Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 139/2017/00086/И |
Дугаар | 119 |
Огноо | 2017-03-30 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: аймгийн, сум, дугаар баг, Залуус хороолол, байр тоотод оршин суух, О овогт Тын Уийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: банк, салбарт холбогдох,
банкныын захирлын 2017 оны 01 сарын 13-ны өдрийн Б/05 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, банкны салбарын Сайнцагаан тооцооны төвийн ахлах теллерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 сарын 15-нд 139/2017/00086/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.
Хариуцагчийн төлөөлөгч: банкны салбарын захирал ажилтай, аймгийн сум, дугаар баг, -р байр тоотод оршин суух, Л овогт Эы Х,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: банк -ий хууль эрх зүйн газрын мэргэжилтэн Н.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Б овогт Дын Д /Өмгөөлөх эрхийн үнэмлэхний дугаар /,
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У, нэхэмжлэгч Т.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн төлөөлөгч Э.Х, Н.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие банкны салбарт харилцагчийн үйлчилгээний мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. Ажил олгогчийн санаачилгаар 2016 оны 08 сарын 26-ны өдрөөс жирэмсний амралттай хүний оронд Сайнцагаан тооцооны төвийн ахлах теллерээр хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэйгээр ажилласан билээ. Намайг “Сайнцагаан” тооцооны төвийн ахлах теллерийн ажлыг гүйцэтгэж байх хугацаанд буюу 2016 оны 11 сарын 30-ны өдөр банкны салбарын захирлаас надад хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл өгч, улмаар 2017 оны 01 сарын 13-ны өдөр “хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдахгүй болсон” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж, Б/05 дугаар тушаал гаргасан. Тус тушаал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байсангүй.
Хариуцагчийн намайг ажлаас чөлөөлж буй үндэслэл нь тодорхойгүйн дээр тэрээр миний ажиллаж байсан ажлын байрны орон тоо хасагдсан тохиолдолд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийн “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэх заалтаар хүлээлгэсэн үүргээ хэрэгжүүлсэнгүй. Хариуцагч тус үүргийг хэрэгжүүлэх бүрэн боломж, Ерөнхий нягтлан бодогчийн сул орон тоо байсаар атал тус үүргээ хэрэгжүүлээгүй, дээр дурдсанчлан намайг ажлаас чөлөөлөх тушаалаа хууль ёсны үндэслэлтэй гаргаагүй.
Хэдийгээр ажил олгогч Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний орон тоог хасч шийдвэрлэсэн ч намайг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргахдаа хууль зөрчсөн байдлыг харгалзан ажил олгогч, ажилтан хоорондоо ярилцаж, харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний ажлын байртай адил чанарын өөр ажлын талаар тохиролцох эрх нээлттэй гэж үзэж байна. Иймд Төрийн банкны Дундговь салбарын захирлын 2017 оны 01 сарын 13-ны өдрийн Б/05 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ахлах теллерийн албан тушаалд цалин хөлсийг дордуулахгүйгээр томилж, ажилтны ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2017 оны 02 сарын 09-ний өдөр Дундговь салбарын захирлын 2017 оны 01 сарын 13-ны өдрийн Б/05 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ахлах теллерийн албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилтны ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж байгаад ажил олгогчийн санаачлагаар харилцан тохиролцсоны дагуу ахлах теллерийн албан тушаалд чөлөөлөн томилогдсон тушаал гарсан байдаг. Ингэхдээ харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний албан тушаал хэвээр хадгалагдана гэж ярьсан хэрнээ ажил олгогчийн зүгээс тушаал гаргахдаа шилжүүлэн томилох биш, чөлөөлөн томилох гэсэн тушаал гаргасан. Бид нарын нэхэмжлэлийн шаардлага нь 2017 оны 01 сарын 13-ны өдрийн Б/05 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаал л үндэслэлгүй гарсан гэдэг дээр маргаж байгаа. Тэрнээс биш нэхэмжлэгчийг өмнөх ажилд нь томилсон, чөлөөлсөн гэдэг дээр маргах зүйл байхгүй. 01 сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг үндэслэсэн боловч хууль зөрчиж гарсан тушаал учраас тус тушаалыг хүчингүй болгуулах, энэ тушаал хүчингүй болсноороо үр дагавар нь мэдээж нэхэмжлэгч өмнө нь ямар албан тушаалд томилогдон ажиллаж байсан тэр албан тушаал дээрээ эргэж томилуулах гэсэн шаардлага гаргасан. Тус тушаалыг яагаад үндэслэлгүй гарсан гэж үзээд байна вэ гэхээр 2016 оны 08 сарын 26-ны өдөр тушаал гаргаж 08 сарын 29-ний өдөр ахлах теллерийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаа Т.Утай ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хөдөлмөрийн гэрээний ажилтан, албан тушаалын нэр гэдэг дээр Сайнцагаан тооцооны төвийн ахлах теллер гэсэн зөвхөн энэ албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний хугацааг тохирохдоо хугацаагүй гэж тохиролцсон. Хөдөлмөрийн гэрээг харахад тэмдэглэгээ нь ингэж харагддаг. Үүнийгээ хариуцагч тал нэхэмжлэгч өөрөө хөдөлмөрийнхөө гэрээг бичсэн гэж тайлбарладаг. Үнэхээр нэхэмжлэгч өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, архивын ажилтны болон ажил олгогчийн хийх ёстой ажлыг дур мэдэж хийсэн бол ажил олгогч ажилтандаа ямар нэгэн арга хэмжээ авах эсхүл дахин хөдөлмөрийн гэрээ байгуулах бүрэн боломж байсан. Хөдөлмөрийн гэрээний ард нь Өлзийдэлгэр гэдэг хүний нэрийг бичсэн боловч үүний өмнөхийг нь бөглөөгүй учраас энэ гэрээ нь хугацаагүй байгуулсан гэрээ гэж нэхэмжлэгч үздэг. Харин хариуцагч тал хугацаатай гэрээ гэдэг боловч хугацаатай гэсэн цонхыг бөглөөгүй мөн Өлзийдэлгэр гэдэг хүний нэр бичигдсэн тэр хэсгийг сүүлд өөрсдөө бөглөсөн байгаа. Хөдөлмөрийн гэрээний заалтанд ажилтан, ажил олгогчийн харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрчлөлт оруулах боломжтой ч гэсэн ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг хугацаатай гэж бөглөж байгаа бол ажилтанд заавал мэдэгдэх ёстой. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар аль нэг тал нэгэндээ мэдэхгүйгээр хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнийгээ хариуцагч тайлбарлахдаа ерөөсөө хөдөлмөрийн гэрээний дотор агуулгад ямар ч өөрчлөлт ороогүй гэж ярьдаг. Өнөөдөр хөдөлмөрийн гэрээ хугацаатай юу, хугацаагүй юу гэдэг дээр маргаж байгаа. Бид нар эх хувиар нь гаргаж өгч чадаагүй ч гэсэн канондсон хуулбараас харахад баллах гэж оролдсон байдал харагддаг. Ажил олгогч өөрийн давуу эрхийг ашиглаж хууль бусаар нотлох баримт бүрдүүлж байна гэж үзэж байна. Хариуцагч тал харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн дээр хугацаагүй, ахлах теллер дээр хугацаатай байгуулсан гэж яриад байна. Гэтэл хөдөлмөрийн гэрээ нь зөвхөн ахлах теллерийн албан тушаал дээр байгуулагдсан байгаа. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасныг үндэслэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтад нийцэхгүй байна. Хэрвээ хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх юм бол Өлзийдэлгэр гэдэг хүнд тухайн үед 3 сарын хүүхэд асрах чөлөө олгосон тушаалын хугацаа дуусаагүй байсан. Мөн хугацаатай гэрээ байгуулсан гэж үзвэл гэрээний хугацаа бас л дуусаагүй байгаа. Хариуцагч талаас ажилтныг ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах эрх нь энэ дүрмийн заалтаар орон нутгийнхаа салбарын захиралд олгогдчихсон гэж тайлбарласан. Нэхэмжлэгч сахилгын арга хэмжээ авагдаад ажлаасаа чөлөөлөгдөөгүй. Хөдөлмөрийн гэрээний хугацаатай холбоотой хуулийн заалтыг үндэслэж чөлөөлсөн хэрнээ Хөдөлмөрийн дотоод журмын 5.16.3 дахь заалт нь сахилгын шийтгэл оногдуулсантай холбоотой хуулийн заалт байна. Тиймээс Хөдөлмөрийн дотоод журмын 5.16.3 дахь заалт нь ажлаас чөлөөлсөн тушаалын заалттай нийцэхгүй байна. Хөдөлмөрийн дотоод журмын 5.24 дэх заалтын тухайлсан долоон заалтыг бүгдийг нь үндэслэсэн. Үүнийгээ хариуцагч юу гэж тайлбарладаг вэ гэхээр угаасаа хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан юм чинь Хөдөлмөрийн дотоод журмын 5.24.3 дахь заалтыг үндэслэсэн гэж ойлгож болно. Энэ нь манай ажилтны техникийн алдаа гэж тайлбарладаг. Хариуцагч өөрсдөө тэгж ойлгож болох ч нэхэмжлэгч бид нарт ойлгомжгүй байна. Тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан байх ёстой. Хуулийн үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байх ёстой. Нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Э.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.У нь салбарын захирлын 2015 оны 05 сарын 14-ний өдрийн 75 тоот тушаалаар салбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. Сайнцагаан тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байсан Ү.Ө нь жирэмсний амралт авч, түүнийг түр орлон ажиллах ажилтан авах шаардлага тулгарсан. 2016 оны 08 сарын 04-ний өдөр сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, Т.У уг сонгон шалгаруулалтанд 86 хувийн үнэлгээ авч тэнцсэн байдаг.
Ийнхүү Т.Уг 2016 оны 08 сарын 26-ны өдрийн салбарын захирлын Б/78 тоот тушаалаар салбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн албан тушаалаас нь чөлөөлж, Сайнцагаан тооцооны төвийн ахлах теллерээр томилон ажиллуулсан байдаг. Банк өөрийн ажилтны эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс цалинг 800000 төгрөгөөр хэвээр нь баталсан, мөн түр хугацаанд томилогдон ажиллаж байгаа тул харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний албан тушаалд эргээд очих нөхцөлтэйгөөр хөдөлмөрийн гэрээг байгуулсан.
Гэвч банк ХХК-ий бүтэц, зохион байгуулалт, орон тоо өөрчлөгдөн батлагдсантай холбогдуулан банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 30-ны өдрийн А/383 тоот “Орон тоо хасах тухай” тушаалаар орон нутгийн нэгжийн харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн ажлын байрны орон тоог хассан. Улмаар 2016 оны 11 сарын 30-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтын дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсон тухай мөн хуулийн 40.5 дахь заалтын дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэх хуудсыг Т.Уд гардуулсан. 2017 оны 01 сарын 02-ны өдөр салбарын захирлын зөвлөл хуралдаж Т.Уг дуудан уулзаж, мэдэгдлийн дагуу холбогдох тэтгэмжээ аваад гарах, эсхүл Ү.Өийг ажилдаа эргэн орох хүртэл үргэлжлүүлэн ажиллах эсэх талаар тодруулахад нэхэмжлэгч “Ү.Өийг эргэн орох хүртэл үргэлжлүүлэн ажиллаж байя” гэсэн тайлбар өгсний дагуу Ү.Өийг ажилдаа эргэн орох хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон. Ү.Ө ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэн салбарын захирлын 2017 оны 01 сарын 13-ны өдрийн Б/05 тоот тушаалаар Т.Утай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ахлах теллерийн албан тушаалаас нь чөлөөлсөн. салбарын хувьд ерөнхий нягтлан бодогчийн орон тоо сул байсан бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал нь ахлах теллерийн албан тушаалтай харьцуулахаар адил чанарын албан тушаал биш. Хоёр, гурван түвшний дээд талын албан тушаал учраас бид нар шууд шилжүүлэн ажиллуулах эрх, үүрэг байхгүй. Ерөнхий нягтлан бодогчийн орон тоонд ажилтан сонгон шалгаруулах тухай сонгон шалгаруулалт зарласан. Адил чанарын албан тушаал гэдэг дээр бусад тооцооны төвийн ахлах теллер, салбарын ахлах теллерийн албан тушаал нь харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний албан тушаалтай адил чанарын албан тушаал юм. Тэр утгаараа Дэлгэрцогт суманд ахлах теллерийн орон тоо байна. Ажиллах боломж байна уу гэхэд нэхэмжлэгч аймгийн төв дээр ажиллах сонирхолтой байна гэж хэлсэн.
Банк нь Т.Уг ажил албан тушаалтай байлгах үүднээс бүхий л талаар дэмжиж байсан хэдий ч “орон тоо хасагдсан, жирэмсний амралт авсан ажилтан эргэн орох хүсэлт гаргасан” зэрэг хуулийн дагуу шаардлагууд тулгарч, мөн сонгон шалгаруулалтанд хамруулсан боловч нэхэмжлэгч өөрөө тэнцээгүй юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2015 оны 05 сарын 14-нөөс Дундговь салбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн гэдэг албан тушаалд ажиллаж байсан. Сайнцагаан тооцооны төв нь ахлах теллерийн нэг ажлын байртай. Ахлах теллер нь хуульд заасныхаа дагуу жирэмсний болон амаржсаныхаа амралтыг авсан учраас энэ хүний оронд ажиллах ажилтанг олох сонгон шалгаруулалт явагдсан. Энэ шалгалтанд нэхэмжлэгч ороод 86 оноо авч шалгалтанд тэнцсэн учраас нэхэмжлэгчийг ахлах теллерийн албан тушаалд түр ажиллуулахаар шилжүүлсэн байдаг. Ингэхдээ Дундговь салбарын захирлын зөвлөлөөс 2016 оны 08 сарын 26-ны өдрийн Б/78 дугаартай “Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаал гаргасан байдаг. Нэхэмжлэгч өөрөө хүний оронд ажиллаж байгаа гэдгээ мэдэж байсан. Өлзийдэлгэрийг ажилдаа эргэн орох хүртэл хугацаагаар ажиллаад, харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний ажилдаа эргэн орохоор харилцан тохиолцож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гүйцэтгэх захирлаас 2016 оны 11 сарын 30-ны өдрийн А/383 дугаартай орон тоо хасах тухай тушаал гарсан. Уг тушаалд банкны дүрэм болон ТУЗ-аас олгосон шийдвэрийн дагуу харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн гэсэн орон тоог бүх орон даяар хассан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэл нь хуульд заасны дагуу явагдсан. 11 сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид таны хэвээр хадгалагдаж байсан орон тоо чинь байхгүй болчихсон гэсэн мэдэгдэх хуудас өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан 30 хоногийн хугацаа өнгөрөөд 12 сарын 30-нд халах тушаал гарах ёстой байсан. Гэхдээ нэхэмжлэгч нь шинээр байгуулсан хөдөлмөрийн гэрээгээрээ Сайнцагаан тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байсан учраас мэдэгдлийг өгөөд 2017 оны 01 сарын 02-нд салбарын захирлын зөвлөл хуралдаад нэхэмжлэгчийг хурал дээр дуудаад таны ажиллаж байсан харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний орон тоо байхгүй болсон. Энэ орон тоон дээр та хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллаж байгаа бол хөдөлмөрийн гэрээг чинь цуцлана. Гэхдээ та ахлах теллерийн орон тоон дээр ажиллаж байгаа учраас Өлзийдэлгэрийг ажилдаа орох хүртэл тус хөдөлмөрийн гэрээгээрээ явах уу? Эсхүл харилцагчийн үйлчилгээний орон тоо байхгүй болсон гэдэг утгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ийг үндэслээд тушаалаа гаргуулаад тэтгэмжээ аваад гарах уу гэдэг асуудлыг нэхэмжлэгчээс асуухад “...би Өийг ажилдаа эргэн орох хүртэл хугацаанд ажиллана” гэж хэлсэн байдаг. 2017 оны 01 сарын 10-нд Өлзийдэлгэр ажилдаа эргэн орох хүсэлтээ өгсөн. Хүсэлтийн дагуу салбарын захирлын зөвлөл хуралдаад Ө ажилдаа эргэн орохоор болсон учраас тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бий болсон гэж нэхэмжлэгчид хэлсэн. Тэгээд 01 сарын 16-ны өдрөөр тасалбар болгож, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаад Өийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаал гаргаж албан тушаалд нь эргүүлэн томилсон. Өийн ажиллаж байсан албан тушаал нь хуулиараа хэвээр хадгалагдаж байгаа. Гэтэл нэхэмжлэгч Өйн ажил, албан тушаалд эргээд очно гээд нэхэмжлэл гаргаад байгаа нь хууль бус болчихоод байна. Тухайн үед салбарын захирал буюу өнөөдрийн шүүх хуралдаанд төлөөлөгчөөр оролцож байгаа төлөөлөгч маань Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын тооцооны төвд ахлах теллерийн нэг орон тоо байна. Түүнд ажиллах уу гэж асуухад нэхэмжлэгч цалин бага учраас очихгүй гэж хэлсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар харилцан тохиролцох гэсэн боловч нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрөөгүй. Аймгийн төв дээр өөр орон тоо байхгүй гэдгийг хурал дээр хэлсэн. Нэхэмжлэгч харилцагчийн үйлчилгээний мэргэжилтнээр ажиллаж байхдаа 800000 төгрөгийн цалин авдаг байсан. Дараа нь ахлах теллерийн албан тушаалд очиж ажиллахад цалин нь яг хэвээрээ байсан. Бид хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.У нь хариуцагч банк, салбарт холбогдуулан банкны салбарын захирлын 2017 оны 01 сарын 13-ны өдрийн Б/05 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, банкны салбарын Сайнцагаан тооцооны төвийн ахлах теллерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн төлөөлөгч Э.Х, Н.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.
Хариуцагчийн төлөөлөгч Э.Хгийн төлөөлөгчийн бүрэн эрх нь хэрэгт авагдсан банкны гүйцэтгэх захирлын 2014 оны 06 сарын 10-ны өдрийн А/284 дугаар “Журам шинэчлэн батлах тухай” тушаалаар батлагдсан банкны хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.3 дахь хэсэгт заасан “Гүйцэтгэх захирал эрхээ шилжүүлснээр Орон нутгийн /салбарын захирлаас бусад/ ажилтны асуудлыг Салбарын захирлын зөвлөл шийдвэрлэх ба Салбарын захирлын тушаалаар баталгаажуулна” гэсэн заалт болон хэрэгт авагдсан ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр зэрэг баримтуудаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бийн бүрэн эрх нь банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 03 сарын 27-ны өдрийн 01/2289 дугаар албан бичгээр тогтоогдож байгаа болно.
банкны салбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн Т.Уг банк, салбарын захирлын 2016 оны 08 сарын 26-ны өдрийн Б/78 дугаартай “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” тушаалаар 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2016 оны 08 сарын 29-ний өдрөөс Сайнцагаан тооцооны төвийн ахлах теллерээр /жирэмсний амралттай байгаа Ү.Өийг ажилдаа эргэн орох хүртэл хугацаагаар/ хүртэл ажиллуулахаар томилж, хөдөлмөрийн гэрээг харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний ажлын байр хэвээр хадгалагдах нөхцөлтэйгөөр байгуулж /хэргийн 10-13, 98-101/ , мөн салбарын захирлын 2017 оны 01 сарын 13-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар /хэргийн 26-р тал/ Сайнцагаан тооцооны төвийн ахлах теллерийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч Т.Уг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, банкны хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.3, 5.24 дахь хэсэг /хэргийн 64-75-р тал/, Салбарын захирлын зөвлөлийн 2017 оны 01 сарын 13-ны өдрийн хурлын шийдвэрийг /хэргийн 33-34-р тал/ тус тус баримтлан ажлаас чөлөөлсөн байна.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзэхэд Т.Уг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон үйл баримт буюу банк, салбарын Сайнцагаан тооцооны төвийн ахлах теллерийн албан тушаалд ажилтан, ажил олгогч харилцан тохиролцсоны үндсэн дээр уг албан тушаал дээр хугацаагүй байгуулагдсан хөдөлмөрийн гэрээтэйгээр /хэргийн 105-108-р тал/ 2014 оны 07 сарын 01-нээс эхлэн ажиллаж байсан Ү.Өийг жирэмсний амралттай байх хугацаанд түүний оронд Т.Уг банкны салбарын захирлын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/78 дугаар тушаалаар Сайнцагаан тооцооны төвийн ахлах теллерээр /хэргийн 92-р тал/ томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан “ажил албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар” хөдөлмөрийн гэрээг байгуулсан, мөн жирэмсний амралттай байсан Ү.Ө үргэлжлүүлэн хүүхэд асрах чөлөөг 2016 оны 11 сарын 14-ний өдрөөс 2017 оны 02 сарын 28-ны өдрийг хүртэл аваад /хэргийн 109-р тал/ салбарын захирлын 2017 оны 01 сарын 13-ны Б/06 дугаар “Ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах тухай” тушаалаар /хэргийн 110-р тал/ 2017 оны 1 сарын 16-ны өдрөөс эхлэн Сайнцагаан тооцооны төвийн ахлах теллерийн албан тушаалдаа эргэн орж ажилласан болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Г.У ажлаас чөлөөлөх тухай ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй, хуульд нийцсэн, ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн банкны салбарын захирлын 2017 оны 01 сарын 13-ны өдрийн Б/05 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, банкны салбарын Сайнцагаан тооцооны төвийн ахлах теллерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэв.
Хэргийн 4,5,7,8,9 дүгээр талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Угийн хариуцагч банк, салбарт холбогдуулан гаргасан банкны салбарын захирлын 2017 оны 01 сарын 13-ны өдрийн Б/05 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, банкны салбарын Сайнцагаан тооцооны төвийн ахлах теллерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ