Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2022/0657/З |
Дугаар | 221/МА2022/0744 |
Огноо | 2022-11-30 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2022/0744
Б.Аын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гомбо
Нэхэмжлэгч: Н.А
Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/246 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин 731,527 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2022/0715 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн
Хэргийн индекс: 128/2022/0657/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.А нь “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/246 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин 731,527 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх”-ээр маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2022/0715 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, 10.9.8, 10.9.10, 10.9.11 дэх хэсэгт заасныг тус тус баримлан Н.Ааас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/246 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин 731,527 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Нэхэмжлэгч Н.Аын өмгөөлөгч Д.Гомбо би Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2022/0715 дугаар шийдвэрт дараах гомдлыг гаргаж байна.
3.1. Миний үйлчлүүлэгч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/224 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулж ажилгүй байсан хугацааны 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл үндсэн цалин 731,527 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд нөхөн бичил хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь хэт нэг талыг барьсан, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
3.2. Н.А нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамж гарч үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Бат-Очир, тус дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч С.Сансар-Аз нарын хамт хяналт шалгалт хийхээр болсон. Ингээд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах 7 аж ахуйн нэгжийг шалгасан байдаг.
3.3. Үүнээс “Өргөө мийт трейд” ХХК нь 2018 оноос үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд 8 хөргүүртэй, 7 хөргүүр нь хоосон нэг хөргүүрт 1,000 кг орчим хураалгатай зүйл байсан ба тэр хураалгатай зүйлийг шалгахаар компанийн захиралтай холбогдож Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу хяналт шалгалт эхлэхээс өмнө шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамжийг гардуулах ажиллагааг хийх гэтэл захирал нь ирээгүй өөр хүн явуулсан учраас дээрх ажиллагааг хийж чадахгүйд хүрсэн байна. Удаан хүлээсэн боловч өөрөө ирээгүй учир шалгалтыг дуусгаж, зөрчлийн хэрэг нээж шалгахаар болсон. Ингээд шалгалтын явцад 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шалгалтын танилцуулгыг дарга нарт хүргүүлсэн. Ингэхдээ дээрх компанийг хоосон агуулахыг дурдсан мах байж болзошгүй нэг хөргүүрийг шалгаж чадаагүй учир илтгэх хуудсаар өгсөн.
3.4. Гэтэл 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын Б/244 дугаартай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1613, 37.1.15, 48 дугаар зүйлийн 48.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаа зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.3, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 10.7, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албан зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журмын 3.1, 3.3.1, 3.4.3, 3.4.5, 6.1, Нийслэлийн Мэргэжлийн хяналты газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/83 дугаар тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 10.3, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/78 дугаартай дотоод хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу хийсэн тухай танилцуулгыг үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
3.5. Ингэхдээ 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхдээ гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг шошгогүй 1,000 кг орчим мах илэрсэн зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй, удирдамжид заасан хяналт шалгалтын арга хэлбэрийг бүрэн хэрэгжүүлээгүй, төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7, 10.9.8, 10.9.10, 10.9.11 заалтад заасан хяналтын улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллаагүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан. Харин анхан шатны шүүх нь үндэслэх хэсэгтээ төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7, 10.9.8, 10.9.10, 10.9.11 заалтыг хяналтын улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллаагүй тул 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын Б/244 дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасанд нийцсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэжээ. Анхан шатны шүүх нь дээрх хуулийн заалтуудын аль шинж нь Н.Аын гаргасан гэх зөрчил нь ямар байдлаар хамаарч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Ерөнхий байдлаар дээрх заалтуудыг хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн байна.
3.6. Мөн шалгалгүйгээр орхисон 1,000 кг орчим мах илэрсэн зөрчлийг таслан зогсоогоогүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх гэх заалт хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон тохиолдолд хэрэгжүүлэх заалт бөгөөд сахилгын шийтгэл ногдуулах үед дээрх нөхцөл байдал огт үүсээгүй байсан бөгөөд одоо ч үүсээгүй болно. Дээрх заалтыг баримтлан шалгах нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.4 зааснаар хяналт шалгалтад холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно гэх заалтыг зөрчиж байна.
3.7. Мөн тус хуулийн 10.9.8 хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах, 10.9.10 улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, өөртэйгөө болон эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, садан төрлийн хүмүүст холбогдох асуудлыг шалгахаас татгалзах, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй, 10.9.11 улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах заалтуудыг үндэслэл болгосон бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай 5.6 дугаар зүйлд заасны дагуу хяналт шалгалт эхлэхээс өмнө шалгалтын зорилго, бүрэлдэхүүний танилцуулж, удирдамжийг гардуулах ажиллагааг хийх гэтэл захирал нь ирээгүй өөр хүн явуулсан учраас хуулийн заалтыг ноцтой зөрчих учир хяналт шалгалтыг үргэлжлүүлэх боломжгүй болсон тул сахилгын шийтгэл ногдуулахад үндэслэл болгосон хуулийн заалтууд нь үндэслэлгүй юм. Учир нь хууль зөрчиж, бусдын эрхэнд халдаж шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэх нь нотлох баримт болж чадахгүй бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан үр дагаврыг үүсгэх үндэслэл бий болох юм гэх нэхэмжлэгчийн тайлбаруудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Дээр дурдсаны дагуу хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон тохиолдолд хэрэгжүүлэх заалт бөгөөд сахилгын шийтгэл ногдуулах үед дээрх нөхцөл байдал огт үүсээгүй байсан, хөндлөнгийн нөлөөнд автсан гэх үйл баримт тогтоогдоогүй, хуульд заасан хяналт шалгалт хийх боломж бүрдээгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 715 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч Н.А нь “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/246 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин 731,527 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Анхан шатны шүүх “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, 10.9.8, 10.9.10, 10.9.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Аын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасантай нийцсэн байна.
3.1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/246 дугаар тушаалаар Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Н.Аыг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.15, 48 дугаар зүйлийн 48.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4, 27.4.3, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 10.7, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 3.1, 3.3.1, 3.4.3, 3.4.5, 6.1, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/83 дугаар тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 10.3, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/78 дугаартай Дотоод хяналт шалгалт хийх тухай удирдамжид заасныг тус тус үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
3.2. Маргаан бүхий актад заасан “... Н.А нь “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02-01/501 дугаартай удирдамжийн дагуу хяналт шалгалт хийх явцад гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг шошгогүй 1,000 кг орчим мах илэрсэн зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй, удирдамжид заасан хяналт шалгалтын арга хэлбэрийг бүрэн хэрэгжүүлээгүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, 10.9.8, 10.9.10, 10.9.11 дэх заалтад заасан хяналтын улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллаагүй ...” гэсэн зөрчлийг нэхэмжлэгч Н.А гаргасан болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
3.3. Тодруулбал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02-01/501 дүгээр “Төлөвлөгөөт бус” хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Н.А, Сонгинохайрхан дүүрэх дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Бат-Очир, Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч С.Сансар-Аз нар холбогдох компаниудад хяналт шалгалт хийхдээ “Өргөө мийт трейд” ХХК-ийн 1,000 кг орчим махтай байсан хөргүүрийг шалгалгүй үлдээсэн байна.
3.4. Ингэхдээ “... Өргөө мийт трейд” ХХК нь 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд 8 хөргүүртэй ба 7 хөргүүр нь хоосон, нэг хөргүүрт 1,000 кг орчим хураалгатай зүйлийг шалгахаар компанийн захиралтай холбогдож Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу шалгалт эхлэхээс өмнө шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамжийг гардуулах ажиллагааг хийх гэтэл захирал нь ирээгүй өөр хүн явуулсан тул дээрх ажиллагааг хийж чадалгүй зөрчлийн хэрэг нээж шалгахаар болсон бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шалгалтын дүгнэлтийг нэгтгэн, дээрх компанийн хоосон агуулахыг дурдан мах байж болзошгүй нэг хөргүүрийг шалгалгүй үлдээсэн” гэж мэдэгдэх хуудаст дурджээ.
3.5. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7-д “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон ... тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах ... шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд мэдээлэх”, 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах”, 10.9.10-д “улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх ... хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй”, 10.9.11-д “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцна” гэж тус тус заасан.
3.6. Нэхэмжлэгч Н.А нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй, хяналт шалгалтыг бүрэн хийгээгүй, “Өргөө мийт трейд” ХХК-ийн хөргүүрт мах байж болзошгүйг мэдсэн хэр нь холбогдох хууль, дүрэм, журамд заасны дагуу шалгаагүй, зөрчлийг таслан зогсоогоогүй нь улсын байцаагчийн шийтгэх хуудас, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дотоод хяналт шалгалт хийсэн тухай танилцуулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “... шалгалтын зорилт, бүрэлдэхүүнийг танилцуулж, удирдамжийг гардуулах ажиллагааг хийх гэтэл захирал нь ирээгүй өөр хүн явуулсан учраас хуулийн заалтыг ноцтой зөрчих учир хяналт шалгалт үргэлжлүүлэх боломжгүй болсон ... хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон тохиолдолд хэрэгжүүлэх заалт бөгөөд сахилгын шийтгэл ногдуулах үед дээрх нөхцөл байдал огт үүсээгүй байсан, хөндлөнгийн нөлөөнд автсан гэх үйл баримт тогтоогдоогүй ...” гэжээ.
4.1. Улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар өөрт олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлж, зөрчилтэй байж болзошгүй объектыг шалгахад хуулийн этгээдийн захирал ирэхгүй байх нь саад болох учиргүй.
4.2. Түүнчлэн тухайн үйл явдлын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд шууд болон шууд бусаар хор хохирол учирсан гэж дүгнээгүй бөгөөд учирч болох нөхцөл байдал тогтоогдсон байхад хяналт, шалгалт хийж буй улсын байцаагчийн хувьд таслан зогсоох арга хэмжээ аваагүй гэх үндэслэлээр Н.Ад сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй болжээ.
Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2022/0715 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ