Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн “А” танхимд  хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Адаацаг суманд 1989 оны 12 сарын 25-нд төрсөн, эмэгтэй, 27 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 2, Дундговь аймгийн Дэрэн сумын 4-р баг, Бумбат байр 1-6 тоотод оршин суух, РД:ЗА89122508 регистрийн дугаартай, Хорин овогт Дашдоржийн Амгалантөгсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймагт 1993 онд төрсөн, 24 настай, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 11-р байр 15 тоотод оршин суух, РД:ЗЮ93052915 регистрийн дугаартай, Цуян овогт Шатарын Бямбасүхэд холбогдох,

Хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 сарын 15-ны өдөр 139/2017/00087/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Д.Амгалантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Амгалантөгс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.Бямбасүхтэй 2014 онд 2 сар гаруй хамтран амьдарсан. Нэг хүүхэдтэй. Охин Мишээл нь 2015 оны 06 сарын 30-нд төрсөн. 2014 оны 12 сараас гэр бүлийн үл ойлголцол болж тусдаа амьдарч харилцаагаа тасалсан. Цаашид энэ хүнтэй дахин амьдрах боломжгүй, охин маань одоо надтай хамт амьдарч байгаа. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Цаашид охиноо өөр дээрээ өсгөж хүмүүжүүлнэ. Иймээс охиндоо хуулийн дагуу хүүхдийн асрамж тогтоолгож хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

            Хариуцагч Ш.Бямбасүх шүүхэд гаргасан тайлбар болон хүсэлтдээ: Миний бие 2014 онд Д.Амгалантөгстэй 2 сар гаруй хугацаанд хамтран амьдарсан бөгөөд уг хугацаанд үл ойголцлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон ба 2015 онд охин Мишээл төрсөн. Миний бие Д.Амгалантөгсийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд охин Мишээлд хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Охин Мишээлийг ээж Д.Амгалантөгсийн асрамжинд байлгана. Миний бие Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт мөрдөн байцаагч албан тушаалтай. 2017 оны 03 сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 сарын 01-ний хооронд Улаанбаатар хотод албан ажлаар томилогдон ажиллаж байгаа тул Д.Амгалантөгсийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Амгалантөгс нь Ш.Бямбасүхэд холбогдуулан хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хариуцагч Ш.Бямбасүх нь нэхэмжлэлийн шаардлага болох хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна.

 

Нэхэмжлэгч Д.Амгалантөгс, хариуцагч Ш.Бямбасүх нар нь 2014 оноос эхлэн хамтран амьдарч байсан бөгөөд тэдний дундаас охин А.Мишээл 2015 оны 06 сарын 30-нд төрсөн болох нь зохигчдын тайлбар, №4822000021 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дэрэн сумын Эрүүл мэндийн төвийн 2016 оны 9 сарын 22-ны өдрийн тодорхойлолт, Дэрэн сумын Хүүхдийн цэцэрлэгийн 2016 оны 10 сарын 11-ний өдрийн №17 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хариуцагч Ш.Бямбасүх нь нэхэмжлэлийн шаардлагын талаар маргахгүй хүлээн зөвшөөрч байх тул охин А.Мишээлийг эх Д.Амгалантөгсийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.

 

Д.Амгалантөгс, Ш.Бямбасүх нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин А.Мишээл нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Ш.Бямбасүхээс сар бүр тэтгэлэг гаргуулж, охин А.Мишээлийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг харгалзан төлөхөөр тогтоосон ба А.Мишээл нь 1 нас 9 сартай учир Дундговь аймагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 164300 төгрөгийн 50 хувь буюу 82150 төгрөгийг сар бүр хариуцагч Ш.Бямбасүхээс хүүхдийн тэтгэлэгт төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин А.Мишээлд сар бүр төлөх 82150 төгрөгийг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, нийт 985800 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 28209 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, нийт 98409 төгрөгийг хариуцагч Ш.Бямбасүхээс гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Хариуцагч Ш.Бямбасүх шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2015 оны 06 сарын 30-нд төрсөн охин Хорин овогт Амгалантөгсийн Мишээлийг эх Д.Амгалантөгсийн асрамжинд үлдээсүгэй. 

 2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015 оны 06 сарын 30-нд төрсөн ЗЖ15263003 регистрийн дугаартай, охин Хорин овогт Амгалантөгсийн Мишээлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Цуян овогт Шатарын Бямбасүхээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож, 28209 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 70200, нийт 98409 /хорин найман мянга хоёр зуун ес/ төгрөгийг хариуцагч Ш.Бямбасүхээс гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

      4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ