Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/24

 

 

 

 

  2021         01         12                                     2021/ШЦТ/24

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: Н.Түвшинбаяр;

шүүгдэгч: Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа барилгын туслах ажилтай, ам бүл 4, эх, эгч, ахын хамт урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 411 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, Ц.Б.

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Ц.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд  .... байрлах өөрийн гэртээ хамт амьдардаг гэр бүлийн хамаарал бүхий төрсөн эх болох 70 настай Я.Б байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэргийг ахмад настай хүний эсрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “...Хэрцгий авирладаг, өдөр болгон зоддог мэтээр буруутгаж байгаад гомдолтой байна. Эхийгээ өшиглөж зодож гэмтээсэн зүйлгүй. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 11/, хохирогч Я.Б /хх-ийн 14-16, 17-18/, гэрч Б.Б /хх-ийн 19, 111-112/, гэрч Ц.Б /хх-ийн 20-22/, дуудлага мэдээлэл шалгасан цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27/, Ц.Бын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 5-7/, Ц.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 29-30, 37-57, 64-65/, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл /хх-ийн 58/, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 108/, Ц.Бд зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэврийн хуулбарууд /хх-ийн 59-63/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 71-72/, Я.Бийн хүсэлт /хх-ийн 73/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Ц.Бын Гэмтэл, согог судлалын үндэсний төвд үзүүлсэн баримтууд зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 01 дүгээр сарын  18, 2019 оны 10 дугаар сарын 28, 2020 оны 04 дүгээр сарын 24, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрүүдэд ...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх ахмад настан Я.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх байдлаар байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

хохирогч Я.Бийн /хх-ийн 17-18/: “...2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүү Ц.Б согтуу орж ирээд намайг “пизда минь хоол хийж өг, өгөхгүй бол ална шүү” гэж хэлж айлган сүрдүүлсэн. Тухайн өдөр намайг цохиж зодоогүй. ...архи уусан үедээ хааяа намайг барьж аваад цохидог. ...Хамгийн сүүлд 2020 оны 05 дугаар сарын 10-ны өглөө үүрээр согтуу гарч явах гээд байхаар нь Ц.Быг “хаачих гээд байгаа” гээд хэлсэн чинь “чамд ямар хамаатай юм бэ” гээд шууд миний баруун хөл рүү өшиглөсөн. ...Ц.Б согтуу байхаар надад агсам согтуу тавьдаг...” гэх мэдүүлгээр,

гэрч Б.Бын /хх-ийн 19/: “...Ц.Б байнга архидан согтуурдаг. ...бүлэг бөөгнөрөл үүсгэдэг. ...хамт амьдардаг ээждээ агсам согтуу тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Ц.Б нь ...2019 оны 11 дүгээр cap, 2020 оны 01 дүгээр capд баривчилгаанд явсан...” гэх мэдүүлгээр,

Ц.Бын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 5-7/: “...2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр найз Атай Сансар 32-н буудал дээр 0,33 литрийн Хараа архи уугаад гэртээ орсон. Ээж намайг “архи уулаа” гээд загнасан бөгөөд би “танд ямар хамаатай юм” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэгээд би гараад явсан. Би  ээж Я.Б цохиж зоддоггүй, зүгээр л маргалддаг. Би 3-4 удаа маргалдаж байсан. Ээж цагдаа дуудаад намайг баривчилгаанд явуулж байсан...” гэх мэдүүлэг болон аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 11/, зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэврүүд /хх-ийн 59-63/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нарын амьдралын нөхцөл байдал, шүүгдэгч Ц.Б нь архи ууж согтуурсан үедээ олон удаагийн үйлдлээр төрсөн эх Я.Б айлган сүрдүүлж хэрцгий, догшин авираараа сэтгэцийн байнгын дарамтад оруулж харьцдаг, амгалан тайван амьдрах нөхцөлийг алдагдуулсан болохыг хохирогч, гэрч нар зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-иар хамгаалагдаж буй харилцааны агуулга нь “гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх”-д оршино гэсэн зорилгоор тодорхойлогдох бөгөөд уг хуулийг зөрчсөн этгээдэд Зөрчил, эсхүл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх асуудлыг үйлдлийн давтамжийг харгалзан шат дараалж хүндрүүлсэн нь хууль тогтоогчийн үзэл санаа юм.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэг болон Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шинжүүдийн давхардаж буй хэсгүүд нь гэмт хэргийн шинжийг тодорхойлох үндэслэл болох бөгөөд аль нэг үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа, эсхүл нийтдээ гурав ба түүнээс дээш удаа байх аль ч тохиолдол гэмт хэргийн шинжийг хангана.

 

Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн бүрэлдэхүүний объектив талын үндсэн шинж нь “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-ийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн 4 шинжээр үйлдэгдэх ба эдгээрийн аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг үйлдсэн нь нийт 3 удаа байх тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

 

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 01 дүгээр сарын  18-ны өдөр эх, ах  нар буюу гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн хүсэл зоригийн эсрэг үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн эх Я.Бтай маргалдаж цохиж, зодсон зөрчил үйлдсэн, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр эх Я.Б, эгч н.Баярцэцэг нарт агсам тавьж хэрүүл маргаан гаргаж, хутга барьж эх Я.Б айлган сүрдүүлж, байшингийн цонх хагалж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэврүүд болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

            Ийм учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Ц.Бын үйлдэл гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох” гэсэн санал хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар олон удаагийн үйлдлээр (байнга) өөрийн төрсөн эх 70 настай Я.Б айлган сүрдүүлж, зодож, агсам согтуу тавьж сэтгэл санааны дарамтад оруулж, амгалан тайван амьдрах нөхцөлийг алдагдуулахад зориудаар хүргэж буй Ц.Бын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэргийг ахмад настай хүний эсрэг үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хохирогч Я.Б гэмт хэргийн улмаас хохирол нэхэмжлээгүй бөгөөд энэ талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Ц.Б нь хохирогчийг байнга сэтгэл санааны дарамтад оруулан харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаан хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх байдлаар амьд явах, амгалан тайван амьдрах эрхэд нь халдаж өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, хохирогчийг байнгын айдас түгшүүртэй байлгасан, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгчид энэрэнгүй хандаж байгаа зэргийг харгалзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгчийн эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлаж, цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан төрөл, хэмжээний дотор 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон          

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэргийг ахмад настай хүний эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 7 /долоон/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.МӨНХ-ЭРДЭНЭ