Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/072

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч Д.Т ,

Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Д.Т эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000048 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, ******* тоот регистрийн дугаартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Т  нь 2021 оны 02 сарын 07-ны өдрийн 17 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 32 дугаар гудамжны 19 тоотод Х.У ын толгой тус газар нь гурилын илдүүрээр, нүүрэн тус газар гараараа тус тус цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.Т  нь 2021 оны 02 сарын 07-ны өдрийн 17 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 32 дугаар гудамжны 19 тоотод Х.У ын толгой тус газар нь гурилын илдүүрээр, нүүрэн тус газар гараараа тус тус цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ...

Хохирогч Х.У ын ... 2021 оны 02-р сарын 07-ны өдөр би гэртээ ******* гээд нэг найзын хамт архи уусан. Тэгээд сайн санахгүй байна архи уусан байсан болохоор нэлээн согтсон. Ямар ч байсан би *******ийн гэрт ороод чи яахаараа дандаа манайхыг гуйлгачин гэдэг юм гэж хэлээд салаавч өгөхөд шууд босож ирээд намайг миний толгой руу ганжингаар нэлээд хэдэн удаа цохисон. Тэрнээс хойш юу болсон гэдгийг нь санахгүй байна, ямар ч байсан ээжийнхээ гэрлүү алхаж очоод ******* намайг дахиад зодсон чаддаг юм бол цагдаа дууд гэж байна гэж хэлсэн тэгээд ээж цагдаа дуудсан байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/,

Гэрч *******ийн ... би гэрт оруулаад байж байхад манай ах ******* ******* намайг дандаа гуйлгачин дандаа *******гийн ******* гэж дууддаг гэхээр нь би согтуудаа хэрэггүй эрүүлдээ наадхаа ярь гэж хэлсэн. Тэгээд манай ах гараад 00 орьё гэж хэлээд гарсан тэгээд орж ирэхгүй болохоор нь араас нь гарахад хажууд байдаг *******ийн гэрлүү орсон байсан. Намайг ороход манай ах ******* нь үүдэнд зогсож байсан ******* орныхоо урд гурил илдээд сууж байсан юм. Манай ээж ******* нь миний араас орж ирээд зогсож байхад ах ******* нь *******ийг чи намайг дандаа гуйлгачин гэдэг бас *******гийн ******* гэж дууддаг одоо миний ээжийн дэргэд хэл гээд ******* зайл би юм хийж байна гэхэд ах ******* ******* рүү салаавч өгөөд салаавч өгсөн гараараа дух руу нь түлхэхэд ******* ганжингаараа манай ахын толгой руу нь нэлээн хэдэн удаа цохисон. Тэгээд ээж бид хоёр хүүе та болиоч аллаа ш дээ гэж хэлээд салгаад ээж ахыг аваад гарсан ... ээж над руу 17 цаг өнгөрч байхад залгаад ******* ах чинь 3 дугаар багт нүүр ам нь аймар болсон явж байна гэнээ хүргэн ах Болд залгаж хэллээ гэсэн. Тэгээд удаагүй 10 минутын дараа залгаад ******* ах чинь хүрээд ирлээ манайхруу явж байсан юм шиг байна ******* нэмээд зодсон байна цагдаа руу явлаа гэсэн тэгээд би цагдаа дээр ирсэн юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/,

Гэрч Д.*******гийн ... 2021 оны 02 дугаар сарын 07-ны 15 цагийн үед манай хүү ******* жаахан архи уусан ирсэн тэгээд надад би ******* ахад их гомдож байна *******гийн ******* гуйлгачин гэдэг гэх мэт юм яриад байсан тэгээд жаахан юм ярьж байгаад би охин ыг дуудаад ах нь ирсэн байна гэрт нь хүргээд өгье гэж хэлсэн. Тэгээд манай охин ирээд бид 3 хамт гарсан. Тэгээд *******ын гэрт ороод байж байхад ******* 00 ороод ирье гэж хэлээд орж ирэхгүй байхаар нь араас нь гарахад *******ийн гэрт нь орсон зогсож байсан тэгээд ******* *******ийг чи манай ээжийг гуйлгачин гэдэг одоо хажууд нь хэлээдэх гээд салаавч өгөөд салаавч өгсөн гараараа нүүр рүү нь түлхэхэд ******* гурилын илдүүдээр манай хүүгийн толгой руу нэлээн хэдэн удаа цохисон тэгээд бид хоёр болиулаад гарсан. Тэгээд би гэрт нь оруулчихаад гэр лүүгээ явсан. Гэртээ ирээд удаагүй байхад манай хүргэн залгаад ******* ах аймар болсон явж байна гэхээр нь би хаана гэхэд 3 дугаар багт гэсэн тэгээд би гарах гээд байж байхад ******* өөдөөс уйлсан орж ирээд та нарыг гараад явсны дараа намайг ******* орж ирээд дахиад зодчихлоо гэж хэлсэн тэгээд би дүү д хэлээд цагдаа дээр ирсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/,

Гэрч ын ... 3 дугаар багт нэг хүн хүргэж өгөх гээд явж байхад ******* 3 дугаар багаас уруудаад нүүр амнаас нь цус гарсан толгой нь булдруутаад хавдсан байхаар нь би нөгөө хүнээ хүргэж өгөөд буцаад уруудаж ирээд *******ыг аваад *******ын ээж болох ******* гэх айлд хүргэж өгсөн юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 43/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 сарын 10-ны өдрийн 89 тоот шинжээчийн ... Х.У ын биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, дээд уруул, дух, хамар, зулай, чамархай, дагзанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 53-54/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 10-14/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Шүүгдэгч Д.Т  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Д.Т эд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна. 

Иймд шүүгдэгч Д.Т ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хохирогч Х.У  нь шүүгдэгч Д.Т эд гаргах гомдол санал байхгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Д.Т ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хугархай гурилын элдүүрийг устгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгин хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч овогт Д.Т ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас шүүгдэгч Д.Т ийг чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.1-д тус тус зааснаар шүүгдэгч Д.Т эд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хугархай гурилын элдүүрийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгасугай.

5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Т  нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.     

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Т эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА