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Х.Сувд-Эрдэнээс 12.500.000 /арван хоёр сая таван зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Тунгалагт  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.216.000 /сая хоёр зуун арван зургаан зуун мянга/ төгрөг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228.300 /хоёр зуун хорин найман мянга гурван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Сувд-Эрдэнээс 214.950 /хоёр зуун арван дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Тунгалагт олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  шийдвэрийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.ЭРДЭНЭБАТ

                                                              ШҮҮГЧИД                          Н.БЯМБАСҮРЭН

                                                                                                        Б.МӨНХТУЯА