| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0353/и |
| Дугаар | 0353 |
| Огноо | 2017-03-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 0353
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг Чулуутын ам гэх газарт оршин суух “Тайж овогт Ганхуягын Чаминчулуун /РЛ-77041913/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн Хар үзүүр гэх газарт оршин суух, “Боржигон” овогт Шаравын Дашдэлгэр /РЭ-60070799/-т холбогдох,
Малын үнэ 1.550.000 /нэг таван зуун тавин таван мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Г.Чаминчулуун, хариуцагч Ш.Дашдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Г.Чаминчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дүнгээ багасгаж эвлэрэх саналтай байна. Нэхэмжлэлийн шаардлагаас хязаалан, эм хонь л байхад болж байна. Би зүгээр анх авсан өгснөө л авъя. Бусдыг нь авахгүй.
Иймд хариуцагч Ш.Дашдэлгэрээс хязаалан үхэр буюу 300.000 төгрөг, эм хонь буюу 50.000 төгрөг, нийт 350.000 төгрөг гаргуулахад татгалзах зүйлгүй гэв.
Хариуцагч Ш.Дашдэлгэр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх өгсөн авснаа буцааж авна гэвэл болж байна. Би эвлэрэх санал гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.
Иймд Г.Чаминчулуунд хязаалан үхэр буюу 300.000 төгрөг, эм хонь буюу 50.000 төгрөг, нийт 350.000 төгрөг өгөхөд татгалзах зүйлгүй эвлэрч байна гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Чаминчулуун нь хариуцагч Ш.Дашдэлгэрт холбогдох малын үнэ 1.550.000 /нэг таван зуун тавин таван мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагчийн шүүхэд ирүүлсэн “....хязаалан үхэр буюу 300.000 төгрөг, эм хонь буюу 50.000 төгрөг, нийт 350.000 төгрөгийг төлнө....” гэх, нэхэмжлэгч Г.Чаминчулуун “....Ш.Дашдэлгэртэй эвлэрч хязаалан үхэр, эм хонь буюу нийт 350.000 төгрөг гаргуулахад татгалзах зүйлгүй....” гэж шүүх хуралдаанд тайлбар мэдүүлэгч өгч байгаа энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд нэхэмжлэгч Г.Чаминчулуун, хариуцагч Ш.Дашдэлгэр нар нь 1.550.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас “хязаалан үхэр буюу 300.000 төгрөг, эм хонь буюу 50.000 төгрөг, нийт 350.000 төгрөг”-ийн хэмжээнд харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 30.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 350.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлөгдөх 11.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Чаминчулуунд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Г.Чаминчулуун, хариуцагч 1.550.000 /нэг сая таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас “хязаалан үхэр нэг буюу 300.000 төгрөг, эм хонь нэг буюу 50.000 төгрөг, нийт 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулах”-аар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30.750 /гучин мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Дашдэлгэр 11.150 /арван нэгэн мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Чаминчулуунд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ